Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 211/МА2022/00020

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          Т.З-ийн нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2022/00303 дугаартай шийдвэртэй

Т.З-ийн нэхэмжлэлтэй

Д.Ц-т холбогдох

хууль бус эзэмшлээс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газар байрлах үр тарианы зориулалттай 30 га газрыг чөлөөлүүлэх, газар ашигласны төлбөр 6.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Т.Зд холбогдох

газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах тухай Д.Цын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн өмгөөлөгч Э.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Э.М,  нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. хууль бус эзэмшлээс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газар байрлах үр тарианы зориулалттай 30 га газрыг чөлөөлүүлэх,

            1.2. Дээрх газар ашигласны төлбөр 6.500.000 төгрөгийг гаргуулна.

Миний бие нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн а/54 тоот захирамжийн дагуу давуу эрхээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газар үр тариа эрхлэх зорилгоор 30 га газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшсэн. Уг газрыг иргэн Ц нь хууль бусаар эзэмшчихээд өгөхгүй байна. Эхний жилүүдэд газрыг чинь түрээсэлье гэж байсан боловч одоо болохоор гэрчилгээгээ шилжүүлж өг гэж шаардсаны улмаас бидний хооронд үл ойлголцол үүсээд байна. Иймээс Д.Цын хууль бус эзэмшлээс миний Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газар байрлах үр тарианы зориулалттай 30 га газрыг чөлөөлүүлж өгнө үү. Мөн Д.Ц нь манай газрыг 1 жил тутамд 2.000.000 төгрөгөөр ашиглаж байхаар тохирсон. 2018 оноос 4 жилийн хугацаанд нийт 8.000.000 төгрөг төлөх ёстой. Манай газрыг ашигласнаас хойш нэг ч жил өнжөөгүй газар ашиглаж ашгаа авч байсан. Газар ашигласны төлбөрөө өгөөч гээд уулзах гэхээр уулздаггүй, утсаар ярихаар салгаад утсаа авахгүй байдаг. Харин эхний жилдээ 1.500.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Иймээс Д.Цаас газар ашигласны төлбөр 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

  1. Хариуцагч талын үндсэн нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Д.Ц миний бие иргэн Т.Згаас 2018 оны хавар түүний гэрт нь н.Д, н.Б хоёртой хамт очиж Т.Згийн эзэмшлийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газарт байрлах үр тарианы зориулалттай 30 га газрыг 1 га газрыг 55.000 төгрөгөөр бодож нийт 1.650.000 төгрөгөөр худалдаж /газар эзэмших эрхийг шилжүүлж/ авахаар харилцан тохиролцож, би газрын үнийг бүтнээр нь бэлнээр өгчхөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Згаас авсан. Дараа нь сумын төвд орж ирэхээр нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр хийхээр тохирсон. Түүнээс хойш Т.З ах бид хоёр таараад гэрчилгээгээ шилжүүлэх талаар түүнд хэлтэл юм ярихгүй байсан. Дараа нь би тэднийхийг зориод очтол Т.З гуай эзгүй, түүний эхнэр нь надад гэрчилгээг шилжүүлж өгөхгүй гэж хэлсэн. Т.Згаас би анхнаасаа дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж /худалдаж/ авахаар тохирсон. Түүнээс түр түрээслэх талаар хэлэлцэж тохирсон зүйл огт байхгүй. Төвшрүүлэх суманд 2018 онд 1 га газрын үнэ 50.000-60.000 төгрөгийн ханштай байсан. Бид харилцан тохиролцож 1 га газрыг 55.000 төгрөгөөр бодож авсан юм. Би газрыг тухайн үеийн үнэ ханшаас өндөр үнээр худалдаж авч байсан. Газрын үнэнд 1.500.000 төгрөг өгсөн. Тухайн үед 1 га газрын үнэ 35.000 төгрөг байсан. Газрын түрээсийн талаар огт ярьж байгаагүй. Энэ бол ор үндэслэлгүй. Одоо 30 га газрыг 2.000.000 төгрөгөөр түрээслэх тийм ханш байхгүй. Тариалангийн газарт тэрэг техник, үр, шатахуун гээд зардал их өндөр байдаг. Би 6.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед газар эзэмших эрхээ солино гэж ярьж тохирчхоод сүүлдээ яг солих болсон чинь шилжүүлж өгөөгүй. Би өөрийн гэсэн 200 гаран га газартай. Тухайн газартаа үйл ажиллагаа явуулж байгаа. Яагаад 2021 онд үр шим гарсан бэ гэхээр надад Төвшрүүлэх сумын Бэрэн гэх газар 100 гаран га газар байдаг. Энэ газартаа 2018, 2019 онд тариалалт хийсэн. Тэгээд хойд газартаа санхүү хүрээгүй учраас хийж чадаагүй. 2020 онд тариалалт хийж авч байсан. Т.Згийн газар нь 1990 оноос хойш газар тариалан эрхлээгүй, ашиглахаа больсон, бараг атаршаад эрүүл шахуу болсон байсан. 1 ширхэг ч шон хатгаагүй байсан. Иймд Д.Ц миний бие Т.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

  1. Хариуцагч  талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

3.1. Газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулна.

Миний бие иргэн Т.Згийнд 2018 оны намар 10 сард түүний гэрт нь н.Д, н.Б хоёртой хамт очиж Т.Згийн эзэмшлийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газарт байрлах үр тарианы зориулалттай 30 га газрыг 1 га газрыг 55.000 төгрөгөөр бодож нийт 1.650.000 төгрөгөөр тооцож худалдаж /газар эзэмших эрх шилжүүлж/ авахаар харилцан тохиролцож би тухайн үедээ газрын үнэнд 1.200.000 төгрөгийг Т.Зд бэлнээр нь өгөөд Т.З нь түүнийг хүлээн авсан ба надад газар эзэмших эрхийн гэрчилгээ, эрх шилжүүлэх гэрээний /газрын даамалтайгаа байгуулсан/ хамт эх хувиар нь өгсөн. Дараа нь сумын төвд орж ирэхээрээ газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр хийж, үлдэгдэл 450.000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцоод салсан. Түүнээс хойш Т.З ах бид хоёр таараад гэрчилгээгээ шилжүүлэх талаар хэлтэл юм ярихгүй байсан. Дараа хавар нь би н.Бтай хамт тэднийхийг зориод очтол Т.З гуай эзгүй, түүний эхнэр нь надад дээрх газрыг шилжүүлж өгөхгүй гэж хэлсэн. Ямар учир шалтгааны улмаас татгалзсанаа надад хэлээгүй. Иймд Т.З бид хоёрын 2018 оны намар 10 сард хийсэн газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцож өгнө үү.

 

            4. Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Д.Цын нэхэмжлэл огт үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Мөнгийг гэрчилгээ авахдаа өгөөгүй. Түүнээс хойш 1.200.000 төгрөгийг надад өгсөн. Дараа нь 300.000 төгрөг өгсөн гэж хэлээд байгаа юм, би сайн бодож санахгүй байна. Хариуцагчтай 30 га газраа жилийн 2.000.000 төгрөгөөр ашиглуулахаар ярьж тохирч, бичиг баримтыг өгсөн. Ашгаас хувь өгнө гэх утга бүхий л зүйл ярьсан. Харин эрх шилжүүлнэ гэж огт яриагүй. Д.Ц нь олон хүний газрыг ингэж худал хэлж хуурч үнэ төлбөргүй ашиглаж байгаа хүн. Ямар ч тохиолдолд газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй. Эрх шилжүүлэх талаар огт яригдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

 

  5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т заасныг баримтлан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газар байрлалтай үр тарианы зориулалттай 30 га газрыг хариуцагч Д.Цын эзэмшлээс чөлөөлж, газар ашигласны төлбөр 6.500.000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасныг баримтлан газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.Цын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.150 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Зд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

            6. Хариуцагчийн өмгөөлөгч Э.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            Т.З-ийн нэхэмжлэлтэй хууль бус эзэмшлээс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газар байрлах үр тарианы зориулалттай 30 га газрыг чөлөөлүүлэх тухай үндсэн, газар ашигласны төлбөр 6.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай, хариуцагч Д.Цын газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан  шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2022/00303 дугаартай шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хариуцагчийн өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

            Уг шийдвэрээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасныг баримтлан газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүх маргаан бүхий үйл явдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах хуулийн зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

            Маргаан бүхий үйл явдлын хувьд: Хариуцагч Д.Ц нь 2018 оны хавар нэхэмжлэгч Т.Згийн гэрт гэрч Ю.Д, С.Б нарын хамт очиж, түүний эзэмшлийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газар байрлах үр тарианы зориулалттай 30 га газар эзэмших эрхийг нэг га газрыг 55.000 төгрөгөөр тооцон шилжүүлж авах хүсэл зориг илэрхийлснийг нэхэмжлэгч шууд хүлээн авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь хариуцагчид өгсөн. Хариуцагч үүний хариуд 1.500.000 төгрөг  нэхэмжлэгчид өгсөн. Талууд сумын төв орохоороо сумын тамгын газрын дарга /нотариатын үүрэг гүйцэтгэгч/ дээр очин эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэхээр харилцан тохиролцож  салсан үйл баримт тогтоогддог.

            Үүний дараа хариуцагч хэлцлээр хүлээсэн үүргийнхээ ихэнхийг буюу 90 хувийг биелүүлсэн учир эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэхийг нэхэмжлэгчээс шаардахад нэхэмжлэгч үндэслэлгүйгээр татгалзсан байдаг бөгөөд харин тухайн үйл явдал болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрч байхад хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж явж байгаад гэнэт шүүхэд дээрх газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь маргааны бодит үйл явдалтай нийцэхгүй байна.

            Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Ю.Д, С.Б нараас гэрчийн мэдүүлэг авахдаа хууль зөрчин хөтөлж асуулт асууж, хариулт авсан. Мөн шүүхэд мэдүүлэг өгөх гэж ирэхдээ Төвшрүүлэх сумаас нэхэмжлэгчтэй хамт нэг унаагаар гурвуулаа ирээд, хамт хоол идэж, мэдүүлгээ өгчхөөд, мөн нэг унаагаар хамт нутаг буцсан. /шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно/ Гэрч нар нь тухайн үед нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд болсон хэлцлийн талаар мэдүүлэхдээ дан ганц “газар ашиглах” хэсгийг нь сонсоод бусад хэсгийг нь огт сонсоогүй, мэдэхгүй, ярилцаагүй гэх мэт маш эргэлзээтэй мэдүүлэг өгч байгаа талаар болон гэрч С.Б нь хариуцагч Д.Цтай хувийн таарамжгүй харилцаатай /Д.Цын гомдлоор хуулийн байгууллагад шалгагдаж байгаа/, гэрч Ю.Д нь гэрч С.Бтай бага ангийн найзууд, хариуцагч Д.Цтай тухайн үед л анх танилцсан зэрэг гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд эргэлзээ төрж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласаар байтал тухайн хоёр гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Нэхэмжлэгч Т.З нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон хариуцагчийн хариу тайлбарт өгсөн тайлбартаа хариуцагч Д.Цаас нэг ч төгрөг авч байгаагүй гэдэг атлаа сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хариуцагчаас 1.500.000 төгрөг авсан гэдгээ хэлсэн зэргээс харахад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргахдаа “хариуцагч Д.Ц бид хоёр анх шилжүүлэх талаар ярилцсан” гэж хэлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно/. Мөн 2016-2018 онд Төвшрүүлэх суманд 1 га газрыг 25.000-35.000 төгрөгөөр үнэлж газар эзэмших эрх шилжүүлэгдэж байсан гэдэг бөгөөд хариуцагчийн хувьд тухайн нутагт тогтсон үнэлгээнээс илүү өндөр үнээр буюу 1 га газрыг 55.000 төгрөгөөр тооцож газар эзэмших эрх шилжүүлж авахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон нөхцөл байдал гэрч Б.Уранболдын мэдүүлгээс харагддаг зэргийг шүүх огт анхаарч үзээгүй.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа манай талаас Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.5-д заасныг тус тус баримталж гаргасан бөгөөд шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль зүйн үндэслэл бүхий няцаалт хийгээгүй, хэлцэл хүчин төгөлдөрт тооцох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ шүүх талуудын хооронд анх байгуулсан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр эсэх, хэнийх нь буруутай үйл явдлын улмаас хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэнд дүгнэлт хийлгүй орхигдуулсан бөгөөд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн шийдвэрийн үндэслэлээ хууль бусаар цугларсан нотлох баримтад үндэслэсэн. Маргааны үйл баримтад бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

            Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2020/00303 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Шүүх хуралдаанд хариуцагчийн хамт оролцоно.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

            ...Нэхэмжлэгч Т.Загдаагийн хувьд хариуцагч Д.Цт тухайн газар эзэмших эрхээ худалдан шилжүүлж өгөх талаар тохиролцоогүй  болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Гэрчүүдээс мэдүүлэг авахдаа хууль сануулж мэдүүлэг авсан байдаг. Гэрчүүдээс мэдүүлэг авахдаа тулгаж, хөтөлж асуусан зүйл болоогүй бөгөөд хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан. ...Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

2. Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Д.Цт холбогдуулан хууль бус эзэмшлээс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газар байрлах үр тарианы зориулалттай 30 га газрыг чөлөөлүүлэх, газар ашигласны төлбөр 6.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,

хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч Т.Зд холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус тус маргасан байна.

 

 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний газрыг иргэн Ц нь хууль бусаар эзэмшчихээд өгөхгүй байна. Эхний жилүүдэд газрыг чинь түрээсэлье гэж байсан боловч одоо болохоор гэрчилгээгээ шилжүүлж өг гэж шаардсаны улмаас бидний хооронд үл ойлголцол үүсээд байна. Иймээс Д.Цын хууль бус эзэмшлээс миний Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газар байрлах үр тарианы зориулалттай 30 га газрыг чөлөөлүүлж өгнө үү. Мөн Д.Ц нь манай газрыг 1 жил тутамд 2.000.000 төгрөгөөр ашиглаж байхаар тохирсон. 2018 оноос 4 жилийн хугацаанд нийт 8.000.000 төгрөг төлөх ёстой. Манай газрыг ашигласнаас хойш нэг ч жил өнжөөгүй газар ашиглаж ашгаа авч байсан. Газар ашигласны төлбөрөө өгөөч гээд уулзах гэхээр уулздаггүй, утсаар ярихаар салгаад утсаа авахгүй байдаг. Харин эхний жилдээ 1.500.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Иймээс Д.Цаас газар ашигласны төлбөр 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Д.Ц миний бие иргэн Т.Згаас 2018 оны хавар түүний гэрт нь н.Д, н.Б хоёртой хамт очиж Т.Згийн эзэмшлийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газарт байрлах үр тарианы зориулалттай 30 га газрыг 1 га газрыг 55.000 төгрөгөөр бодож нийт 1.650.000 төгрөгөөр худалдаж /газар эзэмших эрхийг шилжүүлж/ авахаар харилцан тохиролцож, би газрын үнийг бүтнээр нь бэлнээр өгчхөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Згаас авсан. Дараа нь сумын төвд орж ирэхээр нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр хийхээр тохирсон. Түүнээс хойш Т.З ах бид хоёр таараад гэрчилгээгээ шилжүүлэх талаар түүнд хэлтэл юм ярихгүй байсан. Дараа нь би тэднийхийг зориод очтол Т.З гуай эзгүй, түүний эхнэр нь надад гэрчилгээг шилжүүлж өгөхгүй гэж хэлсэн. Т.Згаас би анхнаасаа дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж /худалдаж/ авахаар тохирсон. ...Иймд Д.Ц миний бие Т.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж,

хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие иргэн Т.Згийнд 2018 оны намар 10 сард түүний гэрт нь н.Д, н.Б хоёртой хамт очиж Т.Згийн эзэмшлийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газарт байрлах үр тарианы зориулалттай 30 га газрыг 1 га газрыг 55.000 төгрөгөөр бодож нийт 1.650.000 төгрөгөөр тооцож худалдаж /газар эзэмших эрх шилжүүлж/ авахаар харилцан тохиролцож би тухайн үедээ газрын үнэнд 1.200.000 төгрөгийг Т.Зд бэлнээр нь өгөөд Т.З нь түүнийг хүлээн авсан ба надад газар эзэмших эрхийн гэрчилгээ, эрх шилжүүлэх гэрээний /газрын даамалтайгаа байгуулсан/ хамт эх хувиар нь өгсөн. Дараа нь сумын төвд орж ирэхээрээ газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр хийж, үлдэгдэл 450.000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцоод салсан. ...Иймд Т.З бид хоёрын 2018 оны намар 10 сард хийсэн газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцож өгнө үү” гэж,

нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Хариуцагчтай 30 га газраа жилийн 2.000.000 төгрөгөөр ашиглуулахаар ярьж тохирч, бичиг баримтыг өгсөн. Ашгаас хувь өгнө гэх утга бүхий л зүйл ярьсан. Харин эрх шилжүүлнэ гэж огт яриагүй.  Ямар ч тохиолдолд газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй. Эрх шилжүүлэх талаар огт яригдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Хэргийн 4 дүгээр талд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай” а/54 дугаартай захирамжийн хавсралтын 34-т “Эцэг, эхийн нэр Тогмид, өөрийн нэр З, регистрийн дугаар АИ56011012, газрын зориулалт үр тариа, газрын хэмжээ 30 га, газар эзэмших хугацаа 40 жил, эзэмших хэлбэр давуу, газрын байршил Тойром, нэгж талбарын дугаар 6507000899” гэсэн,

хэргийн 6 дугаар талд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 277 дугаартай албан тоотод “Тус сумын 4 дүгээр багийн иргэн Т.З нь ам бүл 2, газар тариалангийн салбарт ажиллаж байсан тул сумын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/54 тоот захирамжийн дагуу 65007000899 дугаар бүхий 30 га газрыг Баян-Өндөр багийн Тойром гэх газар эзэмшүүлсэн нь үнэн бөгөөд өөр хүний нэр дээр шилжүүлээгүй болно” гэсэн тодорхойлолт,

хэргийн 7 дугаар талд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын газрын даамал Х.Сарантуяагийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тус сумын 4 дүгээр багийн иргэн Т.З нь сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/54 тоот захирамжаар 6507000899 нэгж талбарын дугаартай 30 га газрыг эзэмшдэг нь үнэн бөгөөд өөр хүний нэр дээр шилжүүлээгүй болно”, хэргийн 91 дүгээр талд 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Давааням овогтой Ц нь Тогмид овогтой Загдмаагийн 6507000899 нэгж талбартай дугаартай Тойромд байршилтай 30 га газрын төлбөрийг 2017-2021 он хүртэл тогтмол төлж ирсэн бөгөөд 2020 онд тус газарт уринш хийж 2021 онд тариалалт хийсэн болно” гэсэн тодорхойлолтууд,

хэргийн 8-10 дугаар талд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших 000611171 дугаартай гэрчилгээ, газрын байршил кадастрын зураг зэрэг бичгийн баримтууд авагдсан байна.

 

5. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3,  27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно, газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд зохигчдын хооронд газар худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс нэхэмжлэгч шаардах эрхтэй” гэж, 106.4-т “энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч Т.Згийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газар байрлах үр тарианы зориулалттай 30 га газрыг чөлөөлүүлэхээр гаргасан шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. Мөн хариуцагч Д.Ц нь Төвшрүүлэх сумын Тойром гэх газарт 2020 онд уринш хийж 2021 онд тариалалт хийсэн нь гэрч С.Уранболдын өгсөн “... Д.Цыг 90 га газар эзэмшдэг талаар мэднэ. Д.Ц нь Төвшрүүлэх сумын Тойром гэх газарт өнгөрсөн 2021 онд үр тариа тарьсан. 2020 онд уринш хийсэн. Д.Ц, Т.З нарын хооронд газар эзэмшихтэй харилцаа үүссэн талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-н 87-88ху/, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын газрын даамлын 2022 оны 04 сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хх-н 90ху/, хариуцагч талын хүсэлтээр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 05-ны өдрийн 1221 дүгээр захирамжид заасны дагуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Тойром гэх газарт байрлах үр тарианы газарт “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл” /хх-н 84-85ху/ зэргээр тогтоогддог.

 

Нэхэмжлэгч Т.З нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар газрыг ашиглуулж хөлс авахаар хариуцагчтай тохирсон үйл явдлын талаар мэдэх С.Б, Ю.Д нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан ба гэрч С.Б “...Т.З, Д.Ц нар нь түрээслэх мөнгө төгрөгийг хоорондоо ярилцсан, газар ашигласны төлбөрт тэр жилийнхээ ургасан ургацын ашиг орлогоос өгнө гэж тохирч байсан, тэдэн төгрөг, эдэн төгрөг гэж ярьж байсныг санахгүй байна. Мөнгөний тоо ярьж байсан, гэхдээ тодорхой санахгүй байна” гэж, гэрч Ю.Д “...хажуугаас нь сонсоход Д.Ц Т.З гуайтай ярилцаад газар ашиглах тохиролцоонд хүрч байх шиг байсан, яаж тохирсон асуудлыг сонсоогүй” гэж тус тус мэдүүлдэг ба тэрээр гэрчүүд Т.З, Д.Ц нар ярилцаад газрыг ашиглах талаар тохиролцсон гэдгийг хэлж мэдүүлдэг, харин газрыг ашигласны төлбөрийг ямар хэмжээгээр яаж төлөхөөр тохирсон талаар тодорхой мэдүүлээгүй байна. /хх-н 44-50/

Иймд нэхэмжлэгч нь газрыг худалдаагүй бөгөөд газар ашигласны төлбөрт 1 жил тутамд 2,000,000 төгрөгөөр ашиглаж байхаар тохирсон гэж тайлбарладаг боловч энэ талаарх шаардлагаа нотлох талаарх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх зохигчийн үүргээ биелүүлээгүй, энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, үр тарианы газар ашигласны төлбөр авахаар тохиролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул газар ашигласны төлбөр 6,500,000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу биш юм.

 

7. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д: “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.” гэж, 38.2-т: “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гэж, 38.2.1-т: нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ” гэж, 38.2.2-т: “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо.” гэж, 38.3-т: “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна” гэж, 38.4-т: “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж, мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д: “дараах үндэслэлээр гэрээ байгуулсанд тооцно” гэж, 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж тус тус хуульчилсан.  

 

Хариуцагч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан зохигчийн үүргээ биелүүлээгүй, энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

8. Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.Цыг маргааны зүйл болж буй Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Тойром гэх газар байрлах үр тарианы зориулалттай 30 га газрыг эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Д.Цын эзэмшлээс уг газрыг  чөлөөлүүлэх эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

10. Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2022/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Д.Ц-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

                ШҮҮГЧИД                                    Т.ДАВААСҮРЭН

                                                                Л.НЯМДОРЖ