Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч:Д.Цогжавхлан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1814001450110 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, ******* овогт *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” бааранд иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 03 дугаар сарын 15 ны өдрийн 23 цагийн үед Номгон 1 дүгээр багт байрлах "Оргил" бааранд сууж байтал манай найз ******* намайг дуудсан очиход хоёр залуу томроод байна гээд хэлэхээр нь би очоод *******ын зүүн гараараа цохисон чинь уруулнаас нь цус гараад байсан. Би нэг удаа зүүн гараараа уруул хавьцаа нь цохисон ...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... Би ******* найзтайгаа 2018 оны 03 дугаар сарын15-ны өдөр Оргил бааранд орсон. Тэгээд бааранд ******* бүжиглэж байгаад нэг танихгүй залуутай маргаад бүжиглэж байхад мөргөөд байна гэсэн. Тэгээд би *******г аваад гарахад нөгөө залуу нь араас дагаж гарч ирээд хэрүүл хийгээд байхаар нь би *******г аваад цааш алхтал ирсэн ба *******т нь ******* руу очоод цохиод унагаасан. Тэгээд тэр залуу *******тойгоо нийлж *******г зодсон. *******т нь миний доод уруул орчимд 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгтэл миний уруулаас цус гараад хүмүүс салгасан. Миний доод уруул сэтэрч оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/

Гэрч *******ы мөрдөн бацаалтад өгсөн

... найз *******той хамт Оргил бааранд орж пиво уусан. Би Стой уулзахаас өмнө 1 шил архи уусан байсан. Тэгээд бааранд бүжиглэж байтал хүрэн куртиктэй залуу намайг мөрлөөд байхаар нь ширээн дээр очиж суучихаад дахиад босож бүжиглэхэд нөгөө залуу дахиад мөрлөөд байсан. ******* бид 2 явах гээд цааш алхтал нөгөө залуу дахин араас нэг нөхөртэй гарч ирсэн залуу нь миний шанаанд цохисон. Би газар унаад малгайгаа аваад босоод ирэхээр нөгөө намайг цохидог залуу дахин намайг цохиж унагаасан. ******* тонгойгоод суучихсан уруул сэтэлчихлээ гээд нулимаад сууж байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /

Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн

... “Оргил” бааранд ганцаараа ороход хэсэг залуучууд маргалдаад байгаа байдалтай, тэднийг хүмүүс салгаад байх шиг байсан. Гэхдээ яг заамдалцсан зууралдсан зодолдсон залуучууд байгаагүй.Тэдний дэргэдүүр намайг өнгөрөхөд үл таних 26 -27 орчим насны 176 см орчим өндөртэй, цагаан саарал өнгийн цамцтай туранхай залуу намайг мөрлөөд зөрсөн. Тэр гарч яваа бололтой байсан бөгөөд бааранд суух ширээ байгаагүй болохоор нь би баарнаас гарахад бааранд намайг мөрлөсөн залуу баарны үүдэнд өөр нэг залуугийн хамт зогсож байсан. Намайг гараад очиход нөгөө залуу гараад уулзая гэж хэлсэн. Тэр үед ******* надаас юу болсон гэхээр нь би түрүүн энэ залуу намайг гараад ир, уулзая гээд байсан гэж хэлсэн. ******* түүн рүү очоод намайг өмөөрөөд тэр 2 маргалдсан, бие биенээ түлхэлцэж байснаа ******* тэр залуугийн эрүүн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон. Би *******г арагш нь татсан, цохисны дараа нүүрээ дараад байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 03 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаартай шинжээчийн

1. *******ын биед доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 31-33/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01/, эд

хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-11/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.04.16-ны өдрийн15 тоот тодорхойлолт / хх-ийн 44/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45/, шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 46/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.          

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил”бааранд иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч *******гийн ...би очоод *******ыг зүүн гараараа цохисон чинь уруулнаас нь цус гараад байсан,... нэг удаа зүүн гараараа уруул хавьцаа нь цохисон өөр цохисон ...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

хохирогч *******ын ...*******т нь миний доод уруул орчимд 1 удаа гараа зангидаж байгаад цохисон, уруулаас цус гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/

гэрч *******ы.. ******* тонгойгоод суучихсан уруул сэтэлчихлээ гээд нулимаад сууж байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /

гэрч Г.*******ын... ******* тэр 2 маргалдсан, бие биенээ түлхэлцэж байснаа ******* тэр залуугийн эрүүн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон… гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 03 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаартай “...*******ын биед доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 31-33/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******д шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтэс ажилладаг, сард 500000 төгрөгийн цалин авдаг, хувьд ногдох хөрөнгө буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэр буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******гоос нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор *******гийн эзэмшлийн “...Samsung s-5 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож , уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “...Samsung s-5 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА