| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0133/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/138 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/138
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
улсын яллагч, хяналтын прокурор М.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч А.Е,
Гэрч Я.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Хулгайлах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Жт холбогдох 1813002450164 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1999 оны 02 дүгээр сарын 03-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс Казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, 4 дүүгийн хамт тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн 1007 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.Е овгийн Чын Ж, регистрийн дугаар БВ*************.
Шүүгдэгч Ч.Жийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг Ж.Бгийн эсгий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 120000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг казах үндэсний орны аравч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг Ж.Бгийн эсгий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг казах үндэсний орны аравч хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
- хулгайд алдагдсан 2:1,5 метрийн хэмжээтэй шар цоохор гурвалжин цэцгэн хээтэй, 2:1,5 метрийн харьцаатай улаан цоохор гурвалжин цэцгэн хээтэй, нэг бүр нь 60000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг аравчийг иргэн Х.Жанаргүлээс 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/.
- Хохирогч Б.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 14 цагийн үед хашаандаа ирж гэрийнхээ хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгон ортол гэрийн хананд өлгөөстэй байсан 2 ширхэг аравч алга болсон байсан. ...Уг хулгайд алдагдсан 2 ширхэг аравчийг хэрэг бүртгэлтийн шатанд байцаагчаас хүлээж авсан байгаа. ...одоо холбогдогчоос нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/.
- Гэрч Х.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 10-аад хоногийн өмнө гэртээ байж байтал 18-19 цагийн орчимд миний таньдаг Ж гэдэг хүний хүүхэд нь Н гэх залуу манай гэрт ирж та аравч худалдаж авах уу, мөнгөний хэрэгцээ гарсан тул зарах гэж байгаа юм гээд шинэвтэр байдалтай шар цоохор гурвалжин цэцгэн хээтэй, улаан цоохор гурвалжин цэцгэн хээтэй нийт 2 ширхэг казах үндэсний аравчыг үзүүлсэн. Би энэ аравчнууд чинь хулгайн эд зүйл биш биз гэхэд та санаа зоволттүй гэхээр нь итгээд хулгайн эд зүйл биш байх гэж нийт 120000 төгрөгөөр худалдан авсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар хуудас/.
- Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын эхээр байх найз болох Ч.Ж нь манай гэрт ирж мөнгө хэрэг болоод байна, гэрийнхээ 2 ширхэг аравчыг зармаар байна, аравч худалдаж авдаг хүн байвал олж өгөөч гэсний дагуу Ч.Жийг дагуулаад аравч худалдан авдаг Х.Жийн гэрт очиход нөхрийнхөө хамт байсан. Тэгээд аравчийг үзэж тус бүрийг нь 60000 төгрөгөөр нийт 120000 төгрөгөөр X.Жанаргүлд худалдаж мөнгийг нь Ч.Жт өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/.
- Шүүгдэгч Ч.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний бие 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 00 цаг 30 минутын орчимд гэр лүүгээ явж байх замдаа Өлгий сумын 11 дүгээр багт байрлах Бөкөнбайн хашаанд орж улмаар эсгий гэрийнхэн хаалганы цоожийг чулуугаар цохиж онгойлгоод эсгий гэрийн баруун хананд байсан 2 ширхэг казах үндэсний аравчыг хулгайлж авч гарсан. Улмаар нь Б.Нээр аравчийг 120000 төгрөгөөр заруулж 20000 төгрөгийг нь өгч, өөрөө 100000 төгрөгийг нь авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33, 45-46 дугаар хуудас/,
Гэрч Я.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд миний хүүхэд болох Б.Ныг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан асуудалд ямар нэгэн татгалзах асуудал байхгүй. Учир нь Б.Н нь манай гэр бүлийн гишүүн юм. Тухайн үед 2-хан ширхэг аравч алдсан, тухайн алдсан аравчаа буцааж хүлээж авсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэ/,
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Өлгий суманд 2018 оны 07 дугаар сарын байдлаар гараар нэхсэн казах үндэсний аравч 50000-70000 төгрөгийн үнэ, ханштай байна” гэх үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /ххийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Гэвч шүүгдэгч Ч.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг Ж.Бгийн эсгий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж нэг бүрийг нь 60000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг казах үндэсний орны аравч хулгайлж 120000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон боловч энэхүү үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэм хэмжээг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж Ч нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог юм.
Шүүгдэгч Ч.Ж нь нэг бүрийн үнэ 60000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг казах үндэсний орны аравч хулгайлж 120000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учирсан гэж дүгнэхээргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэж хуульчлагдсан. Гэтэл Ч.Жийн үйлдсэн хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор хохирлыг харгалзаж үзэх юм бол гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Ч.Ж нь урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хууль батлагдсанаар ялтай байдал гэх ойлголт байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх үзлээ.
Дээрх байдлаас дүгнээд шүүгдэгч Ч.Жийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Жийг цагаатгасан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлгүй, Ч.Ж нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгцагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсны дараа өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Ч.Жийн үйлдэл нь зөрчлийн хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Жт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож Ч.Жийг цагаатгасугай.
2. Ч.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэхэмжилсэн нэхэмжлэлгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
4. Бичгийн баримтаар ирүүлсэн Ч.Жийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
5. Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК