| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0261/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/276 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1838006890320 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанд байх Б.Ц.ын орон байрнаас 4 ширхэг хивс хулгайлж 190.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанд байх Б.Ц.ын орон байрнаас 4 ширхэг хивс хулгайлж 190.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Мөрөн сумын .. тоот хашаа руу явж ороод шатаар нь хоёр давхар луу нь гараад хаалга нь цоожтой байхаар нь цонхыг нь хамгаалалт төмрийг нь татсан чинь уначихсан. Тэгэхээр нь тэр цонхыг өшиглөж хагалаад дотор нь ороод жижиг 4 хивс аваад гарсан. Цонхоороо гаргаад хашаа давуулж шидээд мөрлөж явж байгаад цагдаа нарт баригдсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2018 оны 09-р сарын 09-ний өдөр намайг Улаанбаатар хотод байхад цагдаагаас ярьж байна, танай байшингийн цонхыг хагалж хулгай орсон байна гэж мэдэгдсэн. Би хулгайд алдсан 4 ширхэг хивсээ бүрэн бүтэн хүлээгээд авчихсан. Одоо би шиллүүлсэн цонхныхоо мөнгө болон үнэлгээ хийлгэхдээ өгсөн мөнгө зэрэг нийт 57000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-20 дугаар хуудас/,
Гэрч Ж.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "… Хэрлэнгийн эхнэр Аззаяа нь Далай эгч тэрийг хар даа урд айлын байшингийн хоёр давхарын цонхыг хагалчих шиг боллоо гэхээр нь хартал томдуу биетэй бор царай, хар өнгийн цамц, саравчтай хар өнгийн малгайтай, цоохор өнгийн өмдтэй хүн урд талын байшингийн хоёр давхарын цонхоор яваад орчихсон. Тэгээд харж байтал цонхоор 2-3 хивс гаргаад шидчих шиг болохоор нь нөхөртөө хэлээд манай нөхөр гарч харж байгаад манай урд хашаанд амьдардаг айлын хүмүүс биш юм шиг байна, юу ч болтугай цагдаад дуудлага өгчихье гээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэр хүнийг аваад явсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Хэрлэн гэх айлд эхнэр Оюундалайгийн хамт ороод хоол идээд сууж байтал манай эхнэр согтуу хүн айлын цонх хагалаад орчихлоо гэхээр нь гэрээс гараад хартал манай урд талын хашааны дээгүүр хивс давуулж шидээд хашааны хаалгаар нэг үл таних хүн гараад ирсэн. Би хулгай хийж байгаа хүн юм байна гээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,
Хэргийн газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-8 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 25 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838006890320 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Б.Цнь алдагдсан эд зүйлүүдээ буцаан авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.Цнь цонх шиллүүлсэний төлбөр 37.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээний төлбөр 20.000 төгрөг нийт 57.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул 57.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь 1991 онд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 1999 онд 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 20 хоногийн хорих ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр нийт 5 жилийн хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар / ХХ-ийн 45-71 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь ам бүл 1, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838006890320 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 38 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1838006890320 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ц нь 57.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР