Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 167

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: С.Т  /өөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Т д холбогдох эрүүгийн 1828000000135 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч С овогтой С.Т  нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******ний шагай харвааны газарт иргэн М.Б тай маргалдан улмаар сандал шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Т д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Т  шүүхийн хэлэлцүүлэгт: ”Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

          Эрүүгийн 1828000000135 дугаартай хэргээс:

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө нь Ахмадын байран дээр очиж Ц тай уулзахад сам хөрөөний чинь төмрийг авчрахаа мартчихсан байна өдөр ирэхдээ аваад ирье гэж хэлсэн. Өдөр нь 14 цагийн орчимд ахмадын байран дээр эргээд очиж Ц тай уулзахад гэрлүүгээ явж амжаагүй байна одоохон яваад аваад ирье гэж хэлсэн. Намайг Ц тай уулзаж байхад хажуугаар явж өнгөрсөн С.Т  чи ер нь яах гээд тоглож байгаа хүн авч явах гээд байгаа юм, цагдаад байсан муусайн юмнууд дандаа хүн дээрэлхэж байдаг юм гэж хэлээд өнгөрсөн. Миний уур хүрч чамд ямар хамаатай юм чи ер нь юу юм, чи юу хийж бүтээсэн юм, чамайг бодвол муу сайн ч би төрд данстай хүн гэж хэлээд араас нь яваад очиход С.Т  өөдөөс олон юм хэлээд хашигчаад байхаар нь би салаавч өгсөн. Тэгтэл С.Т  барьж байсан сандлаа над руу шидсэн. С.Т ийн шидсэн сандал миний зүүн талын дээд хавирга хавьцаа оносон. Тэр үед Ц  хүрч ирээд гаръя гаръя гээд намайг авч гараад өөрийнхөө машинд суулгаад гэрлүүгээ авч явсан. Тухайн үед би хавиргаа хугарсныг мэдээгүй. Гэрт очоод байж байхад миний хавиргаар час час гээд өвдөөд эхэлсэн. Би өвчин намдаах эм уусан боловч өвчин нь намдаагүй өвдөөд байхаар нь өвчиндөө шаналаад 0,75 литрийн архи гаргаж ирээд талыг нь уусан. Миний бие архинд жаал мэдээ алдаж гайгүй болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад С.Т  гэдэг хүн намайг сандлаар цохиж миний хавиргыг хугалчихсан байна, би гомдолтой байна гэж дуудлага өгсөн. Удалгүй цагдаагаас хүмүүс манайд ирээд надтай уулзаад явсан. Би өөрийнхөө машиныг унаад ганцаараа шууд гэрлүүгээ явсан. Би гэрээсээ буцаж гараагүй. *******нд очихдоо би архи уугаагүй эрүүл байсан. Орой нь хавиргаа хугалуулчихаад бие өвдөөд байхаар нь өвчнөө намдаах гээд архи уусан. С.Т  эрүүл архи уугаагүй байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-8-9 дүгээр хуудас/,

Яллагдагч С.Т  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 сарын 19-ний өдөр Өмнөговь аймагт Ахмадын холбоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн чавх харвааны тэмцээн зохиогдсон. Тэр тэмцээнд ороод сууж байхад гаднаас М.Б  архи уучихсан согтуу орж ирээд манай багт тоглож байсан Цо , Ц  нарыг гэр лүү нь авч явна гээд байх шиг байсан. Тэгэхээр нь тэмцээн болж байна багийн хүмүүс явуулахгүй гэж М.Б д хэлсэн. Тэгэхэд чи юу юм хуц гээд миний өөдөөс салаавч гаргаад хэл амаар доромжлоод хашигчаад болохгүй байсан. Хэд хэдэн удаа миний ам хэсэг рүү салаавч хийх гээд дайраад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд сууж байсан жижиг төмөр шагай харвааны сандлыг аваад М.Б ыг онох гээд шидсэн. Тэгсэн наад талд нь байсан Ц  гэх хүний нуруун дээр оноод газар унасан. Тэгэхэд манай багт шагай харваж байсан хүмүүс надад тэмцээн дээр хүнтэй битгий маргаад бай хэрүүлийн бузар болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиж М.Б тай маргалдаагүй. Би сандлаар М.Б ыг оноогүй Ц г л оносон. Миний ам руу салаавч хийх гээд дайраад байсан. Тэгэхдээ миний үүдэн шүдийг унагасан тэр шүд унах гээд хөдөлчихсөн байсан шүд байгаа юм. Би нэг л удаа сандал шидсэн. Би архи огт уудаггүй.  Тухайн үед ч архи амсаагүй байсан. М.Б  архи уучихсан нилээн согтуу байх шиг байсан.” /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Д.Цо  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:” 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Ахмадын хорооны байранд болсон шагай харвааны тэмцээн дээр би тоглож дуусаад байрлалаа өөрчилж доод давхарт бууж тоглох гээд явж байхад М.Б  тааралдаад надаас нэг зүйл авах байснаа авъя гэхээр нь би тоглож дуусчихаад авчирч өгье гэж хэлээд би тоглоом руугаа орсон. Тэгэхэд С.Т  бид нар хамт явж байсан. М.Б , С.Т тэй хэрэлдээд хамт тоглолт болох өрөө рүү орсон Би сууж тоглох газар луугаа яваад суусан чинь С.Т ийг сандал шидсэн гээд тэр хавиар байсан хүмүүс боль гэж байгаа харагдсан. Тэгээд М.Б  гараад явсан өөр зүйл болоогүй. С.Т  өөрийнхөө сууж шагай харвадаг жижиг сандлыг М.Б  руу шидсэн нь Ц гийн нуруун дээр оносон гэж хэлсэн. Би М.Б ыг архи уусан үгүйг мэдээгүй, тэнд байсан хүмүүс М.Б аас архи үнэртэж байна гэж байсан. М.Б ыг хэзээ яаж гарч явсаныг нь хараагүй. Би тоглож байгаад нэг мэдэхэд гараад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-14-15 дүгээр хуудас/,

Гэрч С.Ц  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр аймгийн Ахмадын хорооны байрны пудволд ахмадын шагайн харвааны тэмцээн зохион байгуулагдаж байсан. Уг тэмцээнд манай баг тоглосон. С.Т  гэдэг хүн манай багийн ахлагч гэж явдаг юм. Тэгж байтал М.Б  гэдэг хүн ирээд манай багийн гишүүн Цо ыг дуудаад юм авах гэсэн ю м гээд дахин дахин дуудаад байсан. Манай баг нэг багтай тоглочихоод дахиад өөр газар сууж тоглохоор болоод бид нар босцгоосон. Тэгээд тоглоом эхлэх гээд явж байхад М.Б  нь элдвээр хашгичаад Цо ыг дуудаад байсан чинь С.Т  хажуугаас нь хүлээж бай л даа чи гэж хэлсэн чинь М.Б  уурлаад чи юу юм бэ гэсэн чинь С.Т  нь тоглоом дуусахаар нь бол гэж хэлсэн. Тэгээд би цаашаа яваад тоглох газраа суух гэж байтал миний нуруу руу нэг зүйл цохисон. Би эргээд харсан чинь сандал миний нуруу руу цохисон байсан. Хэн шидсэн яасныг мэдээгүй. Би эргээд харахад М.Б  ард үүдэнд зогсож байсан. С.Т  бас миний ар талд байж байсан. Тухайн үед миний нуруун дээр жаахан шалбарсан байсан одоо эдгээд зүгээр болсон. Миний биед гэмтэл учраагүй. С.Т  шагай харвааны тэмцээнд орж байсан болохоор огт архи уугаагүй эрүүл байсан, М.Б  гэдэг хүн нь архи уусан байсан байх гэж бодож байна. Тэр олон нийтийн газарт хашгичаад их муухай ааш гаргаад байсан болохоор эрүүл байгаагүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-16-17 дугаар хуудас/

Гэрч Г.Ц  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ахмадын баярын 30 жилийн ойн баярын арга хэмжээ болж шагайн харвааны тэмцээний үеэр М.Б  над руу утсаар залган ярьж сам хөрөөнийхөө төмрийг авъя гэж хэлсэн. Би аймгийн төвийн Ахмадын байранд ойн баярын тэмцээн дээр байна хүрч ирээд ав гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа тэмцээн дээр байсан хүмүүс шуугилдаад эхэлсэн. Би юу болов гэж бодоод очоод харахад М.Б  ирчихсэн С.Т тэй хэрэлдэж маргалдаж байсан. Би М.Б ыг надаас юм авах гэж ирснийг нь мэдэж байсан болохоор М.Б ыг Ахмадын байрнаас авч гараад гэртээ очин сам хөрөөний төмрийг нь гаргаж өгч би эргэж Ахмадын байранд ирсэн. Тухайн үед би өөрийнхөө машинаар гэрлүүгээ М.Б тай хамт явсан. Эргэж ирээд би ахмадын баярын арга хэмжээрүүгээ орсон. М.Б  Ахмадын байранд ороогүй тэндээсээ шууд явсан. Манай нөхөр Цо  бид хоёр шагайн харваан дээр С.Т тэй нэг багт тоглож байсан юм. М.Б  ирээд намайг суран юм авах гэж ирлээ гэхэд нь С.Т  тоглож байгаа хүнийг авч явах гэлээ гээд хоорондоо муудалцсан юм байна лээ. Энэ өдрийн орой нь 20 цагийн орчимд М.Б  над руу утсаар залган ярьж хөөе миний хавирга гэмтсэн байна би цагдаад дуудлага өгчихсөн гэж хэлсэн. Юунаас болж хавирга нь гэмтээд яагаад цагдаа дуудсан талаар нь би М.Б аас асуугаагүй. Тухайн үед аан хавирга нь хугарсан юм байна гэж бодоо л өнгөрсөн.” Гэх мэдүүлэг /хх-18-19 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 24-ний өдрийн №464 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 1. М.Б ы биед зүүн 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар  алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-23 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б ы амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-38-46 дугаар хуудас/  зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Т  нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багт байрлах *******ний шагай харвааны газарт хохирогч М.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар сандал шидсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Т  уур бухимдлаа барьж дийлэлгүй хохирогч М.Б  руу чиглүүлэн шидсэн сандалд хохирогч цохигдон зүүн 6 дугаар хавирганы хугарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т  мэдүүлэхдээ: ... “Уур бухимдлаа барьж дийлээгүй, миний шидсэн сандал Ц гийн ар нуруунд оносон, тухайн үед хохирогч М.Б ыг Ц  хаагаад өөд өөдөөс хараад зогсож байсан гэж мэдүүлсэн нь гэрч С.Ц гийн ...”намайг сандал цохихоор нь эргэж харсан чинь тэр хоёр миний ард байсан” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.

Шүүгдэгч С.Т  өөрийн үйлдлийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Т ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

          Шүүх шүүгдэгч С.Т ийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч С.Т  шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн 1828000000135  дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Арилжааны банкуудын тодорхойлолт /хх-ийн 55-60 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Т ийн ял шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Т ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-49 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн №2244 дүгээр тодорхойлолт  /хх-ийн 50 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Т ийн Төмөр замын техникумын дипломны хуулбар 51-52 дугаар хуудас/ шинжлэн судлав.

            Шүүгдэгч С.Т  нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см өндөртэй, 20 см өргөнтэй зоосон хээтэй ширмэл эсгий суудалтай, хар хөх өнгийн төмөр сандлыг шүүгдэгч гэм үйлдэлдээ ашигласан нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,   36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дамиран овгийн С.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см өндөртэй, 20 см өргөнтэй зоосон хээтэй ширмэл эсгий суудалтай, хар хөх өнгийн төмөр сандлыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Б  хохирол төлбөр нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ