| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/04960/И |
| Дугаар | 192/ШШ2026/04475 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2026/04475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Э-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 167.5 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө байсан болохыг тогтоолгох, уг хөрөнгөнөөс өөрт болон охин Э.Т*******д ногдох хувь буюу 446 000 000 төгрөг гаргуулах, 2022.08.30-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан **** оны ** сарын **-ны өдөр төрсөн охин Э.Т*******ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Э*******аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан **** оны ** дугаар сарын **-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 167.5 м.кв талбай бүхий хувийн сууцыг гэр бүлийн дундын хөрөнгө байсан болохыг тогтоож, уг хөрөнгөнөөс өөрт болон охин Э.Т*******д ногдох хэсгийг 773 428 000 төгрөгөөс тооцож, гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Э*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.У*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ