| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2018/0154/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 166
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ямаат овогт Д.Д д холбогдох 1828000000134 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18-19 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар багт байрлах *******ын харуулын 1 дүгээр постын байранд иргэн Х.И гийн зүүн гарын бугалга хэсгийг хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр *******ын 2 дугаар пост дээр жижүүрт гарсан. Тэгээд орой 18 цагийн үед 1 дүгээр постон дээр хоол идэх гэж очсон. Тэгээд Х.И хүзүүний яс чанасан байсныг идэж байгаад нутаг гэх 0.33 литрийн архи хувааж ууж байгаад Х.И надаар тоглоом хийхээр нь шаачихна шүү гээд хутгаараа тоглоод бугалга хэсэгт нь зүссэн байсан. Х.И зүсүүлсэн гэдгээ мэдээгүй байсан. Би ч мэдээгүй тэгээд Х.И аягаа угаах гээд босоход гараас нь цус гараад эмнэлэг руу явсан. Тэгээд цагдаа ирээд барьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Х.И гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 09 сарын 17-ны өглөө 08 цагт Дулааны цахилгааны станцын үүдний харуул хамгаалагчаар үүрэг гүйцэтгэсэн. Энэ өдөр Д.Д гэдэг хүн мөн цахилгаан станцын 2-р постод харуулын үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд орой 18 цагийн үед ажилчид тархаар нь би мах чанаад хоол хийсэн тэгээд Д.Д г дуудаад хамт хоол идэж байгаад юм ярилцаж байгаад Д.Д намайг хөөе гээд зүүн гарын булчин хавьд ёвроод цохих шиг болсон. Түүнээс өөр зүйл болоогүй байсан. Хоол идэж байхдаа бид хоёр 0,33 литрийн 1 шил архи хувааж уусан тэгээд Д.Д хоолоо идчихээд пост руу явсан. Тэгж байсан чинь миний зүүн гар луу цус урсахаар нь үзсэн чинь гарын булчингийн ар хэсгээс цус гарч байсан. Тэгээд би эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмнэлгийнхэн цагдаа дуудсан. Уг нь би Д.Д тэй муудалцсан зүйл байхгүй” гэжээ. /хх-10-11/,
Гэрч Ж.П гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 09 сарын 17-ны өглөө 07 цаг 30 минутад Дулааны цахилгааны станцын 1-р постод харуулаар гарсан Д гэх хүнийг харуул Х.И гээр сольж харуул хүлээлцүүлсэн. Орой бие эвгүй болоод байна гэж Х.И намайг дуудсан. Тэгэхээр нь очиход Х.И д ил харагдах ямар нэг шарх сорви байхгүй бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Х.И гийн даралт ихэссэн юм байх гэж бодоод эмнэлэг явуулсан. Учир нь Х.И гийн даралт ихсэж байна гээд эмчид байнга үзүүлж байдаг юм. Х.И явсан дараа би харуулын 1-р постод үлдсэн. Тэгсэн шалан дээр цус дуссан байхаар нь 2-р постны харуул Д.Д г дуудаж юу болсон гэж асуухад Х.И бид 2 маргалдсан тэгээд би Х.И гийн энэ гарыг нь гээд өөрийнхөө зүүн гарыг заагаад булчин дээр нь жаахан зүссэн гэж хэлсэн. Тэгэхлээр нь яагаад надаас нууж байгаа юм гэж хэлээд байж байтал цагдаа нар ирсэн.” гэжээ. /хх-12-13/,
Гэрч Д.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 09 сарын 17-ны орой 20 цаг 50 минутад намайг ажил дээрээ байхад хүлээн авах дээр Х.И гэх зүүн гарын булчингийн гадна 1/3 хэсэгт 2 см орчим зүсэгдсэн, гүн нь 2-3 см орчим шархтай ирсэн, асуумжаар 1 хүнтэй маргалдаж байхад намайг юмаар цохих шиг болсон тэгсэн нойтон оргиод явсан гэж хэлсэн. Тэгхээр нь цагдаагийн байгууллага дуудсан” гэжээ. /хх-14/,
Шүүгдэгч Д.Д.Д гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “2018 оны 09 сарын 17-ны өглөө 08 цагт Дулааны цахилгааны станцын 2-р постод харуулын үүрэг хүлээж авсан юм. Орой 18 цагийн үед 1-р постон дээр гарч байсан харуул Х.И дээр хоол хийж идэх гэж очсон. Очихдоо нутаг гэх 0,33 литрийн архи авсан байснаа Х.И тэй хувааж уусан. Тэгээд мах чанаж байгаад болохоор нь би хутгаар тухайн махыг идэж байхад Х.И хажууд надтай юм яриад сууж байсан. Тухайн үед Х.И надаар тоглоом хийх шиг болсон. Тэгэхэд нь би хариу болгож тоглоод мах идэж байсан хутгаараа Х.И г шаачих нь шүү гэж хэлээд хатгасан. Тэгэхэд Х.И яаж байна аа гэж хэлсэн. Тэгээд би махаа идчихээд 2-р пост руу явсан. Орой 21 цагийн үед байхаа харуулын ахлах Ж.П намайг 1-р постон дээр дуудсан. Тэгэхээр нь очиход Ж.П надад хандаж чи Х.И г хутгалчихсан юм уу гэж хэлсэн. Тэгэхэд нь пун хутгалах би зүгээр хутганы үзүүр хэсгээс барьж байгаад хатгачихна шүү гэж хэлээд 1 удаа хатгасан гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд би гараад зугатчихсан” гэжээ. /хх-25-26/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-8/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 18-ны 459 дугаартай дүгнэлт /хх-20/
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /хх-24/
Д.Д.Д гийн хүсэлт /хх-27/
Д.Д.Д гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-31-32/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/
Банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-34-40/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Д.Д д холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Д.Д.Д д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18-19 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар багт байрлах *******ын харуулын 1 дүгээр постын байранд иргэн Х.И гийн зүүн гарын бугалга хэсгийг хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны 459 дугаартай “Х.И гийн биед зүүн бугалганд шарх гэмтэл тогдоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйпчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр /хх-20/ хохирогч Х.И гийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Х.И гийн “... Хоол идэж байхдаа бид хоёр 0.33 литрийн 1 шил архи хувааж уусан” гэсэн мэдүүлэг /хх-10-11/, шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаарх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Д.Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-33/ тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан дээрх зүйл хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д нь хохирогч Х.И д хохирол төлбөрт 50.000 төгрөг бэлнээр төлсөн ба хохирогч хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-10-11/, Д.Д.Д гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр /хх-25-26/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шаргал өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.
Шүүхэд шүүгдэгч Д.Д нь өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаараа хүсэлтээ бичгээр ирүүлсэн ба заавал өмгөөлөгч оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ямаат овогт Д.Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Д г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Д.Д нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Д нь хохирогч Х.И д 50.000 /тавин мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутгыг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ