| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 102/2021/03840/И |
| Дугаар | 210/МА2022/00775 |
| Огноо | 2022-04-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2022/00775
| 2022 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2022/00775 |
Б.Ц-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00613 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Цгийн хариуцагч Ё.Д-д холбогдуулан гаргасан 7,558,492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ё.Д-тэй 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээний үүргээ нэхэмжлэгч тал биелүүлсэн. Харин хариуцагч гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Д.Саранчимэгтэй байгуулсан. Энэ гэрээнд Б.Ц дараа нь нэрээ оруулсан байсан. Б.Цд урьдчилгаа төлбөрт 600,000 төгрөг өгсөн боловч гэрээний дагуу ажлаа хийгээгүй алга болсон. Нэхэмжлэгч Б.Цд төлбөр төлөх үндэслэл байхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ёндонгийн Дэмбэрэлд холбогдох 7,558,492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Буянцогийн Цолмонгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цгийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж 135,886 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.а. Шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн нэхэмжлэлийг ганцхан өмгөөлөгч Б.Ц миний бие гаргасан мэтээр бичжээ. Энэ үндэслэлгүй бөгөөд анх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Д.Саранчимэг болон өмгөөлөгч Б.Ц миний бие нь хамтарч Ё.Д- гэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн зохигч оролцох гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримтлах ёстой байсан. Дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч ... хамтран оролцож болно гэж, 27.2 дахь хэсэгт Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно хэмээн тус тус хуульчилсан. Хуулийн энэ заалтаас харвал хэрэв тухайн хэрэг маргаанд хэд хэдэн нэхэмжлэгч оролцсон тохиолдолд эдгээр оролцогч нар нь хоорондоо харилцан тохиролцоод өөрөөр хэлбэл, хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болохоор зааж өгчээ. Гэтэл дээрх шийдвэрийг гаргасан шүүгч Т.Гандиймаа гэдэг хүн өөрийн дураар өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Ц надаас зөвшөөрөл авалгүйгээр нэхэмжлэгч Д.Саранчимэгийн нэхэмжлэлийг тусад нь салгаж аваад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хэрэв шүүгч Т.Гандиймаа нь дээрх хуулийн заалтыг баримталсан бол ийм байдал үүсэхгүй байсан. Харин өмгөөлөгч Б.Ц надаас буюу энэ хэргийн нэхэмжлэгч надаас зөвшөөрөл авалгүйгээр хэд хэдэн нэхэмжлэгч бүхий хэргийг өөрийн дураар салгаж шийдвэрлэсэн нь эргээд энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөв шударгаар шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн.
4.б. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2 дахь хэсгүүдийг дурдаад үүнийхээ дараа тухайн хуулийн зүйл заалтыг тайлбарлахдаа Өөрөөр хэлбэл, ажиллагч нь гэрээгээр тохирсон бүхий л үйлдлийг хийснээр түүнд тохирсон хөлсөө авах эрхтэй гэж ойлгоно хэмээн дүгнэжээ. Гэтэл дээрх хуульд Ажиллагч нь гэрээгээр тохирсон бүхий л үйлдлийг хийснээр түүнд тохирсон хөлсөө авах эрхтэй гэсэн үг өгүүлбэр огт байхгүй. Тэгэхээр шүүгч нь тухайн хуулийн заалтыг өөрийнхөөрөө тайлбарлаж нэхэмжлэгч Б.Ц миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд би гомдолтой байна. Шүүгч нь өөрийн гаргасан шийдвэрээ уншиж танилцуулсаны дараа өмгөөлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч надад хандаж Хүн ер нь өөрийн гүйцэтгэсэн ажил үүргийнхээ хэмжээнд тааруулж ажлын хөлс төлбөрөө авах эрхтэй гэж хэлсэнд нэхэмжлэгч миний бие нь маш их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүгч нь надад Өмгөөлөгч өө, та энэ хэрэг дээр юу ч хийгээгүй учраас би танд өмгөөллийн хөлс гэж нэг төгрөг ч гаргаж өгөхгүй гэсэн утга бүхий зүйлийг хэлсэн билээ. Үүнийг би эрс эсэргүүцэж байгаа бөгөөд өмгөөлөгчийн ажил гэдэг бол оюуны ажил гэдгийг шүүгч гэдэг хүн огт ойлгодоггүй болох нь түүний хэлсэн үгнээс тодорхой байна.
4.в. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Саранчимэгээс авсан гэрчийн мэдүүлэгт Эрүүгийн хэрэг дээр анх гаргасан гомдлоос эхлүүлээд Улсын ерөнхий прокурорт гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл Б.Ц өмгөөлөгч тухайн хэрэг дээр ажиллаж бүх гомдлыг надтай хамт бичилцэж байсан. Иргэний хэрэг дээр мөн адил хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгаад дуустал бид хоёр хамт явсан. Хэрэг дээр гаргасан гомдол хүсэлтийг бид хоёр хамт бичиж явсан. гэж бичсэн атлаа эргээд түүний өгсөн энэхүү гэрчийн мэдүүлгийг мэдээлэл хэмээн нэрлээд уг мэдээлэл нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй тул гээд зөвхөн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэснийг хууль бус дүгнэлт, үйлдэл гэж үзэж байна. Учир нь:
1-рт: Өмгөөлөгч Д.Саранчимэг нь тухайн шүүх хуралдаанд албан ёсоор гэрчээр оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэгэхээр энэ тохиолдолд хэрэв өмгөөлөгч Д.Саранчимэг нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн бол Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл хүлээх ёстой.
2-рт: Түүний зүгээс шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь дээрх хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн үнэн зөв тайлбар мэдүүлэг байсан учраас түүний хэлсэн үгийг тухайн хэргийн хариуцагч Ё.Д- нь огт эсэргүүцээгүй бөгөөд Өмгөөлөгч Д.Саранчимэг нь хуурамч мэдүүлгийг шүүхэд өгөөд байна гэсэн мэдүүлэг тайлбарыг шүүх хуралдаан дээр огт хэлээгүй.
4.г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд шүүхийн магадлал яаж гаргах ёстойг хуульчилсан ба 167.1.5-д энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хэмээн зааж өгсөн. Тэгвэл шүүгч нь дээр хэлсэнчлэн тухайн хэрэг маргаанд хоёр нэхэмжлэгч орсон байхад зөвхөн нэг нэхэмжлэгчээс буюу өмгөөлөгч Д.Саранчимэгээс Таны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ё.Д- хүлээн зөвшөөрч байна. Тиймээс танд үүнийг татгалзах шалтгаан байна уу? гэж асуугаад нэхэмжлэгч Б.Ц надаас зөвшөөрөл авалгүйгээр нэхэмжлэлийг хоёр хувааж шүүхийн шийдвэр гаргасан. Мөн шүүгч нь Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон өмгөөлөгч Д.Саранчимэг нь гэрчийн мэдүүлэг өгсөн боловч тэр нь хэргийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна хэмээн дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл гэж нэхэмжлэгч миний бие нь үзэж байна. Эцэст нь шүүгчид хандан нэхэмжлэгч миний бие нь дараах үгийг хэлмээр байна. Шүүгч ээ, та хэрэг маргааныг шийдвэрлээд шүүхийн шийдвэр юм уу шүүгчийн захирамж бичиж гаргаж байгаа нь шүүгчийн ажил гэж тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл, та шүүхийн шийдвэр юм уу шүүгчийн захирамж бичиж гаргаж байгаа нь шүүгчийн ажил биш бөгөөд таныг зөвхөн шүүх хуралдаанд шүүгчээр оролцсон тохиолдолд би таныг шүүгчийн ажлаа хийсэнд тооцно гэж хэлмээр санагдлаа. Ингэж хэлсэн тохиолдолд өмгөөлөгч Б.Ц надад маш их уурлаж, улмаар миний талаархи гомдлоо Монголын Хуульчдын холбоонд гаргах байхаа. Гэтэл шүүгч нь өмгөөлөгч Б.Ц надад Таны зүгээс өмгөөлөгч Д.Саранчимэгтэй хамтарч эрүү болон иргэний хэрэг дээр баахан хүсэлт гомдол гаргаж байсан чинь хамаагүй. Та хэрэв шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Саранчимэг шиг өөрийн биеэр оролцсон бол би таныг өмгөөлөгчийн ажлаа хийсэн гэж үзнэ гэсэн үгийг хэлснээс өөрцгүй шүүхийн шийдвэрийг гаргасан билээ гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Саранчимэг, Б.Ц нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ё.Д-ээс гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 13,720,484 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч Ё.Д- нь нэхэмжлэгч Д.Саранчимэгт 6,100,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хариуцагч Б.Цд холбогдох шаардлагыг эс зөвшөөрч, Б.Цд урьдчилгаа төлбөрт 600,000 төгрөг өгсөн боловч гэрээний дагуу ажлаа хийгээгүй алга болсон тул төлбөр төлөх үндэслэл байхгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/00380 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Саранчимэгийн нэхэмжлэлийн шаардлага 6,161,992 төгрөгийг хариуцагч Ё.Д- төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх-ийн 74/, шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2022/03323 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Саранчимэгээс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай нэхэмжлэгч Б.Цгийн хүсэлтийг хангаж /хх-ийн 103/, улмаар мөн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Саранчимэг нь гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн байна. /хх-ийн 98-102/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой байвал тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно. Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлаагүй атлаа нэхэмжлэгч Д.Саранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ё.Д- төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар тухайн хэргийн нэхэмжлэгчээс гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ. Иймд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
4. Хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авагдсан байх ба уг гэрээний 1-д нэг талаас өмгөөлөгч Д.Саранчимэг, нөгөө талаас Ё.Д- нар харилцан тохиролцож гэрээг байгуулсан гэж тусгасан атлаа гэрээнд өмгөөлөгч Д.Саранчимэг, үйлчлүүлэгч Ё.Д- нараас гадна өмгөөлөгч Б.Ц гарын үсэг зурсан, өмгөөллийн хөлсөнд хариуцагч нь нэхэмжлэгч Б.Цд 600,000 төгрөг төлсөн талаар зохигчид тайлбарласан байна. Мөн гэрээнд ажлын хөлсийг 15 хувиар тооцохоор тохирсон ба нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч тус бүр 7.5 хувь буюу 8,158,492 төгрөг, нийт 16,316,985 төгрөгөөс хариуцагчийн Д.Саранчимэгт урьдчилан төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж Д.Саранчимэг нь 6,158,492 төгрөгийг, Б.Цд урьдчилан төлсөн 600,000 төгрөгийг хасаж Б.Ц нь 7,558,492 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Хариуцагч нь гэрээгээр 15 хувийн хөлс төлөх үүрэг хүлээсэн байх ба ажлаа гүйцэтгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Цд хөлс төлөхөөс татгалзсан байна. Гэрээгээр нэхэмжлэгч тус бүр өөрт ногдох хэсгээр үүрэг гүйцэтгэх, эсхүл үүргийг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон эсэх нь тодорхойгүй байх ба зохигчид энэ талаар мэтгэлцээгүй байна.
5. Дээрх байдлыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2022/05945 дугаар захирамжаар чөлөөлснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.БЯМБАСҮРЭН