2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/07605

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2025       09        15                                     191/ШШ2025/07605

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  байранд байрлах, НШШГГ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу НШШГГ-ын 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авах санал болгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу НШШГГ-ын 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөрөө тооцон авах санал болгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3179/б дүгээр шийдвэрээр ******* ******* ХХК-ийн захирал ******* иргэн -с 350,000,000 төгрөгийг гаргуулж ******* иргэн ******* ******* ******* олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2014 оны 06 дугаар сараас эхлэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэгч 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үүргийн гүйцэтгэлд ******* ******* ХХК-ний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй  тоот хаягт байрлах, 2 давхар барилга, дугаар нэгж талбарын дугаар бүхий 15300 м.кв эзэмших эрхийн газрыг битүүмжлэн хурааж, хөндлөнгийн шинжээч томилон, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй.

Тухайн үед мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болох комиссын хуралдаан 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хуралдсан боловч хариуцагч байгууллага тодорхой шийдвэр гаргаагүй санал болгох хурлыг хугацаа товлоогүй хойшлуулж шийдвэрлэсэн. Үүнээс хойш үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон өгөх, төлбөр авагчид санал болгох комиссын хуралдааныг хуралдуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгч миний бие Ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг хүсэж, гомдол гаргасан боловч хариуцагч байгууллагаас гүйцэтгэх баримт бичигт маргаан бүхий эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй байх тул санал болгох ажиллагаа явуулах боломжгүй гэсэн хариу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн ба уг хариуг эс зөвшөөрч Улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гомдлын хариуг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13008 дугаар захирамжаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх баримт бичигт заагдсан 350,000,000 төгрөгийг төлбөр төлөгч төлөөгүй, төлбөр авагч 350,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болоогүй байгаа болно.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д /Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана/ гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөртөө тооцон авах тухай хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгчид мэдэгдээгүй санал болгох боломжгүй гэсэн хариуг хариуцагч өгдөг.

Хариуцагч байгууллага хууль зүйн үндэслэлгүйгээр удаан хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зогсоож байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой зөрчин өнөөг хүрч байна.

Шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална./ мөн хуулийн 8.1-д /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараах үйлдэл, эс үйлдэхүйг хориглоно:/, 8.1.3-т / дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх;/, 8.1.6-д /шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах, хууль бусаар давуу эрх олгох/ заалтыг зөрчин шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зүйн үндэслэлгүйгээр зогсоож байгаа нь төлбөр авагч хууль ёсны эрх ашгийг 8 жил хохироож байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Өөрөөр хэлбэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3179/б дугаар захирамжийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, битүүмжлэн хурааж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, үүнээс хойш ямар ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй ба үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авах санал болгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөгчийг Улсын хилээр гарсан дээр маргадаггүй боловч бүхий л ажиллагаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжин хийгдэж болсон атлаа хөрөнгийг санал болгох ажиллагаан дээр ирээд асуудал үүссэнийг гайхаж байна. Хуучин 2016 онд хэрэгжиж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон одоо хэрэгжиж байгаа хуулиудад дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг санал болгох заалт байгаа бөгөөд энэ тохиолдолд төлбөр авагчид л мэдэгдэх заалттай болохоос төлбөр төлөгчид мэдэгдэх зохицуулалт байхгүй байгаа болно. Төлбөр авагч хөрөнгийг хүлээн зөвшөөрөөгүй бол хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах л асуудал байгаа. Заавал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан тохиолдолд хөрөнгийг гаргуулах зохицуулалт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 2017 онд өөрчлөлт орж, гүйцэтгэх хуудаст заасан ажиллагааг хийхээр болсон ч гэсэн төлбөр төлөгчийн нэр дээрх хөрөнгөөс төлбөрийг гаргуулсаар байгаа. Мөн энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгохоор хандсан боловч шүүхээс ажиллагаа хуулийн дагуу хэрэгжиж байна гэж дүгнэсэн байдаг. 2016 онд хөрөнгийг санал болгох ажиллагааг хийнэ гэснээс хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөгчид мэдэгдэх боломжгүй байна гэх шалтгаанаар төлбөр авагчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ ажиллагааг төлбөр төлөгчид мэдэгдэх шаардлагатай гэж хуульд зохицуулаагүй.

 

Иймд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т /Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана./ мөн хуулийн 73.3-т /Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ/ заасныг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлэхгүй байх тул дээрх хуулийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авах санал болгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газарт холбогдуулан *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3179б дугаар захирамжаар гю хийгээс 352,450,450 төгрөгийг гаргуулж ******* олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Төлбөр төлөгч 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр улсын хилээр гарч, буцаж өнөөдрийг хүртэл хилээр нэвтрээгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсээд байна.

Мөн ******* ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай  тоотод байрлах 1008 м.кв талбайтай 2 өрөө конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд заагаагүй болно.

Харин нэхэмжлэгч ******* нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхээс шийдвэр гаргуулах шаардлагатай байгаа бөгөөд бидэнд шүүхийн шийдвэр л хэрэгтэй байгаагаас энэ ажиллагаа хийгдэхгүй байгаа.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу төлбөр авагч ******* су-ийн эрх залгамжлагч ******* барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гарсан даруйд уг хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой тул *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Нотлох баримтын тухайд: 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3х/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 4х/, 2014.06.30-ны өдрийн 1282 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 5х/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.06.30-ны өдрийн 10273 дугаар захирамж /хх-ийн 6х/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.06.04-ний өдрийн 3179/б дугаартай захирамж /хх-ийн 7-9х/, Нийслэлийн тойргийн нотариатч бүртгэлийн 0107 дугаартай 2021.12.06-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 10х/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.06.16-ны 3/22577 дугаартай Мэдэгдэл /хх-ийн 11х/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.06.20-ны өдрийн 4/504 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 12х/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.05-ны өдрийн 101/ШЗ2024/04033 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-ийн 13-16х/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022.06.09-ний өдрийн 03/1447 дугаартай албан бичиг /хх-ийн 17х/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.05.27-ны өдрийн 4/666 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 18х/, нэхэмжлэгч *******гийн ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа 2024.05.29-ний өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 19х/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа, хандсан 2024.06.05-ны өдрийн 9-1/1717 дугаар албан бичиг /хх-ийн 20х/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.06.25-ны өдрийн 181/ШЗ2024/13008 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-ийн 21-23х/, *******ад 2025.02.11-ний өдөр *******гаас олгосон итгэмжлэл /хх-ийн 71х/ зэрэг баримтууд, 

 

Хариуцагч талаас 2025.02.06-н өдрийн 1-214/65 дугаартай итгэмжлэл /хх-ийн 29х/, хариу тайлбар /хх-ийн 42х/, 2025.02.06-ны өдрийн 1-214/65 дугаартай итгэмжлэл /хх-ийн 44х/, 2014.06.30-ны өдрийн 1282 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 45х/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.06.04-ний өдрийн 3179/б дугаартай захирамж /хх-ийн 46-50х/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.06.30-ны өдрийн 10273 дугаар захирамж /хх-ийн 51х/, 2014.07.21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 52х/, 2014.10.01-ний өдрийн 2/21679 дугаартай Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандсан албан бичиг /хх-ийн 53х/, Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2014.10.13-ны өдрийн 3049 дугаартай албан бичиг /хх-ийн 54х/, дугаартай ******* ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 55х/, 2014.11.27-ны өдрийн 2/28679 дугаартай Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандсан албан бичиг /хх-ийн 56х/, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас ирүүлсэн 2014.12.04-ний өдрийн 1124 дугаартай албан бичиг /хх-ийн 57х/, нэгж талбарын 8023/5045 дугаартай ******* ******* ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ /хх-ийн 58х/, нэгж талбарын 1681900724 дугаартай кадастрын зураг /хх-ийн 59х/, 2021.06.29-ний өдрийн 2-141/11991 дугаартай албан бичиг /хх-ийн 60х/, 2023.05.15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэн *******гийн гаргасан хүсэлт /хх-ийн 62х/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.05.27-ны өдрийн 4/666 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 63х/ зэрэг баримтууд бүрдүүлсэн.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Шүүхээс хуулийн дагуу хэрэгжиж байгаа гэж дүгнэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй хөрөнгийг хуульд зааснаар төлбөр авагчид төлбөртөө тооцон авахаар санал болгох ажиллагааг төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэх үндэслэлээр гүйцэтгэхгүй байж, өнөөдрийг хүртэл төлбөр авагчийн эрхийг ноцтой зөрчиж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авах санал болгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төлбөр төлөгч нь 2014 онд Улсын хилээр гарч явснаас болж төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ шалтгаанаар төлбөр авагчийн төлбөрт хөрөнгийг санал болгох ажиллагааг гүйцэтгээгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй тул энэ ажиллагааг хийх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж, шийдвэрлүүлсэн тохиолдолд уг хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулах боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Талууд төлбөр барагдуулахаар шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрэгжиж байгаа гэдэгт, төлбөр төлөгчийн хөрөнгө болон түүний үнэлгээнд, нэхэмжлэгч төлбөрийг шаардах эрхтэй эсэхэд маргадаггүй боловч худалдан борлогдоогүй төлбөрт хураагдсан хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгох ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлээгүй гэж маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3179/Б дугаартай захирамжаар нь 350,000,000 төгрөгийг ******* Чонг ******* төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид гээс 2,450,450 төгрөгийг гаргуулж, ******* Чонг ******* олгохоор шийдвэрлэжээ.

-       Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10273 дугаартай захирамж гарч, тус өдрийн 1282 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

-       Үүний дагуу 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарч, ажиллагааг эхлүүлсэн байна.

-       Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2/21678 дугаартай албан бичгээр ******* жи монгол ХХК-ийг үүсгэн байгуулагч, төлбөр төлөгч гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ******* жи монгол ХХК-ийн өмчлөлийн 2 давхар конторын зориулалттай, улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр хүргүүлсэн байх ба 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хариу албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар мэдэгдсэн байна.

-       Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/28679 дугаартай албан бичгээр ******* жи монгол ХХК-ийн өмчлөлийн 2 давхар конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө байрлах газрын хэмжээ болон өмчлөгч, эзэмшигчийн талаарх мэдээллийг гаргуулахаар Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд хандаж, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1124 дугаартай албан бичгээр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, бөөний худалдааны нэгдлийн урд талд 1,2 га газрыг орон сууцны барилгын зориулалтаар эзэмшүүлсэн нь дүүргийн Засаг даргын 2014 оны А/287 дугаартай захирамжаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон талаар хариу ирүүлсэн байна.

-       Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2-141/11991 дугаартай албан бичгээр холбогдох байгууллагаас төлбөр төлөгч г улсын хилээр нэвтэрсэн талаар мэдээлэл хүссэн байх бөгөөд хилээр гарч, өнөөдрийг хүртэл Улсын хилээр нэвтрээгүй байгаа талаар талууд тайлбарладаг, талууд энэ асуудалд маргаагүй.

-       Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3/22577 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох комиссын хуралдааныг 9 дүгээр сард хийхээр товлож байгаа талаар мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч энэ хуралдааныг зохион байгуулсан талаар, төлбөрт тооцож авах талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн, төлбөр төлөгч энэ талаар мэдсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

-       Харин 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4/504 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудсаар төлбөр авагч ******* Чонг Суны итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлбөр төлөгч улсын хилээр гарсантай холбоотой худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг гүйцэтгэхэд төлбөр төлөгчид мэдэгдэх боломжгүй байгаагаас энэ ажиллагааг хийх боломжгүй талаар мэдэгдсэн байна.

-       Бүртгэлийн 0107 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Бүгд найрамдах Солонгос Улсын  паспортын дугаартай, ******* Чонг Су 2021 оны 06 дугаар сарын 13-нд нас барж, нас барсны бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн учир
Улсын Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн эхнэр болох ХД67042183 регистрийн дугаартай, Түмэн овогт Бямбажавын Болормаад өвлүүлэгчийн эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 3179/Б шүүгчийн захирамжтай ******* иргэн гээс авах авлага 350,000,000 төгрөгийн хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийг олгосон байна. Ингэснээр нэхэмжлэгч ******* нь гээс 350,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байх бөгөөд талууд үүнд маргаагүй.

-       Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа хандаж, хөрөнгийг төлбөртөө авах санал болгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэх, ингэхдээ төлбөр төлөгчид цахим харилцаа холбоог ашиглан энэ талаар мэдэгдэх зэргээр хүсэлт гаргаж байсан байх ба хариуцагч талаас төлбөр төлөгчийг хилээр гарсан, мэдэгдэх боломжгүй байгаа талаараа тайлбар ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2023 оны 05 дугаар сарын 15, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтүүд, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

 

6.    Шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3179/Б дугаартай захирамжийг хэрэгжүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байх үед 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хэрэгжиж байсан бөгөөд хуулийн 39.7-д Энэ хуулийн 39.1-д заасан хугацаанд худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид мэдэгдэн үнэ хямдруулан худалдаж болно. Үнэ хямдруулан худалдан борлуулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно гэж заажээ.

 

7.    Харин хуулийн 39.8-д Энэ хуулийн 39.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана гэж тус тус заасан байна.

 

8.    Тухайн үед хэрэгжиж байсан дээрх хуулийн зохицуулалтаас харахад төлбөр төлөгчид мэдэгдсэний үндсэн дээр эхлээд хөрөнгийн үнийг бууруулан худалдах ажиллагааг хийх бөгөөд энэ тохиолдолд ч хөрөнгө худалдан борлогдоогүй бол үүний дараагаар төлбөр авагчид хөрөнгийг төлбөрт санал болгох ажиллагаа хийгдэхээр заасан байна.

 

9.    Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь худалдан борлогдоогүй хөрөнгийн үнийг хямдруулж худалдахаар ажиллагаа хийсэн эсэх нь тодорхойгүй, мөн энэ талаар төлбөр төлөгч д мэдэгдсэн талаарх баримтгүй, цаашлаад түүний хөрөнгийг төлбөр авагчид төлбөрт нь тооцож, санал болгох талаар мэдэгдэх ажиллагааг хийгээгүй, хийх боломжгүй байсан болох нь тогтоогдож байх тул төлбөр авагчид шууд хөрөнгийг санал болгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй байна гэж шүүхээс дүгнэв.

 

10. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдуулан төлбөрт хураагдсан эд хөрөнгийг төлбөртөө тооцож авахыг санал болгох ажиллагааг хийхийг даалгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    *******гийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авах санал болгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.




ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.ЦЭЛМЭГ