Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 21

 

 

   2022          07           06                                    206/МА2022/00021

 

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2022/00307 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,   холбогдох,

Ховд аймгийн ******* драмын *******ын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус *******ын Ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү 1,241,075 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, Ховд аймгийн ******* драмын *******ын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр /цахимаар/, хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл

 

1.1. Миний бие нь Ховд аймгийн ******* ******* *******ын даргын 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай тушаалаар тус *******т жүжигчнээр ажилд орсон. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 тоот тушаалаар ерөнхий найруулагчаар туршилтаар ажиллаж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 тоот тушаалаар ерөнхий найруулагчийн албан тушаалд бүр томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 

1.2 Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүй, эрүүл мэнд, ажил мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлж байгаа гэж үзэж байна.

1.3 Миний бие нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2021/00440 дугаар шүүхийн шийдвэрээр 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон боловч удирдлагын зүгээс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үндэслэлгүйгээр сануулах арга хэмжээ авч, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 72 тоот тушаалаар мэдэгдэх хуудас өгч, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот тушаалаар ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлал:

 

2.1 Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2022/00307 дугаар шийдвэрээр:

 

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 05 дугаар сарын 14-ний/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн ******* драмын *******ын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, тус *******ын Ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалин олговрын зөрүү 1,241,075 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

3.2 Нэхэмжлэгчийн хариуцагч ******* драмын *******ын даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн ******* драмын *******ын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

3.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

 

4.1 Б.******* би Ховд аймгийн ******* ******* *******ын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай тушаалыг эс зөвшөөрч Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гомдол гаргасан.

 

4.2 Нэхэмжлэгч миний бие өөрийн биеэр хуулийн хугацаанд нэхэмжлэлээ шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанд аваачиж өгсөн бөгөөд нэхэмжлэлээ хуулийн хугацааг хэтрүүлээгүй гаргасан.

 

4.3 Шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан нэхэмжлэлийг хүлээж аваад гарын үсэг зуруулаагүй шүүгчид хэдий хугацааны дараа өгсөнийг би мэдэхгүй.

 

4.4 Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар Б.******* нь Ховд аймгийн ******* ******* *******ын даргад холбогдох үндэслэлгүйгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тухай гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд гарган шийдвэрлүүлэх боломжтой байна.

4.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар заасан. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан дээрхи журмыг хэрэглэх боломжгүй гэх нөхцөл байдлыг гэрчилсэн баримт нэхэмжлэлд хавсаргагдаагүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

4.6 Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөрүүтэй хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж нэхэмжлэгч миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон.

4.7 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д нэхэмжлэлийг тухайн шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулна. Тэмдэглэл бичсэн дарааллаар нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бичнэ гэж хуульчилжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

4.8 Шүүх нэхэмжлэл гаргасан хугацааг тоолохдоо нотлох баримтыг үндэслээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн.

4.9 Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2022/00307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэргийн шийдвэрийг нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хяналаа.

 

6. Нэхэмжлэгч нь “Ховд аймгийн ******* драмын *******ын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, тус *******ын Ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалин олговрын зөрүү гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” гомдлыг Ховд аймгийн ******* драмын *******т  холбогдуулан  гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ховд аймгийн ******* драмын *******ын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 тоот, мөн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, тус *******ын Ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалин олговрын зөрүү гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” гэж  шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт  “Ховд аймгийн ******* драмын *******ын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлоосоо татгалзаж, бусад шаардлагаа дэмжиж, цалингийн зөрүү 1,241,075 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулжээ.

 

7. Анхан шатны шүүх Б.*******ийн шаардлагыг хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр гомдлыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь   шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар 116.2 дэх хэсэгт  заасан  шаардлагад нийцээгүй байна. 

 

8. Ажил олгогчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн  *******  дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг  тус тус үндэслэн Б.*******ийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн жүжигчний албан тушаалд томилжээ.

 

9. Ажилтан ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид  гомдол гаргаж, Эвлэрүүлэн зуучлагч 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Өргөдөл гаргагч Б.*******ийн өргөдөлтэй, уригдах тал Ховд аймгийн хөгжимт драмын *******т холбогдох хөдөлмөрийн маргаантай өргөдлийг 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч ажиллагаа хийхэд, тайлбар гаргагч тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдүүлэхгүй гэсэн үндэслээр ирээгүй, өргөдөл гаргагч нь өргөдлөө татан авах хүсэлт ирүүлсэн тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1.-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй байна” гэх үндэслээр эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан байна.

 

10. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунжаргал нь “...анх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, дараа нь шүүхэд хандсан байгаа, хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан...” гэж тайлбарласан. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 129.4-т “Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна” гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгчээс эвлэрүүлэн зуучлалд хандсан хугацаанаас хойш шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч Б.******* нь өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд буюу Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан боловч шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул нэхэмжлэгч Б.******* хуульд заасан хугацааны дотор буюу эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргаагүй учир хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  нь хууль  зүйн үндэслэлгүй болжээ.

 

11.Хэргийн 67 дугаар талд  авагдсан Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн “Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэлээс үзвэл:”өргөдөл гаргагч Б.*******ийн Ховд аймгийн хөгжимт драмын *******ын даргад холбогдуулан гаргасан хөдөлмөрийн маргаантай өргөдлийг Эвлэрүүлэн зуучлагч 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч ажиллагаа хийхэд” гэж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны  өдөр Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан  тухай тэмдэглэлд тусгагджээ.

Тодруулбал, Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан  тухай тэмдэглэл үйлдсэнээс хойш 2 хоногийн дараа өргөдөл гаргагч Б.******* Ховд аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан мэтээр тэмдэглэл үйлдэгдсэн нь ойлгомжгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтад тусгагдсан мэдээлэл зөрүүтэй, тодорхогүй байна.   

Шүүх өргөдөл гаргагчийн эвлэрүүлэн зуучлагчид  хандсан хугацааг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх үндэслэл болсон бөгөөд шүүх өргөдөл гаргагч нь эвлэрүүлэн зуучлагчид  хэзээ хэрхэн хандсан талаарх хугацааг тодруулсны эцэст шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан хуулийг хэрэглэх байжээ.

 

12. Түүнчлэн анхан шатны шүүх өргөдөл гаргагч Б.*******ийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан хугацаа нь тодорхойгүй ойлгомжгүй байхад  нэхэмжлэгчээс эвлэрүүлэн зуучлалд хандсан хугацаанаас хойш шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр түүний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхдээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн Шинэчилсэн найруулга үйлчилж байх үеийн үйл баримтад 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэсэн нь хууль хэрэглээний зөрчил мөн байна. Түүнчлэн шүүх хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 2022 оны 02 дугаар сар 28 хоногтойг анхаарвал зохино.

 

14. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2022/00307 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР

 

                              ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                           С.ӨМИРБЕК

                                                                   

                              ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                            Н.ТУЯА