Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Улсын яллагч, хяналтын прокурор М.О,

Нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч Ж.А,

Шүүгдэгч, хохирогч Ж.Ан өмгөөлөгч Х.Т,

Шүүгдэгч, хохирогч О.Еийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч, хохирогч О.Е, Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурО газрын хяналтын прокурор М.Оаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Е, Ж.А нарт холбогдох 1813002480174 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч О.Е: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Са овогт Оы Е, регистрийн дугаар: БЛ***********

           2.   Шүүгдэгч Ж.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1972 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 10, эхнэр 8 хүүхдийн хамт Улаанхус сумын 6 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Товогт Жийн А, регистрийн дугаар:БК*************

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Е, Ж.А нар 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Шар говь” гэх газрын зусланд хоорондоо хэрэлдэж маргалдах явцдаа харилцан зодолдож Ж.А нь О.Еийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Е нь Ж.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэл:

2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Шар говь” гэх газрын зусланд О.Еийг булгаас ус авчхаад буцаж явах замд Ж.А нь гэрээсээ гарч ирэн хүүхдүүдийг нь зодож, өөрийг нь хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар гараараа түүний нүдэн тус газар нэг удаа цохиж, түүний тархинд доргилт, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралт, хавдар, духны зүүн талд шарх, зүүн хацарт хадварт, хамрын хавдар, цус хуралт, баруун нүдэнд хавдар, доод зовхинд нь цус хуралт үүсгэж хөнгөн гэмтэл учруулсан, тэр үед О.Е нь газраас чулуу авч шидэн Ж.Аын нүдэн тус хэсгийг онож түүний биед тархины доргилт, баруун нүдэнд дээд ба доод зовхинд цус хуралт, баруун хацарт хавдар, хамрын нуруунд хавдар, цус хуралт, нуруунд шарх, баруун хөмсөгний баруун хажуу талд шарх, хавдар, зүүн хацарт цус хуралт үүсгэж, хөнгөн гэмтэл учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч О.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Шар говь” гэх газарт байдаг аав, ээж дээрээ зуны хэдэн сард туслах гэж 2018 оны 05 дугаар сарын сүүлээр очсон юм. Тэрнээс хойш ээжийн гэрт амьдарч байсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн оройн 20 цагийн үед ус авах гээд булаг руу явж байхад Ж.Аын нохой над руу гүйсэн ба нохой гүйж ирж байхад Аын хүүхдүүд харж байсан боловч нохойгоо хориогүй юм. Тэгээд нохой ойртож ирэхээр нь би нохой руу чулуу шидсэн ба нохой нь яваад өгсөн. Би усаа аваад гэр лүүгээ харьж явж байхад А хүрч ирээд надад “Чи муу авгай” гэж би юм хэлэх гэхэд хэлүүлэхгүй намайг цохичихсон юм. Тэгээд би өөрийгөө хамгаалахын тулд чулуу шидсэн юм. Гэхдээ том чулуу биш шороотой чулуу байсан юм. Тухайн үед А намайг 2,3 удаа цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-28 дугаар хуудас/.

- Хохирогч Ж.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тус аймгийн Улаанхус сумын 6 дугаар багт оршин сууж амьдардаг, миний бие зуны улирал бүр Цэнгэл сумын нутаг дэвсгэр болох “Шар говь” гэх газарт зусдаг юм. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр буюу өчигдөр 14 цагийн “Жаланаш” гэх газарт байдаг өөрийн хадлангийн талбай руу явсан байсан, тэгээд орой 20 цагийн үед гэрт ирсэн байсан ба намайг ирэхэд манай гэрийн гадаа малын хорооны хажууд хамт зусдаг ойролцоогоор 1 орчим км-ийн зайтай газарт оршин суудаг Цэнгэл сумын 9 дүгээр багийн иргэн О.Е гэх эмэгтэй манай хүүхдүүдийг хэл амаар доромжилж, барьж авч зодох гэж байсан ба миний 15 настай Еркегүл гэх охин маань Еээс зугтаад яваад байсан, тэгээд би хажууд нь очиж юу болсон талаар асуусан ба хэн ч ойлгуулж хэлээгүй, үг ойлгохгүй намайг ч гэсэн хэл амаар доромжилсон. Тэгж байхад цаанаас Еийн аав, ээж нөхөр ирсэн ба би Еийн аавд нь очиж, энд юу болж байна, та Еийг болиулахгүй юм уу гэж хэлсэн боловч тэд ч гэсэн ойлгохгүй, надад та нар үүнээс хойш энэ газарт зусахгүй, энэ манай сумын нутаг гэсэн. ...намайг хэл амаар доромжлоод байхаар би уурлаад Еийн зүүн талын нүд рүү нударгаар нэг удаа цохисон юм. Тэгээд Е газар унасан ба босож ирээд над руу чулуу шидэхэд шидсэн чулуу нь миний баруун талын нүдний тус газар оноод миний нүднээс цус гараад байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-36 дугаар хуудас/.

- Гэрч О.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нар жаргаж байх үе буюу 19 цаг байсан уу 20 цагийн үед Е эгч бид хоёр ус авч ирэхээр Аын гэрийн дээр байдаг булаг руу явсан юм. Эгч надаас 10 минут орчим хожимдож ирсэн бөгөөд хараад сууж байхад эгч Аын охин Еркегүлтэй хэрэлдээд ирж байсан юм. Е эгч ирэхэд нь “яагаад хэрүүл хийгээд яваад байна” гэж асуухад “сарлаг үхрийг нь үргээчихлээ”, тэгтэл Аын охин Еркегүл хэл амаар доромжиллоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр усаа аваад гэр лүүгээ буцаад явж байтал Аын эхнэр Замзагүл гарч ирж бидэн рүү нохойгоо турхирахад нохой нь бидэн рүү хуцаад зогсож байсан. Тэр хооронд А гэрээсээ гарч ирээд “та нар хүүхдүүдтэй хэрэлдээд” гэж хэлээд зүүн талын нүд рүү гараараа Е эгчийг цохиход эгч газарт унаж уйлсан. Тэр үед эгчийн нүд нь нилээд хөхөрч нүд гэж орилж уйлж байсан ба би тэр даруйд нь цагдаад хандана гэж ирсэн. Бидэнтэй цуг А ирсэн бөгөөд ээжид хоёр охин чинь хэрүүл хийлээ гэхэд ээж эгч бид хоёрыг загнахад нь Е А руу газраас нэг юм аваад шидэхэд Аын зүүн талын нүүрний шанааны тус газар нь бага зэрэг зүсэгдсэн цус гарч байсан юм. Тухайн үед бид нар Аын гэрээс 5-6 метрийн орчим газарт явж байхад А гэрээсээ гүйж гарч ирээд эгчийн хацар руу цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/.

- Гэрч Р.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 26 ны өдөр малаа хашаанд оруулж гадаа явж байсан. Тухайн үед миний төрсөн охин болох О.Е, О.Б хоёр усанд явсан байсан. Тэгж байхад ус авдаг голын талаас шуугиан гараад байхаар би тийшээ очих гэтэл миний урдаас А гэдэг залуу хүрээд  ирсэн ба А  надад “танай охин О.Е миний хүүхдийг зодохоор нь би таны охиныг зодчихлоо” гэж хэлсэн ба би гүйгээд охин руу очиход миний охин Е уйлаад, орилоод сууж байсан юм. Тэгээд би охин болох Ед “яагаад хүн амьтантай зодолдоод яваад байгаа юм бэ?” гэж загнахад миний охин “тэр Аын хүүхдүүд нохойгоо хорихгүй байхаар нь би охинтой нь хэрэлдэж байхад А ирж намайг шууд цохиод авсан” гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/.

- Гэрч Х.Зийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орой болчихсон хүүхдүүд үхэрнүүдээ хурааж тугалаа уяж байтал Е ирээд үхэр үргээхээр нь манай охин Е “та болиоч бид нар ажил хийж байна” гэхэд манай охинтой хэрэлдээд хажууд нь байсан Жансая гэх охины маань нүүр лүү нь алгадаад нуруу руу алгадахаар нь би “чи яагаад хүүхдүүд зодоод байна” гэж хэлсэн юм. Тэгтэл Е намайг хэл амаар доромжилж бид хоёр хэрэлдсэн юм, тэр хооронд манай нөхөр ирээд “чи усаа зөв аваад яваарай, хүүхдүүдтэй битгий хэрэлд” гээд эгэмнээс нь хойшоо түлхчихсэн юм. Тэгээд Еийг аав, ээжид нь очиж хэлнэ гээд явсан бөгөөд удахгүй А ирэхэд нь баруун талын хөмсөгний орчмоос нь цус гарчихсан Е чулуугаар цохилоо гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/.

- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 334 дугаартай дүгнэлтэнд: “...Иргэн О.Еийн биед тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралттай, хавдартай, духны зүүн талд шархтай, зүүн хацарт хадвартай, хамрын хавдартай, цус хуралттай, баруун нүдэнд хавдартай, доод зовхинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. Иргэн О.Еийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарнулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна. Иргэн О.Еийн биед хуучин гэмтэл тогтоогдоогүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөдлөөлөхгүй болно” гэх /хх-ийн 53 дугаар хуудас/.

- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 332 дугаартай дүгнэлтэнд: “...Иргэн Ж.Аын биед тархины доргилттой, баруун нүдэнд дээд ба доод зовхинд цус хуралттай, хавдартай баруун хацарт хавдартай, хамрыннуруунд хавдартай, цус хуралттай, нуруунд шархтай, баруун хөмсөгний баруун хажуу талд шархтай, хавдартай, зүүн хацарт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. Иргэн Ж.Аын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарнулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна. Иргэн Ж.Аын биед хуучин гэмтэл тогтоогдоогүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөдлөөлөхгүй болно” гэх /хх-ийн 56 дугаар хуудас/.

Шүүгдэгч О.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би А руу чулуу шидсэн минь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.  Ж.А бид хоёр хоорондоо эвлэрсэн ба бие биенээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, хоорондоо хохирлын ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/.

Шүүгдэгч Ж.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би гэртээ ирэхэд Е миний хүүхдүүдийг хөөгөөд зодоод байсан ба би болиулах гээд очиход үг ойлгохгүй намайг хэл амар доромжлоод байхаар нь би Еийн зүүн талын нүдний тус газар нударгаараа нэг удаа цохисон юм. Тухайн үед Е нь газар унаад босч ирээд над руу чулуу шидсэн юм. Өөр нэмж хэлэх зүйл гэвэл Еийн нүдний тус газар цохисон минь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. О.Етэй сайн дураараа эвлэрсэн ба эвлэрсэн ба бие биенээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, хоорондоо хохирлын ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

- Шүүгдэгч О.Еийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан.Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Тус сумын иргэн О овогтой Е /БЛ88010663/ нь 9 дүгээр багийн байнгын оршин суугч мөн бөгөөд 2017 оны эцсийн мал тооллогоор мал тоолуулаагүй, 2 өрөө шар блокоор барьсан байшинтай, зан байдлын хувьд бусадтай эвсэг дотно харилцаатай, ямар нэгэн муу зуршилгүй, төлөв даруу эмэгтэй” гэх тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/,

- Шүүгдэгч О.Еийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дугаар хуудас/ зэрэг болно.

 

- Шүүгдэгч Ж.Аын хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан.Үүнд:

-2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “РД:БК72060714, овог:Төлек, эцэг /эх/-ийн нэр:Ж, нэр: Алхад, яс үндэс:Казах, хүйс: Эрэгтэй, төрсөн огноо: 1972/06/07, төрсөн газар:Баян-Өлгий, Улаанхус, хаяг: Баян-Өлгий, Улаанхус, 6-р баг, Даян, бүртгэлийн дугаар:833407800177, хүчинтэй хугацаа:2017/06/07, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Улаанхус сумын 6 дугаар багийн иргэн Т овогт Жийн А нь ам бүл 10, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус сумын Даян гэх газарт оршин суудаг, өөрийн эзэмшилд 6 ханатай эсгий гэр, мустанг-5 маркийн мотоциклтой, архи тамхи хэрэглэдэггүй, томоотой даруу зантай, багийн нэн ядуу өрх мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 77 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ж.Аыг урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 

1. Хохирогч О.Еийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 334 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 53 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Аын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.А нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Еийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч О.Еийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч шүүгдэгч нар нь харилцан тохиролцож, бие биеэсээ уучлалт гуйж эвлэрсэн болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хүсэлтээр нотлогдож байна.

Хохирогч О.Е нь ямар нэгэн гомдол саналгүй, хохирлын ямар нэгэн маргаан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул  шүүгдэгч Ж.Аыг түүнд төлөх төлбөргүй байна.

 

2. Хохирогч Ж.Аын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 332 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 56 дугаар хуудас/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Еийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Е бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч О.Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Аын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч шүүгдэгч нар нь харилцан тохиролцож, бие биеэсээ уучлалт гуйж эвлэрсэн болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хүсэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч О.Е, Ж.А нарын сэтгэлзүй, зан төлөв, малын бэлчээрийн маргаан, хувийн таарамжгүй харьцаа зэрэг нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлд нөлөөлсөн гэж шүүх дүгнэлээ.

Тус хэрэгт шүүгдэгч О.Е, Ж.А нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

   2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

 

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Е, Ж.А нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Е Ж.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 200.000 төгрөг, дараагийн сард нь 250000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Е Ж.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч О.Е Ж.А нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч О.Еийн 01190958 дугаартай эрүүл мэнлийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, шүүгдэгч Ж.Аын 01190959 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг тус тус тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Са дамжи овогт Оы Е, Товогт Жийн А нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Е, Ж.А нарыг тус бүр 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Е, Ж.А нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 200.000 төгрөг, дараагийн сард нь 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Е, Ж.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл шүүгдэгч О.Е, Ж.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Еийн 01190958 дугаартай эрүүл мэнлийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, шүүгдэгч Ж.Аын 01190959 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг тус тус тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  8.  Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.АЗЖАРГАЛ