Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/131

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

улсын яллагч, хяналтын прокурор М.О,

нарийн бичгийн дарга Т.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К

шүүгдэгч Х.К нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Хын Кт холбогдох 1813002330145 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Х.Кийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1987 оны 02 сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгойд оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2015 оны 07 сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, 2017 оны 11 сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус ял шийтгүүлж байсан, Ж овогт Хын К. Регистрийн дугаар БК***********.

 

Шүүгдэгч Х.Кийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Хын К нь 2018 оны 07 сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байдаг “Ах дам” захын хажууд хамт архи ууж байсан Х.Хг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Хын К нь 2018 оны 07 сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байдаг “Ах дам” захын хажууд хамт архи ууж байсан Х.Хг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол буюу тархины доргилттой, хамрын ёс хугарсан, хавантай, мурийлттай, зулайны баруун талын зөөлөн эдийн бэртгэл учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн   310  дугаартай   шинжээчийн “ ...Иргэн Х.Хгийн биед тархины доргилттой, хамрын яс хугарсан, хавантай, мурийлттай, зулайн баруун талын зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо...Х.Хгийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах,    гэмтлийн    зэрэг   тогтоох    журмын    2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт / хх-ийн 47 дугаар хуудас/.

- Хохирогч Х.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ах дам захын урд талын нарийн замаар гарч ирж байтал К хойноос минь ирээд гарнаас   минь барьж чирээд гаргаж   ирээд микроны зогсоолын хажууд нүүрний тус газарт минь нэг удаа цохьсон бөгөөд би цохиулаад ухаан алдсан байсан. ...Би аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт 10-аад хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд 312000 төгрөг гарсан. Томографын зураг авхуулахад 95000 төгрөг төлсөн...Уг мөнгийг Х.Кээс нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/.

- Насанд хүрээгүй гэрч Х.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...бидний явж байхад К араас хүрч ирээд миний аав Хыстаубайгийн баруун нүд тус газар нэг удаа цохиход аав газарт унасан. Тэгээд К зугтаад яваад өгсөн ба би уйлаад аавын толгойг түшсэн ба тухайн үед аавын нүд, хамар, чих тус газраас цус гоожиж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/.

- Гэрч Е.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 07 сарын 09-ний өдрийн 14 цагийн үед микрондоо хүмүүс суулгаж чиглэлдээ явах гэж байтал ах дам зах руу ордог нарийн гудамжинд  хүүхдүүдийн  уйлалдах дуу   гарахаар  нь  би  очтол уг  нарийн   гудманд К нэг хүнийг газарт унагааж аваад гэдэс тус газарт нь өшиглөж байсан. ...К араас нь хөөж ирээд манай микроны урд хамарны тус газарт нь гараараа нэг удаа цохиход нөгөө залуу дээш харж унаад нүүрнээс нь цус гарч ухаан алдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/.

-Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тогтоох зорилгоор Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Ах дам” захын   хажуудах Цагдаагийн газрын К-33 дугаартай хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч Х.Кийн  хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 686 дугаартай “Х овогтой К /БК87022111/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/,

- 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон “РД:БК87022111, овог:Ж, эцэг/эх/-ийн нэр: Х, нэр:К, яс үндэс:Казах, төрсөн огноо:1987/02/21, төрсөн газар:Баян-Өлгий, Улаанхус, хаяг:Баян-Өлгий, Өлгий 6-р баг,  Хөх толгой, 000 гудамж, 00 тоот, бүртгэлийн дугаар:831304871757” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар  960000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /хх-ийн 60-63 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.Кийн дансанд ямар нэгэн мөнгө байхгүй болохыг тодорхойлсон Хас банк, ХААН банк, Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 66-68, 70-71 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Х.К нь Голомт банканд ямар нэгэн дансгүй гэдгийг тодорхойлсон Голомт банкны тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргын “ Тус багийн оршин суугч Хадан овогтой К нь БЗ87022111 тоот регистрийн дугаартай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, төлөв даруу зантай, багийн болон олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог, багийн нэн ядуу өрхийн тоонд ордог, тодорхой эрхэлсэн ажилгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусадтай харилцах харилцааны соёл дутмаг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Х.Хн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь өвчний түүх /хх-ийн 09-18 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 310  дугаартай  дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Х.Кийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Хн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба нийт 407000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж барагдуулсан, хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч Х.Х нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Х.К нь бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Кт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эрхэлсэн ажил хөдөлмөр, хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоол зэргээр нотлогдож  байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.К нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно.

 

Шүүгдэгч Х.Кт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг өөрт нь буцаан олгож, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан Цагдаагийн газрын К-33 дугаартай камерын дүрс бичлэг бүхий СД-ийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж овогт Хын Кийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Кийг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Кт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Кийн иргэний үнэмлэхийн лавлагааг өөрт нь буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн газрын К-33 дугаартай камерын дүрс бичлэг бүхий СД-ийг хэргийн хамт хадгалсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Кт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЗЖАРГАЛ