Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00776

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00776

 

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/00318 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Бын хариуцагч ЭЭ.Т.Т ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар тогтоолоор байгуулагдсан ЭЭ.Т.Т ХК-ийн охин компани болох ЭЭ.Т.Т майнинг ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Зүүн цанхи салбарын уурхайн олборлолтын хэлтсийн уурхайн геологичоор ажилд орон ажиллаж байтал Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 146 тоот тогтоолоор өмнөх 296 тоот тогтоолыг хүчингүй болгосон тул охин компанийн ажилтнуудыг толгой компани руу шилжүүлэн ажиллуулах болсон. Ийнхүү шилжүүлэн ажиллуулахдаа салбарын захиргаа удирдлагын хэлтсийн бүтээн байгуулалт, аж ахуйн албанд аж ахуйн ажилтнаар ажиллуулахаар 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулж эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн орон тоонд жинхлэн ажиллуулж хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн над руу уурхайн хүний нөөцийн ажилтнууд утасдаж ЭЭ.Т.Т ХК-ийн төв оффисын хүний нөөцийн ажилтан руу очиж мэдэгдэлтэй танилцаарай гэсний дагуу 2020 оны 07 дугаар сарын сүүлээр очиж мэдэгдэлтэй танилцахад компанийн ТУЗ-ийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 тоот тогтоолоор компанийн бүтцээс ажилтны тоог цөөрүүлж, тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах болсныг мэдэгдэж байна гэсэн утгатай мэдэгдэл байсан. Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/1149 дүгээр тушаалд дурдснаар орон тоог хасагдсан гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Өмнө байсан салбарын захиргаа удирдлагын хэлтсийн бүтээн байгуулалт, аж ахуйн албанд аж ахуйн ажилтны орон тоог хэвээр хадгалж шинэ газарт шилжүүлэх боломж байсаар байтал бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан хэмээн халсан нь үндэслэлгүй, гүйцэтгэх захирал байгууллагын бүтэц батлахгүй, ТУЗ-өөс олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг салбарын захиргаа удирдлагын хэлтсийн бүтээн байгуулалт, аж ахуйн албанд аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны аж ахуйн ажилтан гэх албан тушаалыг хасаж шийдвэрлэсэн учраас ажил олгогчоос хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Иймд байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу ажлын байр бүхэлдээ хасагдсан, мэдэгдлийг хуульд заасан хугацаанд өгч ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар ЭЭ.Т.Т ХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай С.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4а. Анхан шатны шүүх хариуцагч ЭЭ.Т.Т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан салбарын зохион байгуулалтын бүтцийг хууль ёсны эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүх гүйцэтгэх захирлыг эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргасан хэмээн үзэж салбарын зохион байгуулалтын бүтэц баталсан асуудал дээр нарийвчлан үнэлэлт дүгнэлт өгсөнгүй, тухайн маргаан бүхий асуудлыг булзайруулан бүрхэгдүүлэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

4б. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан 5 үндэслэлийн аль нэг шалтгаанаар хуулийн этгээд татан буугддаг онцлогтой гэж дүгнэж тухайн маргаанд хэт өрөөсгөл хандаж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4в. Тухайн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой орон тоо, ажлын байрыг цөөрүүлэх гол үндэслэл нь ЭЭ.Т.Т ХК-ийн төв оффисын ажилчид руу чиглэсэн байсныг анхан шатны шүүх анхаарч үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс бодитой үнэлж дүгнэлгүй зөвхөн хариуцагч талын байр суурийг хамгаалах байдлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.Б ЭЭ.Т.Т ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

 

4. Нэхэмжлэгч С.Быг ЭЭ.Т.Т ХК-д салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны аж ахуйн ажилтнаар ажиллаж байхад нь гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/1149 дүгээр тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, ЭЭ.Т.Т ХК-ийн дүрмийн 9.5.3, 9.5.6 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч С.Б ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 45 хоногийн өмнө мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг зөрчсөн, өмнө байсан салбарын захиргаа удирдлагын хэлтсийн бүтээн байгуулалт, аж ахуйн албанд аж ахуйн ажилтны орон тоог хэвээр хадгалж шинэ газарт шилжүүлэх боломж байсаар байтал бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан хэмээн халсан нь үндэслэлгүй, гүйцэтгэх захирал байгууллагын бүтэц батлахгүй, ТУЗ-өөс олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэж байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу ажлын байр бүхэлдээ хасагдсан, мэдэгдлийг хуульд заасан хугацаанд өгч ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэж маргажээ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан бөгөөд орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон байхыг ойлгоно.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар ЭЭ.Т.Т ХК-ийн дүрмийн 8.6.3-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөл компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ эрхийн хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор ЭЭ.Т.Т ХК-ийн нийт орон тооны хязгаарыг 946, төв оффисын орон тооны хязгаарыг 200 байхаар тогтоожээ. Тэрээр зохион байгуулалтын бүтцийг дээрх орон тооны хязгаарт багтаан компанийн ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг баталж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон байна. Гүйцэтгэх захирал нь уг тогтоолыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар бүтээн байгуулалт, аж ахуйн албаны аж ахуйн ажилтны 15 орон тоог хассан байх тул ажлын байр, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн гүйцэтгэх захирлын дээрх тушаалаар бүтээн байгуулалт, аж ахуйн албаны нийт 44 орон тооноос 19 орон тоог хассан ба уг алба татан буугдаагүй байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хэлэлцээ хийх үүрэггүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр шүүх гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан салбарын зохион байгуулалтын бүтцийг хууль ёсны эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй, ... тухайн маргаанд хэт өрөөсгөл хандаж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн,... орон тоо, ажлын байрыг цөөрүүлэх гол үндэслэл нь ЭЭ.Т.Т ХК-ийн төв оффисын ажилчид руу чиглэсэн байсныг анхаарч үнэлэлт дүгнэлт өгөөгүй талаархи нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/00318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч С.Бын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.БЯМБАСҮРЭН