Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 330

 

“См с” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:     Г.Банзрагч

                     М.Батсуурь

                    Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа    

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0185 дугаар шийдвэр,  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Т.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0185 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “См с”   ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7” гэж, мөн тогтоох хэсэгт гомдол гаргах эрхийг заасан сүүлийн өгүүлбэрийн “гомдол эрхтэй” гэсний дунд “гаргах” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Х а и” ХХК-ийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

3. “См с” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0185 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж гомдол гаргаж байна.

4. Нэхэмжлэгч “См с”  ХХК нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг “А” ХХК-иас шилжүүлэн авахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар Нийслэлийн Засаг даргаас газар эзэмшүүлэх тухай зөвшөөрлийн үндсэн дээр шилжүүлэн авах ёстой байсан. Түүнчлэн маргаан бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 608 дугаар захирамжаар Төрийн өмчийн хорооны эзэмших эрхтэй байсан бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчиж төрийн байгууллагын эзэмших эрхтэй газрыг “А т”   ХХК, “А” ХХК, “См с”  ХХК-д тус тус дамжуулан эзэмшүүлсэн байдаг.

5. Ийм учраас төрийн байгууллагын эзэмшил газрын эрхийг “А т” ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт бөгөөд түүнийг үндэслэж гарсан захиргааны акт ч мөн хууль бус юм. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 -д заасан эрхийнхээ хүрээнд Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан өөрийн шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон байтал анхан шатны шүүхээс “... Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргасан хууль бус захиргааны актыг хууль зөрчиж засахыг оролджээ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчиж төрийн байгууллагын эзэмших эрхтэй газрыг “А т” ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан илт хууль бус актад хамаарч байгаа бөгөөд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан захиргааны актууд нь хууль бус бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 -д зааснаар Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй юм. Гэтэл шүүх Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаас бусад тохиолдолд хууль бус шийдвэрийг хүчингүй болгохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Газрын тухай хуулийн 61.1-д хууль бус шийдвэрийг хүчингүй болгохоор заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1 буюу хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасантай нийцэж байгаа болно.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэн тайлбарладаг бөгөөд анхан шатны шүүхээс “... Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргасан хууль бус захиргааны актыг хууль зөрчиж засахыг оролджээ” гэж дүгнэсэн атлаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой гэж үзсэн нь буруу юм. Учир нь энэхүү зарчим нь хууль бус шийдвэрийн улмаас үүссэн газар эзэмших эрхийн хувьд үйлчлэхгүй юм.

8. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0185 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0185 дугаартай шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаартай Магадлал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;” гэж заасан үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул тус тус хүчингүй болгуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

10. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/687 дугаар захирамжаар нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Үүнд:

11. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар “А” ХХК-иас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байдаг.

12. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 4023м2 тус газрыг Төрийн Өмчийн Хороо эзэмшиж байсан бөгөөд “А т”   ХХК-д орон сууцны зориулалтаар шилжүүлж, “А т”   ХХК-иас “А” ХХК-д, “А” ХХК-иас “См с”  ХХК-д дахин шилжүүлсэн байдаг.

13. Ийнхүү шилжүүлэхдээ анх газрыг Төрийн өмчийн хорооны ажилчдын орон сууцны зориулалтаар олгосон байтал газрын зориулалтыг эмнэлгийн зориулалттай болгон өөрчилж төрийн байгууллагын газрыг бусдад шилжүүлсэн байна. Газрын зориулалтыг өөрчилсөн талаар анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

14. Дээрх газар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж гарсан тул Нийслэлийн Засаг даргын зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгоно” гэж заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

15. Гэтэл магадлалд “...маргаан бүхий газрыг ...төрийн байгууллага эзэмшиж байсныг ... шилжүүлэхдээ захиргаа өөрөө шалган тогтоогоогүй, уг үндэслэлийг заагаагүй байна.” гэж Нийслэлийн Засаг дарга хууль бус шийдвэрээ хүчингүй болгох эрхгүй мэтээр хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

16. Дээрх шүүхүүдийн шийдвэрээс үзэхэд хэд хэдэн компани дамжуулаад төрийн эзэмшлийн газрыг хууль бусаар шилжүүлчихээр тэр нь хуульд нийцсэн газар олголт болж хувирдаг гэсэн ойлголт төрөхөөр байна. Гэтэл голын эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг монгол ардын зүйр цэцэн үг байдаг билээ.

17. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0185 дугаартай шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаартай Магадлал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасан үндэслэлээр шалгуулан хүчингүй болгуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

18. Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

19. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 438 дугаар захирамжаар “А” ХХК-иас “См с” ХХК-д Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших эмнэлгийн зориулалт бүхий 2291 м.кв газрыг эзэмшүүлэх эрхийг шилжүүлж, улмаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/450 дугаар захирамжийн дагуу уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан, тухайн газарт нэхэмжлэгч эмнэлгийн зориулалттай 10 давхар барилга барьж ашиглалтад оруулан Улсын комисст хүлээлгэн өгсөн зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

20. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй, эрхийн аливаа доголдолгүй газар эзэмших эрхийг хуулийн этгээдээс шилжүүлэн авсан, уул эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгосон нь хууль бус гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

21. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 438 дугаар захирамжаар “А” ХХК-иас “См с” ХХК-д шилжүүлж, улмаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/450 дугаар захирамжийн дагуу уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан захиргааны шийдвэрүүд нь эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээд болох нэхэмжлэгчид эрх олгож түүнд ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

22. Хэдийгээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж .. зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох”  эрх хариуцагчид хадгалагдаж байгаа боловч энэхүү эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасны дагуу хязгаарлагдаж байна.

23. Иймд “төрийн байгууллагын эзэмшил газрын эрхийг “А т” ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт бөгөөд түүнийг үндэслэж гарсан захиргааны акт ч мөн хууль бус юм. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 -д заасан эрхийнхээ хүрээнд Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан өөрийн шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон байтал шүүх буруу дүгнэсэн” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн боломжгүй.

24. Давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”, 48.2-д заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох нөхцөлүүд, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 40 дүгээр зүйлд заасан эрх зүйн харилцааг зөв тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Т.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                           ШҮҮГЧ                                                               Х.БАТСҮРЭН