| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2206010911315 |
| Дугаар | 2026/ДШМ/509 |
| Огноо | 2026-04-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Э.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/509
Э.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ууганцэцэг,
хохирогч М.М-,
хохирогч Ж.Г-, түүний өмгөөлөгч Г.Цэрэнжамц,
хохирогч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,
яллагдагч Э.М-ын өмгөөлөгч Н.Болормаа,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/1608 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Ууганцэцэгийн бичсэн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлээр Э.М-д холбогдох 2206010911315 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Э-ы М, 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Яллагдагч Э.М- нь 2018 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр “Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн захиалгаар баригдсан 30 айлын 6 давхар орон сууцанд захиалга авна” гэж “М” гэх фейсбүүк хаягаас “... зүүн талд 6 давхар орон сууцанд байр зарна” гэх зарыг байршуулж, тус орон сууцнаас худалдан авахаар тохиролцсон нэр бүхий 18 хохирогчид орон сууц захиалгын гэрээг давхардуулан байгуулж, хохирогч нарын орон сууцтай болох гэсэн хүслийг нь ашиглан бодит байдлыг нууж, хууран мэхэлж, хохирогч нараас бэлнээр болон дансаар нийт 604,959,400 төгрөгийг авсан буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Яллагдагчийн өмгөөлөгч Н.Болормаагийн “хохирогч А.Ч, Б.О, Л.Д, Ж.Д, Ч.Н, Ч.О, Х.О, С.Н нарын 8 хохирогчид хэргийн материал танилцуулаагүй” гэх хүсэлт үндэслэлтэй. Хохирогчид хэргийн материал танилцуулаагүй нь хохирогчийн эрхийг эдлүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.
Мөн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу “М” ХХК-ийн захирал О.Б-ийг шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг шалгаж тогтоох нь зүйтэй.
Прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 273 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тогтоол үйлдсэн боловч хувийг яллагдагчид гардуулж өгөөгүй байна. ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Ууганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...1.Шүүх анхан шатны урьдчилсан хэлэлцүүлгийн хуралд уншсан үндэслэлээс өөр үндэслэлээр хэргийг буцаасан.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолд 16 хохирогч, хохирлыг бичсэн атал яллах дүгнэлтэд 18 хохирогч, хохирол бичсэнийг зөвтгөх боломжгүй,
-2 хохирогчид хэргийн материал танилцуулаагүй эрхийг нь зөрчсөн гэсэн 2 үндэслэлийг хурлын зааланд уншиж сонсгосон.
Гэтэл прокурорт ирүүлсэн шүүгчийн захирамжид “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол болон яллах дүгнэлтийн зөрүүтэй байдал”-ын талаарх үндэслэлээ бичээгүй, 2 хохирогчид хэргийн материал танилцуулаагүй гэснийг 8 хохирогч гэж нэр дурдсан, мөн “прокурорын 273 дугаартай тогтоолын хувийг яллагдагчид гардуулж өгөөгүй, шалтгааныг нөхцөлийг тогтоох нь зүйтэй” гэж шүүхийн танхимд уншиж, сонсгоогүй 2 үндэслэлийг нэмж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан үндэслэлд хамаарна.
Учир нь, шүүх шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол болон яллах дүгнэлтэд хохирогч, хохирлыг зөрүүгүй байхад анхаарахгүй хэргийг буцаасан атал энэ талаар шүүгчийн захирамжид дурдахгүй ирүүлсэн.
2.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулахдаа хохирогч Б.Ц-ын хохирсон үйлдэлтэй холбоотой өөрчлөлт оруулснаас бус шүүгчийн захирамжид нэр дурдсан 8 хохирогчтой холбоотой өөрчлөлт орсон, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй байхад дээрх үндэслэл дурдаж хэргийг нэмэлтээр буцаасан нь үндэслэлгүй.
3.Прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 273 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг яллагдагч Э.М-д нэг хувийг нь гардуулан өгч, тогтоолтой танилцсан тэмдэглэлд гарын үсэг зуруулсан. Яллагдагч Э.М- нь дээрх тогтоолыг гардаж авсан гэдгээ мэдэж байгаа учраас энэ талаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан хүсэлтэд дурдаагүй, хүсэлтэд эрх ашиг зөрчигдсөн талаар дурдаагүй байхад шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд тодруулахгүйгээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Ж.Г-ын өмгөөлөгч Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамж хэргийн оролцогчдын байр суурийг бүрэн тусгаагүй. Тухайлбал, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч нар өөрсдөө мэдүүлэг, тайлбар өгөөгүй боловч тэдний сонгон авсан өмгөөлөгч нар оролцож, өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн. Харин захирамжийн агуулгаас үзэхэд, зөвхөн яллагдагчийн өмгөөлөгч болон прокурорын хооронд мэтгэлцээн явагдсан мэтээр дүгнэж, бусад оролцогчдын оролцоо, байр суурийг орхигдуулсан. Мөн шүүх хуралдааны явцад хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирлын нөхцөл байдлын талаар тодорхой тайлбар гаргасан. Тухайлбал, уг хэрэг 4 жилийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй удааширсан бөгөөд энэ хугацаанд хохирогч тал үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр төлсөн боловч зах зээлийн үнийн өсөлт, инфляцын нөлөөгөөр тухайн мөнгөн дүнгээр одоогийн нөхцөлд орон сууц худалдан авах боломж бодитоор буурсан нөхцөл байдал үүссэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн материалыг танилцуулах талаар хохирогч нарт мэдэгдэх үүргийг мөрдөгч хүлээдэг. Уг үүргийн хүрээнд холбогдох мэдэгдлийг бүх хохирогч нарт хүргүүлсэн. Гэвч зарим хохирогчид өөрсдийн нөхцөл байдлаас шалтгаалан хэргийн материалтай танилцах боломжгүй буюу шаардлагагүй гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Тухайлбал, хохирогч Ч нь гадаадад байгаа тул материалтай танилцах боломжгүй, хэргийн материалын агуулга, хохирлын хэмжээ тодорхой тул хэргийг шүүхэд шилжүүлэхийг зөвшөөрсөн талаар тэмдэглэл үлдээсэн. Мөн хохирогч О, Д нар орон нутагт байгаа, Улаанбаатар хотод ирж танилцах боломжгүй гэж мэдэгдсэн. Хохирогч Н нь хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Түүнчлэн зарим хохирогчид хохирол бүрэн барагдаагүй нөхцөлд дахин зардал гарган ирж танилцах шаардлагагүй гэж үзсэн талаар тэмдэглэлд тусгагдсан. Иймд мөрдөгчийн зүгээс хуульд заасан журмын дагуу хохирогч нарт мэдэгдэх ажиллагааг бүрэн хийсэн бөгөөд хохирогчид өөрсдөө ирж танилцаагүй нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн, хохирогч нарыг албадан авчирч хэргийн материал танилцуулах тухай хуульд зохицуулалт байхгүй тул энэ үндэслэлээр хэргийг буцаах шаардлагагүй.
Мөн Б гэх этгээдээс мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг аль хэдийн авсан бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрчээр оролцуулж, нэмэлт тодруулга авах хууль зүйн боломж бүрэн нээлттэй. Түүнчлэн, урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагч заавал биечлэн оролцох шаардлага хуульд байхгүй боловч яллагдагч Э.М- нь шүүх хуралдаанд оролцоно гэж мэдэгдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь өөрийнх нь процессын үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч нь яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж, хохирлын талаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн яллах дүгнэлтийг гардаж авсан нь тогтоогдсон. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн үйл баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн хэргийг буцаасан захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанд шилжүүлэх нь зүйтэй. ...” гэв.
Хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлага гарч, зохих ажиллагаануудыг шат дараатайгаар хийж гүйцэтгэсэн. Анх нийт 18 хохирогчтойгоор хэрэг шалгагдаж байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 хохирогч хасагдаж, улмаар 16 хохирогчтой холбоотойгоор яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Гэтэл яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, тухайлбал 16 хохирогч байхад 19 гэж дурдагдсан нь алдаа гэж үзэж байна. Уг хэрэг шалгагдаж эхэлснээс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд хэргийн шийдвэрлэлтийг удаашруулахгүйгээр анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй. Иймд хэргийг буцаахгүйгээр анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой. ...” гэв.
Хохирогч М.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч Ж.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч Ж.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн нөхцөл байдлыг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд миний гаргасан хүсэлтийн дагуу үндэслэлтэйгээр хүлээн авч, хэргийг буцаан шийдвэрлэсэн. Тодруулбал, нэгдүгээрт, хэргийн материалыг нэр бүхий зарим хохирогч нарт бүрэн танилцуулаагүй зөрчил байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй ноцтой зөрчил юм. Хоёрдугаарт, хэргийн 11 дүгээр хавтасны 41 дэх талд байгаа яллагдагчаар татсан тогтоолд 16 хохирогчийн нэр дурдагдсан атлаа яллах дүгнэлтэд 18 хохирогчийн нэрийг тусгасан нь хэрэгт оролцогчдын тоо, хүрээг тодорхой бус болгож, зөрүү үүсгэсэн. Ийм зөрчил, дутагдал байхад хэргийг шууд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй бөгөөд зайлшгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдийг шүүх хүлээн авсан. Мөн уг хэрэгт өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны дутуу байдлаас шалтгаалан хэд хэдэн удаа урьдчилсан хэлэлцүүлгээр буцаагдаж байсан нөхцөл байдал бий. Иймд дээрх нөхцөл байдлыг хохирогч болон тэдний өмгөөлөгч нар зөвөөр ойлгож, хэрэгт бүрэн, бодитой мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагыг харгалзан үзэх нь зүйтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.М-ыг 2018 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр “М” гэх фейсбүүк хаягаас “... зүүн талд 6 давхар орон сууцанд байр зарна” гэх зарыг байршуулж, тус орон сууцнаас худалдан авахаар тохиролцсон нэр бүхий 18 хохирогчид орон сууц захиалгын гэрээг давхардуулан байгуулж, бодит байдлыг нуух замаар хууран мэхэлж, хохирогч нараас бэлнээр болон дансаар нийт 604,959,400 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаахдаа “...нэр бүхий 8 хохирогчид хэргийн материал танилцуулаагүй, “М” ХХК-ийн захирал О.Б-ийг шалгаж, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох нь зүйтэй, прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 273 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолын хувийг яллагдагчид гардуулаагүй...” гэсэн 3 үндэслэлийг заасан байна.
Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
1.Яллагдагч Э.М-ын холбогдсон үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт мөрдөгч, прокурорын зүгээс нэр бүхий хохирсон гэх иргэдийг энэ хэрэгт хохирогчоор тогтоон, тайлбар, мэдүүлэг авах, хэргийг шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтуудыг цуглуулан бэхжүүлэх зэргээр мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.
Ийнхүү хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө бүх хохирогч нарт мэдэгдсэний дагуу хохирогч Ж.Б-, Б.Ц, Р.Н, Х.Н, Ц.Т, Ж.Г-, О.Б, Ц.М, М.М-, М.Ү, Б.Ц, Ж.Д, Н.Б нар хэргийн материалтай танилцаж, баримтад гарын үсэг зурсан.
Харин хохирогч А.Ч, Б.О нар “хэргийн материалтай танилцахыг мэдэгдэхэд утас нь холбогдохгүй, гадаад улс руу зорчсон байсан”,
-хохирогч Л.Д “Хөвсгөл аймаг байдаг, танилцахгүй гэсэн”,
-хохирогч Ч.Н “хохирлоо бүр авсан, очихгүй, битгий залга гэсэн”,
-хохирогч Ч.О, Х.О нартай холбоо барих боломжгүй байсан,
-хохирогч С.Н “очих боломжгүй гэсэн” талаарх тэмдэглэлүүдийг мөрдөгч үйлдэж, хэрэгт хавсаргасан байна.
Тиймээс мөрдөгчийн зүгээс хэргийн материалыг оролцогч нарт танилцуулах талаар шаардлагатай арга хэмжээг авсан боловч хохирогч нар танилцахгүй талаар илэрхийлсэн, заримтай нь холбогдох боломжгүй байсан тул хохирогч нарт хэргийн материал танилцуулах ажиллагааг хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон эрхийг нь эдлүүлээгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
2.Хохирогч, гэрчээр тогтоогдсон этгээдүүдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон түүнтэй холбоотой бусад баримтын хүрээнд мөрдөгч, прокурор Э.М-ыг нэр бүхий иргэдийн хохирсон үйлдлүүдтэй холбогдуулан яллагдагчаар татаж, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын хэмжээнд яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхээр хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж яллах дүгнэлт үйлджээ.
Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тодорхойлсон.
Энэхүү зохицуулалтын дагуу шүүх гагцхүү прокуророос яллах дүгнэлт үйлдсэн яллагдагчийн хувьд, яллагдаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл, хэсгээр зүйлчилсэн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар тогтоосон байдаг.
Түүнчлэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдол болон шүүгчийн өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт нэг бүрчлэн заасан.
Гэтэл анхан шатны шүүх хуулиар хязгаарлалт тогтоох замаар зохицуулсан хэмжээ хязгаараас хальсан буюу прокурорын яллагдагчаар татаагүй этгээд болох О.Б-ийг шалгах гэсэн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх гагцхүү хуульд захирагдах бөгөөд прокурорын яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлээгүй, яллагдагчаар татаагүй этгээдийг яллах, ийнхүү яллахаар чиг үүрэг өгөх нь шүүх хараат бус байж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр сууринаас оролцох зарчимд нийцэхгүй.
3.Баянзүрх дүүргийн прокуророос 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 273 дугаар тогтоолоор Э.М-д холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж, улмаар түүнийгээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч Э.М-д танилцуулж, гарын үсэг зуруулсан, түүний мэдэх эрхийг хангасан талаарх баримт хэрэгт авагдсан тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүй байна.
Иймд мөрдөгч, прокурор хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардагдах нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байх ба ач холбогдолгүй ажиллагааг дахин явуулах шаардлагагүй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд хэрэгт хангалттай цугларсан баримтын хэмжээ хязгаарт нийцүүлэн яллагдагч Э.М-ын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлүүдээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Энэ шийдвэртэй холбогдуулан яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/1608 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Э.Ууганцэцэгийн бичсэн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлийг хангасугай.
2.Яллагдагч Э.М-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН