| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2410043700231 |
| Дугаар | 2026/ДШМ/507 |
| Огноо | 2026-04-24 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/507
Л.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Отгонтөгс,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр,
шүүгдэгч Л.А-, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/410 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяагийн гаргасан давж заалдах гомдлоор Л.А-д холбогдох 2410043700231 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Л-гийн А, 1969 онд Архангай аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, халаалт салхивчийн инженер мэргэжилтэй, “Ж” ХХК болон “Т” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эцэг, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолоор “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн;
Шүүгдэгч Л.А- нь “Ж” ХХК болон “Т” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.6, 28.1.8, 27 дугаар зүйлийн 27.2, 27.7, 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.3, 17.4, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-д заасан химийн бодис, бүтээгдэхүүнийг аюулгүй ашиглах шаардлага хэм хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт”-ын 4.14, 4.16 дахь заалтуудыг тус тус зөрчиж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас “Т” ХХК-ийн аж ахуй үйлчилгээний албаны туслах ажилтнаар ажиллаж байсан Т.Т нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн хашаанд ёмкост будах ажил хийж байх үедээ ухаан алдаж, бензол, тиофений хордлого буюу химийн бодисын хордлогын улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар: Л.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л.А-г “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
шүүгдэгч Л.А- нь хохирол төлбөрт нийт 142,306,888 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, түүнээс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 81,240,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-д олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, шүүгдэгч, хохирогч талуудад ашиггүй байдлаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдалд ач холбогдолтой гэж үзсэн хууль ёсны үндэслэлээ шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан заалтыг зөрчсөн.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А/215 дугаар “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ыг хэргийн талаарх дүгнэлт хийхдээ тусгасан боловч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/365/396 дугаар “Химийн хорт бодисын ангилал батлах тухай” тушаалыг дүгнэлтдээ тусгаагүй орхигдуулсан нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Энэ тушаалын 1 дүгээр хавсралтад химийн хорт болон аюултай бодисыг хольцоор нь ангилж, энэхүү жагсаалтын зорилго нь химийн бодисыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор аюул болон физикийн аюулаар нь ангилж, ангилал тус бүрд тохирсон анхааруулах тэмдэг, дохио үг, аюулын тэмдэглэгээ хэрэглэх замаар химийн бодистой харьцаж ажилладаг ажиллагсдад тухайн бодисын хор аюулын талаарх товч, тодорхой, ойлгомжтой мэдээллийг өгөхөд оршино гэж заажээ.
Мөн уг журамд аюулгүй ажиллагааны зааварчилгааг үйлдвэрлэгчээс гаргасан хор аюулын лавлах мэдээллийг үндэслэн өгөхөөр заасан бөгөөд праймер битум гэх будгийн сав баглаа боодолд дурдсан хорын аюулын зааварчилгаа ойлгомжгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг яг саван дээр бичигдсэн лавлагаа мэдээллийн дагуу өгсөн, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэхээр хуульчилсан. Шүүгдэгч Л.А- нь праймер битум гэх будгийн сав баглаа боодолд дурдсан хорын аюулын зааварчилгаанаас шалтгаалан хүн хордох, цаашлаад амь нас хохирох хэмжээний хортой бүтээгдэхүүн болохыг урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл үүссэн.
Хэдийгээр хууль болон холбогдох журамд заасан үйл ажиллагааг биелүүлж ажилласан боловч миний үйлчлүүлэгч Л.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, компани удирдан 100 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж ажиллуулдаг хувийн байдалтай, эрүүл мэндийн хувьд зүрх судасны өвчтэй, хоригдсон хугацаанаасаа эхлэн хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж байна.
Шүүгдэгч нь гэм хорын хохирлыг төлж барагдуулсан болон түүний хувийн байдал, хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэж байна. Тодруулбал, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэр гаргасан. Түүнчлэн, уг хэрэг нь өмнө давж заалдах шатны шүүхээр хянагдаж, 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 848 дугаар магадлалаар анхан шатны шүүхэд буцаагдсан. Уг магадлал нь хүчин төгөлдөр бөгөөд эрүүгийн хариуцлагын талаар тодорхой дүгнэлт өгсөн байдаг. Анхан шатны шүүх нь уг магадлалд заасан чиглэлийг баримталж, дээд шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн өмнөх үйлдэл, тухайлбал өмнө нь гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан нөхцөл байдлыг харгалзан үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Улсын яллагчаас 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан боловч шүүх уг саналыг хүлээн аваагүй, хорих ял оногдуулсан нь тухайн хэрэг, нөхцөл байдалд нийцсэн зөв шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Гэм буруугийн хувьд маргаагүй. Уг хэрэгт хохирогч гомдолгүй, Хөдөлмөрийн хяналтын байгууллагаас холбогдох зөрчилд хувь хүнд 3,000,000 төгрөг, байгууллагад 6,000,000 төгрөгийн торгууль оногдуулж, зөрчлийг арилгасан. Миний зүгээс хохирлыг бүрэн төлөхөө анхнаасаа илэрхийлсэн. Харин амь хохирогчийн ар гэрээс сэтгэл санааны нэмэлт төлбөр шаардаж байсан нөхцөл байдлын улмаас тухайн үед бүрэн барагдаагүй боловч шүүхийн шийдвэр гарсны дараа бүх хохирол төлбөрийг бүрэн төлсөн. 461 дүгээр ангид ял эдэлж байх хугацаандаа үйлдсэн хэрэгтээ гүнээ гэмшиж, хариуцлагаа ухамсарласан. Цаашид ийм алдаа давтагдуулахгүй байх, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор хоригдлуудын сэтгэл зүйн дэмжлэг, хувь хүний хөгжилд чиглэсэн ажлыг санаачилж, 250 орчим ном хандивласан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал, хохирлыг бүрэн барагдуулсан, хувийн болон эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-ыг цаашид хэвийн амьдралдаа эргэн ороход нь дэмжлэг үзүүлж ажиллана. Ер нь гэмт хэрэг гарснаас хойш дэмжлэг үзүүлсээр байгаа. ...” гэв.
Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон. Хүний амь нас хохирсон тул шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Л.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-ын: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхөр Т.Т өглөө 7 цагийн үед ажил руугаа явсан. Өдөр 16 цагийн үед утсаар дүрсээ харж ярихад ёмкост будах ажил хийж байна гээд үйлдвэрийн гадаа гараад ярихдаа “яг үхэх нь, аймар байна” гэсэн ба нүүр нь халтар, будаг болсон байсан. Тэгээд удалгүй 2 цагийн дараа ажпаа тараад ярья гэж хэлсэн. 18 цаг 30 минутын үед ажлынх нь хүн залгаад “Т будагт хордоод ухаан орохгүй байна” гэж хэлсэн. (1хх 35-36, 39-40),
-гэрч А.О-ийн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 50 минутад нөхрийн ажил болох Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн ажлын байрны 2 давхарт сууж байхад нөхөр Л.А- орж ирээд намайг “яаралтай түргэн тусламж дуудаарай” гэхээр нь залгаад “хүн ухаан алдчихлаа” гэж хэлсэн. Би нөхрөөсөө “яасан бэ” гээд асуусан чинь “Т ухаан алдаад унасан” гэсэн. Яаралтай түргэн тусламжийн эмчээс будагт хордсон хүнд ямар тусламж үзүүлэх хэрэгтэй талаар асуухад “агаарт гарга, цээжийг нь өндөрлө, шингэн юм сайн уулгаарай” гэхээр нь үүнийг нөхөртөө хэлсэн. Түргэн тусламжийг хүлээлгүйгээр манай хэд машинд суулгаад аваад явсан...” (1хх 44-46),
-гэрч Ж.М- (“Т” ХХК-ийн нягтлан бодогч)-ийн: “...Тухайн өдөр 17 цаг 58 минутад “Т” ХХК-ийн захирал Л.А-гийн эхнэр А.О орж ирээд “гадаа хүн ухаан алдсан байна, чи очоод үзээдэх, эгч нь яаралтай түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн” гэхээр нь би гадаа гарсан чинь цэвэрлэх байгууламжаас Т.Т-ийг Ч.Г-, Б.Б-, Н.М-, Ш.Ч-, н.Б- нар тэвэрсэн байдалтай ирээд харуулын байрны хажууд хэвтүүлсэн байсан. Эмч “чийгтэй алчуур цээжин дээр нь тавиад залгих боломжтой бол шингэн зүйл уулгаарай” гэж хэлсэн. Түргэн тусламжийн эмчээс “хүлээх ёстой юу, бид нар өөдөөс чинь тосоод очих уу, энэ хүнийг хөдөлгөж болох юм уу” гэж асуухад “машин байгаа бол машинд суулгаад өөдөөс дөхөөд хүрээд очоорой” гэсэн тул аваад явсан. Эмчтэй уулзаад, анхан шатны тусламж үзүүлж 4 удаа амьсгал цохилт өгсөн ба эмч “зүрх нь зогссон байна” гэсэн. Т.Т “Т” ХХК-ийн цэвэрлэх байгууламжийн ёонкосыг будаж байсан. “Ж” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Т.М- сургалтад сууж, гэрчилгээ авсан бөгөөд зааварчилгаа өгсөн байсан. Т.М- ханиад хүрээд 15 цагт захирлаас чөлөө аваад явсан. Захирал өөрөө амь хохирогчид зааварчилгааг амаараа өгөөд N95 маск, хордлого тайлах газтай ундаа авч өгсөн байсан. Холбоотой ажлаараа агаар сэлбээрэй гэж хэлж байсан...” (1хх 49-52, 55-56),
-гэрч Т.М-ын: “...Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Ж” ХХК-ийн байранд ирээд тухайн өдөр ажил хийхээр ирсэн хүмүүст хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. 10 цагийн үед хажуугийн үйлдвэр болон “Т” ХХК-ийн байранд очиход захирал Л.А- “...“Ж” ХХК-д байгаа хүмүүсээ наашаа явуулчих” гэхээр нь би Т.Т, н.Б-, н.Ц- нарыг дуудсан. Манай байгууллагад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер байхгүй учраас би сургалтад суусан болохоор зааварчилгаа өгдөг. Захирлын тушаалаар хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер албан тушаалтай биш. Тухайн өдөр 15 цагийн үед амь хохирогч “будгийн үнэр муухай юм байна” гэхээр нь би “хэсэг агаарт байж байгаад яв” гэж хэлсэн. “Т” ХХК-д амь хохирогчийг ажил хийх гээд очиход Р.Р- бээлий, маск өгсөн байсан...” (1хх 59-61),
-гэрч Н.М-ын: “...Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед өөрийн ажилладаг “Т” ХХК-ийн хашаанд гагнуур хийгээд сууж байхад захирал Л.А- намайг дуудаад “яаралтай, хурдан гараад ир, цэвэрлэх байгууламжийн ёмкост дотор Ч.Г ухаан алдсан байна” гэсэн. Ш.Ч, н.Б, Т.Т бид дөрөв Ч.Г-ыг гаргах гээд татаж байхад Т.Т миний хажууд зогсож байснаа ухаан алдаад унасан. Тэгээд Т.Т, Ч.Г нарыг цэвэрлэх байгууламжаас гадаа агаарт гаргасан. Захирал Л.А-гийн машинд амь хохирогчийг суулгаад явсан ба “Өгөөж” ХХК-ийн урд зам дээр зогсоод түргэн тусламжийн машинд оруулж хэвтүүлсэн чинь эмч үзээд зүрх нь зогссон байна гэж хэлсэн... (1хх 64-66),
-гэрч С.Б-ийн: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Т.Т, Ч.Г, Ч нарын хамт үйлдвэрийн зааланд засвар хийж байсан ба би өөр өрөөнд шал цутгаж байсан. Харин Т.Т, Ч нар үйлдвэрийн зааланд ус цэвэршүүлэгчийг будгаар будаж байсан. Гэтэл Ч.Г будаг будаж байгаад муужраад унахаар нь бид нар ус цэвэршүүлэх савнаас очиж гаргаж авах гэж байгаад Т.Т бас муужраад унасан. Т.Т, Ч.Г татаж гаргасан. Эмч үзэхэд Т.Т нас барсан байсан, харин Ч.Г дүүргийн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн...” (1хх 76),
-гэрч Б.Б-ийн: “...17 цаг өнгөрч байхад үйлдвэр дотроос нэг нь Ч.Г ухаан алдаад уначихлаа гэж орилсон. Тэгэхээр нь яваад очсон чинь Т.Т бас ухаан алдаад унасан. Цэвэрлэхийн будаг хийж байсан ёмкост дотор байж байхаар нь бид нар татаж гаргасан...” (1хх 78),
-гэрч Ш.Ч-ийн: “...17 цагийн үед манай байгууллагын ачигч н.Б, Ч.Г нар ирээд амь хохирогч бид хоёрын хийж байсан будгийн ажлыг хийсэн. Ч.Г ёмкостны дотор талыг будаж байсан. н.Б “хүн ухаан алдчихлаа” гэж орилохоор нь яваад орсон чинь ёмкост дотор Ч.Г ухаан алдахаар нь гаргах гэж байхад Т.Т бас ухаан алдсан. Бид нар Ч.Г, Т.Т нарыг дээш гарган, тухайн үйлдвэрээс гадаа гаргаад Т.Тийн цээжин дээр амьсгал хийгээд 103-руу дуудлага өгч, өөдөөс нь өөрсдөө аваад явсан. Манай байгууллагад хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженер байхгүй...” (1хх 81-83),
-гэрч Ч.Г-ын: “...Би 17 цагт цэвэрлэх байгууламж руу орсон. Захирал “хийж байгаа ажил чинь дууссан бол цэвэрлэх байгууламж руу орж будаг хийгээд трубаны хоолой болон бөглөрсөн хоолойг янзалчих” гэж хэлсэн. Би бөглөөс гаргаад ёмкостны дотор талыг будаж байсан чинь амьсгал давчдаад толгой эргэж нүд харанхуйлаад ухаан алдсан. Нэг сэрсэн чинь гадаа хэвтэж байсан. Надтай хамт будаг хийж байсан Т.Т-ийг харуулын байр руу аваад явсан байсан. Би хэрэг гардаг өдрөөс өмнөх 2 өдөр тухайн ёмкостыг будсан. Тухайн өдөр будах гэж ороод 5 минут болоод толгой эргээд ухаан алдсан. Амь хохирогч тухайн өдөр өглөө 09 цагийн үед манай байгууллагын ажилтан Ш.Ч-ийн хамт ёмкост будах ажил хийж эхэлсэн. Хэрэг гардаг өдөр надад ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй, би гарын үсэг зураагүй. Манай байгууллагад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер байхгүй. Амь хохирогч маскгүй байсан шиг санагдаж байна, сайн санахгүй байна...” (1хх 86-88),
-шүүгдэгч Л.А-гийн: “...Болсон үйл явдалд их харамсаж байна. Би хариуцлага хүлээхэд бэлэн...” (1хх 145-146) гэсэн мэдүүлгүүд,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3467 дугаар: “...Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр өвчүү, зүүн 2, 3, 4 дүгээр хавирганы шууд бус хугарал, цээжинд зулгаралт, бензол, тиофены хордлого гэмтэл тогтоогдлоо. Хугарал, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн дарах, шахах механизмаар, тухайлбал, амилуулах суурь тусламжийн үед, хордлого нь химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдсэн. Амь хохирогчийн гуурсан хоолойн архаг үрэвсэл, зүрхний булчингийн эмгэгшил өвчин нь нас барахад нөлөөлөөгүй байна. Тархины цус, гүрээний судас, цээжний хөндийн цус, ходоодны шингэнд этилийн спирт, бензол, тиофен (thiophene)-ний агууламж илэрсэн. Химийн бодисын хордлогын улмаас нас барсан, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй...” (1хх 92-100),
-мөн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0325/1185 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн лаазтай зүйлээс толуол (toluene), бензол (benzene), тиофен (thiophene) илэрсэн. Амь хохирогч Т.Т-ийн биологийн дээжээс илэрсэн бензол тиофен нь “ХУДЦХ-1 241004370 будаг” гэсэн хаягтай лаазтай зүйлээс илэрч байна...” (1хх 130-132),
-шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ХАБ-060/84/25-02 дугаар: “...“Ж” ХХК-ийн ажилтан Т.Т нь ажил үүрэг гүйцэтгэж байхдаа химийн бодисын нөлөөллийн улмаас хордож нас барсан байх тул үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно.
-Тухайн осол, хурц хордлого гарсан тохиолдол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг, мөн “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-д заасан холбогдох шаардлагыг хангуулаагүй, зөрчсөн.
-Аюулгүй ажиллах нөхцөл /байнгын агааржуулалттай байх/-өөр хангаагүй. “Битумын праймер” бүтээгдэхүүнийг хэрэглэх технологийн зааврыг зөрчиж, дотор болон битүү орчин, хаалттай орон зайд ашиглахыг хориглодог уг бүтээгдэхүүнээр үйлдвэр дотор байрлах битүү орчинтой цэвэрлэх байгууламжийн дотор талыг будуулж хэрэглүүлсний улмаас Т.Т нь химийн бодист бүтээгдэхүүний хордлогод өртөх шалтгаан болсон байна.
-Л.А- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-т заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй байхад “Т” ХХК, “Ж” ХХК-аас химийн бодист бүтээгдэхүүн ашиглан битүү орчинд цэвэрлэх байгууламжийн дотор талыг будах ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой аюулгүй ажиллах зааварчилгааг тэнд ажиллаж байсан ажилчид /амь хохирогч Т.Т/-д өгөөгүй байна.
-Амь хохирогч Т.Т-т хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг “Ж” ХХК-ийн мастер Т.М, Р.Р нар хариуцаж өгөх үүрэгтэй. Тухайн химийн бодист бүтээгдэхүүн ашиглан ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа бичигдээгүй, хамааралгүй, энэ талаар зааварчилгаа өгөгдөөгүй байна. “Ж” ХХК-ийн захирал Л.А- нь аж ахуй үйлчилгээний албаны “туслах ажилтан" гэх ажил, албан тушаалд хэвийн нөхцөлд ажиллаж Т.Т-ийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулаагүй байна.
-Хязгаарлагдмал орон зайд агаар сэлгэлт хангалтгүй орчинд химийн бодисоос хамгаалах зориулалтын амьсгал хамгаалах хэрэгсэлгүйгээр ажил гүйцэтгүүлсэн нь амь хохирогч химийн бодист хордож, осол гарах шалтгаан болсон.
-“Ж” ХХК-ийн захирал ажил олгогч Л.А- нь химийн бодис, бүтээгдэхүүнийг аюулгүй ашиглах шаардлага, хам хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас осол хордлого гарсан.
-Хөдөлмөрийн тухай хуульд зааж тогтоосон хэм хэмжээ, зохицуулалтыг зөрчөөгүй байна...” (1хх 117-126),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0825/4422 дугаар: “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-ын сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан байх боломжтой...” (3хх 41-43) гэсэн дүгнэлтүүд,
-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 104-106),
-үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт (1хх 186),
-“Т” болон “Ж” ХХК-тай холбоотой баримтууд, улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ (1хх 197-201, 204-205),
-амь хохирогч Т.Т, “Ж” ХХК нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт (1хх 217-239),
-аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн талаарх баримтууд (1хх 230-240),
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 20-27),
-дуудлагын лавлагааны хуудас, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1хх 15, 16-17),
-Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүлээлцэх хуудас (1хх 19) зэргийг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Л.А- нь “Ж” ХХК болон “Т” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.6, 28.1.8, 27 дугаар зүйлийн 27.2, 27.7, 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.3, 17.4, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-д заасан химийн бодис, бүтээгдэхүүнийг аюулгүй ашиглах шаардлага хэм хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт”-ын 4.14, 4.16 дахь заалтуудыг тус тус зөрчиж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас “Т” ХХК-ийн аж ахуй үйлчилгээний албаны туслах ажилтнаар ажиллаж байсан Т.Т нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн хашаанд ёмкост будах ажил хийж байх үедээ ухаан алдаж, бензол, тиофений хордлого буюу химийн бодисын хордлогын улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
“Т” болон “Ж” ХХК-тай холбоотой баримтууд болон амь хохирогч Т.Т, “Ж” ХХК нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу Л.А- нь ажлын талбайд ажиллагсдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй арга хэмжээний бүх арга хэмжээг авч, хэрэгжүүлэх, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийг заавал ажиллуулах үүрэг хүлээсэн этгээд байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба энэ гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд, эдгээр мэдүүлгийг давхар нотолсон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр Т.Т-ийн амь нас хохирсон нь шүүгдэгч Л.А-гийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Л.А-г дээрх хууль болон захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас буюу болгоомжгүйгээр “Т” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн хашаанд ёмкост будах ажил хийж байсан Т.Т-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эдийн бус гэм хорыг арилгах талаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж зохицуулсан.
Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсний эцэст хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хохирогчид ашигтайгаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (99,000,000 төгрөг) тогтоон, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон ба харин оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулахаар давж заалдах гомдол гаргасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарна.
Тиймээс анхан шатны шүүх амь хохирогчийн оршуулгын болон бусад зардлыг төлж барагдуулсан хэдий ч энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, мөн урьд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг сонгон, ялын хэмжээг тухайн зүйл хэсэгт заасан доод хэмжээгээр тогтоосныг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах”-аас гадна “хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх”-д,
эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” төдийгүй “гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх”-д тус тус оршдог.
Шүүгдэгч Л.А- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 142,306,888 төгрөг төлсөн байсан бөгөөд шийтгэх тогтоолд сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 81,240,000 төгрөг (тогтоосон 99,000,000 төгрөгөөс төлсөн 17,760,000 төгрөгийг хассан дүн)-ийг төлүүлэхээр заасан.
Давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд шүүгдэгчийн зүгээс үлдэгдэл 81,240,000 төгрөгийг төлсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 223,546,888 төгрөгийг төлж, хохирлыг бүрэн барагдуулжээ.
Ингэснээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-аас “цаашид гомдол, санал байхгүй” гэсэн бичгийг давж заалдах шатны шүүхэд ирүүлснээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон ял, эрүүгийн хариуцлагын зорилго хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хэдийгээр хүний амь нас хохирсон гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгах боломжгүй боловч шүүгдэгч Л.А- нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээрийн талаар мөрдөгч, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэлд маргаагүй бөгөөд учирсан хохирлыг бүрэн барагдуулж, хохирогч талыг гомдолгүй болгосон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”-ээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.А- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 73 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/410 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
-2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.” гэж өөрчилж,
-3 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.А-г нэн даруй сулласугай.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-гийн цагдан хоригдсон 2 сар 13 хоногийг 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанаас хасаж, үлдэгдэл 9 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлсүгэй.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН