Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: *******оёлмаа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж *******өд холбогдох эрүүгийн 1814002050102 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн цагийн үед Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг оршин суух иргэн *******гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан 8245000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өвөөгийн гэрийн хаалганы нэг запас тулхүүрээр онгойлгож ороод авдар нь цоожгүй байхаар нь онгойлгож цагаан өнгийн хөөргийн дайлангийн хамт, дуран, мөнгөн бүс зэргийг авч гараад өөрийнхөө гэрт байлгаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тэр зүйлүүдээ авч аймгийн төвд ирээд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил ******* дээр ирж бичиг баримтаар нь мөнгөн бүсийг 200000 төгрөгийн барьцаанд тавиулсан. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зах дээр явж байгаад дуранг ******* гэх хүнд 25000 төгрөгөөр зараад мөнгийг нь үрээгээд дуусгасан. Хөөрөг дайлан 2 нь надад байж байгаад цагдаад хураалгасан. Би 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бугуйвч, үсний машин зэргийг аваагүй. Би дайлантай хөөрөг, мөнгөн бүс зэргийг авснаа зөвшөөрч байна… гэх мэдүүлэг / хх-ийн 96-101 /

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 01 дүгээр сараас 04 сарын 09-ний өдрийн хооронд 2 удаа мал руугаа яваад хөдөө байж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг эвдээд авдрын тагийг хөшиж онгойлгоод дотор нь байсан дайлантай хөөрөг, 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бугуйвч зэрэг эд зүйл алдагдсан байхаар нь цагдаад хандсан. Сүүлд нь гэртээ юмаа бүртгэхэд манай гэрээс мөн нэг үсний машин, дуран, цоож зэрэг алга болсон байна... гэх мэдүүлэг / хх-ийн 5-6, 44-52 /

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт байдаг Голомт банктай байранд Анд-1 нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* гэсэн бичиг баримтаа үзүүлсэн хүн бас нэг залуугийн хамт ирээд нэг ширхэг мөнгөн бүсийг 200000 төгрөгөнд барьцаанд тавиад 200000 төгрөгийг аваад явсан. Надад тэр ******* гэдэг хүн нь өөрийнхөө цахим үнэмлэхийг үзүүлээд л тэр мөнгөн бүсээ барьцаанд тавьсан. Тэр хоёр залуу мөнгөн бүсийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар 200000 төгрөгөнд барьцаанд тавьсан, 200000 төгрөгний хүү нь 1 сарын хугацаанд 12000 болно. Одоог хүртэл уг мөнгөн бүсний төлбөр нь төлөгдөөгүй байгаа бөгөөд 2 сарын хүү нь нийлээд 24000 төгрөг болж байгаа. Би уг мөнгөн бүсийг цагдаагийн газарт хураалгасан байгаа тул уг мөнгөн бүсийг барьцаалсан мөнгө болох 200000 төгрөг, 2 сарын хүү 24000 төгрөг нийтдээ би 224000 төгрөгийг нэхэмжилж байна.. гэх мэдүүлэг / хх-ийн 54-56 /

Иргэний нэхэмжлэгч *******ы мөрдөн байцаалтад өгсөн

... Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Есөн-Эрдэнэ зах дээр жижиг барааны худалдаа эрхэлдэг. 2018 оны 04 дүгээр сарын эхээр зах дээр байж байхад нэг залуу ирээд надад дуран авах уу гэхээр нь хулгайны юм биш биз гэхэд манай өвөөгийн дуран байгаа эмчилгээ хийлгэх гээд намайг зараад өгөөч гэсэн юм гэхээр нь дуранг үзсэн чинь нэг нүдний хуучин дуран байсан ба 30000 төгрөгөөр надад зарсан. Би тэр дуранг цагдаагийн газарт хураалгасан байгаа бөгөөд тэр дуранг худалдан авсан 30000 төгрөгийг, замын зардал болох 40000 төгрөгийг, нийтдээ 70000 төгрөгийг нэхэмжилж байна…гэх мэдүүлэг / хх-ийн 58-60 /

Гэрч Ч.*******ын мөрдөн байцаалтад өгсөн

...******* над дээр ирээд нэг мөнгө бүс Ломбарданд тавиад өг би өөрөө тавих гэхээр бичиг баримт байхгүй байна гэхээр нь би түүнтэй хамт яваад Голомт банкны байранд байх Анд-1 ломбарданд очоод би өөрийнхөө бичиг баримтаар уг мөнгөн бүсийг 200000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь *******өд өгсөн. Би хулгайнх гэж мэдээгүй... гэх мэдүүлэг/ хх-ийн 61-63/

Баянхонгор  аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “... эд зүйлсийг 8245000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 37-38/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 93/, хэрэг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-14/, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-27/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28- 34/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / ххийн 35-41/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 103/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 107/, Баянхонгор аймаг дахь Сум дудын шүүхийн 64 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 139-141/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 110-113/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн цагийн үед Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг оршин суух иргэн *******гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан 8245000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

шүүгдэгч *******ийн ... гэрийн хаалганы нэг запас тулхүүрээр онгойлгож ороод авдрыг нь онгойлгож цагаан өнгийн хөөргийн дайлангийн хамт, дуран, мөнгөн бүс зэргийг авсан … гэх мэдүүлэг / хх-ийн 96-101 /

хохирогч *******гийн ... гэрийн цоожийг эвдээд авдрын тагийг хөшиж онгойлгоод дайлантай хөөрөг, 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бугуйвч зэрэг эд зүйл алдагдсан, …сүүлд нь гэртээ юмаа бүртгэхэд нэг үсний машин, дуран, цоож зэрэг алга болсон байна... гэх мэдүүлэг / хх-ийн 5-6, 44-52 /

иргэний нэхэмжлэгч *******ын.... хоёр залуу мөнгөн бүсийг 1 сарын хугацаатайгаар 200000 төгрөгөнд барьцаанд тавьсан, …мөнгөн бүсний барьцаалсан мөнгө болох 200000 төгрөг, 2 сарын хүү 24000 төгрөг нийтдээ 224000 төгрөгийг нэхэмжилж байна.. гэх мэдүүлэг / хх-ийн 54-56 /

иргэний нэхэмжлэгч *******ы... нэг нүдний хуучин дуран байсан ба надад 30000 төгрөгөөр зарсан,.. замын зардал болох 40000 төгрөгийг, нийтдээ 70000 төгрөгийг нэхэмжилж байна …гэх мэдүүлэг / хх-ийн 58-60 /

гэрч Ч.*******ын ... ломбарданд очоод би өөрийнхөө бичиг баримтаар уг мөнгөн бүсийг 200000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь *******өд өгсөн.... гэх мэдүүлэг/ хх-ийн 61-63/ Баянхонгор        аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “... эд зүйлсийг 8245000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 37-38/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн цагийн үед Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг оршин суух иргэн *******гийн гэрээс цагаан өнгийн хөөргийн дайлангийн хамт, дуран, мөнгөн бүс, 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бугуйвч,үсний хайч байсныг авч, улмаар мөнгөн бүсийг 200.000 төгрөгийн барьцаанд тавьж, дуранг 30000 төгрөгөөр борлуулж, мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч *******гийн алдагдсан мөнгөн бүс, дуран, гэрээс цагаан өнгийн хөөргийн дайлангийн хамт, мөнгөн аяга, мөнгөн бувгуйч, үсний машин, цоож буюу 8245000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******өөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 1644000 төгрөгийг гаргуулж, хохирогч ******* 1350000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ******* 70000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******д 224000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дайлантай хөөрөг нэг ширхэг, мөнгөн бүс нэг ширхэг, нүдний дуран нэг ширхэг зэргийг хэрэгцээний дагуу хохирогч *******д буцаан олгож, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч *******ийн эзэмшлийн “... Монгол гэр...”-ийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч *******өд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял дээр 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн арван нэгэн сар дөрвөн хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг гурван жил гурван сар дөрөв хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан гурван жил гурван сар дөрөв хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч ******* нь уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******өөс 1644000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д 1350000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******д 70000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******д 224000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дайлантай хөөрөг нэг ширхэг, мөнгөн бүс нэг ширхэг, нүдний дуран нэг ширхэг зэргийг хэрэгцээний дагуу хохирогч *******д буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “... Монгол гэр...”-ийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА