Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2022/00076

 

Т.А-ий нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00513 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух Т.А-ий нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргад /Х.Д/ холбогдох,  

Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Т.А-ийг Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Т.А-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1 Т.А- миний бие жолооч мэргэжилтэй бөгөөд Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Т.А-ийг ажилд томилох тухай тогтоолоор 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны жолоочоор томилогдон ажилласан. Ажилласан хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авхуулж байгаагүй.

1.2. Гэтэл Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 зүйлийн 78.1.1, 78.1.3, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсгүүдийг үндэслэн Т.А- намайг жолоочийн албан тушаалын орон тоо хурлын ажлын албанд 2022 онд батлагдаж ирээгүй, мөн гэрээний хугацаа дуссан, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй хэмээн үзэж 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчийн дээрх шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн, Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасан илт хууль бус захиргааны акт" учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5 дахь хэсэг, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2-д заасныг тус тус үндэслэн шүүхэд гомдол гаргаж байна.

 

1.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9-д зааснаар Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Засаг даргын өргөн мэдүүлснээр сумын төсвийг батлах эрхтэй гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд хурал өөрөө тогтооно гэж заасан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Н сумын 2022 оны жилийн төсөвт Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цалингийн санд жолооч болон хурлын хэвлэл, мэдээллийн ажилтны цалин болгож 10.000.000 /арван сая/ төгрөг төсөвт батлагдсан болно. Н сумын ИТХ-ын хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 02 дугаартай тушаалын ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 78.1.9 дүгээр зүйл 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж буруу шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байна.

1.4. Тухайлбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан талууд харилцан тохирсон гэх заалтыг баримталсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Гомдол гаргагч Т.А- миний зүгээс ажил олгогчийн төлөөлөл болох ИТХ-ын хурлын нарийн бичгийн дарга Х.Д-тай тохирсон зүйл байхгүй бөгөөд Хөдөлмөрийн харилцааг дуусвар болгох талаар тохиролцож хэлцэл хийж байгаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг баримталж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингэж зохиомол байдлыг зориуд бий болгосон нь гомдол гаргах үндэслэл болж байна.

1.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасан Хөдөлмөрийн гэрээ хугацаа дуусаж сунгагдахгүй болсон гэжээ. Ажил олгогчийн зүгээс надад бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан аливаа тохиолдол байхгүй. Намайг ажилд томилогдох 2021 оны үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хуулиар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй ба гэрээ байгуулах нь ажил олгогч талын үүрэг байсан юм. Гэрээ байгуулаагүй явдалд ажилтан намайг буруутгах боломжгүй юм.

1.6. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасан Хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажил олгогч гаргасан гэх боловч, ажил олгогчийн зүгээс Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эрх ашиг хөндөгдөж байгаа Т.А- намайг сонсох, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг тус тус ноцтой зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д заасан үүргээ биелүүлээгүй гэж гомдол гаргаж байна.

1.7. Т.А- намайг Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 02 дугаартай тушаалын ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй болно. Учир нь Н сумын ИТХ-ын хурлын ажлын албанд Т.А- миний жолоодож байсан албаны машин техник хэвээр байгаа нөхцөлд жолоочийн ажлын байрыг хасагдсан, орон тоог цөөрсөн гэж үзэх үндэслэл байхгүй байгаа билээ. Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүйлийн 80.4-д заасан бичгээр мэдэгдэл өгөх үүргээ биелүүлээгүй явдал нь ажил олгогчийн зүгээс хуулийг ноцтой зөрчсөн, ажилд эргүүлэн томилох үндэслэл болно гэж үзэж байна.

1.8. Иймд шүүхэд гомдол гаргаж хүсэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Г.А- намайг Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны жолоочийн албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү.

 

 2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

 2.1. Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол нутгийн өөрөө удирдах байгууллага. Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын ажлын алба нь 2004 оноос эхлэн батлагдаж ирсэн хурлын дарга, хурлын нарийн бичгийн дарга гэсэн 2 хүний орон тоогоор өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Н сумын 2022 оны жилийн төсөвт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цалингийн санд дээрх хурлын дарга, хурлын нарийн бичгийн дарга гэсэн 2 хүний орон тоо 2 хүний цалин батлагдсан болохоос жолооч болон хэвлэл мэдээллийн ажилтны орон тоо, түүний цалинд гэсэн зориулалтаар 10,000,000 /арван сая/ төгрөг хурлын ажлын албаны төсөвт нэмж батлагдаагүй.

2.2. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын ажлын албанд байнгын ажлын байр болох жолоочийн албан тушаалын орон тоо 2021 онд байхгүй байсан ба 2022 онд ч энэ орон тоо батлагдаж ирээгүй, хурлын байгууллагын төсөвт жолоочийн албан тушаалын цалин батлагдаагүй, хурлын албанд машин техник байхгүй тул ажлын байр байхгүй гэсэн үг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн ажлын байр нэмж батлагдаагүй учраас Т.А-ийг хурлын байгууллагын ажлын албанд жолоочоор ажиллуулах ямар ч боломжгүй болсон. 2021 оны эцэст энэ талаар өөрт нь мэдэгдсэн болно.

2.3. Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргын Тамгын Газард бүртгэлтэй түүний мэдэлд байгаа машины тухай асуудлыг хэлэлцсэн болохоос хурлын байгууллагын ажлын албанд машин худалдаж авах уг худалдаж авах машинд жолооч авч ажиллуулах талаар огт хэлэлцээгүй. Хурлын ажлын албанд дансанд бүртгэлтэй ямар нэгэн машин техник байхгүй. Хурлын ажлын алба машин техник худалдан авч албаны хэрэгцээнд ажиллуулж байгаагүй. Харин Т.А- нь өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сард тэргүүлэгчээр сонгогдсон. Т.А-ий иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дугааргүй “Т.А-ийг ажилд томилох тухай" тамгаар баталгаажуулсан тогтоол бол хууль бус хуурамч тогтоол. Энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр тогтоол биш. Т.А- нь хурлын ажлын албанд жолоочийн ажил хийгээгүй буюу хурлын ажлын албаны даргаар ажиллаж байгаа миний бие Г.А-ийг дээрх хуурамч тогтоолын дагуу 2021 оны 3,4,5-р саруудад жолоочоор ажиллуулаагүй цалин ч олгож байгаагүй болно.

2.4. Т.А-ийг жолоочоор ажиллуулсан талаарх дээрх саруудад цагийн бүртгэл ч байхгүй. Мөн хурлын байгууллагаас Т.А-тэй 2021 оны үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хуулиар байнгын ажлын байранд гээд хурлын ажлын албанд байхгүй жолоочийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Харин иргэн Т.А- нь 2021 оны 6 дугаар сараас эхлэн тус сумын Хурлын байгууллагад харилцан тохиролцож түр хугацаагаар гэрээгээр хөлсөөр ажилласан ба гэрээнийхээ хугацаа дууссан хурлын ажлын албанд ажлын байр байхгүй тул цаашид үргэлжлэн ажиллах боломжгүй болсон. Гэрээгээр түр ажилласан хугацааныхаа цалинг авсан. Мөн иргэн Т.А- нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гээд эмч нарын магадлалаар тахир дутуугийн группэд гараад олон жил болсон Хөдөлмөр нийгэм хангамжийн байгууллагаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож авч байсан нь тогтоогдсон тул тахир дутуугийн тэтгэвэрт байгаа хүнийг гэрээгээр ажиллуулах ямар ч боломжгүй, түүнийг ажиллуулах ажлын байр хурлын ажлын албанд байхгүй байгаа юм.

2.5. Т.А- нь гэрээгээр түр ажиллаж байсан хугацаанд машин техник хариуцаж байгаагүй, гэрээт ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг биелүүлээгүй ажиллаж байсан хугацаанд нэг ч удаа цагийн бүртгэлд цагаа бүртгүүлж байгаагүй байнга ажил тасалж ажилд ирээгүй болохоор, мөн гэрээнийхээ хугацаа нь дуусаж үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон тул ажлаас нь чөлөөлөгдсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00513 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймаг Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.А-ийг Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол нутгийн өөрөө удирдах байгууллага. Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын ажлын алба нь 2004 оноос эхлэн батлагдаж ирсэн хурлын дарга, хурлын нарийн бичгийн дарга гэсэн 2 хүний орон тоогоор өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Н сумын 2022 оны жилийн төсөвт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цалингийн санд дээрх хурлын дарга, хурлын нарийн бичгийн дарга гэсэн 2 хүний орон тоо 2 хүний цалин батлагдсан болохоос жолооч болон хэвлэл мэдээллийн ажилтны орон тоо, түүний цалинд гэсэн зориулалтаар 10,000,000 /арван сая/ төгрөг хурлын ажлын албаны төсөвт нэмж батлагдаагүй.

4.2. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын ажлын албанд байнгын ажлын байр болох жолоочийн албан тушаалын орон тоо 2021 онд байхгүй байсан ба 2022 онд ч энэ орон тоо батлагдаж ирээгүй, хурлын байгууллагын төсөвт жолоочийн албан тушаалын цалин батлагдаагүй, хурлын албанд машин техник байхгүй тул ажлын байр байхгүй гэсэн үг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн ажлын байр нэмж батлагдаагүй учраас Т.А-ийг хурлын байгууллагын ажлын албанд жолоочоор ажиллуулах ямар ч боломжгүй болсон. 2021 оны эцэст энэ талаар өөрт нь мэдэгдсэн болно.

4.3. Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргын Тамгын газарт бүртгэлтэй түүний мэдэлд байгаа машины тухай асуудлыг хэлэлцсэн болохоос Хурлын байгууллагын ажлын албанд машин худалдаж авах уг худалдаж авах машинд жолооч авч ажиллуулах талаар огт хэлэлцээгүй. Хурлын ажлын албанд дансанд бүртгэлтэй ямар нэгэн машин техник байхгүй. Хурлын ажлын алба машин техник худалдан авч албаны хэрэгцээнд ажиллуулж байгаагүй. Харин иргэн Т.А- нь өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сард тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. Т.А-ий иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дугааргүй “Т.А-ийг ажилд томилох тухай” хуурамч тамгаар баталгаажуулсан тогтоол бол хууль бус хуурамч тогтоол. Энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр тогтоол биш. Т.А- нь хурлын ажлын албанд жолоочийн ажил хийгээгүй буюу хурлын ажлын албаны даргаар ажиллаж байгаа. Миний бие Т.А-ийг дээрх хуурамч тогтоолын дагуу 2021 оны 3,4,5-р саруудад жолоочоор ажиллуулаагүй цалин ч олгож байгаагүй. Т.А-ийг жолоочоор ажиллуулсан талаарх дээрх саруудад цагийн бүртгэл ч байхгүй. Мөн Хурлын байгууллагаас Т.А-тэй 2021 оны үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хуулиар байнгын ажлын байранд гээд хурлын ажлын албанд байхгүй жолоочийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй.

4.4. Харин иргэн Т.А- нь 2021 оны 6-р сараас эхлэн тус сумын Хурлын байгууллагад харилцан тохиролцож түр хугацаагаар гэрээгээр хөлсөөр ажилласан ба гэрээнийхээ хугацаа дууссан хурлын ажлын албанд ажлын байр байхгүй тул цаашид үргэлжлэн ажиллах боломжгүй болсон. Гэрээгээр түр ажилласан хугацааны цалинг авсан. Мөн иргэн Т.А- нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гээд эмч нарын магадлалаар тахир дутуугийн группэд гараад олон жил болсон Хөдөлмөр нийгэм хангамжийн байгууллагаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож авч байсан нь тогтоогдсон тул тахир дутуугийн тэтгэвэрт байгаа хүнийг гэрээгээр ажиллуулах ямар ч боломжгүй түүнийг ажиллуулах ажлын байр хурлын ажлын албанд байхгүй байгаа юм.

4.5. Т.А- нь гэрээгээр түр ажиллаж байсан хугацаанд машин техник хариуцаж байгаагүй, гэрээт ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг биелүүлээгүй ажиллаж байсан хугацаанд нэг ч удаа цагийн бүртгэлд цагаа бүртгүүлж байгаагүй, байнга ажил тасалж ажилд ирээгүй болохоор мөн гэрээнийхээ хугацаа нь дуусаж үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон тул ажлаас нь чөлөөлөгдсөн. Иймд миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд машин байгаа. Хурлын дарга өөрөө унаж байгаа. Жолоочийн орон тоо байгаа гэж анхандаа намайг ажиллуулсан. Намайг ажлаас чөлөөлөх талаар урьдчилан мэдэгдээгүй. Надтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Хурлын нарийн бичгийн дарга Х.Д-ы гаргасан шийдвэрүүдийг надад танилцуулаагүй, тэр талаар би мэдэхгүй.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хариуцагч Х.Д-ы давж заалдах дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. Бүтэц орон тоо байсан, байгаагүй эсэх асуудал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Тухайн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд машин байсан бөгөөд одоо хүртэл тухайн тээврийн хэрэгслийг Хурлын үйл ажиллагаандаа хэрэглэж, Хурлын дарга өөрөө унаж байгаа.

6.2. Нэхэмжлэгч Т.А-ийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 78.1.9 дэх заалтуудыг тус тус баримтлан ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь өөрөө хууль хэрэглээний алдаатай буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д “талууд харилцан тохиролцсон” гэх заалтыг баримталсан бөгөөд ажил олгогч болон ажилтан нарын хооронд ямар нэгэн ажлаас чөлөөлөгдөх талаар тохиролцоо хийгдээгүй. Энэ талаар нотлох баримт байхгүй. Гэтэл 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтыг баримталж талууд харилцан тохиролцсоноор ажлаас чөлөөлсөн гэх хуулийн заалтыг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн 78.1.3-д “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Гэтэл ажил олгогч болон ажилтан нарын хооронд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулах чиг үүргээ ажил олгогч өөрөө хэрэгжүүлээгүй байж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж буруу үндэслэл зааж ажлаас чөлөөлсөн нь ажилтны эрх ашгийг дордуулсан буруу шийдвэр гарсан гэж үзэж байна. Мөн хуулийн 78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэж заасан. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа боловч ажил олгогч өөрөө ажилтантай ямар нэгэн сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийх зэрэг чиг үүргээ биелүүлээгүй. Хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д “....ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлийг баримталж ажлаас чөлөөлсөн. Давж заалдах гомдолдоо ч энэ үндэслэлийг дурдсан  байна. Гэтэл ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. 80.4-д “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасан. Хөдөлмөрийн хуульд нарийвчлан заасан зохицуулалтууд хангагдаагүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

ХЯНАВАЛ:

 

            7. Давж заалдах шатны шүүх хариуцагч Н сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Д-ы давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзээд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

 

9. Нэхэмжлэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Д-д холбогдуулан тус хурлын ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т нийцсэн, гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тус аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Т.А-ийг ажилд томилох тухай” тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т овогтой А-ийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хурлын ажлын албаны жолоочоор томилон ажиллуулжээ. Түүнчлэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр “Ажилд түр томилох тухай” тушаалаар Т.А-ийг тус Хурлын ажлын албаны жолоочийн албан тушаалд гэрээт ажилтнаар мөн сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар тус Хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2, 54.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 78.1.9, 80.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн “Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд гэрээгээр ажиллаж байсан жолооч Талгатбек овогтой А-ий жолоочийн албан тушаалын орон тоо хурлын ажлын албанд 2022 онд батлагдаж ирээгүй мөн түүний гэрээний хугацаа дууссан үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон тул” гэсэн үндэслэлээр Т.А-ийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

11. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо “...ажлын алба нь 2004 оноос эхлэн батлагдаж ирсэн хурлын дарга, хурлын нарийн бичгийн дарга гэсэн 2 хүний орон тоогоор өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байна. Н сумын 2022 оны жилийн төсөвт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цалингийн санд дээрх хурлын дарга, хурлын нарийн бичгийн дарга гэсэн 2 хүний орон тоо, цалин батлагдсан болохоос жолооч болон хэвлэл мэдээллийн ажилтны орон тоо, түүний цалинд гэсэн зориулалтаар 10,000,000 /арван сая/ төгрөг хурлын ажлын албаны төсөвт нэмж батлагдаагүй. ... байнгын ажлын байр болох жолоочийн албан тушаалын орон тоо 2021 онд байхгүй байсан ба 2022 онд ч энэ орон тоо батлагдаж ирээгүй, хурлын байгууллагын төсөвт жолоочийн албан тушаалын цалин батлагдаагүй, хурлын албанд машин техник байхгүй тул ажлын байр байхгүй гэсэн үг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн ажлын байр нэмж батлагдаагүй учраас Т.А-ийг хурлын байгууллагын ажлын албанд жолоочоор ажиллуулах ямар ч боломжгүй болсон” гэж маргах боловч уг татгалзал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. 

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Энэ талаар хариуцагч талд шүүхээс урьдчилан тайлбарласан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 

13. Харин хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр “Сумын 2021 оны төсөв батлах тухай” тогтоол, түүний хавсралтууд, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар “Н сумын 2022 оны төсөв батлах тухай” тогтоол, түүний хавсралтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлахад тус Хурлын ажлын албаны жолоочийн орон тоо хасагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд 2020 оны 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Хурлын гэрээт ажлын цалин 10.000.000 төгрөгөөр батлагдаж байсан бол 2021 оны 32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Хурлын гэрээт ажлын цалин 21.000.000 төгрөгөөр тус тус нэмэгдэж батлагдаж байжээ.

 

14. Иймд давж заалдах шатны шүүх хариуцагч Н сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Д-ын Хурлын ажлын албаны жолоочийн орон тоо хасагдсан, тус гэрээт ажлын цалингийн сан хасагдсан, батлагдаагүй гэх агуулгатай давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хангахгүй орхиж, ажилтны гомдлыг ханган түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв. Хариуцагчийн гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Д-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК