Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 137

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

улсын яллагч, хяналтын прокурор  М.О,

нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Са овогт Мы Ат холбогдох 1813002360156 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол  Улсын  харьяат,   1994  оны  09 дүгээр  сарын  28-нд   Баян-Өлгий  аймгийн Баяннуур сумын 1  дүгээр багт төрсөн,  24 настай,  эрэгтэй,  яс үндэс Казак, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, ах бэр эгч дүү нарын хамт амьдардаг, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Са овгийн Мы А. РД:БВ94092814.

            Шүүгдэгч М.Аийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баяннуур сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мараа” гэх нэртэй газрын зусланд С.Аийг хэрүүл маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баяннуур сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мараа” гэх нэртэй газрын зусланд С.Аийг хэрүүл маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох

- Хохирогч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн үед миний 3 тооны ишгийг саахалт айлын хүн болох Х.Т гэх хүний малаас авч ирсэн. Ишигнүүдийг авч ирэхэд А болон түүний нэрийг мэдэхгүй дагаад манайд ирсэн. Ишиг туугаад явсан дүүдээ очоод хэлээрэй ишгээ таньж туугаарай танихгүй бол надад үзүүлэн авч байгаарай гэхээр нь А түүний дүү нар надад олж идээрэй гэсэн. Тэр үед би яасан муу хэл амтай юм бэ гэж Аийн дүүг морин дээрээс тохой тус газар нэг чичсэн. Тэр үед А мориноосоо буугаад газраас чулуу аваад над руу дайрсан. Тэр үед би ч  гэсэн мориноос буусан. Миний эхнэр ирж намайг барьж больцгоо гэхэд А ирж миний баруун нүд тус газар нударгаараа нэг удаа цохиж зодсон. ...надад М.Атэй холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ба бид хоёр сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-18 дугаар хуудас/,

- Гэрч Х.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрт байсан ба тэр үед 19 цагийн үед байх манайд С.А хүрч ирээд манай 3 тооны ишиг танай маланд байгаа юм байна. Танай хүүхэд туугаад явсан байна гэхээр би өдөөс нь манай маланд танай ишиг байвал хараад олж аваарай   гэж хэлээд ишигнүүдийг үзүүлэхэд С.Аийн ишигнүүд байсан. Тэгээд би С.Аийн ишигнүүдийг барьж өгөөд явуулсан юм. Манай хүүхдүүд болох А, Е нар С.Аийг дагаад тэдний малаас ишиг хайхаар явцгаасан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа А утсаар залгаад бид хоорондоо зодолдчихлоо гэхээр нь би мориор тэдний хажууд очсон юм. Би очиход  А.Аийн баруун нүд тус газар гараар нэг удаа цохисон ба нүд нь хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

- Гэрч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “...2О18 оны 07 дугаар сарын 02-ны өдер 19 цагийн үед байх бид гэрийн гадаа мал янзалж хариулж явахад А болон А нар гэрийн гадаа ишиг туугаад ирсэн болно. Тэгээд юунаас болсоныг би мэдэхгүй тэд хоорондоо маргалдсан ба бие бие рүү дайрч байсан. Тухайн үед мориноос буусан байсан. М.А Аийн баруун нүд тус газар нударгаар нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

- Гэрч А.Жайнагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би С.Аийн барьж аваад больцгоо гэхэд А Аийг нударгаар нэг удаа баруун нүд тус газар цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/.

- Гэрч Т.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Аийн гэрийн гадаа ишиг туугаад очсон. Тэгээд А болно А нар хоорондоо маргалдсан.Тэр уед А Аийг баруун гараар нударгаар баруун нүд тус гаэар нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/.

- Баян-Өлгий аймгийн ШША-ны албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Е.Бы 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 300 тоот “Иргэн С.Аийн биед баруун талын нүдний дээд, доод зовхинд хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт, нурууны баруун талд зулгарсан зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болно. Дээрхт гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэх дүгнэлт /хх-ийн 30-33 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Аийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар хор уршгийн хэмжээг тогтоох боломжгүй ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч М.Ат урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Са овгийн Мы Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат оногдуулсан торгох ялыг 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч М.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Аийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр зэргийг өөрт нь буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            А.ДАУРЕНБЕК