Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/132

 

                        

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

улсын яллагч, хяналтын прокурор М.О

нарийн бичгийн дарга Т.Е,

орчуулагч, хэлмэрч Х.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н

шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Са овогт Сгийн Хд холбогдох 1813001960151 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч С.Хн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1993 оны 02 дүгээр сарын 10-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, малчин, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Са овгийн Сгийн Х, регистрийн дугаар БЛ***********.

 

Шүүгдэгч С.Хн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Х нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багт байдаг гэртээ С.Жыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Х нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багт байрлах гэртээ өөрийнхөө сандлыг асууж ирсэн С.Жыг зайл гэж уурлан зүүн талын нүдний дээд хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, мөн аман тус газар цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол буюу зүүн талын хөмсөгний дээд хэсэгт мэс заслын оёдол тавьсан ялзарсан шарх, зүүн талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт гэмтэл учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 11- ныөдрийн 263 дугаартай шинжээчийн “...Иргэн Жанилын биед зүүн талын хөмсөгнэий дээд хэсэгт мэс заслын оёдол тавьсан язарсан шарх, зүүн талын нүдний дээд доод зовхинд хөх яагаан өнгиийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийнүйлчлэлээр үүссэн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүд мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/.

- Хохирогч С.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өчигдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зуслангаас хаваржааны байшинд ирж эд зүйлсээ харахаар ирэхэд үүдний амбаарын үүдэнд байсан түлээ нүүрс дутсан, мөн амбаарын хананд хадсан байсан гялгар уут байсан. Тэгэхээр нь хажууд байдаг дүү болох Хгаас дээрхи зүйлийг асуухад гэрт нь манай хоёр сандал байсан. Тэгээд би чи манай гэрт орсон уу гэхэд би ороогүй гэж уурласан. Тийм бол манай хоёр сандал яагаад танайд байдаг билээ гэж сандалыг үзүүлэхэд чи энэ гэрээс гар зайл гэж уурлаж эхэлсэн. Нэг мэдэхэд миний зүүн талын нүдний дээд хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод авах шиг болсон. Мөн миний ам тус газар  цохиод  гэрээс хөөгөөд гаргасан  юм.  Дүү болох  С.Х  миний  учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн.  Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-51 дүгээр хуудас/.

- Гэрч К.Тний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.Ж нагац эгч, С.Х нь нагац ах болдог юм. Манайх зун С.Ж эгчийн гэртэй хамт зусдаг ба өвөл тусдаа өвөлждөг юм. Манайх энэ хавар "Шакен" гэх газар хаваржиж байхад би хичээлээс тарж очсон юм. Манай гэрийн хажууд С.Ж эгчийнх нүүж ирээд 10 хоног хаваржсан байсан. Надад 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нагац эгч С.Ж С.Хн оршин сууж байсан хаваржаанд очоод ирье гэж хэлсэн тул ахын мотоциклийг унаж С.Жыг сундалдуулж С.Хн хаваржаанд очсон юм. С.Ж өөрийн байшинд очиж юмаа үзэж түлээ, нүүрс болон сандал байхгүй гэж надад хэлж үүнийг С.Х авсан байх асууж тодруулна гэж бид хоёр Хн гэрт очсон юм. Гэрт очиход Х нь эхнэр нь нялх хоёр хүүхдийн хамт байсан. Гэрт орж суусан хойноо С.Хд манай байшин доторх сандал, түлээ нүүрсийг яагаад авсан юм бэ? гэж хэлсэн, Х би аваагүй гэж хэлсэн. Ж эгч түүнд чи аваагүй өөр хэн авдаг юм вэ, танайхаас өөр айл байхгүй биз дээ гэж хэлэхэд С.Х надад захиж өгөөгүй биз дээ, манай гэрээс хуцалгүй гар гэж хэлсэн. С.Ж гарахгүй гэсэн. С.Х С.Жын баруун гарны хувцаснаас барьж гаргах гэсэн боловч С.Ж С.Хн гэрт байсан сандлыг мөн хулдаасыг харуулж тэд нар манай гэрийнх, чи аваагүй бол яагаад энд байгаа гэхэд С.Х С.Жын амнаас нэг удаа гараараа цохисон. Би тэд нарыг салгаж, болиулсан байсан үед С.Ж дахиж энэ сандал минийх гэж харуулсан үед Х Жанилыг дахиж зүүн талын хөмсөг орчимоос цохисон байсан. Чухам юугаар цохисон эсэхийг анзаарч харсангүй, гараар юм уу сандалаар цохисон байсан юм. Би тэд нарыг салгах үед С.Хн гарт сандал байсан юм. С.Ж эгчийн зүүн нүдний орчимоос цус гарч гоожсон байсан. Жанил намайг Х алла гэж хашхирсан ба Жанил эгчийг Хн эхнэр гадаа гаргасан. Би Хг барьж авч гэрт байлгаж байгаад Жанил эгч гадаа гарсан хойно Хг тавьж гадаа гарсан юм. Тухайн үед Хн амнаас архи үнэртэж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/.

- Гэрч И.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт С.Жын нөхөр Т байсан үед С.Ж дүү нь С.Х зодлоо гэж ирсэн байсан юм. Тэр өдөр С.Ж сумын төвд очиж үзүүлэхээр явсан юм. Маргааш нь манай гэрт хөрш болох С.Х ирсэн юм. Тэгээд би С.Хд чи яагаад эгчийгээ зодсон юм бэ? Эмэгтэй хүнд яагаад гар хүрч байгаа юм бэ гэж хэлэхэд эгч маань манай гэрт ирж өөрийн өгсөн сандалд булаацалдаад байсан юм. Тэгээд би өөрийн өгсөн сандлыг яах гэж авах гэж байна гэж сандлаар С.Ж эгчийг зодлоо гэж хэлсэн юм. Тухайн үед С.Хн хэлсэн зүйлийг С.Жд хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/.

- Гэрч Д.Өийн өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...С.Ж, С.Х нарыг нэг багийн хөрш айлууд юм. Тус өдөр С.Жыг эмчид үзүүлэхээр болж байна гэхээр нь миний машинаар Кемелекийн уурхайд хүргэж ирсэн үед замд машин эвдэрсэн байсан тул эвдэрсэн эд анги болон шатахууны үнэ болох 60,000 төгрөгийг С.Жын нөхрөөс авсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/.

- Гэрч Б.Бний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.Жын зүүн талын хөмсөг гэмтсэн байсан ба тухайн шархнаас бага эрэг цус гарсан байдалтай байсан юм. Тухайн үед Жын хөмсөгөнд анхны цэгцлэлт хийж оёдол тавьсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/.

- Гэрч Б.Ханагатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр оройн 18 цагийн үед манай гэрт С.Ж гэгч хүний нөхөр нь гэх хүн ирж эхнэр маань өвдөж байна. Цэнгэл сумын төвд хүргэж өгнө үү? гэхээр "Шакен" гэх газарт очиж С.Ж гэдэг хүнийг авахаар очиход С.Ж хэлэхдээ дүү болох С.Х зодлоо гэж хэлж байсан юм. С.Жыг нөхрийн хамт Цэнгэл сумын төвд 22 цагийн үед эмнэлэгт хүргэж өгсн юм. Цэнгэл сумын төвд хүргэж өгсөн хөлсөнд буюу шатахуун болох 35 литрийг 61,250 төгрөг авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/.

Шүүгдэгч С.Хн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  “...Би эгч болох С.Жыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Эгчийгээ зодсон минь буруу, би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 73-76 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч С.Хн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 763 дугаартай “С овогтой Х /БЛ93021010/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 81 дүгээр хуудас/,

- 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгосон “РД:БЛ93021010, овог:Са, эцэг /эх/-ийн нэр:С, нэр:Х, яс үндэс:Буриад, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:83,37, төрсөн огноо:1993/02/10, хаяг:Баян-Өлгий, Цэнгэл, 5-р баг, Бор бургас, хүчинтэй хугацаа:2038/02/10, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/,

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн Засаг дарга С.Аийн “Тус сумын 5-р багийн иргэн Сгийн Х нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хүнтэй зөв харьцдаг, ард түмний нэр хүндтэй, даруу төлөв зантай, эвсэг сайн харилцаатай, муу зуршилгүй, хөдөлмөрч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 83,85 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн Засаг дарга С.Аийн “Тус сумын иргэн Сгийн Х /БЛ93021010/ нь дугаар багийн байнгын оршин суугч бөгөөд өөрийн эзэмшлийн эд хөрөнгөгүй, 2017 оны эцсийн мал тооллогоор тэмээ 2, адуу 5, үхэр 5, хонь 20, ямаа 30, бүгд 62 толгой мал тоолуулсан” гэх тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/,

 - шүүгдэгч С.Х нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омогоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Жын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 29-34 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 263  дугаартай  дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч С.Хн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Жын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба  нийт 900000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч С.Ж нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Х нь бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч С.Хд урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Са овогт Сгийн Хг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Хн иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.АЗЖАРГАЛ