Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/561

 

                       

 

  2026            05            07                                       2026/ДШМ/561


Д.Д, Б.З, Э.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

яллагдагч Э.М-ийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/6199 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцлээр Д.Д, Б.З, Э.М нарт холбогдох эрүүгийн 2502000000247 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж овгийн Д.Д, ..............................................................., /РД:............................./,

2. Б овгийн Б.З, ................................................................., /РД:............................../,

3. Б овгийн Э.М, ......................................................................, /РД:........................../;

Яллагдагч Э.М нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэг “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэг “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7 дахь хэсэг “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасныг, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг тус тус зөрчиж Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/20 дугаар тушаалаар батлагдсан Аюулгүй байдал хамгаалалтын албаны “Нисэхийн Аюулгүйн хамгаалалтын ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.3.10 дахь хэсэг “Аюулгүй байдлын суурь сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн байх” гэж заасан шаардлагыг хангаагүй иргэн Д.Дийн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн аюулгүй байдал үндэсний шалгагчийн албан тушаалд томилогдох, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу Д.Дийг ажилд томилуулахын тулд тус байгууллагын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны дарга Б.С руу утсаар холбогдож дэмжлэг үзүүлэхийг хүсэж, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/477 дугаар тушаалаар Д.Дийг Үзлэг шалгалтын хэсгийн аюулгүй байдлын үзлэгийн шалгагч албан тушаалд томилуулж өгсний хариуд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын туслах, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Б.Згоор дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь 499216663 дугаарын дансаар 4.000.000 төгрөгийг хахуульд авсан,

мөн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Хүний нөөцийн удирдлагын газрын даргаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглоно гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”-ыг хориглоно гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж заасныг, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/05 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.27.2-т “Ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байдал, ашиг сонирхлын зөрчилгүй эсэх зэргийг харгалзах”, 3.27.8-д “Хүний нөөцийг төлөвлөх, ажилтнуудыг ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан шаардлагад нийцүүлэн мэргэжил, боловсрол, туршлагын дагуу сонгон шалгаруулах” гэж заасныг, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/22 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4.1-д “Тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн харьяа салбар, нэгжид ажиллаж байгаа ажилтнуудаас, эсхүл холбогдох төрийн байгууллагад ажиллаж байгаа болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудаас нөхнө” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ыг зөрчиж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б.Сыг Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Бизнес төлөвлөлтийн хэсгийн судалгааны мэргэжилтэн ажилд томилуулсан, улмаар Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын технологийн баримт бичиг бүртгэл хөтлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй Б.Сыг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус албан тушаалд томилуулж, түүнд давуу байдал бий болгосон,

яллагдагч Б.З нь Д.Дийг Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/20 дугаар тушаалаар батлагдсан Аюулгүй байдал хамгаалалтын албаны “Нисэхийн Аюулгүйн хамгаалалтын ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.3.10-т “Аюулгүй байдлын суурь сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн байх” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад Нисэхийн аюулгүй байдал үндэсний шалгагчийн албан тушаалд томилуулах буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Д.Дээс 5.000.000 төгрөгийг авч, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Мд 4.000.000 төгрөгийг өгч, хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

яллагдагч Д.Д нь Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/20 дугаар тушаалаар батлагдсан Аюулгүй байдал хамгаалалтын албаны “Нисэхийн Аюулгүйн хамгаалалтын ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.3.10-т “Аюулгүй байдлын суурь сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн байх” гэж заасан шаардлагыг хангаагүй байхдаа Нисэхийн аюулгүй байдал үндэсний шалгагчийн албан тушаалд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын туслах, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Б.З-оор дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Э.М-д 4.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Б.З-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/22 дугаартай тушаалын хавсралтаар “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ыг баталсан бөгөөд “Сул ажлын байр” гэж ажилтан ажлаас чөлөөлөгдсөн, өөр албан тушаалд томилогдсон, эсхүл ажилтан нас барсны улмаас суларсан ажлын байрыг ойлгоно” гэж уг журмын 1.3 дахь хэсэгт заасан байх ба тухайн журмаар Иргэний нисэхийн ерөнхий газар болон түүний харьяа салбар, нэгжийн сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байна. Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.15 дахь хэсэгт “Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжид сул орон тоо гарсан тохиолдолд дор дурдсаны дагуу орон тоог нөхнө.” гээд 3.15.1-д “Харьяа салбар, нэгжид ажиллаж байгаа ажилтнуудаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудаас”, 3.15.2-т “Энэ журмын 3.15.1-д заасны дагуу нөхөх боломжгүй бол нөөцөд байгаа иргэдээс”, 3.15.3-т “Энэ журмын 3.15.1, 3.15.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлана” гэж заажээ. Иймд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Бизнес төлөвлөлтийн хэсгийн Судалгааны мэргэжилтэн албан тушаалд нөөцөд бүртгэлтэй хэдэн иргэн байсан, түүнчлэн Б.С нь тухайн ажлын байрны нөөцөд бүртгэгдсэн байсан эсэхийг тодруулах, мөн бусдыг албан тушаалд томилох болон шилжүүлэн томилохдоо хэлтсийн дарга нараас саналыг нь авдаг талаар гэрч Ц.А мэдүүлсэн байх тул Б.Сыг анх ажилд томилох болон өөр албан тушаалд шилжүүлэн томилоход хэлтсийн дарга нараас саналыг нь авсан эсэх, тэдгээр албан тушаалтнуудаас уг нөхцөл байдлыг асууж тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Б.З нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.Дээс 5.000.000 төгрөг дансаар шилжүүлэн авч, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Э.Мийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс үзэхэд Б.З нь бусдаас авсан 5.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг өөртөө авч захиран зарцуулсан байх ба ямар шалтгааны улмаас уг мөнгийг өөртөө авсныг мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалган тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, 1.000.000 төгрөгийг ямар зорилгоор авсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах нь түүний уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хахууль авах, эсхүл өгөх гэмт хэрэгт хамтран оролцсоныг тогтооход чухал ач холбогдолтой бөгөөд прокурор энэ талаар ямар нэгэн дүгнэлт огт хийгээгүй байх тул дээрх асуудлыг тодруулсны эцэст хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Хэрэгт яллагдагч Э.Мийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499216663 дугаартай дансны, яллагдагч Б.Згийн эзэмшлийн Голомт банкны - дугаартай дансны хуулга цаасан хэлбэрээр авагдаагүй байх тул холбогдох банкнаас тэдний дансны хуулгыг гаргуулан авч хэрэгт хавсаргах нь зүйтэй...” гээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Э.М, Б.З, Д.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, яллагдагч нарыг хоорондоо уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сод-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.С-ын “...2024 оны 4 дүгээр сарын эхээр би аав Батдэлгэртэй ярилцаж байхдаа Иргэний нисэхийн салбарт ажиллах хүсэлтэй байгаа талаар хэлсэн. Гэтэл аав надад “манай найз болох Одхүүгийн дүү М гэж хүн Иргэний нисэхийн үндэсний төвийн Хүний нөөцийн удирдлагын даргаар ажилладаг юм байна. Аав нь хэлчихье, чи очоод уулзчих” гэж хэлсний дагуу М гэдэг хүнийг таньдаг болсон. Аав надад Мийн дугаарыг өгөөд “очоод уулз” гэсэн тул 2024 оны 4 дүгээр сарын эхээр Иргэний нисэхийн үндэсний төвд очиж М гэх хүнтэй уулзахад “анкетаа бөглөөд өгчих, чиний мэргэжилтэй тохирох ажил байгаа эсэхийг үзээд эргээд хэлье” гэж хэлсэн тул очсон өдрөө ажилд орох анкетаа бөглөөд нэг давхарт хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Алтантуяа гэдэг хүнд өгөөд явсан. Над руу 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Алтантуяа надтай холбогдоод “судалгааны мэргэжилтэн гээд албан тушаал байна, чи ажиллах уу” гэдэг саналыг тавьж, би зөвшөөрсөн. Ингээд дараагийн 1 дэх өдөр буюу 04 дүгээр сарын 22-ны өдөр очиж хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад 23-ны өдрөөс миний тушаал гарч ажиллаж эхэлсэн. Ингэж Мийг анх таньдаг болсон. Би ажилд орохдоо анкет бөглөж өгснөөс ямар нэгэн сонгон шалгаруулалтад ороогүй. Ажлын ярилцлагад мөн ороогүй...” гэсэн мэдүүлэг,

- Б.С-ын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл,

- гэрч Ц.А-ийн “...С шилжин томилогдох хүсэлт гаргасан байсан. Шилжин томилогдох хүсэлтийг судлан үзэхэд, Б.С нь Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын технологийн баримт бичиг бүртгэлт, хөтлөлт хариуцсан мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтод заагдсан тусгай шаардлагыг хангахгүй байсан. Тэгээд Хүний нөөцийн удирдлагын газрын дарга Э.М--д энэ талаар танилцуулахад тус орон тоо түр сул орон тоо, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах хүнгүй, хүн авах шаардлагатай учраас хүсэлтийг нь дэмжээд шилжүүлэх талаар тушаалыг нь тойруулж дарга нараас саналыг нь авчих гэж хэлсэн...” гэх,

- гэрч Г.М-ийн “...Б.С-ыг томилох төслийг нэг бүрчлэн уншиж албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан шалгаагүй ... Иргэний нисэхийн үндэсний төвд иргэнийг ажилд авах асуудал нь чиг үүргээрээ Хүний нөөцийн удирдлагын газарт байдаг юм. ...Хүний нөөцийн удирдлагын газрын даргад танилцуулж тушаалын төсөл боловсруулаад бусад газрын дарга нарт төслийг танилцуулж гарын үсэг зуруулдаг, ...анхнаасаа ийм шаардлага хангаагүй иргэнийг хүний нөөцийн мэргэжилтэн судлаад тушаалын төсөл боловсруулах ёсгүй...” гэх,

- гэрч Н.И-ийн “...Б.С-ыг томилох гэж буй газрын даргаар ажиллаж байсан Б.С-ын түр томилогдсон орон тоо нь хүүхэд асрах чөлөөтэй хүний орон тоо байсан. Тус орон тоо 2024 оны 2 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэл сул байсан учраас Хүний нөөцийн удирдлагын газраас амаараа удаа дараа хүн өгөхийг шаардаж байсан, ...би бол сул орон тоон дээр хүн авч газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор С-ыг томилох тушаалын төсөл дээр гарын үсэг зурсан, ...яг тэр хууль зүйн үндэслэл, албан тушаалын тодорхойлолтыг хүний нөөцийн удирдлагын газраас хариуцах ёстой байсан...” гэх,

- гэрч Ч.С-ийн “...Хүн томилох тушаалын төслийг Хүний нөөцийн удирдлагын газраас боловсруулан дарга нь хянаад оруулж ирдэг. Тийм учраас Ялангуяа би бусад газарт томилогдож байгаа иргэдийн тушаалын төсөлтэй танилцахдаа ерөнхий байдлаар танилцаж гарын үсэг зурдаг. Ерөнхийдөө бол Хүний нөөцийн удирдлагын газраас холбогдох ажиллагаа хуулийн дагуу явуулж оруулж ирж байгаа гэдэгт итгэдэг, ...ийм албан тушаалын шаардлага хангаагүй иргэнийг томилох тушаалын төслийг Хүний нөөцийн удирдлагын газраас анхнаасаа оруулж ирж танилцуулах ёсгүй...” гэх зэрэг мэдүүлгүүдээр Э.М нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Хүний нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчиж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.Сыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Бизнес төлөвлөлтийн хэсгийн судалгааны мэргэжилтнээр, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын технологийн баримт бичиг бүртгэл хөтлөлт хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад “Иргэний нисэхийн үндэсний төв”-ийн ТӨХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын менежер Н.Идэр, “Иргэний нисэхийн үндэсний төв”-ийн ТӨХК-ийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.С, “Иргэний нисэхийн үндэсний төв”-ийн ТӨХК-ийн сургалт, дадлагажуурын хэсэгт ахлах багш, нислэгийн хөдөлгөөний удирдагч Г.Мөнгөнхуяг нараас Б.Сыг анх ажилд томилох болон өөр албан тушаалд шилжүүлэн томилоход саналыг хэрхэн авсан талаар мэдүүлэг авсан байх бөгөөд дээрх албан тушаалтнуудаас уг нөхцөл байдлыг тодруулах зорилгоор дахин мэдүүлэг авах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзвэл нэр бүхий гэрчүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны шүүх хуралдаанд оролцуулах боломжтой.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авах тухай 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөгчийн 1007 дугаартай тогтоол, Голомт банкны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03-1459 дугаартай албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 6/10613 дугаартай албан бичиг, Б.Згийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, арилжааны банкнуудаас гаргуулан авсан Э.Мийн **************, **************, Б.Згийн ****** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтууд болон бусад баримтуудаар Э.М, Б.З, Д.Д нарын дансанд орсон, гарсан мөнгөн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг нарийвчлан тогтоосон, арилжааны банкнуудын дансны хуулгыг хатуу дискт хуулбарлаж хэрэгт хавсаргасан болно. Түүнчлэн дээрх баримтуудаар Б.З нь Д.Дээс шилжүүлсэн 5.000.000 төгрөгөөс Э.Мд өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйл баримт тогтоогддог бөгөөд анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай захирамж нь хэргийн бодит байдал нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагаагаа тогтоогдсон нөхцөл байдлыг буцаах үндэслэлээ болгосон, тодруулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээнээр шийдвэрлэх боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагч Э.Мийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс прокурорын яллах дүгнэлттэй холбогдуулж анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Прокуророос миний үйлчлүүлэгч Э.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн учраас нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзээд өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн заримыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэгдүгээрт, Э.Т гэх хүн тушаал гаргадаг.  Харин Э.Мийн хувьд сонгон шалгаруулах ажилтнууд байхад тэдгээрээс түрүүлж Б.С гэх хүнийг урдуур нь оруулж тушаал гаргуулахаар танилцуулж байгаа үйлдэлд давуу байдлын шинж байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн давуу байдал олгох шинж нотлогдохгүй, нөгөө талаараа үүнийг шалгаагүй байна гэж үзэх үндэслэлтэй. Хэрэв шалгаад ямар ч хүн байгаагүй, зөвхөн Б.С гэх хүн нөөцөд бүртгэлтэй байгаад, түүний урдуур оруулах боломжгүй байгаад томилох асуудлыг бусад дарга нартаа танилцуулсан үйлдэл хийсэн бол гэмт хэргийн шинж агуулах байсан. Прокурор цагаатгах талын гол нотлох баримтыг огт шалгаагүй. Хэрэв ийм үйл баримт тогтоогдож зөвхөн Б.С нөөцөд байж, ийм асуудал үүссэн тохиолдолд прокурорын дүгнэлт үгүйсгэгдэнэ. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд хяналтын прокурорт 2 удаа, Нийслэлийн прокурорын газарт 2 удаа, Улсын ерөнхий прокурорын газарт 2 удаа гээд нийт 6 удаа гомдол гаргасан боловч хүлээж аваагүй, шалгаагүй. Тиймээс аргагүй эрхэнд шүүхэд хандсан. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулж нэг талын буюу яллах талын баримтууд цугларснаар өмгөөлөгчид өмгөөллөө хийх боломжгүй, тэгш мэтгэлцээний нөхцөл байдал үүсэхгүй байсныг анхан шатны шүүх маш гярхай бөгөөд нягт нямбай хандсан гэж үзэж байна. Цаашид иймэрхүү практик бий болоосой хүсэж байна. Давуу байдал олгоогүй гэх өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг шүүх зөв зүйтэй үнэлж харсан. Тушаал гаргахгүй хүн бусдад давуу байдал олгох ямар ч боломжгүй гэдгийг огт шалгаагүй. Хоёрдугаарт, сул ажлын байр гэх асуудлыг ярьдаг. Гэтэл дээрх ажлын байр байнгын шинжтэй ажлын байр юм. Нөөцийн ажилтан гэдэг нь түр орон тоон дээр ажиллаж байсан хүнийг хэлэх бөгөөд ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй, сул орон тоон дээр хүн томилох асуудал туршилтын журмаар явагдаж, дараа нь сонгон шалгаруулалт зарладаг процесс үйл ажиллагаа байтал үүнийг анхаарч шалгахгүйгээр давуу байдал олгосон гэж буруутгасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Албаны дарга нарт ажилд авах хүнийг танилцуулсан гэдэг. Э.Тт үнэхээр нөлөөлсөн асуудал үүсгэсэн үү, албан тушаалыг буруу танилцуулж, даргад нөлөөлж, шийдвэр гаргахад ямар нэгэн хэлбэрээр нөлөөлсөн идэвхтэй үйлдэл үзүүлсэн үү гэдгийг тодруулах нь зүйтэй. Э.Т гэх хүн шийдвэр гаргахдаа нөлөөнд орсон эсэхийг тодруулахгүйгээр шийдвэрийг нь авч хэлэлцэх боломжгүй. Гуравдугаарт, Ц.О гэх хүн хэрэгт яригддаг. Э.М нь Батдэлгэр хүнийг танихгүй гэж мэдүүлдэг. Тэгэхээр яамны ажилтан Ц.О нөлөөлөл үүсгэсэн үү, эсхүл зүгээр танилын хүрээнд “Танай байгууллагад ажлын орон тоо байна уу, байгаа бол өргөдлийг нь авах уу, танайх хүний нөөцийн хувьд ямар бодлого, судалгаа барьдаг вэ” гэж асуусан уу гэдгийг тогтоох шаардлагатай. Учир нь, хүний нөөцийн албан тушаал нь зүгээр хараад сууж байдаг ажил биш. Ямарваа нэгэн хэлбэрээр ажилтныг идэвхтэй эрэн сурвалжилдаг, орон тоо гарсан тохиолдолд хүмүүст танилцуулж, орооч гэдэг байдлаар нээлттэй ханддаг, танил тал гэхээс илүү шалгуур хангаж байгаа хүмүүсийг хайдаг орон тооны ажил юм. Гэтэл хүний нөөцийн албан тушаалтыг зүгээр сууж байгаад ирэнгүүт нь шууд авдаг юм шигээр ойлголт төрүүлж болохгүй. Ц.О гэх хүний нөлөөлөл үнэхээр байгаад энэ асуудал үүссэн бол давуу байдал олгосон нөхцөл байдал бүрэн тогтоогдох байх. Түүнчлэн, Б.З гэх хүн хахуульд өгсөн мөнгөнөөс 1.000.000 төгрөг авсан гэдэг. Б.З нь албан тушаалтан бөгөөд шийдвэр гаргахгүй ч нөлөөллийн асуудал үүсгэсэн байтал уг үйлдэлд нь дүгнэлт хийгээгүй, зөвхөн мөнгө өгсөн асуудлаар яригддаг. Үүнийг тодорхой болгож мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэх асуудлаар маргаж, Авлигатай тэмцэх газар энэ талаар дүгнэлт өгөөгүй тул нийтийн албан тушаалтан гэдгийг үгүйсгэж байгаа. Учир нь, Иргэний нисэхийн ерөнхий газар тухайн үед төрийн өмчит улсын үйлдвэрийн газар байсан. Тэгэхээр эрх бүхий албан тушаалтан болохгүй, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаггүй. Энэ албан тушаал төрийн захиргааны болоод жинхэнэ албан тушаалтан мөн эсэхийг тодруулж өгөөч гэж Төрийн албаны зөвлөл, Үндсэн хуулийн цэцэд хандсан. Нийтийн албан тушаалтан гэх эрх ямбыг нь олгохгүй хэрнээ хариуцлага хүлээлгэх болохоор нийтийн албан тушаалтан мөн гэж болохгүй. Иргэний нисэхийн ерөнхий газрын албан тушаалтнууд төрийн жинхэнэ албан тушаалтан мөн эсэх талаар маргаан үүссэн тул үүнийг шалгуулмаар байна. Иймд дээрх үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг няцааж байна. Прокурорын эсэргүүцлээ танилцуулахдаа хэргийг тоочиж, ийм байдлаар нотлогдсон гэж байна. Зүй нь шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн агуулгаар мэтгэлцсэн бол эсэргүүцэл бодитой байх байсан гэж харж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж чадаагүй асуудлыг нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг урьдчилсан байдлаар хэлэлцэж прокурорт буцаах хууль зүйн зохицуулалтай.

Яллагдагч Д.Д, Б.З, Э.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Бизнес төлөвлөлтийн хэсгийн Судалгааны мэргэжилтэн албан тушаалын нөөцөд бүртгэлтэй хэдэн иргэн байсан, Б.С нь тухайн ажлын байрны нөөцөд бүртгэгдсэн байсан эсэх, Б.Сыг өөр ажилд шилжүүлэн томилоход хэлтсийн дарга нараас санал авсан эсэх, мөн Б.З нь ямар шалтгааны улмаас 1.000.000 төгрөгийг өөртөө авсан, үүнтэй холбоотой Э.М, Б.З нарын холбогдох банкны дансны хуулгануудыг цаасан хэлбэрээр гаргуулан хэрэгт хавсаргах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж, үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” хэмээн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

1. Прокуророос Э.Мийг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Хүний нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглоно гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”-ыг хориглоно гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж заасныг, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/05 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.27.2-т “Ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байдал, ашиг сонирхлын зөрчилгүй эсэх зэргийг харгалзах”, 3.27.8-д “Хүний нөөцийг төлөвлөх, ажилтнуудыг ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан шаардлагад нийцүүлэн мэргэжил, боловсрол, туршлагын дагуу сонгон шалгаруулах” гэж заасныг, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/22 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4.1-д “Тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн харьяа салбар, нэгжид ажиллаж байгаа ажилтнуудаас, эсхүл холбогдох төрийн байгууллагад ажиллаж байгаа болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудаас нөхнө” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-ыг зөрчиж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.Сыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Бизнес төлөвлөлтийн хэсгийн судалгааны мэргэжилтний ажилд томилуулсан, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын технологийн баримт бичиг бүртгэл хөтлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй байхад тус албан тушаалд томилуулж, түүнд давуу байдал бий болгосон гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт холбогдуулан шалгажээ.

“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар хуульчилжээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг чиглэсэн гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг юм.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектив тал нь шууд санаатай хэлбэрийг шаарддаг буюу албан тушаалтан нь хууль бус үр дагаврыг урьдчилан мэдэж, хүссэн байх ёстой.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б.С 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Бизнес төлөвлөлтийн хэсгийн судалгааны мэргэжилтэн, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын технологийн баримт бичиг бүртгэл хөтлөлт хариуцсан мэргэжилтэн гэсэн тус тус албан тушаалд томилогдон ажиллах үед Э.М Иргэний нисэхийн үндэсний төвийн Хүний нөөцийн удирдлагын газрын даргын ажил, албан үүргийг гүйцэтгэж байсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 105 дахь талд авагдсан Э.М-тэй хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн тухай Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалын хуулбараар нотлогдож байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжид сул орон тоо гарсан тохиолдолд нэгдүгээрт, харьяа салбар, нэгжид ажиллаж байгаа ажилтнуудаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудаас сонгох, хоёрдугаарт, дээр дурдсан ажилтан байхгүй бол нөөцөд байгаа иргэдээс, гуравдугаарт, нөөцөд иргэн байхгүй, нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэсэн шат дараалалтайгаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр байна.

Э.Мийг прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.С-ыг ажилд томилуулж, түүнд давуу байдал бий болгосон гэж дүгнэхийн тулд түүний Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах болон Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журамд тус тус заасан үндэслэлээр сонгон шалгаруулалт зарлаж Б.С-ыг ажилд авсан эсэх, эсхүл хүний нөөцөө бүрдүүлээгүй, тухайн үед нөөцөд бүртгэлтэй иргэд байгаагүй учраас ажилд орох анкет өгсөн иргэнийг шууд авсан эсэхийг шалгах, мөн Б.С-ын томилогдсон албан тушаалд нөөцөд бүртгэлтэй иргэн байсан эсэх, байсан бол хэдэн иргэн байсан, Б.С нь тухайн ажлын байрны нөөцөд бүртгэгдсэн байсан эсэхийг тодруулах шаардлагатай тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2. Мөн Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах нөхцөл байдлыг бүрэн хөдөлбөргүй тогтоох шаардлагатай юм.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг заавал тогтоож, шүүх яллагдагчийн гэм буруугийн харилцан хамааралд зөв дүгнэлт хийж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байх учиртай ба тус хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу шалгасан, тогтоох ажиллагааг хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Тодруулбал, прокуророос яллагдагч Э.Мийг “...Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/20 дугаар тушаалаар батлагдсан Аюулгүй байдал хамгаалалтын албаны “Нисэхийн Аюулгүйн хамгаалалтын ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.3.10 дахь хэсэг “Аюулгүй байдлын суурь сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн байх” заасан шаардлагыг хангаагүй иргэн Д.Д-ийн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн аюулгүй байдал үндэсний шалгагчийн албан тушаалд томилогдох, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу Д.Д-ийг ажилд томилуулахын тулд тус байгууллагын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны дарга Б.С руу утсаар холбогдож дэмжлэг үзүүлэхийг хүсэж, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/477 дугаар тушаалаар Д.Дийг Үзлэг шалгалтын хэсгийн аюулгүй байдлын үзлэгийн шалгагч албан тушаалд томилуулж өгсний хариуд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын туслах, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Б.З-гоор дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь 499216663 дугаарын дансаар 4.000.000 төгрөгийг хахуульд авсан...” гэж тодорхойлсон байх боловч тухайн үед Иргэний нисэхийн үндэсний төвийн Хүний нөөцийн удирдлагын газрын даргаар Б.С гэх хүн ажиллаж байсан нөхцөл байдал байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/477 дугаартай “Д.Д-тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, ажилд авах тухай” тушаалыг Б.С гэх хүн гаргаж, гарын үсэг зурсан /1хх 120/ буюу тэрээр зохих журмын дагуу материал бүрдээгүй, журамд заасан нөхцөл хангаагүй иргэнийг ажилд томилж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан байтал Захиргаа, удирдлагын хэлтсийн захиргааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Мийг хахууль авч, бусдыг ажилд томилуулсан хэрэгт холбогдуулан шалгажээ.

Иймээс Б.С-ын оролцоо, үйлдлийг шалгах, хуульд заасан зохих ажиллагааг явуулж, хэний гэмт үйлдлээс шалтгаалан хэн, хэрхэн давуу байдал олж байгаад прокурор хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/6199 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/6199 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ