Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00789

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00789

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00434 дүгээр шийдвэртэй

Д.Мын нэхэмжлэлтэй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 42,862,680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Д.М нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс тус газрын даргаар ажиллах болсон. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Дээрх тушаалд маргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 91 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 262 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Мыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговорт 19,322,226 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин хөлстэй тэнцэх олговрыг олгосон боловч ажилд эгүүлэн аваагүй. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1086 дугаар шийдвэрээр 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 19,124,278 төгрөгийг гаргуулан авсан. Иймд хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Д.Мын ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 42,862,680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/865 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Дээрх нөхцөл байдлын улмаас Д.Мыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын ажил албан тушаалд томилох боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 29,595,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,267,020 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Д.Мын дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 305,928 төгрөгийг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухай:

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Иймд тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг баримтлан хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.б. Нэхэмжлэгчийг албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон. Учир нь Д.М нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийг 2016 онд буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байх үедээ үйлдсэн болох нь хожим 2020 онд тогтоогдсон тул энэхүү нэхэмжлэлийг гаргах хууль ёсны эрх ашиг үүсэхгүй юм.

4.в. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухай:

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгийг үндэслэсэн байх бөгөөд энэхүү заалтууд нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл хэсэг байна. Шүүх шийдвэрээ гаргахдаа хүчингүй болсонд тооцсон хуулийн зүйл хэсгийг үндэслэсэн нь Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэсэн зохицуулалттай зөрчилдөж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-д Нэхэмжлэгч Д.Мын ажилгүй байсан хугацааг нэхэмжлэлд дурдсан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШШТ/865 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр /435 хоног/ хүртэл тооцсон гэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож ял хүлээлгэсэн шүүхийн шийдвэр 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүчинтэй болсон байхад 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр хүчин төгөлдөр болсон гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Шүүх дээрх нөхцөл байдлуудад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүхэлдээ хангаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйл нь хөдөлмөрийн гэрээний талуудад хамааралтай. Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогчийн санаачилгаар цуцлагдаад ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр байхад хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлд уг хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 91 дугаар шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Хариуцагч талаас уг шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болсон. Тухайн өдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг нь хэвээр үргэлжилж байсан. Нэхэмжлэгч нь болгоомжгүйгээр гарын үсэг зурсан буруутай боловч үүнийг давж заалдах гомдолд дурдсанд гомдолтой байсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг гаргах эрх нь нээлттэй. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Төрийн албаны зөвлөлд албан бичиг хүргүүлснээр тухайн хүний хувийн хэрэгт бичилт хийсэн тухай хариу ирсэн. Энэ үеийг хүртэл хугацааг тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 42,862,680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Мыг байгууллага өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан албан тушаалаас чөлөөлсөн, нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дүгээр шийдвэрээр түүнийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 19,322,226 төгрөгийн олговрыг олгохоор, хариуцагч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01086 дугаар шийдвэрээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 19,424,278 төгрөгийг олгохоор тус тус шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх 4-18 дахь тал/

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 42,862,680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/865 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. /хх 79-82 дахь тал/ Шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн томилогдох боломжгүй болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотойгоор зөрчигдсөн эрх болох олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргах хугацааг тоолох учиртай. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар маргааны талаар гомдол гаргах хугацаа гурван сараар тооцвол нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй юм.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00434 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 42,862,680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.БЯМБАСҮРЭН