Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00786

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00786

 

 

П.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24ий өдрийн 182/ШШ2022/00504 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Т ХХК-ийн хариуцагч Д.Бид холбогдуулан гаргасан даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохиролд 4,028,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчГ.У, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Д.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээлийн болон барьцааны гэрээгээр 7,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэйгээр Улаанбаатар хотын банк ХХК-аас зээлж авсан байдаг. Тэрээр зээл авах үедээ Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазын тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн мөнгө хураагчаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1472 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхгүй үүргийн зөрчил үүссэн. Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь манай даатгалын компанитай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч Д.Б нь ажлаас чөлөөлөгдөж зээлийн хугацаа хэтрэлт 90 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү Улаанбаатар хотын банк ХХК-ийн нөхөн төлбөр хүссэн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б-ё/2591 дүгээр албан тоотыг хүлээн авч компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3011602296 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөр 4,028,387 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-д төлсөн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д ... талууд гэрээгээр шаардах эрхээ тохиролцсон бол шаардах эрх шилжинэ гэж заасны дагуу Улаанбаатар хотын банк ХХК-тай байгуулсан цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээгээр нөхөн төлбөр олгосон тохиолдолд төлбөрийн хэмжээгээр банкны зээл эргэн шаардах эрх даатгалын компанид шилжинэ гэж заасан. Энэ заалтын дагуу даатгалын нөхөн төлбөрт олгосон 4,028,387 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2015 оны 10 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотын банкнаас зээлийн эдийн засагч ирж зээлийг чинь хаасан гэж гарын үсэг зуруулсан. Бүхэл бүтэн 4 жилийн дараа мөнгө төл гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний хувьд зээлийг хаасан мөртлөө одоо нэхэж байгааг маш их гайхаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг ажиллаж байх хугацаанд П.Т ХХК-тай даатгалтай гэсэн мэдээллийг Улаанбаатар хотын банк ХХК хэлээгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Боос даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол 4,028,387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Т ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос улсын тэмдэгтийн хураамжид 79,410 төгрөг гаргуулж П.Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Надаас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг нэхэж байгаа бөгөөд сүүлийн төлөлт 2015 оны 08 дугаар сард хийснээс хойш 3 жил өнгөрөөд 4 жил гаруйн дараа нэхсэн байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулах үед П.Т ХХК-тай гэрээ байгуулсан талаар мэдэгдээгүй болно. Тэтгэвэрт гарахад улсаас олгодог нөхөн олговрыг аваад зээл хаасан гэж бодоод би нөхөн олговроо хөөцөлдөөгүй орхисон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч байгууллага нь Улаанбаатар хотын банк ХХК-д зээлийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөр шилжүүлсний хохиролд 4,028,387 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж шүүхэд хандсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэнээр хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлдэг ба нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын банк ХХК-аас эрсдэл үүслээ гэх албан бичиг ирүүлсний дагуу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нөхөн төлбөрийг банкинд шилжүүлсэн. Энэ өдрөөс эхлэн Улаанбаатар хотын банк ХХК-ийн хариуцагчаас зээлийн төлбөр шаардах эрх хуулийн дагуу нэхэмжлэгчид шилжсэн тул энэ үеэс гэрээний үүрэгтэй холбоотой 3 жилийн хугацаа тоологдож хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байна. Хариуцагчийн өмгөөлөгч нь цалингийн зээлийн эрсдэлийн гэрээг П.Т ХХК-ийг хариуцагч Д.Бтой хийсэн мэтээр тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар цалингийн зээлийн эрсдэлийн гэрээ 2017 онд П.Т ХХК болон Улаанбаатар хотын банк ХХК-ийн хооронд байгуулагдсан ба энэ гэрээний зорилго нь Улаанбаатар хотын банк ХХК-ийн зээлдэгч нарт олгосон зээлд эрсдэл үүсэж 90 хоногоос дээш хугацаанд зээлдэгч зээлээ төлөхгүй тохиолдолд даатгалын нөхөн төлбөр төлсний дагуу тухайн зээлийн дүнгээр төлбөр авах эрхтэй байхаар харилцан тохиролцсон. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь даатгалын хураамж төлсөн баримт байдаггүй, Улаанбаатар хотын банк ХХК-ийн даатгалын хураамж төлсөн эсэхтэй хариуцагч маргадаггүй. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 болон цалингийн зээлийн даатгалын эрсдэлийн гэрээний 11-д заасны дагуу манай компанид нөхөн төлбөр шилжүүлсний хохирол нэхэмжлэх эрх үүссэн. Иймд хариуцагчаас нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч П.Т ХХК хариуцагч Д.Бид холбогдуулан төлбөрт 4,028,387 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч Д.Б болон Улаанбаатар хотын банк ХХК-ийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь 7,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 19.20 хувийн хүүтэй зээлсэн, нэхэмжлэгч П.Т ХХК болон Улаанбаатар хотын банк ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгалын нийт үнэлгээг үндсэн зээлийн дүнгээр тооцож, Улаанбаатар хотын банк ХХК нь даатгалын хураамж төлөх, нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгох үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон, нэхэмжлэгч даатгалын хураамж 70,000 төгрөг төлсөн байна.

4. Хариуцагч Д.Б нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн нь зохигчдын тайлбар болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ъ1/472 дугаар тушаалаар тогтоогдож, даатгалын гэрээний 5.1.5-д ажил олгогчийн дэд даатгуулагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу цуцлагдсаныг даатгалын эрсдэлд тооцохоор тохиролцсон байх тул Улаанбаатар хотын банк ХХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөр шаардсан, нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрт 4,028,387 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын банк ХХК-д олгосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх 6/

5. Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 11.5-д дэд даатгуулагчид 5.1.3-5.1.7-д заасан эрсдэл учирч даатгагч даатгуулагчид нөхөн төлбөр олгосон тохиолдолд дэд даатгуулагч нь даатгагчаас банкинд төлсөн зээлийн үлдэгдэл, 3 сарын зээлийн хүүгийн төлбөрийг даатгагчийн данс руу шилжүүлэх үүрэгтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр 4,028,387 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.

 

6. Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзсан үндэслэлээ тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын банк ХХК-д даатгалын нөхөн төлбөр олгосон 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүснэ. /хх-ийн 6/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр дуусах ба нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24ий өдрийн 182/ШШ2022/00504 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2022/04107 дугаар захирамжаар чөлөөлснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.БЯМБАСҮРЭН