| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2018/0156/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2018-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 168
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Б.Б ,
Хохирогч Н.У ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б т холбогдох эрүүгийн 1828000000136 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б овогтой Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний шөнийн 03 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дээр иргэн Н.*******ын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний шөнийн 03 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дээр хохирогч Н.У ыг “пивоо зарчих, наад хүүхнээ өгчих” гэдгээр шалтаглан бие эрх чөлөөнд халдан зодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.У ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 09 сарын 21-ний шөнө 02 цагийн үед би эгчийн хамт *******аас гэр рүү явж байсан. Тэгээд нэг цагаан машин зөөлөн хажуугаар өнгөрөөд гудамны үзүүр дээр өмнөөс гэрэл тусгаад зогсож байсан. Тэгээд нэг залуу бууж ирээд пиво зарчих гэхээр нь үгүй ээ өөрсдөө яваад авчих бид нар явган явж байна гэсэн чинь тэгүүл наад хүүхнээ зарчих гэхээр нь үгүй чи хүн андуураад байгаа юм биш үү хөгшөөн гэсэн чинь би чиний хөгшин биш гээд шууд зодсон. Тэгээд толгой нүүр хэсэг рүү хөшиглөсөн. Тэгээд жолооч нь гээд нэг залуу бууж ирээд******* хөгшөөн болио гээд салгасан. Манай найзыг уучлаарай, архи уухаараа ийм зан гаргадаг гээд аваад явсан. Тэгээд би номерыг нь харж чадаагүй манай эгч харсан байсан. Тэгээд гэртээ арай гэж хариад түргэн дуудаад тэгээд эмнэлэг ороод цус тогтоох, өвчин намдаах тариа, боолт хийлгээд маргааш нь гэмтлийн эмч дээр очоод үзүүлсэн. Намайг хот яв гэсэн. Энд эмчилгээ байхгүй гэж хэлсэн. Нүүр ам маань битүү хавдартай байсан. Тэгээд хот явах гэсэн боловч 1.000.000 төгрөгийн шаардлагатай байсан. Надад мөнгө байхгүй, очоод байх газаргүй болохоор явж чадаагүй. Тэгээд энд эм тан уугаад гайгүй болсон. Би Б.Б гэж хүнтэй уулзсан. Уулзаад яах гэж байна вэ? гэхэд аав нь бас уулзсан. Одоо эмчилгээнд хэд орчим төгрөгийн хэрэг байна вэ? гэж асуусан. Тэгээд одоогоор бид нар мөнгөний боломж байхгүй байна. Мөнгөтэй хүн алга гэсэн. Би хот явж эмчилгээ хийлгэмээр байна. Эмчилгээний мөнгө 1.500.000 төгрөг өгчих гэсэн оловч одоогоор өгөөгүй байна” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлуүүлэгт:...”Хэлэх зүйл байхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1828000000136 дугаартай хэргээс:
Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө би өөрийн найз Б , Б , Ч нартай нийлж гадуур архи ууж явцгаасан юм. Бид нар Б гийн машинтай явсан.. Машиныг Б өөрөө унаж явсан. Энэ шөнийн 04 цагийн орчимд******* гэр хорооллын гудмаар явж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явган алхаад явж байсан. Хэддүгээр гудмаар явснаа санахгүй байна. Бид нар тэр хоёр хүний хажуугаар нь өнгөрөөд явж байхад Б тэр хоёр хүний бариад явж байгаа пивыг нь худалдаж авъя, тэгээд хүүхнийг нь найръя гэж хэлэхэд бүгдээрээ тэгье гэж Б ын хэлснийг дэмжээд эргэж хараад машиныхаа гэрлийг өөдөөс нь тусгаад зогссон. Би машинаас бууж өөдөөс нь алхаж очиход пивоо зарчих гэж хэлэхэд эрэгтэй нь үгүй гэж хэлсэн. Би буцаад машин руу явж байхад машин дотроос нэг нь гэр лүү чинь хүргээд өгье суучихаач гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу, чадал чинь хүрвэл хүргээд өгчихөөч гэж хэлээд цааш явсан. Би тухайн үед машин дотроо буцаад суусан байсан. Тэр эмэгтэй эрэгтэй хоёрыг цаашаа яавхад нь би машинаас бууж араас нь очоод пивоо зарчихаач наад хүүхнээ хамт өгчихөөч гэж хэлэхэд үгүй яах гээд байгаа юм гэж надад хэлсэн. Би дахиад хэд хэдэн удаа пивоо хүүхэнтэйгээ хамт өгчихөөч гэж хэлэхэд залуу нь чам шиг муу банди ингэх болоогүй шүү гээд миний энгэрнээс заамдаад барьсан. Тэгэхээр нь би тэр залуугийн нүүрэнд нь цохиж зодсон. Тэгтэл машинаас Б гарч ирээд болиоч гээд намайг салгаж аван машин руу явсан. Машин руу орох гэж байхад тэр залуу миний араас, гарнаас бариад авсан. Би гараа дугтартал тэр залуу газар унасан. Би эргэж хараад нүүрэнд 3 удаа өшиглөсөн. Тэр үед Б машинаа хөдөлгөөд ухарсан. Би машин дээр очиж суусан. Тэгээд бид нар яваад машин дотроо унтацгаасан байсан.******* архи уусан согтуу байдалтай байсан. Би их согтолттой байсан.******* намайг зодож цохиогүй. Миний биед гэмтэл учраагүй. /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Гэрч Ө.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 сарын 21-ний өглөө үүрээр 03 цаг өнгөрөөд дүүгээ гэрт нь хүргэж өгчихөөд*******ийн нэг гудманд явж байхад Б.Б нэг хүнтэй алхаж байхаар нь суулгасан. Тэгэхэд архи хайгаад явж байна гээд архи уусан бололтой үнэртүүлчихсэн явж байсан. Шөнө онгойх дэлгүүр байна уу гээд явж байхад танихгүй эрэгтэй эмэгтэй хүмүүс том савтай пиво бариад явж байхад Б.Б тай хамт машинд суусан залуу болох Б гэх хүн пиво зарах болов уу асуугаадах гэж Б.Б т хэлсэн. Тэгэхэд нь би тухайн хүний хажууд нь очоод зогсоход Б.Б уулзах гээд машинаас буусан. Тэгээд уулзчихаад машинд суусан. Тэгэхэд нь юу гэж байна гэж Б асуухад чаддаг юм бол хүргээд өгчих гээд томроод байна гэж хэлэхээр нь за за ярьшиг гэж хэлээд тэндээс хөдөлсөн. Тэгэхэд Б Б.Б т хандаж гэрт нь хүргэе тэгээд хамт яваа хүүхэн нь таалагдаад байна цуг уухнуу асуугаад аваадах гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний хажууд нь очиж зогсоход Б.Б машинаас буусан. Тэгээд маргалдаад байх шиг байхаар нь би араас нь буухад тухайн танихгүй хүн нь Б.Б т хандаж чам шиг хүүхэд надад томрохгүй гээд бариад авахад Б.Б тэр хүний нүүр хэсэг рүү нь цохиод байсан. Тэгхээр нь би голоор нь салгах гэхэд тэр хоёр зууралдаад тавихгүй байхаар нь би ноцолдож байгаад Б.Б ыг салгасан. Тэгэхэд нөгөө танихгүй хүн Б.Б ыг зуураад тавихгүй байсан. Тухайн үед би арай хийж л салгасан. Тэгээд Б.Б ыг аваад явж байхад араас нь нөгөө танихгүй хүн Б.Б ын цамцнаас нь зуурсан. Тэгсэн Б.Б гараа угз татахад тэр танихгүй хүн газар унасан. Тэгэхэд Б.Б нүүр лүү нь өшиглөөд дахиад зодоод байсан. Тэгхээр нь би голоор нь ороод салгах гэхэд үгэнд орохгүй нүүрэн дээр нь 3-4 удаа дэвсээд өшиглөөд байсан. Тэгээд болохгүй байхаар нь Б.Б ыг тэнд нь үлдээгээд машинд суугаад ухрахад Б.Б тухайн хүнээсээ салаад гүйгээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь машинд байсан хүмүүсийг гэрт нь хүргэж өгсөн.”/хх-14-15 дугаар хуудас/,
Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 22 цаг өнгөрч байх үед найз Б рүү утсаар залган ярьж хүрээд ир*******г найзынхаас нь очиж авъя гэж хэлсэн. Удалгүй Б хүрч ирээд бид хоёр Ч гийн найзынд очиж Ч г авсан. Тэр үед Б.Б Б рүү утсаар ярьсан байсан юм байна лээ. Тэгээд Б.Б ыг очиж аваад бид дөрөв аймгийн төвөөр явсан. Б.Б тай анх уулзахад л архи уусан согтуу байсан. Цагийг нь яг сайн санахгүй байна 03 цагийн орчимд л байх бид нар аймгийн төвийн******* хорооллоор явж байхад эрэгтэй эмэгтэй хоёр хүн урд явж байгаа нь машины гэрэлд харагдсан. Эрэгтэй нь пиво бариад явж байсан. Бид нар хажуугаар нь гараад явж өнгөрөөд эргэж харж зогссон. Б Б.Б хоёр хоорондоо яриад пивыг нь авъя гэж ярьцгаасан. Би машины хойд суудал дээр Ч тэй хамт сууж байсан юм. Тэгээд Б.Б машинаас пивыг нь авах гэж буусан. Би тухайн үед Ч тэй юм яриад ард сууж байсан болохоор гадаа юу болоод байгааг сайн анзаараагүй байсан юм. Тэгтэл машины зүүн гар талд Б.Б гадаа нөгөө залуутай зууралдчихсан зогсож байсан. Б тэр хоёрыг салгах гэж машинаас бууж очсон. Би машинаас буух гэсэн чинь Б буцаж орж ирж суугаад миний машины номерыг харчихлаа гээд машинаа хөдөлгөсөн. Намайг харахад гадаа Б.Б тэр танихгүй залууг доош нь дарчихсан өшөглөж зодож байсан. Б бид хоёр зодооныг салгахаар машинаас бууж байтал Б.Б өөдөөс гүйж ирээд машинд суусан. Нөгөө эрэгтэй хүн нь газар хэвтэж байсан. Тэгээд бид нар явсан.”хх-16-17 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 26-ны өдрийн №470 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 1. Н.У ын биед хамар ясны хугарал, тархины доргилт, баруун, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, зүүн доод зовхины язарсан шарх, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлехгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 20 дугаар хуудас/
Хохирогч Н.У ын амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-35-37 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Иймд шүүгдэгч Б.Б ыг шалтаг шалтгаангүйгээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.У эрүүл мэндэд учирсан хохирол, түүний хор уршгийг арилгахад 1500000 төгрөг гарна, шүүгдэгч Б.Б аас гаргуулж өгнө үү гэснийг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Хохирол төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байх тул хэлэлцэх боломжгүй гэж үзлээ. Иймд нотлох баримтаа бүрдүүлсэний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хуульзүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 1828000000136 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Арилжааны банкуудын тодорхойлолт /хх-ийн 44-49 дүгээр хуудас/,
Ял шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний хуулбар /хх-39 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 09 сарын 28-ний өдрийн №1108 дүгаар тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/,
Мэргэжлийн болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-40-41 дүгээр хуудас/ шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Рэн овгийн Б.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.У ын нэхэмжилсэн 1 500 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ