Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/27

 

 

Э.*******, Ц.******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Г.Цогтмагнай /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Эсэн,

Иргэний хариуцагч Ц.*******,                      

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолтой, Э.*******, Ц.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 07 дугаар сард ******* аймгийн *******- ******* суманд 11 нас 10 сартай насанд хүрээгүй хохирогч Б.ын гар руу өшиглөж баруун гарын шуу ясны цууралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулахдаа Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй...” гэдгийг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

-13 настай насанд хүрээгүй хохирогч Б.т зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулахдаа Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй...” гэдгийг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

- 14 нас 11 сартай насанд хүрээгүй хохирогч Б.ийн бэлэг эрхтэнийг оролдсон, гүрвэл аллаа гэсэн шалтгаанаар гэдэснээс нь уяагаар уяад машины тэвшнээс буулгах гэх мэтээр хэрцгий харьцаж бие махбод, сэтгэл санааны зовуурь үүсгэсэн,

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 07 дугаар сард ******* аймгийн *******- ******* суманд 11 нас 10 сартай насанд хүрээгүй хохирогч Б. руу морины хусуур шидсэний улмаас баруун хөмсөгний дотор дээд хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулахдаа Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй...” гэдгийг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын  прокурор Ж.Бат-******* нь Ц.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Э.*******ийг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, “арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж бие махбодын, сэтгэл санааны шаналал үүсгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.*******ыг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Э.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 2 жил 8 сараар тогтоож,

Шүүгдэгч Э.*******ийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 жил 8 сарын хугацаагаар хориглож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.*******эс 19,800,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шагналын 20 хувь гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Иргэний хариуцагч Ц.******* нь гэм буруутай этгээд буюу шүүгдэгч нараас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч Э.*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан нар давж заалдах гомдолдоо:    Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, бүрэн үнэлэх зарчмыг зөрчсөн учраас хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Үүнд:

Нэг. Хохирогч нарын болон хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүд зөрүүтэй, хэргийн бодит байдалтай нийцээгүй.

A. Насанд хүрээгүй хохирогч Б.ийн мэдүүлэгт “...энэ болсон явдлын талаар би хотод ирээд ээж аавдаа хэлсэн, том ах Б.ийн мэдүүлэгт ах гараараа хүрээгүй гэж шүүгдэгчийн талд мэдүүлсэн байхад нотлох баримтаар үнэлээгүй.

Б. 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.аас дахин мэдүүлэг авахад 2024 оны 07 сарын сүүлээр *******ы морины уяан дээр байж байхад ах намайг хамгаалалтын хувцсаа хураасангүй гэж миний бөгс рүү өшиглөх гэхэд би баруун гараараа хаасан. Гэтэл баруун гарыг өшиглөх үед баруун гарын шуу ясны цууралтыг учруулсан. Манай ах ийг ах хамгаалалтын хувцас хураасангүй гэх шалтгаанаар бөгс рүү нь өшиглөж гэмтэл бэртэл учруулсан гэж мэдүүлсэн байхад харин Б. нь “ 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр уяан дээр уяаны шонгоо ухаж байхад ыг төмөр лоомоор гарыг нь цохисон гэж үйл баримтыг зөрүүтэй мэдүүлсэн.

B. Б.ийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дахин мэдүүлэгт энэ болсон явдлын тухай туслах уяач , нар мэднэ гэж байхад г гэмт хэрэг болсон эсэхийг цорын ганц гэрчлэх г гэрчээр асуугаагүй. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дахин мэдүүлэгт мэдүүлэг өгсөн насанд хүрээгүй Б.Мөнхтөгөлдөр гэх этгээд гарын үсэг зурж, мэдүүлгийн үнэн зөвийг гэрчилсэн байхад Б.ийн мэдүүлэг гэж үзэж, нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1-т заасан хохирогчийн мэдүүлэг гэж үзэхгүй.

Г. Б.өөс дахин мэдүүлэг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр авахад 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр уяан дээр уяаны шонгоо ухаж байхад ыг зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар төмөр лоомоор ын гарыг нь цохисон гэх, мөн Б. нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр том оврын машин дээрээс хонин гүрвэл алсан шалтгаанаар ийг заамдаж байгаад шидсэн гэх, гэтэл энэ үйл явдал нь 2023 оны зун болсон болохыг шүүх хуралдаанд ярьсан. Энэ үед тэнд очоогүй, ажиллаагүй жил байсан. 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед нь бөгс рүү өшиглөх үед би зүүн гараараа хаасан чинь миний гарын ар тал руу өшиглөж таарсан. Тэр орой гар хавдаад эхэлсэн гэх мэдүүлэгт Б. нь гарын үсэг зураагүй, энэ тухай тэмдэглэл мөрдөгч хөтлөөгүй. Мөн өмгөөлөгч Г.Мөнхбат байлцсан гэж гарын үсэг зурсан ч тэмдэглэлд дурдаагүй тул хуулийн хүчин төгөлдөр мэдүүлэг гэж үзэхгүй.

Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч 2 хүүхдүүдийн аль гар нь гэмтсэн бэ гэж асуухад 2-лаа баруун гарын алга орчим гэж мэдүүлсэн. Аль гарын хаана гэмтсэн бэртсэн болохыг мэдүүлэгтээ хэлж чадаагүй. Бодит үнэн байдалд хүүхдүүдийнх нь гар гэмтсэн бол эмчид үзүүлэх зэргээр 2024 оны 08, 9 сард арга хэмжээ аваагүй. Зөвхөн цагдаад өргөдөл өгсний маргааш эмчид үзүүлсэн. Тухайн цаг үед гар нь хөндүүр зовуурьтай гэж хэлсэн. Гэтэл хүүхдийн яс 2 сарын өмнө гэмтсэн бол аль эрт бороолж эдгэсэн, аливаа зовуурьгүй байдаг нь нийтэд илэрхий үйл баримт.

2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тодорхойгүй Б. гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд “ .. миний мэдэж байгаагаар ын бие дээр том жижиг сорви их байгаа гэсэн ч би одоо хаана нь ямар сорви байсан талаар сайн мэдэхгүй байна гэж анхны мэдүүлэгтээ мэдүүлсэн байгаа нь Б.ын аюулхай дээрх шаланкаар цохиулсан гэх сорви тухайн үед байгаагүй, Э.******* гэм буруугүй болохыг эдгээр мэдүүлгээр өмгөөлөгч би нотолж байна.

 Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт 2019 оноос хойш уяач Э.*******-Эрдэнийн 3 хүүхдийн хурдан морь унахад өгсөн машин, мөнгийг ярьсан болохоос биш шүүгдэгчийн үйлдсэн гэх анхны гомдолд үйлдэл, учруулсан гэмтэл зэргийг огт яриагүй. Харин 2024 оны 08 сард *******-******* сумын наадамд очих үеэр ах зодсон гэж анхны өргөдлөөс зөрүүтэй мэдүүлсэн. Зөвхөн Э.*******тэй харилцан ярилцсан зүйлүүдийг ярьсан. Энэ хэлэлцүүлгийн тайлбараас өмгөөлөгч би унаач хүүхдүүдийн төлбөр мөнгөний харилцаа, Э.*******д гомдсон нөхцөл байдлаас ийнхүү туслах уяачаар ажиллаж байсан Э.*******ийг хилс хэрэгт гүтгэсэн гэж үзэж байна.

Шүүх шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа хүүхэд цаг хугацааг андуурч болно гэж тайлбарлаж байгаа нь хүүхэд хэнийг ч гэмт хэрэгт гүтгэж, худал ярих гэмт үйлдлийг өөгшүүлж байна. Хууль ёсны төлөөлөгч болох ээж Э. нь Б.ийн зүүн гар гэмтээгүй, 2 хүүгийн баруун гарын алганы энд гэмтсэн гэж шүүх хуралдааны танхимд заагаад байгаа мэдүүлэг нь өөрөө энэ хэргийн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12632 дугаартай дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт байхад шүүх үнэлээгүй.

Улмаар мөн өдрийн 12634 дугаартай дүгнэлтээр Б.ын баруун гарын шуу ясны цууралт гэмтсэн гэдэг нь баруун гарын алганаас хол байдаг шуу тул тус дүгнэлтийг үгүйсгэсэн.

Хоёр. Нотлох баримтууд хууль бус тухайд:

А. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12632 дугаартай дүгнэлтээр Б.ийн зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ, хүндэвтэр гэмтлийн зэрэг тогтоогдлоо гэх шинжээч эмч Ч.*******болорын дүгнэлт эмчийн оношноос зөрүүтэй.

Учир нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн амбулаторийн гэмтлийн эмчийн онош: Алганы шивнүүрийн далд хугарал /Алганы бусад шивнүүр яс хугарах-562.3/... гэжээ. Шинжээч эмчийн дүгнэлтийн 1-т Б.ийн зуун гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо гэж 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн амбулаторийн гэмтлийн эмчийн оношноос зөрүүтэй энэ өдөрт нь өөр нотлох баримтгүй алдаатай дүгнэсэн.

Мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч томилсон тогтоол гарсны дараа анх удаа хохирогч гэх Б. нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  амбулаторийн гэмтлийн эмчид үзүүлсэн. 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчээс авсан тэмдэглэлд шинжээч эмч Ч.*******болор хариулахдаа “Тухайн гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэж таамагласан эргэлзээтэй хариулт өгсөн.

Энэ дүгнэлтийн бодит фото зураг, гэмтлийг нотлон харуулсан зураг огт байхгүй хууль дүгнэлтийг шүүх давхар нотлох баримтуудтай харьцуулан үнэлээгүй.

Б. Мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12634 дугаартай дүгнэлтээр Б.ын баруун гарын шуу ясны цууралт, баруун хөмсөгний дотор дээд хэсэгт сорви, аюулхайд зулгаралтын ором тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Үүсэн цаг хугацааг нарийн тодорхойлох боломжгүй хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн.

Гэтэл 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд шинжээч эмч Ч.*******болор хариулахдаа “аюулхайд зулгаралтын ором тогтоогдсон гэмтлийн зэрэгт орохгүй” гэж өөрийн гаргасан 12634 тоот дүгнэлтийг худал болохыг баталсан байна. Өмгөөлөгч би хиймэл оюун ухааны сайтаас Б.ын баруун гарын шуу ясны цууралтын эдгэрэлтийн цаг хугацааг асуухад дээд тал нь 5 долоо хоног болох тул 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэмтсэн гэмтэл 83 хоногийн дараа гэхэд бүрэн эдгэрсэн байх учиртай.

Дүгнэлтэд рентген болон фото зургуудыг хавсаргаагүй, мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүссэн гэж дүгнэсэн, хохирогч Б.ын мэдүүлгээр нэг удаа хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан гэх, Б.ийн мэдүүлгээр лоомоор нэг удаа цохиж гэмтээсэн гэх ийнхүү хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан байхад Б.т гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй.

В. 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол нь гурван тогтоол тус бүрд учирсан гэмтэл нь шинэ эсхүл хуучин эсэх, үүссэн цаг хугацааг тодорхой тусгах, хэрэг гарсан хугацаанд үүссэн байх боломжтой эсэх гэж 3 өөр асуулт мөрдөгч асуусан байхад Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл шинжээчийн дүгнэлтэд байхаар заасан хуулийг зөрчиж, “цаг хугацааг тодорхойлох боломжгүй” гэхээс өөрөөр шинжээч хариулаагүй.

Дүгнэлтэд фото зураг хавсаргаагүй нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Шинжилгээ хийх явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба түүнийг хоёр хувь үйлдэн дүгнэлтийн хувь тус бүрд хавсаргана” гэж заасан байхад зөрчсөн. Шинжээч эмчийн дүгнэсэн эдгээр гэмтэл нь сүүлд эсхүл бүүр өмнө үүссэн гэмтэл эсэхийг эдгэрэлтийн явцаас дүгнэх боломжтой төдийгүй мөрдөгчийн тэмдэглэлд шинжээч эмч өөрийн гаргасан дүгнэлтэд эргэлзээтэй, дүгнэлтээ үгүйсгэсэн хариултыг өгсөн байхад дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Г. Э.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 200 дахь тал/ энэ баримтыг өмгөөлөгч би анхан шатны шүүх хуралдаан дээр анх удаа харсан бөгөөд хэргийн материалтай танилцах үед байгаагүй. Улмаар Э.*******ийн яллагдагчийн мэдүүлэг өгдөг өдөр мөрдөгч малын хулгайч чи хэргээ хүлээ, шоронд явуулна, чи бол хүүхэд тамлан зовоогч хийсэн л биз дээ гэх зэргээр загнаж, айлгасан байж байхад өмгөөлөгч би очих үед тайвширч мэдүүлэг өгсөн. Энэ нь миний үйлчлүүлэгчийг хүчээр хэрэг хүлээлгэх, гүтгэх зорилготой үйлдэл гэж үзэж байна. Яллагдагч процессын хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл гэмт хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн Үндсэн хуулийн 16.13-т хүнийг эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцах, ямар ч нөхцөлд хэрэг хүлээлгэхийг хориглоно. Улмаар энэ эрүүдэн шүүж, өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан яллагдагчийн мэдүүлгийг Олон Улсын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд зааснаар ямар ч хэрэгт нотлох баримтаар ашиглахыг хориглосон, хууль бусаар авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй байхад энэ мэдүүлгээр прокурор нь яллаж, шүүх нь ял оногдуулж болохгүй.

Гурав. Хууль хэрэглээний хувьд буруу хэрэглэсэн:

A. Хэргийн зүйлчлэл буруу тогтоогдсон Э.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.7 дугаар зүйлийн 2 дахь заалтуудыг тус тус хэрэглэсэн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй. “Санаатай” гэх субьектив талыг хангалттай нотлоогүй, хэзээ, хаана гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхойгүй, гэмт хэргийн зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлоогүй.

Б. Ял шийтгэлийн шударга бус байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн харгалзан үзээгүй. Э.*******ийн хувийн болон нийгмийн байдал, аймгийн алдарч уяач, гэмт хэрэг үйлдэгдсэн хангалттай нотлох баримт байхгүй зэргийг дутуу үнэлсэн.

B. Иргэний хариуцлагын хэмжээ хэт өндөр тогтоогдсон 19,800,000 төгрөгийн хохирлыг тогтоохдоо Иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн, бодит нотлох баримтаар хангалттай хохирол баталгаажаагүй. Хууль ёсны төлөөлөгч хүүхдүүдийн гэмтэлд нэг ч эм, тос аваагүй, эмчилгээ хийлгэсэн төлбөр төлсөн баримтгүй гэж байгаа нь хохирол бодитой учирсан гэж үзэхгүй. Гэмт хэргийн улмаас хохирол учирсан үйлдэл тогтоогдохгүй байхад гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа, хэрэг үүссэн цаг хугацаанаас нэг жилийн дараа шинжээч эмч хүүхдүүдийн сэтгэцэд хор хохирол энэ гэмт хэргээс шалтгаалж учирсан гэж дүгнэх цаг хугацаа орон зайн хувьд боломжгүй.

 Г. Шүүх өмгөөлөгч миний шинжлэн судлуулсан гэрч Э.*******, Ц.*******, гэрч Э.гийн мэдүүлгээр Э.*******ийн яллагдагчийн мэдүүлэг /1хх-202-204-р хуудас/ гэмт хэрэг үйлдээгүй гэрчилсэн байхад нотлох баримтаар үнэлээгүй. Хохирогч Б., Б. нарын мэдүүлэг, Б.гийн мэдүүлэг, шинжээч эмч Э.*******болорын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр баруун, зүүн гар аль нь гэмтсэн болохыг хоорондоо зөрүүтэй тайлбарласан байхад харьцуулан нотлох баримтуудыг үнэлээгүй.

Иймд эрүүгийн хэрэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж яллахгүй байхыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-г үндэслэн шийтгэх тогтоолын Э.*******ид холбогдох хэсгийг хүчингүй, эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Нэг айлын 8-аас 13 насны гурван хүүхдийн эсрэг гэмт хэргийг байнгын тогтвортой, үргэлжилсэн үйлдлээр, удаан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн. Түүнд анхан шатны шүүхээс  оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Мөрдөн байцаах ажиллагаанаас эхлээд мөрдөгч, прокурор, шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийвэл зохих ажиллагаануудыг огт хийгээгүй. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.******* 2025 оны 09 дүгээр сараас эхэлж орж ирсэн. Шинжээчийн дүгнэлт гээд бүх зүйл гарсны дараа орж ирсэн учраас хойноос нь ажиллагаануудыг мэдэх боломжгүй учраас нөхөж бид хоёр хамт оролцож явсан. Ингээд шинжээчийн дүгнэлт гарсны дараа шинжээчийн дүгнэлт нь хамгийн гол цаг хугацааг тодорхойлоогүй учраас 2 сарын өмнөх үйл баримтыг гэмт хэрэг болсон үгүйг нотлох шаардлагатай эсвэл шалгах шаардлагатай ийм нөхцөл байдал бидний өмнө тулсан. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийг шинжээч эмчээр томилж байгаа юм чинь тухайн ясны эдгэрэлт, бороололтоос хамаараад хэзээ энэ гэмтлийг  авсан юм бэ гэдгийг тогтоох боломжтой бүрэлдэхүүнтэй шинжээч томилно уу гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан боловч үүнийг мөрдөгч, прокурорууд хангаагүй. Сонгинохайрхан дүүргийн шинжээч эмчийн дүгнэлтүүд зөрүүтэй. Шинжээч эмч нь фото зураг хавсаргаагүйгээс болж өнөөдөр бид нар аль гарийн хаана гэмтсэн гэдгийг мэдэх боломжгүй болдог. Э.******* нь хэрэг үйлдэгдсэн гэх зун энэ хүүхдүүдтэй хамт байсан болохоос, өөрөөр хамт байгаагүй. Бусад цаг үед энэ хүүхдүүдийг зодсон, дээрэлхсэн гэх мэдүүлэг байдаггүй гэдгийг анхаарч үзнэ үү. Ийм учраас гомдлыг хангаж, Э.*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Эсэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн байгууллагад гомдол мэдээллийг хохирогчийн зүгээс өгөөд мөрдөн шалгах ажиллагаа хэтэрхий удаан явагдаж, бүр хожуу шинжээч томилсон. Тэгэхээр тэр байгууллагын удаашруулсан процессоос болж чи рентген зураг авхуулаагүй гэдэг асуудлыг хүүхдүүд рүү нялзааж болохгүй. Сая тайлбартаа Ц.******* гэдэг хүн Э.******* гэдэг хүнийг гэмт хэрэг үйлдээгүйг нотолчихсон. Гэтэл яагаад Э.******* гэдэг хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа юм бэ? гэж яриад байна. Тэгвэл Ц.******* гэж хэн юм бэ? энэ хэрэг дээр адилхан яллагдагч, шүүгдэгч хүн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт аливаа мэдүүлэг өгч байгаа хүн мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж зааж байж тухайн мэдүүлэг нотлох баримт болдог. Дангаар ярьж байгаа нэг хүний мэдүүлэг нотлох баримт болоод түүнийг үнэлж, дүгнэх ойлголт байхгүй. Тэгэхээр Ц.******* гэдэг хүний мэдүүлгээр Э.*******ийн үйлдэл үгүйсгэгдэх гэдэг ойлголтоор хамааруулж болохгүй. Энэ хэрэг дээр шүүгдэгч Ц.*******, Э.******* нарын гэм буруутай гэдгийг дүгнэх хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдсан. Үүн дээр анхан шатны шүүхээс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоол гарсан нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирол, хор уршгийн тухайд бид нар ямар нэгэн байдлаар эм тариа, эмчилгээ төлбөр гэж нэхээгүй. Яагаад гэхээр цаг хугацааны хувьд сая өмгөөлөгчийн ярьж байгаачлан хөдөө байж байгаад бороолсон учраас ямар нэгэн эмчилгээ үйлчилгээг нөхөж үзүүлж, нөхөн эмчилж чадаагүй. Тийм учраас бид нар эмчилгээтэй холбоотой гарсан баримтыг нэхээгүй. Энэ хэрэг дээр иргэний хариуцагч гэдэг хүнээс гурван хүүхдэд гарсан сэтгэцэд учирсан хохиролтой холбоотойгоор тус бүрд нь 6,000,000 төгрөг, нийтдээ 19,800,000 төгрөгийн дүнтэй хохирол, хор уршгийн асуудал яригдаж байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Иргэний хариуцагч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн процесс дээр мөрдөн байцаагч надаас байцаалт авахгүй байж байгаад нэг өдөр дуудаж байцаалт аваад л маргааш нь прокурор руу хэргийг шилжүүлсэн. Энэ 3 хүүхэд манайд морь унаж байсан. Мөн тухайн үед өдөр тутамд ээж, аавтайгаа ярилцаад ингэлээ, тэглээ гээд бүх мэдээллийг өгдөг байсан. Мөн 2024 оны 08 дугаар сард ээж, аав нь хүртэл 14 хоног хамт байж байгаад наадмаар хүүхдүүдээ аваад явсан. Тэглээ, ингэлээ, гэмтэл гарлаа гэж ээж, аав нь ч яриагүй, хүүхдүүд яриагүй. Бүхэл бүтэн 2 сарын дараа буюу намар нь ийм гэмтэл гарсан гээд цагдаад гомдол өгсөн байдаг. Тухайн үед би хүүхдүүдтэйгээ байнга харьцаад явж байсан. Гар, хөл нь хугарсан бол морь унах боломжгүй. Тухайн үед манай эхнэр ч байсан. Тухайн үед гар нь хугарсан бол хавдах байсан. Ямар ч тийм зүйл байгаагүй. Хоёр хүүхэд нь морь унаж байсан. Ээж аав нь хүүхдүүдээ хүлээж аваад явсан. Энэ хэрэгт гүтгэлгийн шинжтэй үйл явдал байна гэж миний хувийн зүгээс үзэж, гомдолтой байгаагаа илэрхийлж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан нарын гаргасан гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 07 дугаар сард ******* аймгийн *******- ******* суманд 11 нас 10 сартай насанд хүрээгүй хохирогч Б.ыг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж гар руу нь өшиглөж баруун гарын шуу ясны цууралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Насанд хүрээгүй хохирогч Б.ын өгсөн “...Манай морины эзэн Ц.******* ахын туслах ...2024 оны 07 дугаар сарын сүүлээр миний баруун гарыг өшиглөсөн. Тэр үед миний баруун гарын шуу ясны цууралтыг учруулсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19, 147 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн "...2021 оны зун манай том хүү Б.т ханьтай гээд түүний доод талын эрэгтэй дүү болох Б.ыг агаарт байлгаад хамт морь унуулж сургана гээд Ч.******* авч явсан. 2024 оны 06 сард манай 3 хүү дахин ******* аймгийн *******-******* сум руу Ч.*******-Эрдэнийн морийг унах гэж явсан. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* аймаг *******-******* суманд наадам дуусаад Ч.*******-Эрдэнийн гэрт морь унасан 3 хүү бол Б., Б., Б. нарыг буцааж аваад Улаанбаатар хот руу явж байхдаа  дахиж хүүхдүүдээрээ хурдны морь унуулахгүй гэхэд манай том хүү Б. нээрээ юм уу гэж лавлаж асууж байгаад Ч.*******-Эрдэнийн хурдан морийг унаж байхад удаа дараа зоддог байсан, гар утсыг нь хурааж аваад бид нартай холбоо бариулдаггүй, туслах уяач , гэх хүмүүс зоддог байсан талаар хэлсэн болохоор өөрийн амьдардаг цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12634 дугаартай ...Б.ын баруун гарын шуу ясны цууралт, баруун хөмсөгний дотор дээд хэсэгт сорви, аюулхайд зулгаралтын ором гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2427 дугаартай “...ийн ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

Шүүх сэтгэц гэм судлалын 957 дугаартай “... Сэтгэцийн онош: Эрүүл. Б. нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б. нь үзсэн, харсан сонссон зүйлийн талаар мэдүүлж байна. Б. нь хэргийн талаар мэдүүлж байна. Өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж байна ” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 81-83 дахь тал/,

Шинжээч эмч Ч.ын "... ын биед учирсан баруун гарын шуу ясны цууралт, баруун хөмсөгний дотор дээд хэсэгт сорви гэмтэл нь тус тусдаа хөнгөн гэмтэлд хамаарна. ...ын гэмтэл үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 91 дэх тал/ нас тоолсон тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 181-182 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 07 дугаар сард ******* аймгийн *******- ******* суманд 13 настай насанд хүрээгүй хохирогч Б.ийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж түүний эрүүл мэндэд зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 

Насанд хүрээгүй хохирогч Б.ийн “...Би ******* аймгийн *******- ******* суманд байдаг Ц.******* гэх хүний морийг төрсөн дүү Б.ын хамт 2023 оны 06 сараас хойш унаж байгаа бөгөөд манай бага дүү Б. 2023 оноос хойш унаж байгаа.

Би 2024 оны 08 сарын эхээр Улаанбаатар хотод ирээд аав, ээж хоёр ******* аймаг руу ахиж морь унуулахгүй гэж хэлэхээр нь бид гуравтай их дээрэнгүй муу харьцдаг пизда, гичий, нохой гэж хараадаг, бас хэд хэдэн удаа зодож байсан талаар хэлсэн. Надад учирсан гэмтлийг туслах миний бөгс рүү өшиглөх явцад зүүн гараараа хаахад миний гарыг өшиглөж таарсан тэр үед учруулсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15,153-154 дэх тал/,

Гэрч Ц.*******-Эрдэнийн “...Б. 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* *******-******* суманд манайд ирсэн. 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ургийн баяртай гэж хэлээд Т.Бат- *******, Б. нар хүүгээ аваад Улаанбаатар хот руу явцгаасан. Тэр үед наадмаар миний хэдэн морь түрүүлсэн амжилт гаргасан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247-248 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12632 дугаартай "... Б.ийн зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Үүсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2428 дугаартай “...ийн ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 1-3 дахь тал/,

Шүүх сэтгэц гэм судлалын 953 дугаартай ... Сэтгэцийн онош: Эрүүл. ...Б. нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б. нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэн нэгний дарамт шахалтын улмаас бусдын зааж өгсөн үг хэллэгийг хэрэглэж байна уу гэдгийг манай шинжилгээгээр тогтоодоггүй болно. Б. нь болсон хэргийн талаар өөрийн хийж байгаа үйлдлийг өөрийн насны түвшинд зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна....” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 77-78 дахь тал/, нас тоолсон тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал/  зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 07 дугаар сард ******* аймгийн *******-******* суманд 14 нас 11 сартай насанд хүрээгүй хохирогч Б.ийн бэлэг эрхтнийг оролдсон, гүрвэл аллаа гэсэн шалтгаанаар гэдэснээс нь уяагаар уяад машины тэвшнээс буулгах гэх мэтээр хэрцгий харьцаж бие махбод, сэтгэл санааны зовуурь үүсгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Насанд хүрээгүй хохирогч Б.ийн “...Би ******* аймгийн *******-******* суманд байдаг Ц.*******, гэх хүний морийг төрсөн ах Б., Б. нарын хамт 2023 оны 06 сараас хойш унаж байгаа бөгөөд уяач Ц.*******, гэх хүмүүс манай хоёр ах болон намайг пизда, янхан, гичий гэх мэтээр харааж морь хойгуур орохоор өшиглөж зоддог. Надад гэмтэл байхгүй.

ах морины ажилгүй үедээ миний өмдийг шувтлаад боожгойг гараараа оролдоод пизда минь гараа өргө гээд би энэ тухайн үедээ хэлээгүй байж байгаад хотод ирээд ээж, аавдаа хэлсэн. Хөдөө уяан дээр байхдаа ах миний өмдийг шувтлаад боожгоо оролдоод гар дээшээ өргө гээд байдаг. Бас хөдөө байхдаа намайг гүрвэл аллаа гээд гэдсээр уяагаар уяад машины тэвшнээс уяж байгаад намайг буулгасан. ... ах намайг хурдан морь унаж байхад мориныхоо жолоог алдах буруу барих үед миний бөгс тус газар өшиглөдөг, мөн намайг гөлөг, пизда гэж харааж зүхдэг. ... ах миний бэлэг эрхтэн барьдаг, гуя чимхдэг, намайг бэлэг эрхтнээ гаргаж ирээд саа гэж хэлдэг байсан. ... Миний хоёр гарыг хүлээд миний бэлэг эрхтэнг оролддог байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 9-10, 150-151 дэх тал/,

Насанд хүрээгүй хохирогч Б.ийн “Мөн 2024 оны 08 сард ******* аймгийн *******- ******* суманд байхдаа хонин гүрвэл аллаа гээд манай бага дүү ийн гэдсээр уяагаар уяад ачааны машины тэвш дээрээс дүүжлээд манай дүүг орилохоор газар руу шидэж байсан. ах бас манай бага дүүгийн өмдийг шувтлаад боовоо босго гээд төмпөн өргүүлээд тамлаад байдаг.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15, 153-154 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2426 дугаартай “...ийн ийн  сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

Шүүх сэтгэц гэм судлалын 956 дугаартай “...Онош: Одоогоор сэтгэцийн талаас эмгэг өөрчлөлтгүй байна. Б. нь гэмт хэрэг хүчирхийллийн дараах дарамт хямралд орсон гэх эмнэл зүйн шинж тэмдэг үгүй байна. Одоогоор сэтгэцийн талаас эмгэг өөрчлөлтгүй байна. Б. нь өөрийн насны түвшиндээ үзсэн харсан, сонссон зүйлийнхээ талаар мэдүүлж байна. Хэн нэгний дарамт шахалтын улмаас бусдын зааж өгсөн үг, хэллэгийг хэрэглэж байгаа эсэхийг манай шинжилгээгээр тогтоодоггүй болно. Б. нь болсон хэргийн талаар өөрийн насны түвшиндээ үзсэн, харсан, сонссон зүйлээ ойлгож, мэдэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 86-89 дэх тал/, нас тоолсон тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 07 дугаар сард ******* аймгийн *******-******* суманд 11 нас 10 сартай насанд хүрээгүй хохирогч Б.ыг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж морины хусуур шидсэний улмаас баруун хөмсөгний дотор дээд хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Насанд хүрээгүй хохирогч Б.ын “...2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ах намайг ус цацлаа гэх шалтгаанаар барьж байсан морины хусуур шидэж, баруун нүдний дээд талын хөмсөгний дотор хэсэгт сорви учруулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19, 147 дахь тал/,

          Насанд хүрээгүй хохирогч Б.ийн “...Манай дунд дүү ...Б. нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Зуугийн овоонд байхад шипризээр ус цацсан чинь г оночихсон. Тэгэхэд хусуур шидэж хөмсөг дээр нь оносон. архи авч ирж хөмсөгний язарсан хэсгийг цэвэрлэсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15,153-154 дэх тал/,

Насанд хүрээгүй хохирогч Б.ийн “... ах шиприйзэнд ус хийж тоглож байгаад санаандгүй ах руу цацчихсан чинь ах уурлаад хусуур шидээд хөмсөгний дээд талд онож цус гарсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 9, 150-151 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12634 дугаартай “Б.ын ...баруун хөмсөгний дотор дээд хэсэгт сорви ...гэмтэл тогтоогдлоо. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2427 дугаартай “...ийн ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын эсхүл байнгынх эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх зэрэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүлийн дэмжлэг бүхий орчин, цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах эсэх зэргээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

Шинжээч эмч Ч.ын өгсөн "... ын биед учирсан баруун гарын шуу ясны цууралт, баруун хөмсөгний дотор дээд хэсэгт сорви гэмтэл нь тус тусдаа хөнгөн гэмтэлд хамаарна. ...ын гэмтэл үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 91 дэх тал/,

 Яллагдагч Ц.*******ын “...би руу морины хусуур шидэх үед баруун хөмсөгний дотор дээд хэсэгт язраад цус гарсан. Би энэ гэмтлийг учруулсан бусад гэмтлийг би учруулаагүй. Миний хусуур шидэх болсон шалтгаан нь вагончик дотор хэвтэж байхад Б. шприцээр ус соруулаад над руу цацсан. Тэгээд би хажууд байсан хусуураар айлгах нэрийдлээр шидсэн чинь оносон. Гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Э.******* нь насанд хүрээгүй хохирогч Б.ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг,

Насанд хүрээгүй хохирогч Б.ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг,

Насанд хүрээгүй хохирогч Б.ийн бэлэг эрхтнийг оролдсон, гүрвэл аллаа гэсэн шалтгаанаар гэдэснээс нь уяагаар уяад машины тэвшнээс буулгах гэх мэтээр хэрцгий харьцаж бие махбод, сэтгэл санааны зовиур үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж бие махбодын, сэтгэл санааны шаналал үүсгэсэн” гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Ц.******* нь насанд хүрээгүй хохирогч Б.ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Шүүгдэгч Ц.*******, Э.******* нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.” гэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шүүгдэгч нарын тайлбар, дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******ийг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулсан”, “арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж бие махбодын, сэтгэл санааны шаналал үүсгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.*******ыг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Э.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 2 жил 8 сараар тогтоож, Э.*******ийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 жил 8 сарын хугацаагаар хориглож, шүүгдэгч Ц.*******ыг 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсан  нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан нар ньХохирогч нарын болон хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүд зөрүүтэй,  шинжээч эмч Ч.*******болорын дүгнэлт эмчийн оношноос зөрүүтэй, Э.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.7 дугаар зүйлийн 2 дахь заалтуудыг тус тус хэрэглэсэн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй. “санаатай” гэх субьектив талыг хангалттай нотлоогүй, хэзээ, хаана гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхойгүй, гэмт хэргийн зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлоогүй, ял шийтгэлийн шударга бус байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн харгалзан үзээгүй, Э.*******ийн хувийн болон нийгмийн байдал, аймгийн алдарч уяач, гэмт хэрэг үйлдэгдсэн хангалттай нотлох баримт байхгүй зэргийг дутуу үнэлсэн тул шийтгэх тогтоолын Э.*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий гомдлыг гаргажээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад насанд хүрээгүй хохирогч нар нь шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн хэргийг хэзээ, хаана, хэрхэн яаж, хэн үйлдсэнийг зөрүүгүй, тогтвортой мэдүүлсэн байх ба шүүгдэгч Э.*******ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргүүдийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэл буруу тогтоогдсон гэх гомдол үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг хангасан, түүний үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч нарын эрүүл мэнд болон сэтгэцэд хор уршиг учирсан нь шалтгаант холбоотой байна.

          Иймд шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан нарын “шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.*******ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой нотлох баримтыг хэргийн оролцогчид гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2428, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2427, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2426  дугаартай дүгнэлтүүдэд “...ийн , ийн , ийн нарын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэж зааснаас дүгнэхэд гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нарын  сэтгэцэд хор уршиг учирсан байх ба анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нарын  сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөөр илэрхийлэн шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гаргуулах тухай Иргэний хуулийн заалтыг буруу хэрэглэн иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг төлүүлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралтын 3 дугаар зүйлд нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим аргачлал, мөн 3.1, 3.8-д зааснаар “...хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, тус гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас...” зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс ялгамжтай тогтоон шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хохирол төлбөрийг тогтоохдоо дээрх аргачлал, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг ба тухайлсан гэмт хэрэгт хамаарах нөхөн төлбөрийн хүснэгт, шинжээч нарын дүгнэлтүүдийг үндэслэн насанд хүрээгүй хохирогч Б.ийн хувьд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 6,600,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Б.ын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 4,620,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Б.ийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 3,960,000 төгрөгийг тус тус гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.*******оос 15,180,000 /арван таван сая нэг зуун наян мянган/ төгрөгийг, шүүгдэгч Ц.*******аас 4,620,000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д олгохоор өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

         Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах талаар нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “Шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, ******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.*******эс 19,800,000 /арван есөн сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д олгосугай.” гэснийгИргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос 15,180,000 /арван таван сая нэг зуун наян мянган/ төгрөг, шүүгдэгч Ц.*******аас 4,620,000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д олгосугай.” гэж  өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын 9 дэх заалтын “Иргэний хариуцагч Ц.******* нь гэм буруутай этгээд буюу шүүгдэгч нараас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэснийг хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                              Л.УГТАХБАЯР

                                                                                                                        Х.ГЭРЭЛМАА