| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0125/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/128 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/128
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
улсын яллагч, хяналтын прокурор М.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч, хэлмэрч А.Е
өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С нарын өмгөөлөгч Т.К,
өсвөр насны шүүгдэгч А.Н,
шүүгдэгч бөгөөд хохирогч Х.Т, А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т, А.С, А.Н нарт холбогдох 1813002380149 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын харьяат, 1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү, эхнэрийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 15-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгүүлж байсан, У овгийн Х-ны Т, регистрийн дугаар БЮ**********.
2. Монгол Улсын харьяат, 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шиитгүүлж байгаагүй, Ж овгийн А-ны С, регистрийн дугаар ПБ***************.
3. Монгол Улсын харьяат, 2001 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овгийн А-ны Н, регистрийн дугаар БЮ***************.
Өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С, Х.Т нарын холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.Нт, шүүгдэгч А.С, Х.Т нар 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах “Ай-а” дэлгүүрт хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, А.С, А.Н нар бүлэглэн Х.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Т нь А.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С, Х.Т нар нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах “Ай-а” дэлгүүрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, А.С нь А.Н нар бүлэглэн Х.Тийг “Ай-а” дэлгүүрт “юу байна гичий минь” гэж хэлснийх нь төлөө түүний баруун талын хацрын тус газарт нэгж цохиход Х.Т түүний гарыг нь барьж аван заамдалцаж авсан ба А.С нь Х.Тээс холдож салах үед түүний нүүрэн тус газар нь дахиад нэг удаа цохиход Х.Т нь А.Сын аман тус газар гараараа нэг удаа цохиж А.Сын биед дээд эрүүний үүдэн 1 шүд дунд хэсгээр хугарсан хэгзэрсэн шархтай гэмтэл буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах санаатай учруулсан байна. Улмаар А.Сын дүү нь болох А.Н нь А.С, Х.Т нар харилцан зодолдож байхад дэлгүүрт орж ирээд Х.Тийн зүүн талын хацар, нүдний тус газарт нэг удаа гараараа цохиж, гэдэс рүү нь өшиглөж X.Тийн биед зүүн талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт гэмтэл буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл санаатай учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох:
- Хэргийн газарт үзлэг хийсэн “Дэлгүүр доторх хагарсан шилийг үзлэг хийхээс өмнө цэвэрлэсэн гэж хохирогч Д тайлбарлаж хэлж байх ба шилний хэлтэрхий байхгүй байв. Уг дэлгүүр дотор 3 ширхэг хяналтын камер байрлуулсан байх тул уг хяналтын камерийн бичлэгт үзлэг хийв. Дэлгүүрийн баруун дээд буланд байрлуулсан хяналтын камерийн бичлэгийг тоглуулахад 2018-07-14 20:53:18 гэх бичиг зүүн дээд буланд нь байх ба бичлэгийн үргэлжлүүлэн тоглуулахад Ай-а дэлгүүрийн дотор хэсэг газар харагдаж байх ба худалдагч болон лангууны эсрэг талд 3 хүн эрэгтэй хүн зогсож байх ба уг 3 хүний саарал өнгийн цамцтай нь X.Т, түүний наад талын цэнхэр алаг өнгийн цамцтай эрэгтэй нь А.С болох нь танигдаж байх ба бичлэгийн 20 цаг 53 минут 30 секундэд А.С нь Х.Ттэй мэндлээд түүний баруун талын хацарны тус газарт нэг удаа гараараа цохих үед Х.Т болон А.С нар нь харилцан заамдалцаж барилцаж аваад хэсэгтээ түлхэлцэж зууралдах ба хяналтын камерийн бичлэгийн 20 цаг 53 минут 47 секундэд А.С нь Х.Тийн цээжний тус газарт нь гараараа цохиход Х.Т нь А.Сын амны тус газарт гараараа цохих үед А.С нь хойшоо ухарч дэлгүүрийн лангууны хажууд очих бөгөөд тэр үеэр Х.Т нь А.С руу дайрахад А.С Х.Тийн гэдэс рүү өшиглөхөд Х.Т нь А.Сын ам руу гараараа цохиход А.С хойд талд байсан лангуунд хүрч лангуунд байсан зүйлүүд бутарч газарт унаж байгаа байдал харагдана. Бичлэгийг үргэлжлүүлэхэд 20 цаг 54 минут 02 секундэд Х.Т болон А.С нар барилцаж авч зогсож байгаад А.С нь Х.Тийн гэдэс рүү хоёр хөлөөрөө ээлжилж өвдөглөх үеэр дэлгүүр рүү орох хаалга онгойж хар өнгийн хувцастай эрэгтэй хүн, саарал өнгийн цамцтай эмэгтэй хүн орж ирж хар өнгийн хувцастай эрэгтэй хүн нь Х.Тийн зүүн талын нүүрний тус газарт нэг удаа 20 цаг 54 минут 07 секундэд хоёр удаа цохино. Түүний дараагаар дахин А.С нь Х.Тийн зүүн талын нүүрний тус газарт нэг удаа цохиход Х.Т нь толгойгоо дарж тонгойход хар өнгийн хувцастай эрэгтэй хүн түүний цээжин хэсэг рүү өшиглөж байгаа харагдана. Тухайн үеэр саарал өнгийн цамцтай эмэгтэй хүн ирж Х.Тийн хажууд зогсож байхад А.С дахин ирж Х.Тийн толгой руу нэг удаа цээж рүү нэг удаа гараараа цохиж байгаа байдал харагдана” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар хуудас/.
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутагт байрлах “Ай-а” дэлгүүр дотор 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр иргэн А.С болон Х.Т нар хоорондоо зодолдсон гэх хэрэгт хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлэн авсан “Ай-а” дэлгүүрийн дотор байрлуулсан хяналтын камерын бичлэгийг хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/
- Хохирогч А.Сын мэдүүлэг ".... Өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн үед гэрийн хажууд байдаг Ай-а дэлгүүрээс юм авахаар ортол Т гэдэг залуу зогсч байсан бөгөөд намайг харчихаад янхан минь юу байна гэж хэлэхээр нь би дургүй хүрээд түүний баруун талын нүүрний тус газарт нэг удаа гараараа цохьсон, тэгтэл Х.Т намайг заамдаж барьж аваад миний амны тус газарт нэг удаа гараараа цохиод хойшоо түлхэхэд би дэлгүүрийн лангууг түшиж зогссон ба тухайн үед шил хагарсан юм. Тэгтэл гаднаас миний төрсөн дүү болох Н дэлгүүрт орж ирээд Тийн гэдэс рүү нэг удаа өшиглөөд нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж байхад манай ээж А орж ирээд биднийг салгасан юм.” /хх-ийн 23-24 дүгээр хуудас/.
- Хохирогч Х.Тийн мэдүүлэг “...Дэлгүүрт ороход миний гаднаас нь таньдаг С гэх залуу зогсоч байхаар нь би тоглоод юу байна гичий минь гэж хэлэхэд С миний баруун талын хацарны тус газарт минь нэг удаа цохихоор нь би түүний гарыг нь бариад авсан заамдалцаж аваад зууралдаж байхад манай найз болох Р биднийг салгахаар дунд минь ороод салгахыг оролдсон боловч бид хоёр салаагүй бөгөөд С надаас холдоод миний нүүрний тус газар руу дахин нэг удаа цохиход нь би эргүүлж түүний амны тус газарт гараараа цохьсон ба С хойшоо ухрахдаа дэлгүүрийн лангуунд хүрсэний улмаас лангууны шил хагарсан. Тэр үеэр С дахин намайг заамдаж барьж аваад миний хөлний тус газар руу өшиглөхөд нь би хариу түүний хөл рүү өшиглөж байхад Сын дээр орж ирээд зүүн талын хацар, нүдний тус газарт хэд хэдэн удаа гараараа цохиод гэдэс рүү минь өшиглөөд гараад явсан бөгөөд тэр үеэр Сын ээж орж ирээд хүүхдүүдээ аваад явсан." / хх-ийн 26-27 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Д.Аийн мэдүүлэг “Оройн 22 цагийн үед байсан байх манай хөрш болох С ганцаараа орж ирээд бараа авч байхад түүний хойноос нь Т нэг найзынхаа хамтаар орж ирэхэд Т нь Сд хандаж нэг юм хэлэхэд нь С түүнтэй гар бариад шууд баруун талын хацарны тус газарт нэг удаа гараараа цохьсон. Тэгээд хоёулаа харилцан заамдалцаж аваад тулхэлцэж зодолдож манай лангууны шилийг нь хагалахаар нь би айгаад гэр рүүгээ орж гүйгээд аав руугаа дэлгүүрт зодоон болж байгаа талаас хэлээд дахиад ороод ирэхэд минь Сын гадаа байсан дүү нь орж ирээд Тийг цохиж байгаа нь харагдсан. Яг хаана нь цохьсон болох талаар хараагүй, тэгж байтал Сын ээж нь орж ирээд салгасан.” /хх-ийн 30 дугаар хуудас/.
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №319 дугаартай дүгнэлт “.... Иргэн А.Сын биед дээд эрүүний үүдэн 1 шүд дунд хэсгээр хугарсан хэгзэрсэн шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. Иргэн А.Сын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.” /хх-ийн 36 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №331 дугаартай дүгнэлт "...Иргэн X.Тийн биед зүүн талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн, нудний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хөдөлмөрлйн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” / хх-ийн 40 дүгээр хуудас/
- Шүүгдэгч А.С, Х.Т, өсвөр насны шүүгдэгч А.Н нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Сын хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан. Үүнд:
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “А.С /ПБ91111111/-ын нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/
- 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон “РД:ПБ91111111, овог:Ж, эцэг /эх/-ийн нэр:А, нэр:С, яс үндэс:Казах, хүйс: Эрэгтэй, төрсөн огноо: 1991/11/11, төрсөн газар: 83,01, хаяг:Баян-Өлгий, Өлгий 9-р баг, Хөх хад 42 гудамж, 03 тоот, бүртгэлийн дугаар:833122521333, хүчинтэй хугацаа:2036/11/11, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргын “ Тус багийн оршин суугч А овогтой С / РД:ПБ91111111/ тоот регистрийн дугаартай, ам бүл 8, аав, ээж, ах дүү нарын хамт амьдардаг, төлөв даруу зантай, багийн нэн ядуу өрхийн тоонд ордог, тодорхой эрхэлсэн ажилгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 76 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Тийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан.Үүнд:
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/, - Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Х.Т /РД:БЮ96111618/-ын нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргын “ Тус багийн оршин суугч Х овогтой Т / РД: БЮ96111618/ тоот регистрийн дугаартай, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг, төлөв даруу зантай, багийн нэн ядуу өрхийн тоонд ордог, тодорхой эрхэлсэн ажилгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 77 дугаар хуудас/,
- Өсвөр насны шүүгдэгч А.Нийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан.Үүнд:
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “А.Н /БЮ01231817/-ын нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/
-2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгосон “РД:БЮ01231817, овог:Ж, эцэг /эх/-ийн нэр:А, нэр: Н яс үндэс:Казах, хүйс: Эрэгтэй, төрсөн огноо: 2001/03/17, төрсөн газар: 83,01, хаяг:Баян-Өлгий, Өлгий 9-р баг, Хөх хад, бүртгэлийн дугаар:8330112032961, хүчинтэй хугацаа:2026/03/17, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/,
- Өсвөр насны шүүгдэгч А.Нийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 74 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргын “ Тус багийн оршин суугч А овогтой Н / РД:БЮ01231817/ тоот регистрийн дугаартай, ам бүл 8, аав, ээж, ах дүү нарын хамт амьдардаг, төлөв даруу зантай, багийн нэн ядуу өрхийн тоонд ордог, тодорхой эрхэлсэн ажилгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/,
- Өсвөр насны шүүгдэгч А.Нийн суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 78-79 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
1. Хохирогч Х.Тийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан №331 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 40 дүгээр хуудас/ тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С нарын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С нар бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Тийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч шүүгдэгч нар нь харилцан тохиролцож, бие биеэсээ уучлалт гуйж эвлэрсэн болох нь өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С нарын хүсэлтээр /хх-ийн 96, 98 дугаар хуудас/ нотлогдож байна. Хохирогч Х.Т нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С нар бусдад төлөх төлбөргүй байна.
2. Хохирогч А.Сын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан №319 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 36 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Тийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Т бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С, Х.Т нарын сэтгэлзүй, зан төлөв, оюун ухааны хувьд бүрэн гүйцэт төлөвшөөгүй байдал, эцэг, эхийн хараа хяналт сул, хувийн таарамжгүй харьцаа зэрэг нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлд нөлөөлсөн гэж шүүх дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Сын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч шүүгдэгч нар нь харилцан тохиролцож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 140000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч Х.Тийн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/ болон хохирогч нарт учирсан хохирлын хүснэгт /хх-ийн 80 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байна. Хохирогч А.С нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Х.Т бусдад төлөх төлбөргүй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С, Х.Т нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Дийн өмчлөх эрхэд халдаж хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С, Х.Т нар нь “дэлгүүрийн лангууны шил хагаруулж эвдсэн байсныг засаж, сэлбэх тоноглолуудыг янзалж өгсөн, одоо ямар ч тооцоогүй байгаа нь үнэн” гэх хохирогч Х.Дийн тодорхойлолтоор /хх-ийн 97 дугаар хуудас/ шүүгдэгч нарыг хохирогч Х.Дт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Тус хэрэгт өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С, Х.Т нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
2.1 Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С, Х.Т нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Өсвөр насны шүүгдэгч А.Нийн үйлдсэн энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч А.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний нас, боловсрол, зан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, сэтгэлзүй, зан төлөв, оюун ухааны хувьд бүрэн гүйцэт төлөвшөөгүй байдал, хүмүүжил зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд зааснаар ял оногдуулахгүйгээр, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2-т “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна”, 3-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасныг шүүх шийдвэр гаргахдаа удирдлага болголоо.
Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 4 сар 2 хоногтой байсан болох нь хэрэгт хавсаргасан төрсний гэрчилгээ болон цагдаагийн ахлах дэслэгч Ч.Гийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар өсвөр насны шүүгдэгч А.Н нь 17 нас 2 сар 25 хоногтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч А.Н-тэд 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч А.Нийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 1 жилийн хугацаанд хамруулах үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Нийг хараа хяналтандаа байлгах хүсэлтийг шүүх хүлээн авч 1 жилийн хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эх Т.Ад даалгах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний учруулсан хохирлыг төлсөн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно.
Өсвөр насны шүүгдэгч А.Н-д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.
2.2 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч А.Сд урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
2.3 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогчоос уучлал гуйж, хохирол төлбөрийг тохирсон, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Т нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 88-93 дугаар хуудас/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүйг тэмдэглэж байна.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь эрхэлсэн ажилгүй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, өрхийн амьжиргааны түвшин доогуур, нэн ядуу айл, ямар нэгэн эд хөрөнгөгүй бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж ялаа эдэлж дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Тилеубект эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна.
Ингэхдээ шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Т нь урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч уг торгуулийг төлөөгүй болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр болон бусад баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн энэхүү тогтоолоор оногдуулсан торгох ял дээр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 950 нэгж буюу 950000 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэв.
Энэхүү торгуулийн ялыг 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно.
Эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэргийн хамт хадгалуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Тт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагааг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 18.1, 181.2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Ж овогт А-ы Н, шүүгдэгч Ж овогт А-ы С нарыг “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт, шүүгдэгч У овогт Х-ы Т-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Н-тэд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ийг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Т-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 950 нэгж буюу 950000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Н-д 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Н-ийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 1 жилийн хугацаанд хамруулах үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч А.Н нь санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Н-ийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг шүүгдэгч А.Н-ийн эх буюу хууль ёсны төлөөлөгч Т.А-д даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Х.Т нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Х.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
10.Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С, Х.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.Н, шүүгдэгч А.С, Х.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч А.Н-ийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, төрсний гэрчилгээ, шүүгдэгч А.С-н иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Х.Т-ийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг тус бүр өөрт нь буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэргийн хамт хадгалсугай.
13. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ