| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0129/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/134 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/134
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
улсын яллагч, хяналтын прокурор М.О
нарийн бичгийн дарга К.Е,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А хар овогт Бы Дт холбогдох 1813002460162 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Дын биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1964 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумын 3 дугаар багт төрсөн, 58 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Булган сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А хар овогт Бы Д, регистрийн дугаар БД*************
Шүүгдэгч Б.Дын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг Их жаргалантын зусланд С.Ныг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг Их жаргалантын могойтын эх гэх газар С.Нтай хоёр жилийн өмнө авсан эсгий гэрийн тоонны мөнгийг өгөөгүй гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, түүний зүүн шанаанд гараараа хоёр удаа цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл буюу биед тархины доргилттой, зүүн талын жавж хавдартай, дотор талын салстанд хэгзэрсэн шархтай, дээд эрүүний зүүн талын нэг шүд 3-зэрэг суларсан, шүдний нүхнээс нэг тал руу сэтэрч цус гарсан, буйл хавдартай гэмтэл учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Хохирогч С.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Булган сумын 3 дугаар баг “Их жаргалант могойтын эх” гэх газар гавьяат эдийн засагч болсон Н.Бы мялаалга цайллаганд гэр бүлээрээ очсон. 17-18 цагийн хооронд байх Б.Дтай тааралдсан ба би тэр үед бүжиглэж байсан. Б.Д намайг хүмүүсээс холдоод юм ярих юм байна гэж хэлээд дагуулаад явсан. Бүжиглэж буй хүмүүсээс 100 метр ч хүрэхгүй холдоод чи муу надаас юу олж долоох юм бэ гэж хэлээд миний зүүн талын шанаанд гараараа 2 удаа цохихоор нь та яаж байна гээд хоёр гарыг нь бариж аваад хөдөлгөөнгүй зогссон. Бид хоёрыг С, Е нар салгасан. Гэртээ харих замд миний толгой шүд өвдөөд эхэлсэн. Тэгээд гараараа шүдээ тэмтэрч үзтэл зүүн дээд эрүүнээс нэг шүд унасан...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Ямар нэгэн маргаан байхгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Гэрч М. Ены мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цайллага болоод өндөрлөх дөхөж байсан. Тухайн өдөр би тэр цайллаганд үйлчлэгч хийж байсан. Асарын урд зүйгт байрлах эсгий гэрээс юм авах гээд явж байхад замд С.Н Б.Дын хоёр гарын бартад зогсож байсан. С.Нын ам, хамарнаас бага зэргийн цус гарсан байсан. Би тэр хоёрт хандаж та хоёрт юу болов, яагаад хэрэлдээд муудалцаад байна бэ гэж асуухад Д хариулахдаа энэ С.Н надаар хоёр жилийн өмнө эсгий гэрийн тооно хийлгэж аваад мөнгөө одоог хүртэл өгөөгүй гэх шалтгааны улмаас маргалдсан бололтой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 332 дугаартай дүгнэлтэнд: “...Иргэн С.Нын биед тархины доргилттой, зүүн талын жавж хавдартай, дотор талын салстанд хэгзэрсэн шархтай, дээд эрүүний зүүн талын нэг шүд 3-зэрэг суларсан, шүдний нүхнээс нэг тал руу сэтэрч цус гарсан, буйл хавдартай гэмтэл тогтоогдлоо. Иргэн С.Нын гэмтэл нь эрүүл мэндийг түр саниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах хөнгөн зэрэг хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Дын өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “... 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гавьяат эдийн засагч болсон цайллагандаа бөх барилдуулах гэсэн гээд Бей гуай намайг бөхийн засуул хийж өгөөч гэсэн санал тавьсан. Тэр өдөр би засуул хийсэн. С.Н надаас одоогоос 2 жилийн өмнө хэрэглээгүй эсгий гэрийн тооно авсан, би тооныхоо мөнгөний бололцоотой бол мөнгө өгөөч гэж хэлэхэд одоохондоо мөнгөний бололцоо муу байна гэж надад хэлэхээр нь одоо өгнө үү, байна уу өөрөө мэддээ ахьн дүү, оюутан хүүхэд сургадаг надад мөнгө их хэрэг болж байна шүү гэж хэлтэл С.Н надад муу урианхай минь битгий хуцаад байгаарай надаас юу олж долоох гэсэн юм гээд хэрүүл өдсөн. Би уурандаа тэсэхгүй нэг цохиод авсан шүдийг нь унагаана гэж бодоогүй... хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Б.Дын хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- шүүгдэгч Б.Д нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 773 дугаартай “Б овогтой Д /БД64092011/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БД64092011, овог: А хар, эцэг/эх/-ийн нэр:Б нэр:Д, яс үндэс:Урианхай, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Булган, төрсөн огноо:1964/09/20, хаяг:Баян-Өлгий, Булган, 3-р баг, Булган, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Дын дансанд ямар нэгэн мөнгө байхгүй болохыг тодорхойлсон ХААН банк, Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 51-55 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Д нь тухайн банканд ямар нэгэн дансгүй гэдгийг тодорхойлсон Капитрон, Капитал, Хас банкны тодорхойлолт /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Булган сумын 3 дугаар багийн Засаг даргын “Б овогтой Д нь тус багийн байнгын оршин суугч бөгөөд хоёр оюутан сургадаг. Мал хөрөнгө бага. Малаа маллаж амьдардаг, ганц бие малчин хүн” гэх тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч С.Нын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 332 дугаартай дүгнэлт /хх-ийн 39 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Дын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Нын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба нийт 240000 төгрөгийн хохирол /хх-ийн 60 дугаар хуудас/ учирсныг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч С.Н нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч Б.Дт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн “Кенбо” маркийн 26-97 БӨЗ улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А хар овогт Бы Дыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Дын эзэмшлийн “Кенбо” маркийн 26-97 БӨЗ улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Дын иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр зэргийг өөрт нь буцаан олгосугай.
9.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ