Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01447

 

 

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01447

 

 

* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01529 дугаар шийдвэртэй,

* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г ХХК, Б.О-, С.С- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 671,118,747 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түшиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Г ХХК нь * банк ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 580,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож мөн өдөр ЗБ/СС190531009-1-1 болон ЗБ/СС190531009-1-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулж, иргэн Б.О-ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 20 дугаар байр, ** тоот хаягт байрлах 93.03 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, иргэн С.С-ын өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байрны В блок, -- тоот хаягт байрлах 165.04 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Г ХХК болон иргэн Б.О-, С.С- нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 671,118,747 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгч Б.О-, хариуцагч С.С- нар шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

Г XXК нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр * банк ХХК-аас 580,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлийн мөнгөн хөрөнгө нь Карвуон ХХК болох блокчейн технологийн компанийн үйл ажиллагааны санхүүжилт хэлбэрээр зарцуулагдсан.

Зээлийн зарцуулалт болон үүсээд буй нөхцөл байдлын талаар * банк ХХК-д тухай бүрт нь мэдэгдэж, уулзаж байсан. 2020 оны 2,3 дугаар сард цар тахлын улмаас улс орнууд хорио цээрийн арга хэмжээ авч эхэлснээр Карвуон ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны хэвийн байдалд хүндрэл гарсан ба одоогоор КВН койн гаргах үйл ажиллагаа цар тахлаас үүдсэн олон улсын хүндрэл хэвийн болтол түр хугацаанд хойшлогдсон байдалтай байна. Г ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.О-, С.С- бид зээлийг төлж барагдуулах ба тухайн үед үүссэн давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын нөхцөл байдлыг харгалзан зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг тохиролцож эргэн төлөлтийн хуваарь гаргах саналтай байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар * банк ХХК, Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/CC190531009-1 тоот зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Г ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 661,960,909 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч * банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Б.О-, С.С- нарын барьцааны гэрээний зүйл болох Б.О-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 20 дугаар байрны ** тоот 93,3 м.кв 4 өрөө, Ү-2203014074 дугаарт бүртгэлтэй орон сууц, Б.Содбаярын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 хороолол, Нарны зам гудамж, 62 дугаартай барилгын В блок -- тоот 165,04 м.кв талбайтай Ү-2203037484 дугаарт бүртгэлтэй оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч * банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,313,743 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 199,800 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Г ХХК, Б.О-, С.С- нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,467,754 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч * банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 9,157,838 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 тоот тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэж заасныг үндэслэн зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн хүү болох 91,067,676 төгрөгөөс 10 хувийг буюу 9,106,767 төгрөгийг хасч шийдвэрлэсэн.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар тушаалын хавсралт буюу Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам-д зээлдэгчийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах, хугацааг сунгах, түүнийг банк хүлээн авах зэрэг харилцааг зохицуулсан. Уг журмын 2.2-т 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зээлдэгч банкинд цахимаар хүсэлт хүргүүлэн, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан, зээлийн гэрээний хугацааг дээрх хугацаагаар сунгах зэрэг эрхийг эдлэх талаар заасан. Үүнтэй холбоотой * банк ХХК-д Г ХХК-аас санал, хүсэлтийг ирүүлээгүй.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын тогтоолд заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дур мэдэн зээлийн төлөлтийг хойшлуулах боломжгүй тул хариуцагч Г ХХК-д эрхээ эдлэх боломжийг олгон, уян хатан нөхцөл байдлыг бий болгон удаа дараа холбогдсон.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХХК нь хариуцагчид зээлийн төлбөрийн хугацааны хойшлолтод хамрагдах боломж олгоогүй хэмээн дүгнэж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар тушаал, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолыг нэхэмжлэгчийн эсрэг ашиглаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Г ХХК нь * банк ХХК-аас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 580,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 10 жилийн хугацаатай байгуулан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр компанийн дансанд хүлээн авсан ба тухайн зээлийг хүлээн авснаас хойш 7 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сараас эхлэн цар тахлаас шалтгаалан манай компанийн үйл ажиллагаа доголдсон нь зээл төлөлтөд нөлөөлсөн.

Цар тахлын хугацаанд бий болсон зээлийн гэрээний зөрчил нь хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү, үндсэн төлбөрт нийт 671,118,747 төгрөг болсон.

Зээлийн эргэн төлөлтөөс харахад Г ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үйл ажиллагаа явуулах боломжгүй цар тахал, хөл хорионы үед ч биелүүлж байсан ба үндсэн төлбөр, зээлийн хүүг зөвшөөрч байгаа ч нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөх боломжгүй байх тул хуулийн дагуу хянаж өгнө үү.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хууль хэрэглээ болон найруулгын алдааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч * банк ХХК нь хариуцагч Г ХХК, Б.О-, С.С- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 671,118,747 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. * банк ХХК, Г ХХК-ийн хооронд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр * банкХХК нь 580,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай Г ХХК-д зээлдүүлэх, Г ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна. Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч * банк ХХК нь хариуцагч Г ХХК-д 580,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлдэгч Г ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 69,870,406 төгрөг төлсөн, зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зөрчсөнийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5.а. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэж заасан байх бөгөөд тогтоолын уг заалтыг хэрэгжүүлэхийн тулд зээлдэгч талаас зээлдүүлэгчид хүсэлт гаргах учиртай.

 

5.б. Дээрхи журмын хариуцагч ГХХК нь нэхэмжлэгч * банк ХХК-д зохих ёсоор хүсэлтийг гаргаагүй байна. Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор бизнесийн үйл ажиллагааны хэвийн байдалд хүндрэл гарсан, зээлийн зарцуулалт болон үүсч буй нөхцөл байдлын талаар * банк ХХК-д мэдэгдэж байсан гэх тайлбараа хариуцагч Г ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

5.в. Хэрэгт КарвоунХХК-иас * банк ХХК-д гаргасан 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг баримтаар авагдсан боловч уг уг компани нь зээлийн гэрээний тал биш байхаас гадна зээлийн гэрээний зориулалт нь уг компанийг санхүүжүүлэх агуулгагүй байна.

 

6. Зээлдэгч Г ХХК нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зөрчсөн, зээлдүүлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зөрчлийг арилгах талаар сануулсан, зээлдэгч зөрчлийг арилгаагүй байна. Иймд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Гэрээг цуцлах эрх нь гэрээний талын эдлэх эрхэд хамаарах бөгөөд уг эрхээ өөрөө хэрэгжүүлэхдээ хуульд заасан журмыг баримтлах учиртай. Гэрээг цуцлах нь нэхэмжлэлийн шаардлага болохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Анхан шатны шүүх урт хугацаатай гэрээг цуцлах журмыг зохицуулсан хуулийг зөв хэрэглээгүй байгааг залруулав.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч Г ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг үндсэн үүрэг 580,000,000 төгрөг, зээлийн хүү 91,067,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,071 төгрөгөөр тодорхойлсон нь зөв боловч давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал болох цар тахлын нөхцөл байдлыг харгалзан зээлдэгчийн гэрээний үүргийг 10 хувиар багасгаж тооцсон нь хуульд үндэслэгдээгүй, алдаатай болсон байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрт өөрчлөлт оруулав. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

8. Гэрээ цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь нотариатын зардал 13,000 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч хууль буруу хэрэглэснийг залруулах нь зүйтэй. Урт хугацааны гэрээг цуцалсантай холбоотой хохирол шаардах эрхийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасан.

 

9. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар * банк ХХК нь Б.О-тэй  2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ЗБ/CC190531009-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалуулагчийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 20 дугаар байрны ** тоот 93,3 м.кв 4 өрөө, Ү-2203014074 дугаарт бүртгэлтэй орон сууцыг, мөн Б.Содбаяртай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ЗБ/СС190531009-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалуулагчийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 хороолол, Нарны зам гудамж, 62 дугаартай барилгын В блок -- тоот 165,04 м.кв талбайтай Ү-2203037484 дугаарт бүртгэлтэй оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

9. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, зохигч гомдол гаргаагүй. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг алдаатай бичсэнийг залруулав.

10. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 3,653,944 /3,513,544+70,200+70,200/ төлөхөөс 3,313,743 төгрөг төлж, 340,201 төгрөг дутуу төлснийг анхан шатны шүүх буруу тооцсон алдааг залруулах нь зүйтэй. Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Г ХХК, барьцааны гэрээний үүрэгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Б.О-, С.С- нар хариуцах учиртай тул улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан заалтад өөрчлөлт оруулна.

11. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01529 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-аас 671,118,747 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * банк ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гэснийг ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэж,

3 дахь заалтын ...199,800 төгрөгийг гэснийг 340,201 төгрөгийг гэж,

хариуцагч Г ХХК, Б.О-, С.С- нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,467,754 төгрөгийг гэснийг хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,513,544 төгрөгийг, хариуцагч Б.О-ээс 70,200 төгрөг, С.С-аас 70,200 төгрөгийг тус тус гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 161,476 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.С-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА