| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0295/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/317 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/317
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.БаярмаЫа,
Шүүгдэгч Т-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******** холбогдох эрүүгийн 1818005890340 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т-/РД: ******** /, 1976 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар эдлээгүй үлдсэн 24 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Номгон” зочид буудлаар үйлчлүүлэхээр 2 тоот өрөөнд байрлахдаа тус буудлын зочид хүлээн авах ширээний ард байрлах сейфнээс Самсунг нөт-2 загварын гар утас 1 ширхэг, ЛЖ-530 загварын гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг, Минисо нэртэй түрийвч 1 ширхэг, бэлэн 180.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 485.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
- Тухайн өдөр манай буудалд өмнө нь үйлчлүүлж байсан зүс таних хүн 2 тоот өрөөнд буудалласан. Шөнө 03:00 цагийн үед үүдэнд чимээ гарахаар нь очиж харахад буудлын үүдний цонх онгорхой байсан. Би лангууны араар орж үзэхэд буудлын орлого болох нэг зуу гаруй мянган төгрөг, дотроо түрийвч, бичиг баримт, бэлэн 80.000 төгрөг, нүүрний будагтай эмэгтэй хүний гар цүнх, Самсунг нөт-2 загварын гар утас, ЛЖ-530 загварын гар утас болон 2 тоот өрөөнд буудалласан хүний барьцаалсан гар утас нь алга болсон байсан гэх хохирогч******** мэдүүлэг /хх-ийн 20/,
- 2018 оны 7 дугаар сарын 19-ний орой “Номгон” зочид буудалд буудаллахдаа хүлээн авагч ажилтан ******** саарал өнгийн ЛЖ-530 загварын гар утас, хар алаг өнгийн гар цүнхээ хадгалуулахаар өгсөн. Цүнхэнд миний эрүүл мэндийн дэвтэр, хаан банкны карт, нүүрний будаг зэрэг эд зүйлс байсан. Тэгээд буудлаас гарахдаа хадгалуулсан эд зүйлээ авах гэтэл ******** “таны цүнх, гар утас, буудлын орлого зэрэг эд зүйлсийг хулгайд алдчихлаа” гэж хэлсэн. ******** өөрийн алдагдсан зүйлийг бүрэн бүтэн хүлээн авсан тул санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх гэрч******** мэдүүлэг /хх-ийн 5/,
- 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нөхөр бид 2 Үйлчилгээний төв дээр ******** таарсан. Т-халааснаасаа 2 ширхэг гар утас гаргаж ирээд “энэ миний гар утас байгаа юм. Та 2 барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад өгөөч. Би гар утсаа удахгүй авчихна” гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр ******** нэр дээр “Дархан” гэх барьцаалан зээлдүүлэх газарт уг 2 гар утсыг 80.000 төгрөгөөр барьцаалсан гэх гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 22/,
- 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ байхад гаднаас эмгэн, өвгөн 2 орж ирээд Самсунг нөт-2 болон ЛЖ-530 загварын гар утсыг нийлүүлээд 80.000 төгрөгөөр барьцаалсан. Би 85.000 төгрөгөө буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэх гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 24/,
- ...Буудлын гадна хаалганы түлхүүр хайж байхад дотроо нэг зуу гаруй мянган төгрөгтэй сейф нь онгорхой, ширээн дээр эмэгтэй хүний гар цүнх, 2 ширхэг гар утас ил байхаар нь аваад хаалганы хажуугийн онгорхой цонхоор гарч явсан гэх шүүгдэгч Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38/,
- ******* нь гар утас 80.000 төгрөгөөр барьцаалсан тухай “Дархан” барьцаалан зээлдүүлэх газрын 4510 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 12/,
- Гэрч ******* 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Самсунг нөт-2 загварын гар утас 1 ширхэг, ЛЖ-530 загварын гар утас 1 ширхэг эд зүйлийг хураан авч, хохирогч ******** хүлээлгэн өгөхөөр тогтов гэх эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13/,
- ******** Самсунг нөт-2 загварын гар утас 1 ширхэг, ЛЖ-530 загварын гар утас 1 ширхэг эд зүйлийг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгөв гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14/,
- Гэрч ******* 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр эмэгтэй хүний хар алаг өнгийн гар цүнх 1 ширхэг, ягаан өнгийн түрийвч 1 ширхэг эд зүйлийг хураан авч, хохирогч ******** хүлээлгэн өгөхөөр тогтов гэх эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17/,
- ******** эмэгтэй хүний хар алаг өнгийн гар цүнх 1 ширхэг, ягаан өнгийн түрийвч 1 ширхэг эд зүйлийг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгөв гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18/,
- Самсунг нөт-2 загварын хуучин гар утас 1 ширхэг, ЛЖ-530 загварын шинэвтэр гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний хар алаг өнгийн хуучин гар цүнх 1 ширхэг, эмэгтэй хүний Минисо нэртэй хуучин түрийвч 1 ширхэг зэрэг эд зүйл нь нийт 305.000 төгрөг гэх “Капитал зууч” ХХК-ний 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т- гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 485.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч ******* нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч ******* ын бичсэн “******* с эмэгтэй хүний цүнх 1 ширхэг, түрийвч 1 ширхэг, ЛЖ-530 загварын гар утас 1 ширхэг, Самсунг нөт-2 загварын гар утас 1 ширхэг, ХААН банкны виза карт 1 ширхэг, бэлэн 180.000 төгрөг хүлээн авлаа. Санал гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 21/-ээр нотогдож байна.
Шүүгдэгч Т-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Т-нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар эдлээгүй үлдсэн 24 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т-нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Т- эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажигүй, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, мэргэжил эзэмшүүлэх зорилгоор тэнссэн хугацаанд хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Т- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т зааснаар Т- тэнссэн хугацаанд хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т- өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР