| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/1266/Э |
| Дугаар | 1314 |
| Огноо | 2018-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч Ж.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бууч овогт Жаргалсайханы Түвшинтөгсөд холбогдох эрүүгийн 1806067781563 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 504в тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:НЮ93111434/ Бууч овогт Жаргалсайханы Түвшинтөгс.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Түвшинтөгс нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 4-473 тоот хашаанд хохирогч Х.Аръяагийн зүүн гуянд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Аръяагийн: “2018 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед би гадуур явж байтал "манай дүү Дарангаравыг хүмүүс зодох гээд хайгаад байна” гээд Дарангаравын найз Хос-Эрдэнэ гэх хүүхэд над руу утсаар ярьсан юм. Тэгэхээр нь би дүүгээ хамгаалах санаатай гэртээ очтол манай гэрт Ганзам, Сувдаа хоёр байсан. Тэд нарт хандаж “манай гэрт юу хийж байгаа юм бэ зайл” гэж хэлээд тэрнээс болж бид 3 маргалдаж Сувдаа бид 2 барьцалдаж авсан юм. Гэтэл гаднаас Сувдаагийн хуурай ах Түвшинтөгс гээд залуу ороод ирсэн юм. Тэгээд л маргалдаж байгаад зодоон цохион бололгүй Ганзам, Сувдаа 2 манай гэрээс гарч яваад Түвшинтөгс нь надтай маргалдаад байж байтал цаанаас Дарангаравын хуурай ах гээд нэг хүн гарч ирсэн бөгөөд энэ үед Түвшинтөгс зугтаачихсан юм.
Тэгээд л гэртээ хоноод байж байтал 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчим Түвшинтөгсийн ихэр болох Түвшинтөр гэх залуу манай гэрт орж ирээд намайг уулзъя гэхээр нь би гадна гарч уулзахад “манай ихэр Түвшинтөгс чамд зодуулчихлаа” гэж яриад байна гэсэн. Гэтэл цаанаас нь Түвшинтөгс нь гарч ирээд надад хандаж “чи муу Хос-Эрдэнэ, Семпо хоёрыг өмөөрдөг хэн бэ” гээд л хэрүүл өдөөд байсан. Тэгж байгаад үүргэвчнээсээ хутга гаргаж ирээд миний зүүн талын бүдүүн гуяны хойд хэсэгт хутгаар 1 удаа хатгасан юм. Тэгээд эмийн сан орж надад “шархаа боо” гээд бинт авч өгчихөөд, амьдралд гай болов гэж хэлээд л яваад өгсөн. Харин би эмнэлэг орж хөлдөө оёдол тавиулчихаад өргөдөл өгөх гээд ирж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-5/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Түвшинтөрийн: “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн орчим Түвшинтөгс над руу залгаад “өчигдөр орой Аръяа баахан хүмүүсийн хамт гэрийн гадаа ирээд ална, тэр Шаркав буюу намайг дуудаад тэр чинь яадаг пизда юм” гэх мэтээр орилж хашхираад байсан. Би цагийг нь мэдэхгүй шууд яваад ирсэн. Ирээд Түвшинтөгсийн хамт Аръяагийн гэрт очсон. Би Аръяаг гаргаж ирээд “өчигдөр яах гэж ирсэн” гэж хэлээд ойр зуурын юм яриад байж байхад Аръяа “би өчигдөр тасарсан байна лээ” гэж хэлээд байж байхад Түвшинтөгс цүнхнээсээ жижиг хутга гаргаж ирээд бөгс хэсэг рүү нь чичээд “чи өчигдөр манийгаа хутгална гээд тоглоод байсан уу” гээд тоглоод байсан. Тэр үед Аръяа доош суухаар нь хартал Аръяагийн бөгснөөс цус гарч байсан. Аръяа тэгэхэд өө хатгасан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Түвшинтөгс бид 2 Аръяаг авч яваад эмийн сан ороод Аръяагийн шархыг боож өгөөд явсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,
Мөрдөн байцаалтанд Ж.Түвшинтөгсийн яллагдагчаар /гэрчээр/: “...Би 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гудамжаар дүү Доржсувдын хамт явж байхад Аръяа хуурай дүү Хос-Эрдэнэ согтуу, хэдэн охидуудтай хамт зогсож байсан. Хажуугаар нь зөрөөд явах гэтэл Хос-Эрдэнэ намайг дуудахаар нь би зогстол над руу ирээд цохиод авахаар нь би “чамтай харьцахгүй, ах захтай байгаарай” гэж хэлээд нэг удаа зөөлхөн алгадаад яваад өгсөн. Тэгсэн удалгүй Аръяа над руу согтуу залгаад “яагаад дүү зодоод байгаа юм бэ” гэхээр нь би “одоо ингэж ярьдаг болоогүй гэхэд “чи гэртээ байж байгаарай би чамайг очиж хутгална” гэх зэргээр ярьсан. Тэгсэн орой дүү Доржсувд над дээр хүрээд ирсэн. Ирэхдээ Аръяа хэсэг хүмүүстэй нийлээд намайг зодчихлоо гэж хэлэхээр нь би гэрт хадам аав Төрбат, эхнэр Уранчимэг нарын хамт яваад очтол Аръяа гэртээ согтуу гэрийнхээ үүдэнд сүх бариад зогсож байсан. Бид нар хэсэг маргалдаж байгаад согтуу хүн үг авахгүй болохоор нь яваад өгсөн. Маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байхад Аръяа над руу утсаар залгаад “согтуудаа балайрсан байна уучлаарай” гэж над руу ярьсан. Би утсаар ярьж дуусаад ихэр Түвшинтөрийн хамт Аръяагийн гэрт очоод гэрээс нь дуудаж гаргаж ирээд “чи ямар их хүн хутгалдаг болсон юм” гэж хэлээд өөрийн цүнхэнд байсан хумсны хутганы хутгыг гаргаж ирээд айлгах гээд Аръяагийн бөгс рүү нь чичсэн чинь бөгснөөс нь цус гарсан. Тэгэхээр нь би “эмнэлэг явъя” гэхэд Аръяа “явахгүй” гээд бид нар эмийн сан орж боолт хийж өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-38/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №10152 тоот:
1. Х.Аръяагийн биед зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт /хх-14/,
Ж.Түвшинтөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Түвшинтөгс: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Түвшинтөгс нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 4-473 тоот хашаанд хохирогч Х.Аръяагийн зүүн гуянд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Аръяагийн: ”...Гэтэл цаанаас нь Түвшинтөгс нь гарч ирээд надад хандаж чи муу Хос-Эрдэнэ, Семпо хоёрыг өмөөрдөг хэн бэ гээд л хэрүүл өдөөд байсан. Тэгж байгаад үүргэвчнээсээ хутга гаргаж ирээд миний зүүн талын бүдүүн гуяны хойд хэсэгт хутгаар 1 удаа хатгасан юм. Тэгээд эмийн сан орж надад “шархаа боо” гээд бинт авч өгчихөөд, амьдралд гай болов гэж хэлээд л яваад өгсөн. Харин би эмнэлэг орж хөлдөө оёдол тавиулчихаад өргөдөл өгөх гээд ирж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-5/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Түвшинтөрийн: “...Түвшинтөгс цүнхнээсээ жижиг хутга гаргаж ирээд бөгс хэсэг рүү нь чичээд чи өчигдөр манийгаа хутгална гээд тоглоод байсан уу гээд тоглоод байсан. Тэр үед Аръяа доош суухаар нь хартал Аръяагийн бөгснөөс цус гарч байсан. Аръяа тэгэхэд өө хатгасан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Түвшинтөгс бид 2 Аръяаг авч яваад эмийн сан ороод Аръяагийн шархыг боож өгөөд явсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,
Мөрдөн байцаалтанд Ж.Түвшинтөгсийн яллагдагчаар /гэрчээр/: “...Би утсаар ярьж дуусаад ихэр Түвшинтөрийн хамт Аръяагийн гэрт очоод гэрээс нь дуудаж гаргаж ирээд чи ямар их хүн хутгалдаг болсон юм гэж хэлээд өөрийн цүнхэнд байсан хумсны хутганы хутгыг гаргаж ирээд айлгах гээд Аръяагийн бөгс рүү нь чичсэн чинь бөгснөөс нь цус гарсан. Тэгэхээр нь би эмнэлэг явъя гэхэд Аръяа явахгүй гээд бид нар эмийн сан орж боолт хийж өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-38/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №10152 тоот: Х.Аръяагийн биед зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдов.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Ж.Түвшинтөгс нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Түвшинтөгс нь бусдад учруулсан хохирлыг төлсөн, хохирогч Х.Аръяа нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Ж.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806067781563 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Жаргалсайханы Түвшинтөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Жаргалсайханы Түвшинтөгсийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Түвшинтөгсөд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Ж.Түвшинтөгс нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Ж.Түвшинтөгс нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Түвшинтөгсөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД