| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2509 00423 1234 |
| Дугаар | 2026/ДШМ/576 |
| Огноо | 2026-05-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/576
2026 05 08 2026/ДШМ/576
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Чимэдцэеэ,
шүүгдэгч Б.Б- /цахимаар/,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхоролын даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2509 00423 1234 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Д- овогт Б-ы Б-, 1999 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт .......оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: УБ-/,
Шүүгдэгч Б.Б- нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Н.П-д П- УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10 сая төгрөгөөр худалдана, эрхийн болон биет байдлаар зөрчилгүй хэмээн хэлэн итгүүлж түүнээс
- 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр,
9 дүгээр сарын 10-ны өдөр 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг,
10 дугаар сарын 13-ны өдөр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг,
10 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг буюу нийт 9,900,000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг өөрийн 5П-8 тоот дансаар,
мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр Н.П-д шилжүүлэн өгөх тээврийн хэрэгслийг худалдан авахад урьдчилгаа хэрэгтэй гэж хэлж итгүүлснээр Н.П-гийн эзэмшлийн Эйсэр /Асег/ загварын зөөврийн компьютерыг,
11 дүгээр сарын 4-ний өдөр Дэлл /dell G15, 17, 512 GB/ загварын зөөврийн компьютерыг тус тус өөрт шилжүүлэн авснаар нийт 15,699,900 /арван таван сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ээж маань хөгжлийн бэрхшээлтэй, ээжийгээ асардаг. Би хохирогчид учруулсан хохирлоо ажил хийж төлөх болно. Иймд хүсэлтийг минь харгалзан үзнэ үү...” гэв.
Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шүүх хуралдааныг хохирол, төлбөр төлөх зорилгоор хуульд заасан ажлын 5 хүртэл хоногоор завсарлуулсан. Гэвч тэрээр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ирээгүй, шүүхийн шатнаас оргон зайлсан. Түүнийг эрэн сурвалжилж олсны дараа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хэлэлцэхэд түүний зүгээс “...орон нутагт ажил хийхээр явсан...” гэх тайлбарыг гаргадаг. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо “...ээж маань хөгжлийн бэрхшээлтэй, ээжийгээ асардаг...” гэх агуулгыг тусгасан байна. Гэвч түүнийг ээжийгээ асарч, ханддаг болох нь баримтаар тогтоогддоггүй. Мөн түүний орон нутаг руу ажил хийхээр явсан нь үнэн бол түүний ээжийг хэн харж, хандаж байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Эдгээр нөхцөл байдлуудад дүгнэлт хийж үзвэл шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Шүүгдэгчид хохирол, төлбөр төлөх хугацаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хангалттай байсан, хохирлоо төлөх боломжоор нь шүүх хангасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршигт тохирсон байна гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Б.Б- нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Н.П-д П- УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10 сая төгрөгөөр худалдана, эрхийн болон биет байдлаар зөрчилгүй хэмээн хэлэн итгүүлж түүнээс 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр, 9 дүгээр сарын 10-ны өдөр 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг, 10 дугаар сарын 13-ны өдөр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг буюу нийт 9,900,000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг өөрийн 5П-8 тоот дансаар, мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр Н.П-д шилжүүлэн өгөх тээврийн хэрэгслийг худалдан авахад урьдчилгаа хэрэгтэй гэж хэлж итгүүлснээр Н.П-гийн эзэмшлийн Эйсэр /Асег/ загварын зөөврийн компьютерыг, 11 дүгээр сарын 4-ний өдөр Дэлл /dell G15, 17, 512 GB/ загварын зөөврийн компьютерыг тус тус өөрт шилжүүлэн авснаар нийт 15,699,900 /арван таван сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,
- хохирогч Н.П-гийн: “...Б- Prius 30 загварийн автомашинаа 10 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. 20254 оны 9 дүгээр сарын 5-нд 4.900.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-нд 2.900.0000 сая төгрөг, Б-гийн надаа зарна гэсэн машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэтэл аавынх нь нэр дээр байсан. Б- надад би машингүй гэртээ харьвал асуудал болно, би дараагийн машинаа аваад энэ машиныг нэр дээр нь шилжүүлье гэсэн. Уг Prius 30 загварийн автомашинаа автобокс гээд хайлтаас хайхад оношилгоонд тэнцэхгүй байхаар нь хэлэхэд өөр сайн машин авч өгнө гэсэн. Б-аас машинаа авчихвал болоо гэж боддог байсан. 2024 оны 10 дугаар сарын дундын миний зөөврийн компьютерийг ломбардад 700.000 төгрөгөөр тавьсан. Мөн шинэ зөөврийн компьютер зээлээр 5.100.000 төгрөгөөр худалдаж авахуулаад 2.800.0000 ломбардад тавьсан гэж хэлсэн. Надад янз бүрийн шалтаг хэлсээр байсан, би болсон бүх зүйлээ аавдаа хэлж аав Б-тай ярьж 6.000.000 төгрөг авсан. Би 700.000 төгрөгөөр ломбардад тавьсан компьютераа 814.000 төгрөгөөр буцааж авсан. Харин 5.100.000-аар авсан нөүтбүүк хаана байгаа мэдэхгүй байна. Б-аас машинаа ч аваагүй, утсаа салгаад алга болсон. 9.800.000 төгрөг нэхэмжилж байна...” /хх 12-14/ “...2 дахь нөүтбүүкийг надаа машин авч өгөхөд урьдчилгаа хэрэгтэй байна гээд хадам ээжийн нэр дээр зээлээр авахуулсан. Дансну хуулгаас харахад 9.900.000 төгрөг шилжүүлсэн. Нэмээд 2 нөүтбүүкний мөнгө 5.800.000 төгрөг болсон. ...” /хх 16, 18/,
- шүүгдэгч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би П-д машинаа зарна гэж хэлээд 10.000.000 сая төгрөг авч, машинаа өөр хүнд зарсан. Тэр машин аавын нэр дээр байсан ба надад аавын машиныг зарах эрх байгаагүй, зарах гэж байгаа талаар аав мэдээгүй. П-д би өөрийн нэр дээр автомашин лизингээр авч өгөх гэж нөүтбүүк ломбардад тавиулсан. П-гээс 10.000.000 сая төгрөг аваад аавдаа шинэ машин авч өгөх гээд урьдчилгаанд өгөх гэсэн боловч машины урьдчилгаа хүрээгүй, тэгээд П-д зарах гэж байсан машинаа урьдчилгаанд өгсөн...” /хх 22-23, 91/,
- гэрч Т.Э-гийн: “...П- мөнгөний хэрэг гарсан, нөүтбүүк зээлээр аваад өгөөч гэж хэлсэн. Тэр зээлийн мөнгийг П- төлж байгаа...” /хх 25/,
- зөөврийн компьютер лизингээр худалдан авсан гэрээ /хх 28-32/,
- “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан ...Acer загварын нөүтбүүк 700.000 төгрөг ... /хх 35-36/,
- Н.П-гийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 42-79/,
- Б.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад хувийн мэдээллүүд /хх 92-98/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгчийг залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Харин анхан шатны шүүх тогтоолынхоо тогтоох хэсэгт “залилах” гэмт хэргийн шинжийг орхигдуулж бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.
Тодруулбал, залилах гэмт хэрэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан хууль бус үйлдлийг ойлголог.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Б.Б-ы гэмт үйлдэл нь залилах гэмт хэргийн “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэсэн шинжүүдийг хангажээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б- өөрийн эзэмшлийн бус эцгийн нэр дээрх Prius 30 загварийн тээврийн хэрэгслийг түүнд мэдэгдэлгүйгээр Н.П-д худалдана гэж итгүүлж, түүнээс мөнгө авч, улмаар өөр эвдрэлгүй машин өгнө гэж итгүүлэн эд хөрөнгийн эрхэд халдаж буй үйлдэл нь залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах” шинжийг бүрэн хангаж буйг илэрхийлж байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаас 1 жилийн хугацаагаар хорих ялыг Б.Б-д оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шудрага ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Б-ы “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ы шийтгэх тогтоол гарснаас хойш энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцохыг магадлалд заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАЯРМАА