Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 216/МА2022/00004

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 216/МА2022/00004

 

   Д.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 134/ШШ2022/00086 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.М,

Хариуцагч Ж.О холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3 292 600 төгрөг гаргуулах тухай

Иргэний хэргийг хариуцагч Ж.О гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Ж.О, түүний өмгөөлөгч Э.С, нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага: Миний бие Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, - дүгээр байрны - тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2022 оны 02 сарын 22-ны өглөө 06 цаг орчим тус байрны 5 давхрын - тоотын айлаас ус алдаж гал тогооны өрөө, унтлагын өрөө, зочны өрөөний таазны эмульс их хэмжээгээр урсаж, унтлагын болон зочны өрөөний ханын обой хөндийрөн ховхорсон. Мөн унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөө, коридорын пракетан шал товойн хөөн гарч ирсэн. Коридор, гал тогоо, ариун цэврийн өрөөний гэрэл цахилгаан ажиллагаагүй болж үнэгэн малгай, булган оруулгатай туулайн шуба усанд автан дахин хэрэглэх боломжгүй болсон. Dell маркийн нөүтбүүк усанд автан ажиллагаагүй болсон эд хөрөнгийн хохирол учирсан. Тухайн ус алдаж байх хугацаанд манайхан гэр бүлээрээ Улаанбаатар хотод байсан ба ус алдсан тухай мэдээ авсан даруй хотоос гарч Говьсүмбэр аймагт ирсэн. Миний бие хохирлын үнэлгээг хийлгүүлэхээр 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр А б ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь төлөөлөгч н.Д дуудлага өгч, нөхцөл байдлыг үзүүлэн хэмжилт хийлгүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр А Б ХХК-аас гаргасан хохирлын үнэлгээний тайлантай танилцахад материалын зардал 1 532 600 төгрөг, ажлын хөлс 1 424 000 төгрөг, тээврийн зардал 150 000 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээг 3 106 600 төгрөгөөр үнэлгээ тогтоогдсон. А б ХХК-аас үнэлгээний хариу гармагц миний нөхөр Г.Б хариуцагч Ж.О утсаар танилцуулан тохиролцох гэсэн боловч төлж чадахгүй, шүүхэд өг гэсэн хариу өгсөн. Иймд миний эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан хариуцагч Ж.О хохирлын үнэлгээ 3 106 600 төгрөг дээр үнэлгээний ажлын хөлс 186 000 төгрөг, Dell маркийн нөүтбүүк 1 250 000 төгрөг буюу нийт 4 542 600 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас нөүтбүүкийн 1 250 000 төгрөгөөс татгалзаж, багасгаж байна гэжээ.

 

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сүмбэр сум 3-р баг, -р байр - тоот орон сууцны өмчлөгч нь миний бие мөн хэдий ч тус орон сууцыг 2020 оны 04 дүгээр сараас Л.Э нь хөлслөн амьдарч байсан. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөөний 06 цагт уг орон сууцанд ус алдахад Л.Э эзэмшиж байсан. Л.Э манай орон сууцанд амьдарч байхдаа нийт 1 420 000 төгрөгний засвар хийж, орон сууцныхаа хөлснөөс суутгуулсан. Анх уулзахад л сэргэлэн цовоо, арчаатай, хоёулхнаа амьдардаг хүмүүс байсан учраас 100 хувь орон сууцаа даатгаад засвар хийх шаардлагатай бол хөлснөөсөө суутгаад явж байгаарай гэж хэлсэн. Иймээс би өөрийн орон сууцны ямар эд анги муудаж байгааг мэдэх боломжгүй юм. Мөн УСДУ 06 цаг 45 минутад усыг хаасан гэсэн. Над руу 08 цагийн үед ярьсан. Манай хүүхдүүд 09 цаг 09 минутад хаалгыг эвдэж ороход ус хаагдаагүй, алдаж байсан. Усыг эрт хаагаагүйгээс энэ олон айлд хохирол учирсан гэж бодож байна. Иймд энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь миний бие биш, УСДУ-гаас надад мэдэгдсэн үеэс би өөрийн зүгээс авах ёстой арга хэмжээг авсан. ...Мөн А б ХХК нь тусгай зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ:

Слесарь У.Б-Э, хөлслөгч Л.Э нар нь үүрэг хариуцлагаа биелүүлээгүй юм болов уу гэж бодож байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Ж.О гэм хорын хохиролд 3 292 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87 632 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67 632 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            5. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч Ж.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 134/ШШ2022/00086 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ: Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх бөгөөд зөрчил гаргахгүй байх буюу ус алдуулахгүй байх нөхцлийг хуулийн дагуу орон сууц өмчлөгч бүрдүүлэх ба уг үүргээ хариуцагч Ж.О биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Д.М 3 106 600 төгрөгний гэм хор учруулсан. Уг учирсан гэм хорыг миний биеэс гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч миний бие дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие ус алдуулахгүй байх болон тухай орон сууцны бүрэн байдлыг хангуулах бүхий л үүргийг бүрэн гүйцэтгэж байсан болно. Учир нь миний бие 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Л.Э гэгчид орон сууцаа хөлслүүлж байсан ба миний бие Л.Э орон сууцанд ямар засвар үйлчилгээ байна түүнийгээ орон сууцныхаа хөлснөөс суутган авч засвар үйлчилгээ хийж байгаарай гэдэг байсан ба тэр ч утгаар Л.Э 2020 оны 04 сараас эхлэн 2022 оны 01 сар хүртэл 1 420 000 төгрөгний засвар үйлчилгээ хийсэн байсан.

Найрамдал хотхоны -р байр -р орц -н давхарын айл болох - тоотоос анх ус алдсан тухай дуудлагыг УСДУ ОНӨААТҮГазарт өглөөний 06 цаг 27 минутад утсаар мэдэгдсэн ба сантехникийн ажилтан У.Б-Э 06 цаг 45 минутад подволын хэсэгт усыг хаасан талаар тодорхойлж, гэрчийн мэдүүлэг өгсөн боловч алдсан ус тухайн цаг минутад хаагдаагүй даруй 2 орчмын дараа буюу 09 цагийн үед хаасан болох нь гэрч Т.А, Т.Н, А.Б, Э.Э нарын мэдүүлгээр тогтоогддог. Өглөөний 06 цаг 45 минутад усыг хааж тогтоосон бол нэхэмжлэгчид гэм хор учрахгүй байх байсан.

3. Хэрэгт авагдсан “А б” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин тус үнэлгээг хийсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9, 3 дахь хэсэгт заасан мэдээллүүд бүрэн тусгагдсан тул үнэлгээ хууль ёсны гэж үзсэн нь хуульд нийцэхгүй юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол улсын иргэн,... хуулийн этгээдийг, 4 дүгээр зүйлийн 4.1.4 үнэлгээ хууль тогтоомжид нийцсэн байх гэсэн хуулийн заалтаас үзвэл “Аб” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчинтөгөлдөр тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин хийсэн гэдэг нь нотлогдоогүй байна. Анхан шатны шүүх хариуцагч миний биеийг бусдын орон сууцанд гэм хор учруулсан өөрийн гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргасан гэж үзсэн. Миний бие зөрчил гаргаж бусдын эд хөрөнгөнд гэм хорын хохирол учруулаагүй. Өөрийн гүйцэтгэх ёстой үүрэг болох хөлслүүлсэн орон сууцны засвар үйлчилгээний зардлыг бүрэн хариуцан төлсөн байсан.

Иймд хариуцагч Ж.О миний бие Д.М 3 106 600 төгрөгний гэм хор, 186 000 төгрөгний шинжээчийн зардал бүгд 3 292 600 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн жинхэнэ хариуцагч биш тул хариуцагч миний биед холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

 

                                              ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь “... Л.Э нь ...засвар үйлчилгээ хийсэн, ... УСДУ ОНӨААТҮГазар нь ... 06 цаг 45 минутанд усыг хааж тогтоосон бол нэхэмжлэгчид гэм хор учрахгүй байх байсан, ...үнэлгээг хүчинтөгөлдөр тусгай зөвшөөрөлтөй үнэлгээчин хийсэн  гэдэг нь нотлогдоогүй, ... хэргийн жинхэнэ хариуцагч биш тул ... хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

          

1. Нэхэмжлэгч Д.М нь гэм хорын хохиролд 4 542 600 нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нөүтбүүкний үнэ 1 250 000 төгрөгнөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, үнэлгээний тайлан зэрэгт үндэслэжээ.

Нэхэмжлэгч нь  “ А б” ХХК-иас гаргасан үнэлгээний тайлан, “УСДУ” ОНӨААТҮГазар болон багийн Засаг даргын тодорхойлолтууд, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

 

2. Хариуцагч Ж.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж хариуцагчийг солих болон гэрч асуулгах хүсэлтүүд, байр хөлслүүлсэн үеийн тооцоо, байрны хөлсөнд мөнгө авсан дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуульд зааснаар зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хариуцагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх,  үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсоноор бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4, 148 дугаар зүйлийн 148.2.1, 148.2.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д зааснаар хариуцагч Ж.О нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд зааснаас бусад буюу өөрийн өмчилж байгаа орон сууцны доторхи инженерийн шугам буюу цэвэр бохир ус, цахилгаан, дулаантай холбоотой шугам, сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцах, мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй.

 

Дурдсан хуулийн агуулга, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзэхэд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Ж.О өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, - дүгээр байрны - тоот орон сууцны мухрын өрөөний паарны хий авагч эвдэрснээс ус алдаж нэхэмжлэгч Д.М өмчлөлийн - тоотод гэм хор учирсан ба талууд гэм хор учирсан талаар маргаагүй байна. Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтүүдээс хариуцагчийг солих хүсэлтийг хангахаас татгалзаж, гэрч асуулгах хүсэлтийг хангасан байна.

 

Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг гэм хор учруулагчаас шаардах эрхтэй болохыг, мөн Орон сууцны тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.4, 148.2.7 дахь заалт зэргийг зөв тайлбарласан хэрэглэсэн ба энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Хариуцагчаас, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, татгалзсан үндэслэл, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаар нотлоогүй байх ба  хариуцагч нь  гэм хорын хохирол учруулахад бусад этгээд буруутай гэж үзвэл түүний шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан нь үндэслэлтэй юм.

 

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хохирлын үнэлгээ гаргасан “ А б “ ХХК-ийн “тусгай зөвшөөрөл”-ийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэйн зэрэгцээ уг үнэлгээг эрх бүхий этгээд хийгээгүй, хууль бус гэж үзэх нөхцөл байдал хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.

 

 Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй ба энэ талаар хийсэн дүгнэлт мөн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 134/ШШ2022/00086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ОДНЯМАА

 

   ШҮҮГЧ                                                      Н.БОЛОРМАА

 

    ШҮҮГЧ                                                      Г.ТЭГШСУУРЬ