Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 211/МА2022/00019

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

             хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2022/00275 дугаартай шийдвэртэй

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн анги,

Архангай аймгийн Засаг дарга нарт холбогдох

Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн ойжуулагчийн ажлыг үргэлжлүүлэн хийхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 4.509.348 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Б нь 2014 оноос эхлэн Архангай аймгийн Цэнхэр сумын Сум дундын Ойн ангид ойжуулагчийн албан тушаалд томилогдож, 2021 оны 07 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан. Дунд нь бүтцийн өөрчлөлт орж байсан ч миний ажлын байранд өөрчлөлт ороогүй тул би ажлаа хийсээр байсан. Гэтэл 2021 оны 07 дугаар сараас эхлэн цалин олгогдохоо болиод эхэлсэн. Цалин олгогдохгүй байгааг лавлатал шинэ ойн анги болж байгаа, шинэ хүн авсан, манай орон тоо гүйцсэн гээд намайг ажиллуулахгүй гэсэн хэрнэ надад ажлаас чөлөөлсөн тушаал ч өгөөгүй бөгөөд ямар нэгэн мэдэгдэл ч өгдөггүй. Уулзахаар ажилд нь оруулна санаа зоволтгүй комисс гарсан гэж тайвшруулсаар өдий хүрлээ. Одоо миний бие ажил ч үгүй, цалин ч өгөхгүй, бас чөлөөлөгдсөн тушаал ч байхгүй ойлгомжгүй байдалтай байна. Бүтцийн өөрчлөлт орсон ч миний ажлын байр хэвээр хадгалагдаж байхад намайг ажиллуулахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж буй тул өөрийн тушаалтай ажил болох Цэнхэр сумын Сум дундын ой ангийн ойжуулагчийн ажлаа үргэлжлүүлж хийх хүсэлттэй байна. Иймээс Архангай аймгийн Цэнхэр сумын Сум дундын ой ангийн ойжуулагчийн ажлыг үргэлжлүүлж хийхийг даалгуулж, 2021 оны 08 дугаар сараас эхлэн цалингүй байлгасан хугацааны цалин 2.818.305 төгрөгийг гаргуулах, 2021 оны 07 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасарсан тул түүнийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Миний бие Б.Б нь өмнө гаргасан Цэнхэр сумын ойн ангийн ойжуулалтын ажлаа үргэлжлүүлэн хийлгүүлэхийг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 2.818.305 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын төлөлтийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлдээ нэмж эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойших 01, 02, 03 дугаар сарын мөнгө 1.691.043 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна.

Би Цэнхэр сумын Сум дундын ойн ангийг 2014 онд анх байгуулагдахад нь ойжуулагчийн ажлын орон тоон дээр ажилд орж ажиллаж байсан. Дунд нь бүтцийн өөрчлөлтүүд явагдаж байсан. Сумын харьяа байж байгаад аймгийн харьяа болж эргээд сумын харьяа болж ажиллаж байгаа. Хамт ажиллаж байсан инженерүүдээс маань нэг инженер ажлаа хийгээд явж байгаа. Би болохоор ажлын байран дээрээ ажиллаж чадахгүй, 07 дугаар сараас хойш цалингаа ч авч чадахгүй явж байна. Нэгдүгээрт бид нарт мэдэгдэл өгөөгүй. Хоёрдугаарт бид нарт ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй. Тийм учраас ажлын байраар хангуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх гэсэн шаардлагаасаа татгалзаж байна. Бусад шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

 

Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн дарга Т.Б шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн а/63 тоот захирамжаар /Ойн нэгж, сум дундын ойн ангиудыг байгуулж, бүтэц орон тоог батлах тухай/ шинээр байгуулагдсан ба Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн б/069 тоот захирамжаар /Т.Быг Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн даргаар томилох тухай/ дарга томилогдон үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсанаас хойш ажлаас чөлөөлөх, халах тушаал гаргаагүй ба батлагдсан орон тоо, хууль дүрмийн дагуу 4 ажилтан шинээр томилж, 5 хүний орон тоотой ажиллаж байна. Нэхэмжлэгч иргэн Б.Б нь аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангид ажиллаж байсан ба ажлаас халагдах тушаалыг уг байгууллагын дарга Ч.Л гаргаж зохих хуулийн дагуу явах байсан. Б.Бд аймгийн тамгын газраас 2021 оны 07 дугаар сар хүртэл цалин олгосон ба тэтгэмж олгосон болно. Иймд иргэн Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хуучин аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн ангийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар татан буулгаж, буцаагаад 3 суманд шинээр ойн ангиудыг байгуулсан. Улсын бүртгэл дээр өмнөх ойн ангийг татан буулгах хүсэлтийг тамга, тэмдэг гэрчилгээтэй нь хамт улсын бүртгэлд өгсөн. Миний бие нь улсын бүртгэлээс хүсэлтээ өгч, гэрчилгээ, тамгаа хууль ёсных нь дагуу гаргуулж авсан байгаа. Надад Б.Бг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй. Аймгийн Засаг даргын баталсан орон тооны дагуу 4 хүнийг ажилд нь шинээр томилж, өнөөдрийг хүртэл цалинг нь олгоод явж байгаа. 07 дугаар сар хүртэл цалин өгөхөд бид нарын тамга, тэмдгийг дарж, гарын үсэг зурж гүйлгээ хийгдээгүй. Өөрөөр хэлбэл миний бие болон нөгөө хоёр сум дундын ойн ангийн дарга нар гарын үсэг зурж, тамга, тэмдгээ дарж гүйлгээ хийгээгүй. Төлбөрийн гүйлгээн дээр гурван сум дундын ойн ангийн тамга, тэмдэг дарагдаагүй байгаа. Хуучин аймгийн Засаг даргын дэргэдэх тамга, тэмдэг, түр захирамж гарч олгогдсон байгаа. Хуучин ойн ангийг татан буулгахдаа хуучин ойн ангийн дарга н.Л гэдэг хүнд хууль ёсных нь дагуу мэдэгдлийг нь өгч, хууль ёсных нь дагуу 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр татан буулгасан учраас тус захирамжийг өөрт нь гардуулж өгсөн юм байна лээ. Б.Б нэхэмжлэлээ н.Л гэдэг хүнд хандаж гаргах ёстой юм болов уу гэж бодож байна. Хуучин дарга нь ажилчдынхаа тушаалыг гаргаж өгөхгүйгээр өөрөө ажлаа хаяад явчихсан байгаа юм. Надтай бас шүүхээр явж байгаад эвлэрсэн байгаа.” гэжээ.

 

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Бгийн Цэнхэр сумын Сум дундын ойн ангийн ойжуулалтын ажлаа үргэлжлүүлэн хийлгүүлэхийг даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын төлөгдөөгүй төлөлтийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт аймгийн Засаг даргын бүрэн эрхийг тусгаж өгсөн бөгөөд 17.2.8 дахь хэсэгт “аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоо батлан, тэдгээрийн даргыг Байгаль орчны газрын даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан байна. Мөн Засгийн газрын “Ойн талбайн норматив батлах тухай” 2012 оны 255 дугаар тогтоолд заасны дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын А/62 дугаар захирамжаар татан буулгаж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/63 дугаар захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэд ойн нэгж, Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдад байгуулсан. Иргэн Б.Б нь аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангид ажиллаж байсан. Ойн ангийн даргаар Ч.Л ажиллаж байсан бөгөөд Б.Бг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж холбогдох асуудлыг шийдвэрлэх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т аймгийн Засаг даргын бүрэн эрхийг тусгаж өгсөн байгаа. Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8-д “Аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг Байгаль орчны газрын даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэсэн энэ бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А/62 тоот захирамжаар татан буулгаж, буцаагаад А/63 захирамжаар сум дундын ойн ангиудыг байгуулж, бүтэц орон тоог нь баталсан байгаа. Ихтамир, Цэнхэр, Эрдэнэмандал зэрэг сумдад ойн ангийг байгуулсан. Иймд Б.Б нь аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангид ажиллаж байсан. Хуучин ойн ангийн даргаар н.Л гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд ажлаас чөлөөлөх захирамжийг н.Л гаргасан байгаа байх. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2022/00275 дугаартай шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6, 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бг ойжуулагчийн ажлын байраар хангаж ажиллуулах, 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд урьд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,509,348 төгрөг гаргуулан олгох, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангид даалгаж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож; Энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан  хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн дарга Т.Б миний бие Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2022/00275 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие шүүхийн шийдвэрийг Монгол шуудангаас 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан. Шүүгчийн туслах н.Э шүүхийн шийдвэрийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол шууданд хийсэн гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрийг шууданд хийсэн хугацаанаас гомдол гаргах хугацааг тооцвол миний давж заалдах гомдол гаргах сүүлийн хугацаа 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарсан. Иймд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т /Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна/ зааснаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2022/00275 дугаартай шийдвэрээр “Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн ангийг татан буулгаж, мөн өдрийн А/63 дугаартай захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэд ойн нэгж, Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдад ойн ангиудыг байгуулж, татан буулгасан ойн ангийн өмч хөрөнгийг шинээр байгуулж буй Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдын сум дундын ойн ангиудад хуваарилсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. ...Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх ойн анги гэх хуулийн этгээдийг өөрчлөн байгуулсан байна /Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4/” гэж дүгнэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн анги нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т зааснаар буюу хуулийн этгээдийг хуваах замаар өөрчлөн байгуулагдсан асуудал байхгүй. Харин Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн анги нь татан буугдаад шинээр Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдын ойн ангиуд байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 32 дугаар зүйлд хуулийн этгээдийг татан буулгах гэсэн зохицуулалт байх бөгөөд  нэгэнт хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “...хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно” гэсэн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалт нь тухайн хуулийн этгээд татан буугдахгүйгээр “нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх” зэргээр шууд өөрчлөн байгуулагддаг.

Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан баримтуудаар Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн анги татан буугдсан нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэгч Б.Бг ажлаас чөлөөлөх, цаашид ажилчдаа хэрхэн ажиллуулах асуудлыг Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн анги шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс энэ бүх үүргийг Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангид ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн анги татан буугдаж, шинээр Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдын сум дундын ойн ангиуд байгуулагдсан байтал Б.Бг  заавал Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангид ажиллуулна гэсэн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн ангид ажиллаж байхдаа Цэнхэр сумын мод үржүүлгийн талбайд ажиллаж байснаас биш, Цэнхэр суманд харьяалагдан ажиллаж байгаагүй.

Одоогоор Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангид Б.Бг ажиллуулах сул орон тоо байхгүй. Мөн одоо ажиллаж байгаа бүх ажилчид нь жинхлэн томилогдсон учраас анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй бөгөөд хэн нэгний эрх ашгийг зөрчихөөр байна. Харин бусад сумын ойн ангид сул орон тоо байгаа.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “Аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан. Уг заалтаас харахад аж ахуй нэгж татан буугдсан тохиолдолд ажилтны ажлын байр хэвээр хадгалагдан үлдэх боломжгүй тул Б.Бг ажлын байраар хангах үүргийг хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн анги хүлээхгүй гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2022/00275 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн анги болон Архангай аймгийн Засаг дарга нарт холбогдуулан Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн ойжуулагчийн ажлыг үргэлжлүүлэн хийхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 4.509.348 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн анги “...Нэхэмжлэгч Б.Б нь аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангид ажиллаж байсан ба ажлаас халагдах тушаалыг уг байгууллагын дарга Ч.Л гаргаж, зохих хуулийн дагуу явах байсан. Б.Бд аймгийн тамгын газраас 2021 оны 07 дугаар сар хүртэл цалин  ба тэтгэмж олгосон болно. Иймд иргэн Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж, Архангай аймгийн Засаг дарга  “Засгийн газрын “Ойн талбайн норматив батлах тухай” 2012 оны 255 дугаар тогтоолд заасны дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын А/62 дугаар захирамжаар татан буулгаж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/63 дугаар захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэд ойн нэгж, Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдад байгуулсан. Иргэн Б.Б нь аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангид ажиллаж байсан. Ойн ангийн даргаар Ч.Л ажиллаж байсан бөгөөд Б.Бг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж холбогдох асуудлыг шийдвэрлэх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6, 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бг ойжуулагчийн ажлын байраар хангаж ажиллуулах, 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд урьд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.509.348 төгрөг гаргуулан олгох, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангид даалгаж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэг цугларсан нотлох баримтуудад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн анги  “Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн анги нь өөрчлөн байгуулагдаагүй, татан буугдсан учир нэхэмжлэгч Б.Бг ажлаас чөлөөлөх, цаашид ажилчдаа хэрхэн ажиллуулах асуудлыг Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн анги шийдвэрлэх ёстой байсан, гэтэл анхан шатны шүүхээс энэ бүх үүргийг Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангид ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн анги татан буугдаж, шинээр Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдын сум дундын ойн ангиуд байгуулагдсан байтал Б.Бг  заавал Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангид ажиллуулна гэсэн зохицуулалт байхгүй, нэхэмжлэгч Б. Баттуяа нь Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн ангид ажиллаж байхдаа Цэнхэр сумын мод үржүүлгийн талбайд ажиллаж байснаас биш, Цэнхэр суманд харьяалагдан ажиллаж байгаагүй, бүх ажилчид нь жинхлэн томилогдсон учраас одоо Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангид Б.Бг ажиллуулах сул орон тоо байхгүй,  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаас харахад аж ахуйн нэгж татан буугдсан тохиолдолд ажилтны ажлын байр хэвээр хадгалагдан үлдэх боломжгүй тул Б.Бг ажлын байраар хангах үүргийг хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн анги хүлээхгүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

           Нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангид ойжуулагч, манаачаар ажиллаж байсантай хариуцагч тал маргаагүй бөгөөд Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 02-ны өдрийн А/62 дугаарын захирамжаар Аймгийн засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангийг татан буулгаж, Ойн ангийн дарга Ч.Лувсандагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн А/63 дугаар захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэд Ойн нэгж, Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдад сумдын Ойн ангиудыг байгуулж,  бүтэц орон тоог нь баталжээ.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлд хуулийн этгээдийг татан буулгах үндэслэл, татан буулгах комисс томилох, татан буулгах комиссын гүйцэтгэх ажил болон хуулийн этгээдийг татан буулгасан бол бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд мэдээлэх зэргийг зохицуулсан.

Хуулийн этгээдийг татан буулгаснаар тухайн байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогсож, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлага өөр этгээдэд шилжихгүй.

          Хуульд заасан дээрх ажиллагаа хийгдээгүй, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангийн үйл ажиллагаа бүрэн зогсоогүй, түүний эрх, үүрэг,  хариуцлага шинээр байгуулагдсан  Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангид шилжсэн учир Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангийг татан буулгасан гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний  хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т зааснаар хуулийн этгээдийг өөрчлөн байгуулсан гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээд болох Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангид нэхэмжлэгч Б.Бгийн ажлын байр хэвээр хадгалагдана гэж тус тус дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангид хариуцуулсан нь үндэслэлтэй болжээ.

          Хариуцагч тал Аймгийн засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангийг татан буулгасан гэж маргаж байгаа боловч зөвхөн Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 02-ны өдрийн А/62 дугаарын захирамжийг л нотлох баримтаар гаргаж өгснөөс  Иргэний хуулийн 32 зүйлд зааснаар хуулийн этгээдийн татан буулгасантай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадаагүй байна.

            Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 02-ны өдрийн А/62 дугаарын захирамжаар 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр Аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангийг дуусгавар болгон татан буулгаж /захирамжид бичигдсэнээр/, Аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангийн дарга Ч.Лувсандагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэгч Б.Бг ажлаас чөлөөлөх асуудлыг Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн ангийн дарга байсан Ч.Л шийдвэрлэх боломжгүй юм.

            Нэхэмжлэгч Б.Б нь Цэнхэр сумын сум дундын Ойн ангид 201 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ойжуулагчаар ажилд орсон, Цэнхэр сумын сум дундын Ойн анги, Аймгийн засаг даргын дэргэдэх Сум дундын ойн анги болон өөрчлөгдөхөд Цэнхэр суманд байрлан ойжуулагч, манаачаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 7-8/, Аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангийн даргын 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 5/, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байгаа тул Аймгийн засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангийн эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлж авсан Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангид түүний ажлын байр хэвээр хадгалагдана.

            Архангай аймгийн Засаг дарга Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангийг 5 орон тоотойгоор ажиллуулахаар баталсан бөгөөд ойжуулагчийн орон тоо хасагдаагүй байхад ажлын байр нь хэвээр хадгалагдах ажилтны орон тоон дээр шинээр ажилтан авч ажиллуулчхаад одоо сул орон тоо байхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

            Иймд хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байгаа тул хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2022/00275 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангиас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, орон нутгийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                Л.НЯМДОРЖ