| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0148/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/169 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Хохирогч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1714000430012 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 12-2Б тоот хашаанд байсан Х.Хийн эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн 56-13 БНЗ улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би улсын яллагчийн яллаж байгаа хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би энэ хэргийг хийгээгүй. Хөдөө явах гээд Төмөрбат ахыг мотоциклио өгчих гээд Банди бид хоёр очиход миний мотоцикль муу, би та хоёрт өөр мотоцикль олоод өгье гэсэн. Төмөрбат ах намайг айлд хүргээд өг гээд би мотоциклиор нь хүргэж өгчихөөд эргэж ирсэн. Ирээд удаа ч үгүй байтал Төмөрбат ах цэнхэр мотоцикль унаж ирээд та хоёр энийг унаад яв гэсэн гэв.
Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Тухайн үед би аймагт жолоонд сууж байсан юм. Орой найзындаа очиж хашаанд нь мотоциклио оруулж тавьчихаад цагийн дараа гараад ирэхэд миний мотоцикль байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдээд 1 сарын дараа миний мотоциклийг олсон талаар надад хэлсэн. Одоо 1000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 21 үед би өөрийн цэнхэр өнгийн мустанг-5 маркийн 56-13 БНЗ улсын дугаартай мотоцикльтой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 12-Б2 тоотод байх ******* гэх айлд ирээд хашаан дотор мотоцикль оруулаад хашааны хаалгыг нь онгорхой орхиод гэрлүү явж ороод 1 цагийн дараа би гарч ирэхэд миний унаж ирсэн мотоцикль алга болсон байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн юм...Би өөрийн алдсан гэх мотоциклийг 2016 оны 12 сард шинээр нь 1700000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний мотоцикль алдагдах үедээ шинэ мотоцикль байсан бөгөөд одоо хуучирсан тул 500 000 төгрөгөөр үнэлмээр байна, 1000000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 103-104 /
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн
...2017 оны 07 дугаар сарын сүүлээр 08 дугаар сард байх орой 16 цагийн үед ******* бид хоёр ганц шил архи аваад ******* /******* / ахынд очиход эхнэртэйгээ, ******* гээд залуу тэднийд архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар хамт архи ууцгаасан бөгөөд орой 20-21 үед байх ******* чи намайг ******* /******* / ахын мотоциклиор хүргээд өг гэхээр нь би архи уучихсан явж чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл ******* /******* / ах түүнийг хүргэж өгөхөөр мотоцикльтой яваад удаагүй дөхүүлж өөд ирлээ гээд ганцаараа ирсэн. Тэгээд ******* /*******/ ах эхнэртэйгээ амбаартаа хонож, ******* бид хоёр гэрт нь хоносон. Өглөө босод ******* ирчихсэн миний хажуу талаар тэрлэгээ нөмөрчихсөн унтаж байсан бөгөөд тэдний хашаанд Цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль ирсэн байсан. Тэгээд би *******гаас энэ хэний мотоцикль гэж асуухад манай найзын мотоцикль байгаа юм гэж байсан. Тэгээд ******* бид хоёр хоол идчихээд шууд Баянцагаан сумруу явсан замдаа Жинст сумын нутагт манайд нэг хоночихоод маргааш нь Баянцагаан суман дээр очоод орой нь цагдаад баригдсан. Тэгээд би Цагдаад баригдахдаа *******гаас энэ мотоцикль чинь хулгайн мотоцикль байсан юм уу гэхэд хулгайлсан гэдгээ хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 108-110 /
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...*******, нар нь Баянцагаан сумаас баригдаад Цагдаагийн газарт ирсэн байсан бөгөөд тэр хоёр нь хүний дээлнүүд өмсчихсөн байхаар нь хэний дээл юм гэхэд тэр хоёр ******* /*******/ гэх хүний дээл гэж хэлсэн. Тэгээд *******гийн ээж бид хоёр уг дээлнүүдийг нь тэр хүнийд нь аваачиж өгсөн. Тэгтэл эхнэр нь гээд эмэгтэй гарч ирсэн бөгөөд түүнд бид хоёр- *******, нар хүний алдсан мотоцикль унаж яваад Баянцагаан суманд баригдаад аймгийн Цагдаагийн газарт ирчихсэн байна гэхэд тэр талаар мэдэхгүй *******, нар нь манайд хоночихоод ******* нь манай найзын мотоцикль гээд нэг мотоцикль унаад Баянцагаан сумруу явлаа гээд явсан гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 105-107/,
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Б. Н, нар нь манайд явган ирсэн. Манай нөхөр *******ад тэр хоёр 1 шил архи авчирч өгсөн. Орой 17-18 цагийн үед ******* нь хамт ирсэн гэх залууг ******* ахын мотоциклиор намайг хүргээд өг гэхэд би архи уучихсан явахгүй гэсэн. ******* нь манай нөхөр *******ыг хүргээд өг гээд гуйгаад байсан болохоор манай нөхөр мотоциклиор хүргэж өгөхөөр гарсан бөгөөд удаагүй буцаад ирсэн,....Маргааш өглөө нь босоод ******* буцаад ирсэн байсан, шөнө ирсэн гэж байсан. Тэгээд би тэд нарт хоол цай хийж өгөөд байж байтал гадаа манай нөхөр *******д буцааж аваачиж өг пизда чинь гэхээр нь юу болоод байгааг асуухад манай нөхөр зүгээр гээд өнгөрсөн. Тэгээд *******, хоёр нөгөө цэнхэр өнгийн мотоциклиор явсан бөгөөд явсаных нь дараа манай нөхөр ******* саяны мотоциклийг хулгайлчихсан гэж байсан…гэх мэдүүлэг/хх-ийн 47-49 /
Гэрч О.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
...би хөдөөнөөс ирээд ******* ахынд 1 шил архи авч очоод уугаад сууж байтал Б. Н, нар явган ирээд хамт архи уусан орой ******* нь ******* ахад ахындаа очиж хонох гэсэн юм, та мотоциклиороо дөхүүлээд өгөөч гээд гуйгаад ******* ах түүнийг хүргэж өгөхөөр мотоцикльтой яваад ирсэн. Тэгээд байж байгаад бид хоёр гэрт нь унтаад, ******* ах эхнэр хүүхдүүдийг хамт хойд талын байшиндаа унтсан. Тэгээд өглөө нь босоход ******* ирчихсэн унтаж байсан. би түүнийг ирсэнийг нь мэдээгүй, би шууд гараад явсан. Тэгээд өдөр нь би буцаад Б.Төмөрбат ахынд ирсэн чинь *******, нар байхгүй байсан бөгөөд *******, хоёр ******* гэдэг гайтай юм, мотоцикль аваад ирсэн байна гэж ярьж байсан. ******* ах тухайн үед хар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой байсан. Тэр мотоциклиороо *******г хүргэж өгөхөөр явсан. Намайг байхад өөрөөр гадагшаа гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 /,
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн
… орой 17-18 цагийн үед би хүүхдийндээ орж архи уучихаад буцаад гэрлүүгээ явсан бөгөөд өөрийнхөө гудамжаар ороод явж байтал ******* нь мотоцикльтой ганцаараа ирж миний хажууд зогсоод суучих би хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд тэрээр өөрийнхөө хашааны үүдэнд зогсоод та манайд орохгүй юу гэхээр нь би тэднийд ороход эхнэр, 2-3 банди нар байсан санагдаж байна, 1 шил архи гаргаж ирсэн бөгөөд түүнийг нь ******* би болон наана байсан банди бид нар хувааж уусан. Тэгээд бид тэднийхээс гараад гэртээ орж амарсан. Намайг тэднийхээс гарахад бүрэнхий болж байсан санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 /,
*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн
... *******, хоёр манайд байж байгаад ******* нь орой 19-20 цагийн үед та намайг ахынд дөхүүлээд өгөөч гэж гуйхаар нь би өөрийнхөө Мустанг- 5 маркийн мотоциклиор Нг сундлаад дугуй засвартай гудамж руу оруулаад ах нь архи уучихсан, чи эндээс алхчих гэж үлдээгээд буцаад гэрлүүгээ явж байтал манай хажуу талын айлын гэх хөгшин таарахаар нь түүнийг сундлаад хамт гэртээ ирсэн. , *******, бид нар 1 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд шөнө эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт хойд талын амбаартаа унтаж, манай гэрт , ******* нар хоносон. гэрлүүгээ орсон. Тэгээд би өглөө босоход манай гэрийн үүдний баруун талд Цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байж байсан бөгөөд ******* ирчихсэн унтаж байсан,…******* миний мотоцикль байгаа гэж хэлсэн. Тэгээд 09-10 цагийн үед *******, нар Жинст сум руу гэрлүүгээ нөгөө Цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклиор явсан. Намайг түүнд мотоциклийг буцааж аваачиж тавих талаар хэлэхэд манай эхнэр Бадамсүрэн хажууд байж байсан. Тэгээд тэр өдрөөс 10-аад хоногийн дараа би Булган аймгийн Энхтолгой гэх газар будааны талбай манаачаар ажиллаж байгаад ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 /
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 07 дугаар сарын 26-эы өдрийн “ ... эд зүйлсийг 1500000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 58-59/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-3/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 21-24/, мотоцикльт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-28/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 30-34/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа/ хх-ийн 127, 133/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 137-145/, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 146-153/, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 154-163/, шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 135/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 12-2Б тоот хашаанд байсан Х.Хийн эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн 56-13 БНЗ улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хохирогч *******ийн... хашаан дотор мотоцикль оруулаад хашааны хаалгыг нь онгорхой орхиод гэрлүү явж ороод 1 цагийн дараа би гарч ирэхэд миний мотоцикль алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 103-104 /
гэрч ******* ... ******* ирчихсэн миний хажуу талаар тэрлэгээ нөмөрчихсөн унтаж байсан, хашаанд цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 108-110 /,
гэрч гийн ...******* буцаад ирсэн байсан,...шөнө ирсэн гэж байсан,... гадаа манай нөхөр *******д, хоёр нөгөө цэнхэр өнгийн мотоциклиор явсан бөгөөд явсаных нь дараа ******* саяны мотоциклийг хулгайлчихсан гэж байсан…гэх мэдүүлэг/хх-ийн 47-49 /
гэрч О.*******ын ... ******* ирчихсэн унтаж байсан, би түүнийг ирснийг нь мэдээгүй, би шууд гараад явсан,….Н гэдэг гайтай юм, мотоцикль аваад ирсэн байна гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 /,
яллагдагч *******ын… манай гэрийн үүдний баруун талд цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байж байсан бөгөөд ******* ирчихсэн унтаж байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 /, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-ийн 58-60/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүхээс *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1500000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******д үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч нь хохирогч *******эд мотоциклийг нь биет байдлаар буцаан өгч хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан ба түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1000000 төгрөг нэхэмжилсэн талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул цаашид нэхэмжлэх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдав.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөн хууль ёсны гэх аливаа эрхүүд бүртгэгдээгүй, түүнчлэн шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь урьд 3 удаагийн ял шийтгэгдэж байсан ба хамгийн сүүлд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.
Гэтэл шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн учир 26 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 201/ШЦТ/ 30 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг гурван жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон бүтүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч *******ийн нэхэмжилсэн 1000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Хохиргч ******* нь цаашид нэхэмжлэх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА