Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 765

 

 

Ш.Төрбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Ц.Уртнасан,

          Ялтан Ш.Төрбат /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарандэлгэр, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч С.Оюунчимэг, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ш.Төрбат, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Төрбатад холбогдох эрүүгийн 2016 2502 1317 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Жамбал овгийн Шагдарсүрэнгийн Төрбат, 1988 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын модон эдлэлийн технологи мэргэжилтэй, “Марул Хаус” ХХК-д инженер ажилтай, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, 15 дугаар гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй /РД:ПФ88072339/,

Ш.Төрбат нь хувийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа оюутны 5 дугаар байрны 322 тоот өрөөнд хамтран амьдрагч, амь хохирогч Н.Биндэръяагийн биед ир үзүүртэй зүйл болох хутгаар хүзүүний зүүн хажуу хэсгийн баруун дээш чиглэлтэй суваг үүсгэн явж төвөнхийг гэмтээн, хоолойн баруун урд хэсгээр нэвт гарсан хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн урд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хоолой, хүзүү, мөр баруун гарын долоовор хурууны хатгагдаж зүсэгдсэн шарх зэрэг олон тооны гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ш.Төрбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Төрбатыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д зааснаар Ш.Төрбатыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,  цагдан хоригдсон нийт 148 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Ш.Төрбатаас 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Буурлын хороо 20-17 тоотод оршин суудаг /РД:СЭ70041311/ Ц.Нарандэлгэрт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй 1 ширхэг хутга, хар өнгийн хос гутал, хөх ягаан өнгийн хөхний даруулга, хар өнгийн трико, ягаан өнгийн дотоож, хар тэлээтэй цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн цамц, саарал өнгийн малгайтай цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан Ш.Төрбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие шүүхийн хэлэлцүүлэг дээр болон хавтаст хэргийн материалд 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр буюу хэрэг гардаг өдөр яг ямар үйл явдал болсон болон өөрийн нүдээр харснаа үнэн зөв, шударгаар мэдүүлдэг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэг дээр прокурор, шүүгч нар нь тухайн үед болсон хэрэг явдлыг дүгнэн тогтоол шийдвэр гаргахдаа хэрэг юуны улмаас гарсан, талийгаачийн байр байдал, сэтгэл зүй ямар байдалтай байсан, ямар учраас ийм байдалд хүрэх болов гэдгийг нухацтай бөгөөд олон талаас нь харж үзэлгүй, тухайн үед хамт байсан намайг хүний амь нас  хохироосон гэж үзэн шийдвэр гаргасанд миний бие гомдолтой байна. Уг шүүх хуралдаанаар нэг талыг барьсан буюу хавтаст хэрэгт байгаа гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудыг бүрэн гүйцэд, олон талаас авч үзэлгүй, зөвхөн намайг буруутгаж болох гэрчүүдийн мэдүүлэг болон бусад зүйлүүдийг үндэслэн талийгаачтай таарамжгүй харилцаатай байсны улмаас хувийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүний амь нас хохироосон гэж үзэн яллаж байна. Талийгаач бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа бие биедээ муу санаж, өс хонзон өвөрлөж явсан удаа огт байгаагүй. Тийм байдалд хүргэхээр ноцтой хэрүүл маргаан ч хийдэггүй байсан. Би талийгаачтай хамт амьдарч байх хугацаандаа талийгаачид гар хүрэх нь бүү хэл дуугаа өндөрсгөн хашгичиж, элдэв бусын доромжилсон үг хэрэглэн харьцаж байгаагүйг хадам аав, ээж, эгч, найз нөхөд нь бүгд мэднэ. Би талийгаачтай анх 2014 оны 3 дугаар сард оюутны дотуур байранд танилцаж, улмаар бие биедээ татагдан хайртай болж дотносон хамт амьдарч эхэлсэн. Удалгүй тэр маань жирэмсэн болж 2014 оны 12 дугаар сарын 20-нд амаржиж хүүтэй болсон. Эхнэр маань оюутан, би ажил хийдэг байсан. Миний бие тэрэлжид сар гарангийн хугацаатай ажил хийхээр явсан хойгуур эхнэр маань гэрч Б.Баттулгатай уулзаж, учирдаг болсон байсан. Үүнийг миний бие 4 дүгээр сарын 25-наас эхлэн гадарлаж эхнэрээсээ асуусан боловч ерөөсөө тийм зүйл байхгүй гээд байхаар нь итгээд явж байтал уулздаг хүнтэй болсон болох нь тодорхой болсон. Ингээд эхнэртэйгээ маш удаан ярилцсаны эцэст эхнэр маань “миний буруу, би аймаар тэнэг зүйл хийчихлээ. Намайг уучлаарай, чамаасаа хагацаж салж, хар нялхаараа ганц бие ээж болмооргүй байна. Чи минь намайгаа ойлгооч” гэж хэлэхээр нь би “бүхнийг мартаад яг хуучин шигээ амьдаръя, чи харин тэр залуутайгаа дахин битгий уулзаарай” гээд бие биедээ урьдын адил итгэж юу ч болоогүй юм шиг амьдрахаар шийдэцгээсэн. Энэ үеэр болон намайг ирсний дараа эхнэрийн маань байгаа байдал, сэтгэл санаа нь нэг л тогтворгүй сонин болчихсон байсан гэдгийг нь би гадарлаад эхнэрээсээ “бүх юм зүгээр хэвийн байгаа юу” гэж асуутал “зүгээрээ санаа зоволтгүй” гэсэн. Гэсэн ч урьд, урьдын зан байдал, сэтгэл санаа нь байхгүй болсон байсан бөгөөд хичээл номоо хийх нь багасаж байнгын санааширч байдаг болчихсон байсан. Тэр үед нөгөө залуу болох гэрч Б.Баттулга нь байнгын уулзах санал тавьж, ятгасаар байгаад уулзчихдаг байсан ба түүнтэй уулзаж учирсан нь талийгаачийн уравгар байдал, сэтгэл санаанаас нь тодорхой байдаг байлаа. Хэрэг болдгоос 5-7 хоногийн өмнө талийгаач над руу гэнэт учир начиргүй уурлаж байснаа ширээн дээрээс нэг юм шүүрээд гараад гүйчихсэн. Араас нь гарвал 00-ын өрөөний цонхыг онгойлгоод тавцан дээр нь гараад суучихсан яг үсрэх гэж байхад нь миний бие амжиж нуруу бүсэлхий хэсгээр нь тэвэрч автал өмсөж байсан 2 таавчик нь цонхоор унасан. Ингээд нилээд тайвшруулж, тайтгаруулсны дараа гараас нь хутгыг нь аваад “дахиж битгий ийм зүйл хийгээрэй” гэж гуйсан. Энэ талаар хамт байсан 3 охин мэднэ. Энэ талаар би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж байсан боловч хавтаст хэрэгт огт тэмдэглээгүй. Талийгаач надтай хамт амьдарч байх хугацаандаа нийт 4 удаа амиа хорлох үйлдэл хийж байсан. Үүнийг гэрчлэх олон хүн бий. Хэрэг болдогын урд өдөр нь буюу 2016 оны 5 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед талийгаачаас миний дугаар болох 88072339 дугаар луу “надаа амьдрах хүсэл алга, хүүгээ сайн хүн болгож өсгөөрэй. Өөрийг чинь сайн сайхан амьдарна гэдэгт итгэж байгаа” гэсэн мессеж бичсэн. Би мессеж хүлээн аваад талийгаач руу залгаж, ийм зүйл хийж болохгүй гэсэн мессеж бичсэн боловч утсаа ерөөсөө авахгүй, хариу мессеж бичихгүй байсан тул Б.Баттулгатай ярьж уулзаад цуг хайсан. Энэ үед Б.Баттулга нь согтуу байсан бөгөөд цуг амьдарч байсан оюутны байр луу нь орж үзтэл талийгаач байхгүй байсан. Мөн амиа хорлох тухай мессеж эгчрүүгээ явуулах гэж байгаад андуурч хамт амьдардаг О.Сувдааруу явуулсан байсан. Уг мессеж нь хавтаст хэрэгт авагдсан. Миний бие талийгаачийн амиа хорлох оролдлого хийж байсан талаар мэдэхийн хувьд цагдаагийн байгууллагад хандаж олж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Мөн миний бие хадам эгч Н.Тамир, түүний нөхөр И.Ананд нартай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст очин өргөдөл бичиж өгөөд байрных нь эргэн тойрны камерыг шүүж үзсэн. Хавтаст хэрэгт энэ өргөдөл нотлох баримт болон тэмдэглэгдсэн байдаг. Мөн гэрч Б.Баттулга руу амиа хорлох талаар бичсэн мессеж болон facebook мессежүүд хавтаст хэрэгт байдаг. Тухайн хэрэг гарах үед үнэхээр миний бие талийгаачийн амь биед онц хэрцгий аргаар халдсан бол талийгаач ямар нэгэн байдлаар эсэргүүцэж, тусламж гуйн орилж хашгирах байсан байх. Амь биед нь аюултайгаар халдсан бол ямар ч хүн тусламж гуйж орилж хашгирах байсан. Гэтэл 2 хажуу талын өрөө болон урд талын өрөөнүүдэд байсан гэрчүүд ямар ч хүний орилж хашгирах, сэжиг бүхий дуу чимээ гаргаагүй гэдгийг мэдүүлдэг. Ийм олон хүн намайг хүний амь нас хохироогоогүй гэдгийг гэрчилсээр байтал, хэргийг тал бүрээс нь үнэн зөвөөр тогтоолгүй, хэтэрхий буруутгах талыг барьж ялласанд гомдолтой байна. Тухайн хэрэг гарахад миний бие цочирдон балмагдаж яг юу болж байгааг ойлгохгүй айж сандарч өөрийнхөө бие махбодийг гэмтээсэн. Миний бие уг гэмт хэргийг хуулийн хүрээнд үнэн зөвөөр нь шалгуулж тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоолгохын тулд мөрдөн байцаалтын шатанд буцаалгах хүсэлтэй байна...” гэв.

Ялтан Ш.Төрбатын өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой нөхцөл байдлуудыг орхигдуулж, хэт нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн хэмээн дараах гомдлыг гаргаж байна. Учир нь хэрэг болсон гол шалтгаан нь:

1.  Ш.Төрбат нь талийгаач Н.Биндэръяатай 2014 оноос эхлэн танилцаж нэг гэрт орж, хамт амьдрах хугацаанд хүү Б.Ирмүүн нь төрсөн. Ш.Төрбат нь өөрийн нагац, авга ах дүүсийг Ховд аймгаас Хэнтий аймгийн Биндэр сум руу аваачин бэр гуйж улмаар цаашид гэр бүлээ батлуулан, эхнэр нь сургуулиа төгсөнгүүт өөрийн гэсэн ажилтай, орох оронтой болж бусдын нэгэн адил амьдрах гэсэн хүсэл тэмүүлэлтэй байх энэ цаг үед нь 2016 оны 3 дугаар сард ажлаар хөдөө явснаас хойших хугацаанд эхнэр нь Б.Баттулга гэгчтэй танилцаж улмаар дотносон өөрийн нөхөр болох Ш.Төрбатыг огт үзэж чадахаа больж, хөөж туун байнгын хэрүүл зөрчилтэй байх болсон.

Гэтэл Ш.Төрбат нь эсрэгээр нэгэнт эхэлсэн амьдралаа өөд нь татаж эхнэр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрах үүднээс эхнэрээсээ болон Б.Баттулгаас үүсгэсэн харилцаагаа зогсоохыг хүүгээ бодон учирлан гуйж аль болох хэрүүл, зодоон гаргахгүйг хичээж явсан нь “Н.Биндэръяа би сүүлчийн удаа Б.Баттулгатай хамт сууж байгаад ирье” гэх хүсэлтийг нь хүлээж авч тэр хоёрыг хамт байх боломж олгож байснаар Ш.Төрбат яаж аргаа барж өрөвдөлтэй байдалд хүрч байсан нь гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдоно.

Ш.Төрбат нь гэрч Н.Баянцэнгэл /хх-118/, гэрч Ч.Болортуяа /хх-134/, гэрч Ш.Одонбилэг /хх-114/, гэрч Ц.Отгондалай /хх-125/ нарын мэдүүлгээс үзэхэд маш хөдөлмөрч согтууруулах ундаа хэрэглэдэггүй, эхнэр хүүхэддээ анхаарал халамж сайтай, хүнлэг, байнга санаа тавьж явдаг, багаасаа 2 дүүгийн хамт бүтэн өнчин өсөж тэдний төлөө санаа тавьж, бие даах хэмжээнд хүргээд одоо л өөрийн амьдарлаа өөд нь татахаар зориг шулуудсан байсан үе болох нь тогтоогдоно.

Шүүх нь:

1. Ш.Төрбат нь анх эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас хойш анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэх хүртэл “шөнөжин эхнэрээ хайж яваад 2016 оны 5 дугаар сарын 15-ны өглөө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 5 дугаар байрны 322 тоот өрөөнд 08.55 минутын үед ороход хохирогч Н.Биндэръяа эзгүй байсан ба 09.05 минутад орж ирээд Ш.Төрбатыг хараад маш их уурлаж хоорондоо муудалцсан. Энэ үед хамт ирсэн Б.Баттулга нь гадаа машиндаа хүлээж байсан/ энэ агшинд өрөөний хаалга онгорхой байхад нь Ш.Төрбат хаахаар ухасхийх үед хохирогч ширээн дээр байсан хутгыг баруун гараараа авч хоолойруугаа дүрэх шиг болоход ухас хийж очиход Ш.Төрбатын нүүр болон нүдний шил рүү цус үсэрсэн түүнээс хойш яасан, юу болсноо огт санадаггүй хэмээн тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүд.

2. Хохирогч Н.Тамир /хх-73/, гэрч Б.Баттулга /хх-98-99/, И.Ананд /хх-111/, О.Сувд /хх-131/ нарын мэдүүлэгт дурдагдсан талийгаачийн өөрийнх нь барьж байсан 88816194 тоот утаснаас эгч Н.Тамир, найз О.Сувд, Ш.Төрбатын  гар утас руу явуулсан “амиа хорлох” тухай мессежүүдэд “хүүхдээ сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлэхийг захисан”, эгчдээ болон найздаа “ээжийнх нь оронд  ээж болж хүүгээ авч явахыг захисан” мессежүүд 2016 оны 5 дугаар сарын 14-ны орой илгээсэн зэрэг нь Ш.Төрбатын мэдүүлгийг давхар нотолж байгааг, 

3. 2016 оны 5 дугаар сарын 14-ны орой ялтан Ш.Төрбат нь өөрт нь болон эгчдээ явуулсан мессежийг үндэслэн сураггүй алга болсон эхнэрээ хайж явахдаа тухайн үед хамт байсан хадам эгч Н.Тамир, түүний нөхөр И.Ананд нартай хамт явж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирж эхнэр Н.Биндэръяа сэжигтэй байдлаар алга болсон тухай мэдүүлж эрж хайж олох тухай тэмдэглүүлсэн тэмдэглэл тайлбарыг,

4. Шүүх хуралдаанд өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийн дагуу ирүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхбаяр мэдүүлэхдээ “Задлан шинжилгээ хийхэд хүзүүний зүүн хажуу хэсгээс баруун дээш чиглэлтэй суваг үүсгэн явж төвөнхийг гэмтээн, төвөнхийн баруун дээд хэсгээр нэвт гарч зүсэгдсэн шарахнаас амьсгалын замд цус алдаж, амьсгал цусаар бөглөрч нас барахад хүргэсэн. Уг гэмтлийг болон хажуу хэсэгт үүссэн гэмтлийг өөртөө үүсгэсэн байх боломжтой. Харин талийгаачийн хүзүүний ар хэсэгт үүссэн гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй юм” гэж мэдүүлснийг тус тус хуульд заасны дагуу огт үнэлээгүй.

Харин эсрэгээр үхэлд хүргэсэн гэмтлийг Ш.Төрбат л үүсгэсэн мэт хэт нэг талыг барьж шүүх дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт заасныг зөрчсөнд гомдолтой байна.

Ш.Төрбат нь талийгаачийг өөртөө гэмтэл үүсгэсэн даруйд сэтгэцийн хувьд цочролд орж цаашид хэрхэн юу хийснээ санахгүй байх үедээ өөртөө болон талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарандэлгэрт оршуулгын ажилд зарцуулсан болон нэхэмжилсэн 5.300.000 төгрөгийг өгсөн тухайд хүү Б.Ирмүүний нэр дээр сайн дурын үндсэн дээр ах дүүс, найз нөхдийнх нь зүгээс 2.300.000 төгрөгийн урт хугацаатай хадгаламж нээж өгсөн нь Ш.Төрбатыг бусдын амь насыг хохироосон гэм буруутайд хүлээн зөвшөөрч биш ханиа алдсаны хувьд, охиноо алдсан хадам ээж, аавд нь ой гарантай хүүг нь бодсондоо уй гашууг  хуваалцаж хүнд хэцүү үеийг даван туулахад нь тус дэм болох гэж Ш.Төрбатын аваг, нагац, ах дүүсийн сэтгэлийн дэм гэдэг үүднээс өгсөн  гэж ойлгох нь чухал юм.

 Иймд Ш.Төрбат нь талийгаачид ямар зэргийн гэмтлийг үүсгэсэн байх боломжтой вэ? Талийгаач өөрийнхөө хоолой руу хутгаар хатгасан даруйд Ш.Төрбат нь сэтгэцийн хувьд цочирдон давчидсан байх боломжтой юу? Шүүхээс түүнийг хэрхэн яаж буруутгах вэ? гэдэгт хуулийн дагуу зохих үнэлэлт дүгнэлт бүхий хариулт авахад эргэлзээтэй мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байсан тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал өмгөөлөгчийн хувьд гаргасныг шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна.

 Ийнхүү хэргийн бодит нөхцөл байдал, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй, хангалттай биш байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  үнэн зөв болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шударга үнэн зөв шийдвэр гаргах нөхцөл бололцоог хангаж өгнө үү...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарандэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Охин минь хүсэн мөрөөдөж байсан мэргэжлээрээ 4 жил сурч, 5 хоногийн дараа хонхны баяраа тэмдэглэчихээд аав, ээж, хүүхэд дээрээ ирэх гэж байсан. Миний охин амиа хорлох үйлдэл хийх хүн биш. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үнэн зөв гарсан гэж үзэж байна...” гэв

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарандэлгэрийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Төрбат, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Учир нь урьд өмнө талийгаач амиа хорлох үйлдэл гаргаж байсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Мөн хардалтын улмаас болж хүний амь насыг хохирооно гэж байж боломгүй зүйл юм. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэл байхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

            Прокурор Ц.Уртнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр Я.Төрбат нь гэмт хэрэг гаргах үед сэтгэл санааны хувьд цочрон давчидсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв. 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

            Ш.Төрбат нь хувийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа оюутны 5 дугаар байрны 322 тоот өрөөнд хамтран амьдрагч, амь хохирогч Н.Биндэръяагийн биед ир үзүүртэй зүйл болох хутгаар хүзүүний зүүн хажуу хэсгийн баруун дээш чиглэлтэй суваг үүсгэн явж төвөнхийг гэмтээн, хоолойн баруун урд хэсгээр нэвт гарсан хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн урд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хоолой, хүзүү, мөр баруун гарын долоовор хурууны хатгагдаж зүсэгдсэн шарх зэрэг олон тооны гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 5 дугаар байрны 3 дугаар давхрын 322 дугаар тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд /1-р хх-9-12, 13-20/, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 5 дугаар байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-21-22, 23-26/, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны УНТЭ-ийн хүлээн авахад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-27-28, 29-30/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-31-32, 33-36/,  талийгаачийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-37-40, 63-65/, гэрч Б.Баттулгын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-41-62/, ялтан Ш.Төрбатын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-67-68, 69/, эд мөрийн баримтаар тогтоож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-71, 2-р хх-54/, хохирлын баримтууд /1-р хх-78-87/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тамирын “…орой 22 цаг 40 минутад Ш.Төрбат над руу залгаад Н.Биндэръяа олдохгүй байна чам руу “эгчдээ хайртай шүү гэсэн сонин утгатай мессеж очсон уу” гэж асуусан. ....Ш.Төрбат бид хоёрыг хүлээж байгаад манай машинд суунгуут за баларсан гээд “Н.Биндэръяа өөр хүнтэй яваад байна, бид хоёрын амьдрал сүүлийн 10 хоногт бүр орвонгоороо эргэчихлээ. Мөн надаас салсан” гээд байна гэсэн. ...Шөнийн 02 цагийн үед дүү залгаад Отгоотой хамт байна гэсэн. Ш.Төрбатын ярьсан зүйлийн талаар хэлээд, хаана байгааг нь асуухад дүү өөдөөс “би юу гэж тийм тэнэг зүйл хийх юм” гээд инээж байсан. ...14 цагийн үед утсаа асаатал Ш.Төрбатын нэг хамаатны 95198360 дугаартай утаснаас Төрөө, Н.Биндэръяа хоёр муудалцаад Төрөө, Н.Биндэръяаг хутгалаад өөрийгөө хутгалсан байна. Н.Биндэръяа 1 дүгээр эмнэлэг дээр маш муу байна, хурдан ир гэсэн мессеж ирсэн. ...Ш.Төрбат нь их түргэн ууртай хүн гэдэг нь харагддаг байсан...” /1-р хх-72-73/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарандэлгэрийн “...Миний охин 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр надтай утсаар яриад “ааваа би энэ хүнээс салмаар байна, үнэхээр ядаргаатай юм, гадагш гарч хүнтэй уулзуулахгүй” гэж ярихаар нь “аав нь наад хүнтэй чинь утсаар яръя, хэдэн хатуу үг хэлье” гэхэд охин уйлаад утсаа салгасан.  ...Н.Биндэръяа шөнийн 02 цагт надтай утсаар уйлаад ярихдаа “ааваа би Ш.Төрбатаас салмаар байна” гэхээр нь миний охин наадах асуудал чинь гол биш миний охин эхлээд сургуулиа төгсөөд ав гэж хэлсэн. ...Миний охин амиа хорлох хүн биш, амиа хорлох нь битгий хэл өөрийнхөө хүүхэдтэй өдөр болгон утсаар ярьдаг. Дандаа сайн сайхныг мөрөөдөж ярьдаг их бүтээлч, хөдөлмөрч, ажилсаг хүүхэд байсан. ...Ш.Төрбат Н.Биндэръяа хоёрыг хоорондоо маргалдаж байсан эсэхийг сайн мэдэхгүй юм байна. Хааяа жижиг өрөөндөө 2-лаа орчихоод том, том дуугарч байгаа нь сонсогддог байсан. Тэгэхэд амиа хорлоно гэж ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Гар, хөл нь зүсэгдсэн бол би мэдэх байсан...” /1-р хх-74-77/,

            Гэрч Д.Отгонтуяагийн “...өглөө 08 цаг 55 минутын үед ажлаа хүлээлцээд байж байтал гаднаас өмнө нь 322 тоотоод хааяа ордог байсан залуу орж ирсэн. Бид нар 322 тоотод ирдгийг нь мэдэх бөгөөд тэр залуу “эгчээ би 322 тоот руу орж нүүр, гараа угаачихаад гаръя” гэж хэлсэн. ...Доошоо буугаад удаагүй байтал 09 цаг 05 минутын орчимд тэр залуугийн эхнэр болох Н.Биндэръяа гаднаас орж ирээд юу ч дуугаралгүйгээр дээшээ гараад явсан. Ороод тэр охин ойролцоогоор 5-10 минутын дараа цус нөжтэй болоод шатаар бууж ирээд жижүүрийн үүдэнд уначихсан. Тэгэхээр нь би юу болов гээд дээшээ өрөөнд нь ороход хаалга нь онгорхой байсан ба орон дээр зүрхэн талдаа өөрийгөө хутгалчихсан хэвтэж байхаар нь би ороод “чи чинь юу болж байна аа” гэхэд “танд хамаагүй” гэсэн. Тэр залуу “би хаалга түгжих гээд эргэх гэтэл өөрийгөө хутгалчихсан” гэсэн тэгэхээр нь би “чамайг тэгээд хэн хутгалчихсан юм бэ” гэхэд  “би өөрийгөө хутгалсан, би амьд явж чадахгүй” гэсэн. ...Намайг ороход газарт нэг дунд зэргийн модон бариултай цус болчихсон хутга байсан. ...Бид нар юу болсон талаар асуухад Н.Биндэръяа юу ч дуугараагүй бөгөөд “ёох ёох” гээд л орилоод байсан...” /1-р хх-91-92/,

            Гэрч Г.Баянзулын “...Д.Отгонтуяатай юм яриад зогсож байхад 322 дугаартай өрөөний охины нөхөр нь гэх залуу орж ирсэн. Өрөөнд оруулахгүй гэтэл бууж байгаа жижүүрээс “эгчээ би шүдээ угаах гэсэн юм” гэхээр нь Д.Отгонтуяа тэр залууг дээш нь дагуулаад гарсан. Тэгээд удалгүй Д.Отгонтуяа ганцаараа бууж ирсэн. Гэтэл тэр залуугийн эхнэр нь гаднаас орж ирээд дээшээ гарсан. Эхнэр нь дээшээ гараад 5 минут болоогүй 09 цаг 10 минутын үед буцаад хоолойгоо гараараа дарчихсан ямар ч дуу байхгүй, хоолойноос нь цус олгойдоод газар шалан дээр уначихсан...” /1-р хх-93-94/,

            Гэрч М.Түмэнжаргалын “...Биеийн байдал нь ухаантай, хүнтэй ярих чадвартай. Юу болсон талаар нь асуухад Ш.Төрбат нь “манай эхнэр мөнгөтэй залуутай явалдаад миний уур хүрсэн” гэсэн. Хэнд хутгалуулсан юм бэ гэж асуухад “Манай эхнэр өөрийгөө хутгалчихсан тэгэхээр нь зөрөөд өөрийгөө хутгалаад эмнэлэгт хүргэгдэж ирсэн” гэж хэлсэн...” /1-р хх- 96/,

             Гэрч Д.Мөнх-Эрдэнийн “...Тэр залуу надад хэлэхдээ “Миний эхнэр мөнгөтэй баян залуутай явдаг. Бид хоёр энэ асуудлыг мартаад амьдаръя гээд байж байхад 5 дугаар сарын 4-ний өдөр утас нь холбогдохгүй алга болсон. Өнөө өглөө миний эхнэр өөрийгөө хутгалчихсан. Тэгэхээр нь би ч гэсэн үхнэ гээд өөрийгөө хутгалчихсан” гэж хэлж байсан...” /1-р хх-97/,

            Гэрч Б.Баттулгын “...Н.Биндэръяа надтай уулзах, байх талаар юм бичээд байсан. Би хариу бичээд уулзахгүй байсан. Тэгтэл Н.Биндэръяа над руу амиа хорлох утгатай мессеж бичсэн. Тэгэхээр нь би нөхөр лүү нь залгаад “ийм байдалтай байна, чи хажууд нь оч” гэж хэлсэн. ... Н.Биндэръяа “хүүхэд байхдаа суусан, хамт амьдарч чадахгүй” гэж хэлдэг байсан. ...Төрөө надад хэлэхдээ “Н.Биндэръяа амиа хорлоно гээд байна” гэж 2 удаа хэлсэн. Өөртэй нь уулзахаар тийм юм ярихгүй мөртлөө Төрөөтэй амьдарч чадахгүй гэж ярьдаг байсан. Гэхдээ сэтгэл санаа нь тийм ч тогтвортой биш байсан...” /1-р хх-98-99/,

            Гэрч Д.Отгонцэцэгийн “...Талийгаач надад “найз нь гэр бүлээсээ сална Төрөө ахтай хамт амьдрахаа болих гэж байгаа миний сэтгэл хөрөөд тэр хүнтэй сайхан байхаа больсон надад хайр халамж дутагдаад байна” гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр ярилцаж сууж байгаад “миний өөр хүнтэй уулзаж байгааг Төрөө ах мэдэж байгаа, миний уулзаж байгаа залуутай Төрөө ах уулзсан. Тэр хоёр бие биенийгээ мэдсэн. Би одоогийн уулзаж байгаа залуудаа татагдаад сайн болсон” гэж ярьж байсан...” /1-р хх-109-110/,

            Гэрч Н.Баярцэнгэлийн “...Ш.Төрбат ах орж ирээд Н.Биндэръяаг “миний хайр юу хийж байгаа юм” гэхэд Н.Биндэръяа нь гараад явсан нөгөө залуу нь араас гарсан, Ш.Төрбат ах араас нь гарсан. ...Халиунгоо бид хоёр сууж байтал Н.Биндэръяа, Төрөө ах тэр хоёр эргээд ороод ирсэн. ...Би Халиунгоогийнд очиж хонохоор явсан. Н.Биндэръяа утсаар ярих гээд, Төрөө ах яриулахгүй гээд тэр хоёр үлдсэн. ...Төрөө ах Халиунгоо бид хоёрт ярихдаа “би нөгөө залуутай нь уулзаж “чи миний амьдрал дундуур битгий ор, би хүүхдээ өнчрүүлмээргүй байна, чи одоо больчих, жаахан хүүхэд мөнгөнөөс болоод толгой нь эргэсэн байх, дахиж битгий уулзаарай” гэж хэлсэн гэж” ярьж байсан. ...5 дугаар сарын 15-ны өглөө Н.Биндэръяагийн эгч Н.Тамир над руу утсаар яриад “нөгөө хоёр чинь хутгалалцсан юм шиг байна” гэсэн...” /1-р хх-118-120/,

Шинжээч эмч М.Энхбаярын “...Талийгаачийн үхэлд хүргэх шарх нь зүүнээс баруун дээш чиглэсэн болохоор талийгаач өөртөө энэ гэмтлийг учруулсан гэж үзэх боломжгүй...” /1-р хх-192-193/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Дээрх гэмтлүүдээс хүзүүний зүүн хажуу хэсгийн баруун дээш чиглэлтэй суваг үүсгэн явж төвөнхийг гэмтээн, хоолойн баруун урд хэсгээр нэвт гарсан хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн урд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, хоолой, хүзүү, зүүн мөр, баруун гарын долоовор хурууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн /8 удаагийн/ үйлчлэлээр, баруун нүдний зовхины цус хуралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс хүзүүний зүүн хажуу хэсгийн төвөнхийг гэмтээсэн шарх болон цээжний зүүн урд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бүгд амьддаа үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Талийгаачид учирсан хүзүүний зүүн хажуу хэсгийн төвөнхийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас амьсгалын зам цусаар бөглөрснөөс Н.Биндэръяа нь амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдоогүй. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай. Дээрх гэмтлүүдийг талийгаач өөрийн биед учруулах боломжгүй. Талийгаач Н.Биндэръяа нь согтууруулах ундаа хэрэглээгүй, АВО системээр Оав/I/ бүлгийн цустай байжээ...” гэсэн 935 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-136-142/,

“...Хар өнгийн хос гутал, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн цамцан дээрх цус нь АВО системийн О/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн 4391 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-144-145/,

“...Юүдэнтэй саарал өнгийн цамц, саарал өнгийн жинсэн өмд, хулганы зурагтай ягаан эрээн өнгийн алчуур дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн 4390 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-146-147/,

“...Н.Биндэръяагийн гарын 10 хурууны гэх хумснууд дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн 4448 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-148-149/,

“...№8, №2, №7 дугааруудтай хөвөн бамбар дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. №3 дугаартай бүтээлэгний хэсэг дээрх цус нь АВО системээр  АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн 4392 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-150-151/,

“...Ягаан эрээн өнгийн нимгэн хүзүүний ороолтон дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. Хүрэн өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хүрэн өнгийн тэлээн дээрх цус нь АВО системээр  АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн 5748 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-152-153/,

“...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад зүсэгдсэн уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр гарсан байна...” гэсэн 3329 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-154-158/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Ш.Төрбат нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэхийг нотлох ямар нэгэн баримт одоогоор үгүй байна, эмнэлгийн байнгын хяналтад байдаг эсэх талаар баримтгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Ш.Төрбатад албадан эмчилгээ шаардлагагүй. Үнэн зөв мэдүүлэг өгөх шаардлагатай. Хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 698 дугаартай дүгнэлт /1-р хх-189-191/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Ялтан Ш.Төрбатын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.

Анхан шатны шүүхээс онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Ш.Төрбатыг 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй ба ялтны гэм буруу, учруулсан гэм хор, хувийн байдалд тохирсон, хүнд бус ялаар шийтгэсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг /хх-136-142/ ялтан Ш.Төрбатад танилцуулсан байх ба ямар нэгэн тайлбар, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтүүдийг гаргаагүй байна. Дээрх шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, үндэслэлгүй буюу зөв болох нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Ялтан Ш.Төрбат, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын давж заалдах шатны шүүхэд “…хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Ш.Төрбатын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, талийгаач Н.Биндэръяа нь “амиа хорлох” гэсэн үйлдэл хийсэн гэх эргэлзээ бүхий нөхцөл байдал нотлогдоогүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан Ш.Төрбат, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ш.Төрбат, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ