Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 326

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй,

Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:     Г.Банзрагч

                     М.Батсуурь

                    Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0230 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 368 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0230 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 8 дугаар зүйлийн 8.7, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 47 дугаар зүйлийн 47.1.4, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.1.5-д заасныг тус тус баримтлан Б.Н-ын нэхэмжлэлтэй Гаалийн Ерөнхий газрын даргад холбогдох Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 368 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 128/ШШ2020/0230 тоот шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 368 дугаар магадлалыг эс зөвшөөрч, ЗХШХШТХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2.1.шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Шүүхээс нэхэмжлэлийг хянаад “Гаалийн Ерөнхий Газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466-р тушаалаар ...Б.Н-ыг Гаалийн албанд хууль бус боловсролын бичиг баримттай ажиллаж байсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхэд гаргасан өмгөөлөгчийн болон Б.Н нарын гомдлын агуулгад дараах үндэслэлүүдийг нэмэлт болгож гомдол гаргаж байна. Үүнд:

5. Шүүхээс Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Дээд боловсрол зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна, 8-р зүйлийн 8.7-д “...дипломын сургалт 90 багц, бакалаврын сургалт 120-оос доошгүй байна” гэж заасан заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.

6. Б.Н нь ТЕГ-ийн Дээд сургуульд нийт 120 (үүнээс 110 үзэж судалсан хичээл, 10 цаг нь үйлдвэрлэлийн дадлага байдаг) багц цагийн хичээлийг нэг бүрчлэн үзэж дүгнүүлсэн болох нь Диплом, түүний хавсралтад бичигдсэн кредит цаг буюу багц цагийн үнэлгээгээр бүрэн тогтоогдсон байгаа. Энэ нь Б.Н дээд боловсролтой болохыг бүрэн нотолсон баримт юм.

7. Б.Н-ын 1994 онд ХААДС-ийн 1-р курст элсэн суралцаж шалгалт өгсөн тухай дүнгийн баримт 2020 оны 5 дугаар сард анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа олдсон. ХААДС-ийн архивд нэг өрөөгөөр дүүрэн баримт байна, энэ баримтаас хайж өгөхгүй байна, архивд надтай цуг сургуульд элссэн хүмүүсийн нэрээр хайлгасан ч ХААДС-д 1994 онд элссэн хүмүүсийн тушаал олдохгүй байна гэдгийг анхан шатны шүүх хурал дээр Б.Н өөрөө мэдүүлсэн байгаа. Б.Н-тай хамт сурч байсан нэг хүн нь 1998 онд ХААДС-ийг төгсөж, нэг нь 1996 онд МУИС-руу шилжсэн байдаг. Гэхдээ эдгээр бүх хүмүүсийн сургуульд шилжсэн тушаал гараагүй ба архив зөвхөн тухайн хүнд хамааралтай хэсгээр нь лавлагаа өгдөг байна.

8. Үндэсний Төв архиваас Б.Н 1988 онд МУИС-ийн ОХУ-д суралцах бэлтгэл курсэд нэг жил сурсан тушаал ч олдсон. Төв архивын хэлтсийн дарга нь “Б.Н-ын талаар баримт хийж өгөхгүй, МХЕГ-аас болон шүүхээс ирсэн албан бичгийн дагуу 1995, 1996 оны баримт бичигт үзлэг хийгээд хариу явуулсан” гэж маргалдаж, эцэст нь 1988 онд МУИС-д сурсан тухай баримт болон ХААДС-ийн холбогдох баримт байхгүй талаар тодорхойлолт өгсөн болно.

9. Иймд нотлох баримт цуглуулах ажиллагааг шүүхээс бүрэн гүйцэд хийгээгүй үзэж байна.

10. Эдгээр баримтууд нь Б.Н Дээд боловсрол эзэмшихийн тулд байнга суралцаж, сурсан мэдсэнээ дүгнүүлэн, шаардлагатай багц цагийн хичээлийг хангалттай үзэж байсныг нотлох юм.

11. Шинээр олдсон нотлох баримтын дагуу хуульд заасан 30 хоногт багтаан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй. Энэ баримтуудыг Хяналтын шатны шүүх хурал дээр танилцуулна.

12. Б.Н өөрийн суралцаж төгссөн Удирдлагын академи, ТЕГ-ын Дээд сургуулиудад зохих журмын дагуу элсэн суралцаж төгссөн болохыг нь МХЕГ-ын ирүүлсэн холбогдох баримт бичгээр нотлогдсон. ТЕГ-ын Дээд сургуульд 10-р анги төгссөн хүн хүртэл эчнээ ангид орж суралцаад төгсдөг. Гэтэл өөрөөс нь үл шалтгаалах нөхцөлөөр МУИС-ийн дипломын нэр давхардсан үндэслэлээр түүнийг МУИС-д суралцаагүй гэж үзэж байгаа нь хууль бус юм.

13. Шүүхээс Б.Н-ын МУИС-ийг төгссөнийг нотолж байгаа дипломын дугаар нь түүний төгссөн үед хамаарах дугаартай нийцэж байгаа эсэх, түүнтэй нэр давхардсан гэх этгээд нь хуурамч диплом авсан байх боломжийн талаар, нотлох баримтыг шалгах талаар холбогдох ажиллагаа хийгээгүйд гомдолтой байна.

14. Нэхэмжлэгч Б.Н нь анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон хуралд өөрөө биечлэн оролцсон билээ. Гэтэл түүнд нөлөөллийн мэдүүлэг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Энэ зөрчил өнөөдрийг хүртэл арилаагүй байна.

15. Б.Н-ыг Монголын Үндэсний Их Сургуулийг суралцаж төгссөн гэх үндэслэл тогтоохгүй байна гэж үзсэн. Гэхдээ дараагийн дээд сургуулийг төгссөн баримт нь хуулийн дагуу байхад түүнийг үнэлж үзээгүйд гомдолтой байна. Б.Н МУИС-ийн эчнээ ангид хандиваар элсэн суралцсан бөгөөд сургуулиудын хооронд хэрхэн явж шалгалт өгсөн тухайгаа шүүхэд маш тодорхой ярьсан байгаа. Түүнд олгосон диплом хуурамч эсэх эсвэл дугаар давхардсан талаар ажиллагаа хийгээгүй.

16. Захиргааны хэргийн шүүхээс “Б.Н-д 1996 олгогдсон МУИС-ийн дипломын асуудлаар түүний гэм буруу байсан гэж үзэхэд 25 жилийн дараа арга хэмжээ авч ажлаас халагдсан асуудалд хөөн хэлэлцэх хугацаа болон Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зөрчсөн үйлдэл, зөрчил ажиллагаа байхгүй” байхад нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

17. Б.Н нь Гаалийн байгууллагад анх орох үедээ шалгагчаар орсон. Шалгагч нь Дээд боловсролтой байх талаар тусгайлсан шаардлага тавьж байгаагүй. Тэрээр холбогдох сургалтад хамрагдаж гаалийн байцаагч болсон. Одоо дээд боловсролтой нь батлагдсан байгаа.

18. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

19. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

20. Нэхэмжлэгч Б.Н-ыг “...Монгол Улсын Үндэсний Их сургуулийг эдийн засаг, ня-бо-бүртгэл мэргэжлээр №25283 дипломтой төгсөөгүй болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон МУИС-ийн албан тоотуудаар нотлогдож, Гаалийн албанд хууль бус боловсролын бичиг баримттай ажиллаж байсан нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалаар гаалийн албанаас халжээ.

21. Нэхэмжлэгч Б.Н нь 1995 онд Монгол Улсын Үндэсний Их сургуулийг “Эдийн засаг, нябо бүртгэл” мэргэжлээр №25283 дугаар бүхий дипломтой төгсөөгүй болох нь баримтаар тогтоогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

22. Тэрээр 1998 онд анх гаалийн байгууллагад шалгагчаар ажилд орж, 2000 онд гаалийн улсын байцаагчийн эрх олгох суурь сургалтын XXVI дамжааг төгсч гаалийн улсын байцаагчаар маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл ажиллаж байжээ.

23. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 1996 оны Гаалийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1-д “Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэнийг гаалийн улсын байцаагч гэнэ“ гэж заасан бөгөөд “дээд боловсролтой” байх шаардлагыг хуулиар тусгайлан шаардаагүй  байна.

24. Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна” гэж заасан байна.  

25. Нэхэмжлэгч Б.Н нь 2004-2006 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд “Эрх зүйч” мэргэжлээр суралцаж, “Хууль зүйн ухааны бакалавр” зэрэгтэйгээр төгсөхдөө сургалтын төлөвлөгөөний дагуу өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулахгүйгээр 120 багц цагийн хичээлийг судалж төгссөн, өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх дээр дурдсан хуулийн шаардлагыг хангасан байхад  “... Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд ... бакалаврын зэрэг авсан нь түүнийг Монгол Улсын Үндэсний Их сургуульд суралцаж төгссөний дагуу дахин мэргэшүүлж олгосон... нэхэмжлэгчийг дээд боловсролын үндсэн сургалтаар уг мэргэжлийг эзэмшсэн гэж үзэх боломжгүй” гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

26. Б.Н Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсөхдөө сургалтын 120 багц цагийн хичээлийг үзэж судалсан болох нь баримтаар нотлогдож байх тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага болох “дээд боловсролтой байх”, Гаалийн тухай /2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон/ хуулийн 273 дугаар зүйлийн 273.5-д “Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байвал зохино” гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзнэ.   

27. Түүнчлэн Б.Н 2006 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг хууль зүйн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн, 2015 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн магистрын зэрэг хамгаалсан, 2005 онд Мэргэшсэн нягтлан бодогчийн, 2012 онд хугацаагүй эрхтэй Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээг тус тус авсан болохыг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

28.Нэхэмжлэгч анх 1998 онд гаалийн байгууллагад шалгагчаар орж, улмаар гаалийн улсын байцаагчаар ажиллах хугацаанд хариуцагчаас зөрчил гэж үзсэн үйл баримт хожим арилсан нөхцөл байдал тогтоогдож байхад 25 жилийн өмнөх буюу 1995 онд олгогдсон №25283 дугаар бүхий дипломыг хууль бус боловсролын баримт бичиг гэж үзэн түүнийг гаалийн албанаас халж  эрх зүйн байдлыг дордуулсныг бодит нөхцөл байдалд тохироогүй захиргааны акт гэж үзэв.

29. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт  хамааралтай үйл баримтын ач холбогдлоор эрэмбэлж тал бүрээс нь бодитойгоор тогтоолгүйгээр зөвхөн нэг асуудалд төвлөрч дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй юм.

30. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0230 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 368 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Н-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасан журмын дагуу нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН