2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2026/04062

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 18 191/ШШ2026/04062

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: давхар хаягт оршин байх, ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох, 

 

Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, үндсэн төлбөр 52,065,000 төгрөг, алданги 33,008,576 төгрөг, бодит хохирол, зардалд 107,935,000 төгрөг, нийт 193,008,576 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан нийт 193,008,576 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн А.******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр "******* " ХХК-тай "Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан Унутаг дэвсгэрт байрлах "Поларис Апартмент-3" хотхоны Д блок, 1-р орц, 11-р давхар, 1107 тоот хаягтай 34.71 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалж, 52,065,000 төгрөгийг бүрэн төлсөн.

Орон сууц захиалгын гэрээгээр орон сууц 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох байсан боловч ороогүй, өнөөдрийн байдлаар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, газраа ч чөлөөлөөгүй байдалтай байна. Байр ашиглалтад орохгүй болсон тул гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан шаардаж байна. Мөн гэрээнд зааснаар 2022.08.08-2026.01.27-ны өдрийг хүртэл нийт 1268 хоногийг өдрийн 26,032 төгрөгөөр тооцож алданги 33,008,576 төгрөг, бодит хохирол, зардалд өнөөдрийн 2 өрөө байрны зах зээлийн ханштай дүйцүүлж 107,935,000 төгрөг, нийт 193,008,576 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх үндсэн төлбөр болох 52,065,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Алдангийн хувьд зөвшөөрөхгүй байгаа. Гэрээний 5.9 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногт шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос энэхүү гэрээний 2.2.4 дэх хэсэгт заасан буюу 0.05 хувийн алдангийг тооцно гээд заагаад өгчихсөн байгаа. Алданги тооцсон хоногоос хүлээлгийнхээ 180 хоногийг хасах ёстой. Өдрийн алданги 26,032 төгрөг. Тооцооллын хувьд нийт 28,322,816 төгрөгийн алданги байхаас 4,685,760 төгрөгийг үндэслэлгүй шаардсан гэж үзэж байгаа.

Нэхэмжлэл дээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж хохирлоо шаардаж байна гэж бичсэн байгаа. Гэрээнээсээ татгалзаж үндсэн үүргээсээ татгалзаж байгаа учраас нэмэгдэл үүрэг нь биелэгдэх боломжгүй. Тийм учраас анхных нь байдалд шилжүүлээд өгсөн авснаа буцаая гэсэн байр суурьтай байгаа. Иймд алдангийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэл дээрээ зах зээлийн үнэ ханшаар ойролцоогоор 2 өрөө байрны орон сууц нь 107,935,000 төгрөг байхаар үүнийгээ хохирол гэж шаардаж байгаа. Энэ нь бодит хохирол учирсан гэсэн ямар нэгэн нотолгоо байхгүй. Үүнийгээ нотолж чадаагүй. Нэхэмжлэгчид бодит хохирол учирсан юм уу гэдгээ нотолж чадаагүй учраас үүнийг хохирол гэж үзэхгүй. Тийм учраас манайх үндсэн төлбөрийг нь хүлээн зөвшөөрч алданги болон хохирлыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 52,065,000 төгрөг, алданги 33,008,576 төгрөг, бодит хохирол, зардалд 107,935,000 төгрөг, нийт 193,008,576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

 

5.1 Хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 52,065,000 төгрөгөө буцаан өгөхийг зөвшөөрсөн. Харин алданги болон хохирлыг эс зөвшөөрсөн.

 

5.2 Нэхэмжлэгч ...алданги гаргуулах шаардлагын үндэслэлийг гэрээ байгуулж мөнгөө шилжүүлж ашиглуулж хохирсон гэж талуудын байгуулсан гэрээгээр тохиролцсон заалтыг үндэслэл болгосон бол хариуцагч тал ...Гэрээний 5.9 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногт шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос энэхүү алдангийг тооцох учир тооцооллын хувьд нийт 28,322,816 төгрөгийн алданги байхаас 4,685,760 төгрөгийг үндэслэлгүй шаардсан талаар дурдаж, гэрээнээс татгалзсан учир нэмэлт үүргийг хариуцагч хүлээх үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

5.3 А.******* (түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******) нь хохирол 107,935,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлийг өөрт учирсан бодит хохирол, зардлыг өнөөдрийн 2 өрөө байрны зах зээлийн ханштай дүйцүүлж, орон сууц худалдах зарын дагуу нэг м.кв талбайг тооцоолсон гэж тайлбарлаж, хариуцагч бодит хохирол учирсан талаар баримтаар нотлоогүй тул татгалзана гэжээ.

 

6. Нэхэмжлэгч А.******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр "******* " ХХК-тай "Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан  тоот хаягт байрлалтай, 34.71 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээний төлбөрт 52,065,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь хэрэгт авагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ, дансны хуулга, талуудын тайлбараар нотлогдсон./хх-ийн 3-6-р тал/

 

Дээрх үйл баримтад зохигч маргаангүй.

 

7. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч гэрээгээр хүлээсэн орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь алданги шаардах үндэслэлийг шүүх хуралдаанд ...мөнгөө хариуцагчид шилжүүлж ашиглуулж хохирсон... агуулгаар тайлбарласан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй заалтад үндэслэн энэ хэсгийн шаардлагыг шүүх хангав. Хариуцагч заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зөрчсөнд зохигч маргаагүй.

 

8. Харин бодит хохирол зардалд өнөөдрийн 2 өрөө орон сууцны зах зээлийн ханштай дүйцүүлж 107,935,000 төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул энэ хэсэгт гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй гэж үзнэ.

 

9. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ******* ******* ХХК-иас гэрээний үүрэгт шилжүүлсэн 52,065,000 төгрөг, хохиролд 38,008,576 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 107,935,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 506,783 төгрөг +614,309 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 583,318 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас гэрээний үүрэгт шилжүүлсэн 52,065,000 төгрөг, хохиролд 38,008,576 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 107,935,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 506,783 төгрөг, 614,309 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 583,318 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА