Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/139

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө

нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,

шүүгдэгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Зы Од холбогдох 1813002440166 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч З.Он биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ш овгтой Зы О, регистрийн дугаар БЗ***********

 

Шүүгдэгч З.Он холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Зы О нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “НИК” ШТС-ийн хажууд иргэн Х.Дтэй хамт архи ууж байгаад Х.Дийн зүүн нүд рүү гараараа цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.О нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “НИК” шатахуун түгээх станцад А.Дтэй хамт согтуу орж, нэг шил 0.5 литрийн архи гаргаж Х.Дт хамт "ууяа" гэж хэлэхэд Х.Д ажлын байранд архи ууж болохгүй гээд ойлгуулж хэлээд З.О, Д нарыг шатахуун түгээх станцаас гаргаж хаалгыг хааж байхад нь З.О Х.Дийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол буюу зүүн нүдний салстад цус харвасан,  нүдний саласт урагдсан, битүү хавдартай гэмтэл учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч Х.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн үед Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “НИК” шатахуун түгээх станцад миний төрсөн дүү болох Кенжебекийн хамт байж байхад О, Д нар манай шатахуун түгээх станцад согтуу орж ирж, О нэг шил 0.5 литрийн архи гаргаж "ууяа" гэж хэлсэн. Би “...манай ажлын байранд архи ууж болохгүй" гэж хэлэхэд О: "...яагаад болохгүй гэж гадаа ялаа, шумуул ихтэй байна" гэж хэлсэн. Би ойлгуулж хэлээд О, Д нарыг шатахуун түгээх станцаас гаргаж хаалгыг хааж байхад О миний зүүн талын нүдний тус газар нэг удаа цохисон. О надаас уучлалт гуйж, энэ хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулж өгсөн, надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, хоорондоо эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/.

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 325 дугаартай дүгнэлтэнд: “...Иргэн Х.Дийн биед зүүн нүдний салстад цус харвасан,  нүдний саласт урагдсан, битүү хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр  үүссэн  гэмтэл  болно.   Иргэн  Х.Дийн  эрүүл  мэндийг  түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн ээрзгт хамаарах болно” гэх /хх-ийн 20 дугаар хуудас/.

- Гэрч Х.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Ногооннуур сумын 6 дугаар багт байрлах “НИК” колонкид Х.Дийн хамт байж байхад Д, О нар нилээд согтуу орж ирсэн. О нэг шил архи гаргаж байсан. Хэсэг хугацааны дараа Тойлат ирсэн. Нэг мэдэхэд колонкийн гадна талд тэд  хоорондоо  зодолдож  байсан. Би салгаж  байхад Серикжан, Делегат нар ирж салгасан. Х.Дийн зүүн талын нүд хавдаж цус гарсан байсан ба би Х.Дээс “...нүд чинь яасан бэ” гэж асуухад: “...О цохисон” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/.

- Гэрч С.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би колонкод очиход Х.Дийн зүүн талын нүд хавдаж, цус гарсан байсан. Би Х.Дээс “...нүд чинь яасан бэ” гэж асуухад О намайг зодсон” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/.

Шүүгдэгч З.Он өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Ногооннуур сумын 6 дугаар багт байрлах “НИК” колонкид очиход Д, К, Т, Д нар архи уугаад сууж байсан. Д надад архи уу гэж хэлэхэд би уухгүй гэхээр нь зүүн гараар миний нүүрэн тус газар нэг удаа алгадсан. Тэгээд би уурандаа Дийн нүүрэн тус газар баруун гараар нэг удаа цохисон. Тухайн үед би архи уусан байсан. Буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирлыг бүрэн барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч З.Он хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- шүүгдэгч З.О нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 791 дугаартай “З овогтой О /БЗ87092512/-ийн нэр дээр Ногооннуур сумын 6 дугаар багт байршилтай, 117 м.кв талбайтай, Y-0208000398 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц бүртгэгдсэн байна” гэх тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД: БЗ87092512, овог: Ш, эцэг/эх/-ийн нэр: З, нэр:О, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Ногооннуур, төрсөн огноо:1978/09/25, хаяг:Баян-Өлгий, Ногооннуур, 7-р баг, Хосхарагай, хүчинтэй хугацаа:2032/09/25, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн Засаг даргын “З овогтой О нь ам бүл 4, 1987 онд төрсөн, 31 настай, БЗ87092512 регистрийн дугаартай, Хосхарагай багийн бүртгэлтэй оршин суугч мөн болно. З.О нь 2017 онд нийт 30 мал тоолуулсан. Адуу 2, үхэр 5, тэмээ 3, ямаа 20” гэх тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/,

- шүүгдэгч З.Огийн регистр №-БЗ87092512, эцэг/эх/-ийн нэр-З, нэр-О, утас-99420325, хаяг- Баян-Өлгий, Ногооннуур сум, 03-р баг, гудамж/байр, тоот, улсын дугаар-2680 БӨТ, гэрчилгээ-ТЯ0206326, кабин №-10034925, үйлдвэрлэсэн улс-Орос, марк-UAZ, модел-31512, мотор №-10097913, багтаамж-2445, Т.Х төрөл-SUV, Т.Х даац-2350, Т.Х зориулалт-суудал, Т.Х байршил-зүүн, кроп-механик, үйлдвэрлэсэн он-2001,  орж ирсэн-2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, өнгө-бор ногоон, шатахуун-А-76, дугаар авсан-тийм” гэх тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

- шүүгдэгч З.Ог 0.20 % промиллийн согтолттой байсныг тогтоосон 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 05 цаг 55 минутад шалгасан согтуурлын хэмжэг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Х.Дийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 325  дугаартай  дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч З.Он дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Дийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба  хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн, хохирогч Х.Д нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч З.Ог нь бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 200.000, дараагийн сард нь 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч З.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч З.Од урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн дэвтрийг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч З.О нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн улсын дугаар-2680 БӨТ, гэрчилгээ-ТЯ0206326, кабин №-10034925, үйлдвэрлэсэн улс-Орос, марк-UAZ, модел-31512, мотор №-10097913, багтаамж-2445, Т.Х төрөл-SUV, Т.Х даац-2350, Т.Х зориулалт-суудал, Т.Х байршил-зүүн, кроп-механик, үйлдвэрлэсэн он-2001,  орж ирсэн-2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, өнгө-бор ногоон” гэх тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш овогт Зы Ог “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ог 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 200.000 төгрөг, дараагийн сард нь 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч З.Он эзэмшлийн 2680 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч З.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Он эрүүл мэндийн дэвтрийг өөрт нь буцаан олгосугай.

9.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.АЗЖАРГАЛ