Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/579

 

2026           05            11                                                                        2026/ДШМ/579

 

Ж.Х-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтүвшин,

хохирогч Ц.А-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Ж.Х-,  

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/906 дугаар шийтгэх тогтоолыг хохирогч Ц.А-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.Х-д холбогдох 2510 01697 1426 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б- овогт Ж-ы Х-, Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЖЖ-/,

 

Шүүгдэгч Ж.Х- нь 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ж-" хотхоны 6 дугаар байрны орцонд Ц.А-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэрэг хальсны цоорол, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Ж.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Б- овогт Ж-ы Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-д 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-д оногдуулсан торгох ялыг 03 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Х- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хэрэг шалгаж байх хугацаанд өмгөөлөгчгүйгээр явж байсан бөгөөд тухайн үед мөрдөн байцаагч нь "сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргахад олон сарын хугацаа шаардагддаг учраас чамд хохиролтой. Энэ дээр гарын үсгээ зурчих" гээд намайг хуулийн мэдлэггүйг далимдуулан сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр хэргийг шүүх шилжүүлсэн. Тэгээд анхан шатны хурал дээр энэ тухайгаа хэлж дүгнэлт гаргуулъя гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргасан боловч шүүх хүлээн авалгүйгээр иргэний журмаар шийдвэрлүүлж болно гээд хүлээж авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Одоо миний чихнээс булаг гоожоод маш их зовуурьтай байгаа ба би өнөөдрийг хүртэл эрүүл мэндээрээ хохирсон хэвээрээ байхад хуулийн дагуу тогтоолгох боломжтой байсан сэтгэцэд учирсан хохирлын шинжээчийн дүгнэлт гаргахаас залхуурсан мөрдөгчөөс болж, эрүүл мэндээс гадна сэтгэл санаагаараа дахиж хохироод байгаадаа маш их гомдолтой байна. Миний хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирогч учраас хуулийн дагуу шийдэгдэх байх гэж үзээд өмгөөлөгч авалгүй явсаар анхан шатны шүүх хурал дээр л өмгөөлөгчтэй орсон юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулах эрхийг минь сэргээж өгнө үү....”  гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие энэ хэргийн хохирогч Ц.А-ийн өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас эхэлж ажилласан. Анхан шатны шүүхэд “хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоё” гэх утгатай хүсэлтийг гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардал болон бусад зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Гэвч уг асуудлыг заавал иргэний шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр эрүүгийн шүүхээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Манай үйлчлүүлэгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох тухай давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна...” гэв.

 

Прокурор Б.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлтийг гаргахаас татгалзсан. Хэрэг шалгах явцад түүнийг өмгөөлөгч авах эрхээр нь бүрэн хангасан. Гэвч өөрөө өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход татгалзах зүйлгүй байгаагаа илэрхийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч Ц.А-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Ж.Х-г 2025 оны 3 дугаар сарын 12-нд Ц.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэрэг хальсны цоорол, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Х-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогч Ц.А-ийг ...гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй... үлдээж шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан эдийн гэм хорыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.

Харин гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан хэдий ч мөн зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлсон бөгөөд аль нэгэн хуульд энэ тухай тусгайлан зохицуулаагүй байсан тул эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн тохиолдолд түүнийг шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй байсан билээ.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурал Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгүүд, энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зарим заалт, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалт тус тус нэмснээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт байна.

Тиймээс дээрх зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-ээс 2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөн журмын 2.2-т зааснаар шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор заажээ.

Шүүгдэгч Ж.Х- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэгдсэн ба уг хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байхад хохирогч Ц.А-ийн “хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг тогтоох шинжилгээг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй байна.

Дээр дурдсанаар заавал шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн гэм хорын хохирлын нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгахаар, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахаар тус тус хуульчилжээ.

Иймд хохирогч Ц.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2026/ШЦТ/906 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн...гэм буруугийн хэлбэр...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал...-ыг нотлон тогтоохоор, мөн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “...нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор” хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулах боломжийг хуулиар олгосон болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Ж.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/906 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Хохирогч Ц.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ГАЛБАДАР

ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                                       Н.БАЯРМАА