Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/295

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Ү.Одгэрэл, шүүгч Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Иргэдийн төлөөлөгч Д.Баяраа

Шүүгдэгч Т.Баярбатын өмгөөлөгч Ө.Батболд, З.Нямсүрэн

Шүүгдэгч Д.Тунгалаг, Ү.Ариунаа нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Т.Б, Д.Т, Ү.А

Шинжээч эмч Н.Энхцолмон, Т.Чимэд-Очир

Гэрч М.Буянхишиг, Т.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т, Ү.А нарт холбогдох 201511000319 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ....... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын ................... багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т.Б. /РД: ....................../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ......-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг .................. тоотод оршин суух, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан, ял шийтгэлгүй, 69 хувийн группэд байдаг, Д.Т. /РД: ............./

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ....... дугаар сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, 18 настай хүүхдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын ................... гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ү.А. /РД: ................../

Шүүгдэгч Т.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн нутаг дэвсгэр Зүүн бүрд гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн иргэн Д.Т-г зодож түүний бие махбодид хүнд гэмтэл  санаатай учруулан догшин авирлаж танхайрсан,           

Шүүгдэгч Д.Т нь эрүүгийн 201511000319 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ ...харин одоо бодоод байхад Баттөмөрийн гэрээс Б-г гараад явсны дараа араас нь бие засах гэж Баттөмөрийн гэрээс гарахад гэрийнх нь босго нилээн өндөр байсан тэгээд би босгонд нь хөл алдаж унаад нүүрээрээ ойчиж босгоных нь довжоонд цохисон... гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Ү.А нь 201511000319 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ ...Баттөмөр гэрээс гарахад араас нь Б гэх залуу гараад явсан. Тэр хоёрыг гараад явсны дараа Т ах нилээн халамцуу араас нь гарсан юм. Удалгүй Т ах орж ирээд уначихлаа гэж хэлсэн. Т ахын зүүн талынх нь нүдний хэсгээр шороо болон цус болчихсон байсан... гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2014 оны 11 сарын эхээр мал мах авч байгаа Т гэх хүнтэй уулзаад үхэр зарсан. Хоёроос гурав хоногийн дараа адуу зарахаар уулзсан юм. Бэлэн мөнгө байхгүй байна, зараад мөнгийг нь өгий гээд тохиролцсон. Тухайн үед сайхан дүүтэй танилцсан гэж байсан. Нэг орой над руу яриад ах нь хүнтэй явж байна. Танайд “эхнэр чинь байхгүй байгаа бол би очьё” гэсэн. Манай эхнэр өөр хүнтэй явдаг би хариуд нь нэг хүүхэнтэй явдаг юм. Тэрийг аваад танайд очно гэсэн. Тэр хоёр ирээд гурвуулаа хамт пиво уусан. Нэлээд байж байснаа ах нь яваад жаахан уух юм аваад ирье гээд явсан. Маргааш нь манай дүүгийн гэрт очсон байсан. Архи ууж согтчихоод унаж туссан байх.  Энэ хэргийг шийдүүлэх гэж шүүх, цагдаагаар 4 жил орчим явж байна. Үнэхээр цохиж зодсон бол би хүлээн зөвшөөрөх байсан. Анхны үзлэгийн тодорхойлолт, эмнэлэгт үзүүлсэн зүйл байхгүй, хэзээ авсан нь тодорхойгүй гэмтэл бариад хэлээгүйг хэлсэн болгоод, хийгээгүйг хийсэн болгоод явж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Манайхыг мал хуйтай айл болохоор шунахайн сэдлээр ийм зүйл хийж төлөвлөсөн байх. Би үнэхээр залхаж байна...гэв.

Шүүгдэгч Ү.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би аймгаас Т ахтай хамт сум руу явсан. Замд явахдаа Б-нх руу очсон. Орой гэрээс нь гараад дүүгийнд нь очоод машин унтарсан байсан болохоор чирч асааж өгсөн. Өглөө Б гаднаас орж ирсэн. Т ах газар унтаж байсан. Орж ирээд “Т хаана байна” гээд шууд өшиглөсөн. Тухайн үед Т ах үсэрч босч ирээд бархирсан. Өрөөсөн нүдээ дараад дүүгийндээ очсон. Дүүгийндээ байж байхад маргааш нь Б ирээд уучлалт гуйсан. Намайг мөрдөн байцаалтад мэдүүлэг өгүүлэхээр эд нар вагоноос тосч аваад уурхайн байранд аваачсан. Тэгээд надад хэлэх үгийг зааж өгсөн. Т ах бид хоёрын хооронд ямар ч харилцаа байхгүй. Ер нь бол тухайн үед Баярбат намайг орон дээр дарж унагааж байсан. Би урьд энэ асуудлыг хэлж байгаагүй. Одоо би үнэнийг хэлж байна. Миний одоо өгсөн мэдүүлэг үнэн зөв...гэв.

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Прокурор хэргийн материал үнэн зөв байгааг танилцуулсан. Бүх асуудлыг эхнээс нь хэлмээр байна. Би өмнө нь амьдрал ахуйгаа авч явах гээд мал мах авдаг  байсан. Анх би Б-ыг танихгүй, мэдэхгүй байсан. Өмнө нь надад хонь, ямаа өгнө гээд 1000.000 төгрөг авсан. Намайг очиход хадам аавтайгаа архи уугаад байж байсан. Тэгээд би дараа нь гэрт нь очихдоо “сайхан дүү байна, сайхан танилцъя” гээд очсон. А дүү манай эхнэрийн талын худ ураг гэсэн үг. Бид хоёрт элдэв харилцаа байхгүй. Эдний гэрт очоод 0.5 грамм шилтэй архи уучихаад бие засах гэж гараад орж ирэхэд Б А-г орон дээр дарж ойчоод байж байсан. Би тухайн үед энэ ер нь айхтар хүн байна гэж бодсон. Хурдхан явъя гээд дүүгээ аваад гарсан. Тухайн үед энэ хүн ч араас татсан. Б-ын гэрээс шөнө 2 өнгөрөөгөөд гарсан замдаа машин унтарсан. Өвлийн хүйтэн байсан. Өглөө дүүгийнх нь гэр рүү гүйж очоод машинаа чирүүлээд асаалгасан. Дүү нь эхнэр шуудангаар ирнэ, тосно гэж байсан. Би авах ёстой хонь, ямаагаа авах санаатай байсан. Тэгээд ядарсан байсан болохоор унтаж байхад Б гэрийн гадаа согтуу ирээд “ална, хядна” гэсэн. Орж ирээд намайг шууд өшиглөсөн. Эсгийн гуталтай байгаагүй хоншоор нь үзүүртэй гутал байсан. Би бархираад л босоод ирсэн. Асар их хэмжээний цус шингэн гарсан. Баттөмөрийн авгай “та нар яв, гэр орон цус болгочихлоо” гэсэн. Тэгээд дүүгийнд ирээд жин тавьсан. Маргааш өглөө нь Б орж ирээд надаас уучлалт гуйсан. Рина “чи яагаад хүний нүд өшиглөдөг юм бэ” гэсэн. Тэгж байсан хэрнээ гэрт нь очоогүй гээд байгааг ойлгохгүй байна. Би анх 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хавьцаа эмнэлэгт үзүүлсэн. Эдний хамаатан 12 сар гээд биччихсэн байсан. Тухайн үед нүдний болор хагарсан байна. Эмчид үзүүлэхэд хүнд хагалгаа болно нүдээ эмчил гэсэн. Би хавантай нүдтэй очоод уулзаж байсан. Б надад “хавар ноолуурын мөнгө гарахаар мөнгө өгнө” гэж хэлж байсан. Дараа нь мөнгө төгрөг өгөхгүй болохоор уулзахад гарын ая даахгүй гэж хэлж байсан. Тэгээд л би үзүүлсэн. Хашаа байшин газрын гэрчилгээгээ барьцаанд тавиад хагалгаа хийлгэхээр явсан. Хагалгаанд орж ирээд Б-тай холбогдох гэтэл Б-ын утас холбогдохгүй байсан. Тэгээд эхнэртэй нь холбогдоход “эхнэр нь чи хэдэн төгрөг авмаар байна, би тэр Б-аас чинь салсан” гээд хэлэх хэлэхгүй үгээр загнаж байсан. Би ер нь цагдаад мэдэгдэхгүй юм бол болохгүй юм байна гэж бодсон. Цагдаад өгснөөс хойш над руу бараг 20 удаа залгасан. Мөргөж сөгдөх нь дутуугүй байсан. Намайг 12 дугаар байранд хүрээд ир гэсэн. Тэгээд аав нь архи задлаад надад “5 сая төгрөг төлнө гээд явахад нь хонь өгнө, миний хүүг хэргээс мултлаад өг, би 1500000 төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлж байгаа, тэр мөнгийг хүртэл өгнө” гэж хэлсэн. Намайг “та өөрийгөө бүдрээд унасан гээд хэлчих” гээд их гуйсан. Би ч хүн юм даа гээд зөвшөөрсөн. Тэрнээс болж би мөнгө төгрөггүй, эрүүл мэндгүй болсон. Би буруу шийдвэр гаргаснаасаа болоод одоо ингээд байж байна. Эд нар гэр бүлээрээ сэтгэлгүй хүмүүс хүний сайхан сэтгэлээр тоглосон, хэлсэн амандаа хүрдэггүй хүмүүс юм. Надад хараал хүртэл хийлгэнэ гээд гадуур явж байсан хүмүүс..гэв.

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: Миний нүдийг өшиглөөгүй гээд байгаа хэрнээ хүн гүтгээд байгаа юм шиг хэлээд байгаа нь сонин байна. Гэм буруугүй унтаж байсан хүнийг өшиглөсөн. Нэг нүдний гэмтэл нь нөгөө нүдэнд нөлөөлөөд миний хараа эрс муудсан. Би уг нь энэ хүнийг сайн танихгүй. Өгөө аваа байхгүй л хүмүүс. Зүгээр дүүгийнд нь унтаж байхад нүдийг минь сохолсон болохоор гар хөлийнх нь загтнааг гаргачихлаа л гэж бодож байна. Миний зүгээс Б-аас 6724.900 төгрөг нэхэмжилж байна. Би сардаа дунджаар 500.000-1000.000 төгрөг олдог байсан. Энэ хугацааны мөнгө 7000.000 төгрөг гаргуулж авмаар байна. Би энэ хүнд насаараа гомдож явна...гэв.

 

Гэрч Т.Баттөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүгдэгч Д.Т, Ү.А нарыг машин чирээд өгөөч гэсэн үүднээс танина. Манай гэрт хэргийн газрын үзлэг хийсэн. Манай үүдний довжоо хоёр тоосго давхарласан цементэн шаттай, хэдэн метр урттайг нь сайн мэдэхгүй байна 4 тоосго давхарласан, 40 орчим см өндөртэй. Манай гэрт эхнэрийг байж байхад Б ирсэн. Б-ыг ирэхэд Т сэрүүн байж байсан. Тухайн үед манай ах унтаж байхад нь Т-н нүд рүү нь өшиглөөгүй. Т-н хэлснээр манай эхнэр нүднээс нь гарсан цусыг арчсан зүйл болоогүй. Ах Б орж ирээд “Ууж идсэн хүмүүс гэр оронд чинь шээчих вий” гэж хэлээд гарсан. Т, А нар манайд орж ирэхдээ машин асахгүй байна, асаагаад өгөөч гэж ирсэн. Тэгээд бид хоёр нууцаар явдаг хүмүүс, мал авдаг гэж хэлж байсан. 3-4 шил пиво авч ирсэн. Тэрийг нь уусан. Тухайн үед Т нь дуулаад А-тай тэврэлдээд сонин, сонин үйлдэл гаргаж байсан. Манай ах хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Тухайн үед Т-н нүднийх нь ойролцоо шалбархай байсан. Манайхаас явах болсон шалтгаан нь ахыг хэлснийг сонсоод эвгүйрхээд явсан байх. Т, А нар манайд 7 цагийн үед очсон байх, энэ хоёрын өдөржин манайд байх шалтгаан нь энэ хүнтэйгээ байх гээд байсан. Манай эхнэр ор засаж өгсөн. Тухайн үед манай эхнэр хэвтэж байсан. Эхнэрийн мэдүүлэгт өглөө явсан гэж хэлснээр л зөрсөн байх. Өөр асуудлыг би мэдэхгүй. Би Т-н гэрт очсон. Намайг гэрт нь байхад эхнэр нь “аль нүд чинь гэмтсэн бэ, гэмтэж байсан нүд чинь үү” гэж асууж байсан...гэв.

 

Гэрч М.Буянхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2014 онд Тунгалагаас адууны мөнгө авч байсан. Би 2015 оны 05 сард хагалгаанд орох гээд Улаанбаатар хотод байж байхад танихгүй дугаараас Т гэх хүн залгаад “би нөхөрт чинь зодуулсан хүн байна, надад 10 сая төгрөг өг” гэсэн.  Би уурлаад “та нар айл амьтанаар заваарч яваад хүнээс мөнгө төгрөг нэхдэг яасан айхтар хүмүүс вэ” гээд хэрэлдсэн. 10000.000 төгрөг нэхснээс хойш над руу Туяа гэдэг хүн залгаад “6000.000 төгрөг өг” гэсэн. Би тухайн үед “байхгүй, явдаг газраараа яв” гэж хэлсэн. Хэрэг гарах үед би гэртээ байгаагүй учир хэрэг явдлыг мэдэхгүй. Би Т-г утсаар ярьсаны дараа мэдсэн. Би өмнө нь Т-аас мөнгө очиж авч байсан болохоос таньдаг байгаагүй. Би энэ хоёр хүн ирээд хэрүүл болсон асуудлыг нөхрөөсөө мэдсэн...гэв.

 

Шинжээч эмч Н.Энхцолмон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дүгнэлтийг гаргахдаа хэргийн материалтай танилцаад гаргасан. Дүгнэлт гаргахад Амгаланболд, Сарангэрэл, Ганцэнгэл, Ариунзул нар орсон. Миний үндсэн мэргэжил шинжээч эмч, би 6 жил хүний их эмчээр суралцаж төгсөөд дараа нь нарийвчилсан чиглэлээр суралцдаг. Нэгдүгээрт эмнэлгийн байгууллагад хандсан хугацаа хожуу хугацаа алдсан. Өвчний түүх, картыг үндэслэсэн. Эмнэлгийн баримтаас хугацааг нарийвчлан тооцох боломжгүй байсан. ЭХО-д торлогт гэмтэл байхгүй байна гэж байгаа нь торлогийн хэмжээнээс шалтгаалж болно. Торлог бүтэн урагдсан байж болно. ЭХО-д мэдэгдээгүй байж болно. Гэнэт ховхорч болдог. Сэмрээд урагдаад байж байгаад бага урагдал нь аяандаа ховхорч болно. Гэмтлийн болон гэмтлийн бус гэсэн 2 аргаар болорын цайлт үүсдэг. Гэмтлийн бус нь насжилттай холбоотой. Энэ хүний хувьд болор мултарсан механик гаралтай буюу гэмтлийн улмаас үүссэн байсан. Эмнэлгийн бичиг баримтаар дүгнэлт гаргасан. Нүдний бүтцийн өөрчлөлт нөхөн сэргэхгүйгээр өөрчлөлт орсон учраас хөдөлмөрийн чадвар 65 хувь алдагдсан. Харааны байдал эргэж сэргэж магадгүй гэсэн үүднээс дүгнэлт гарсан. Харин сүүлийн дүгнэлтээр бол энэ хүний нэг нүд бүрэн хараагүй болсон байсан. Бүтцийн өөрчлөлтөд орсны дараа гарсан. Болорын мултралт, торлогийн ховролт нь механик гэмлийн улмаас үүсдэг ба механик гэмтэл нь цохилтын улмаас үүснэ. Тухайн нүдэн тус газар үйлчлэхэд үүсдэг. Биеийн ерөнхий доргилтоор маш ховор үүсдэг. Нүдэнд хүч үйлчилж байгаа учраас ойчиход торлог гэмтэх боловч болор мултрах нь маш ховор. Харааны байдлыг үндэслэж байгаа. Манай дүгнэлтээр энэ хүний нүдний хараа бүрэн сэргэх боломжгүй болсон гэж үзэж байгаа болохоор хүнд гэмтэл гарсан. Бид нар Мөнхзаяа эмчийн үзлэгийг үндэслээд Т-ийг үзэлгүй дүгнэлтийг гаргасан. Гэмтэл авсан даруй болор мултарч байгаа болохоор тодорхой хэмжээний зовиур байна. Нүд гадна талаасаа гэмтсэн үед зовиурыг тоохгүй байх асуудал байдаг. Болор мултарч байгаа учраас хугаралын асуудлаар зовиур гарна. Эдгээр гэмтэлд хугацаа шаардагдана. Мултралттай болорыг авна гэсэн ойлголт байхгүй. Болор цайсан учраас авсан. Болороос болж хараагүйдэл үүснэ. Гэхдээ болорыг аваад өөр болор хийхэд хараа сэргэдэг. Харин торлог гэмтэхээр бүтцийн хувьд өөрчлөлт ордог учраас эргэж сэргэдэггүй. Болорыг авсан ч гэсэн өөр болор хийхээр хараа сэргэнэ гэхдээ Т-ийн хувьд цаг алдсан асуудал байгаа учраас ийм асуудал үүссэн. Нэг нүд бүрэн хараагүй болсон учраас гэмтлийн зэрэг 65 хувь гарсан...гэв.

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шилэнцэрт төвдөстэй гэдэг нь торлог болорын хоорондох шингэнийг хэлж байна. Тэр шингэнд бүтцийн өөрчлөлт орж байна гэсэн үг. Дүгнэлт гаргахдаа Т-ийг үзсэн. Харааны байдал муу, хүүхэн харааны гэрлийн урвал сул байсан. Харах чадвар байгаа нь тогтоогдсон учраас энэ хүний харааг буурсан гэж үзээд 0.04 доош харж байна гэсэн ангилалд оруулсан. Өмнө нь харуулж байсан баримт байхгүй болохоор баруун нүдний харааг үзээд зүүн нүдний хараатай харьцуулсан. Харааны буурлаар гэмтлийн зэрэг тогтоосон. Болор цайхаас өмнө эмчилгээ хийж болно. Торлогийн ховхрол хугацаанаас хамаарна. Нэгэнт бүтцийн өөрчлөлт ороод засрал авахгүй болсон тохиолдол байсан. Гэмтэл авсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Бид харааны бууралтыг үндэслээд дүгнэлт гаргасан. Аль дүгнэлт барьж хэргийг шийдэхийг би мэдэхгүй. Дүгнэлт гаргасан аргачлал зөрүүтэй өөр биш. Тухайн үеийн шинжээч нарын үнэлэмж өөр байсан. Дүгнэлт гаргаж байхад хараа муудсан байсан бол дараагийн дүгнэлт гарахад нүдний бүтцэд өөрчлөлт ороод харахгүй болсон байсан. Хараагүйдлийн байдлаас болж 25 хувийн бууралттай гэсэн дүгнэлт гарсан. Хугацаа алдсан байдал нь нөлөөлсөн. Эмнэлгийн тусламж эрт авах тусам эмчлэх боломж өндөр байсан...гэв.

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 371 тоот дүгнэлтэд: "1.Д.Т-н биед болорын цайлт, болорын мултрал, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр 65% тогтонги байдлаар алдагдсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэжээ. /1-р хавтас 61 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 681 тоот дүгнэлтэд:  "1.Д.Т-н биед зүүн нүдний болорын мултрал, зүүн нүдний торлогийн ховхрол, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн нүдний болорын мултрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нүд орчим хүч үйлчлэх үед үүсгэгдэх боломжтой, зүүн нүдний торлогийн ховхрол нь доргилтын үед үүсэх боломжтой. 2. 10.11. Дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.4.5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 7-34-05-д зааснаар тогтоогдсон баруун нүдний хараа 0.6 зүүн нүдний хараа 0.0 байгаа гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 25% тогтонги алдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6.Т-н биед зүүн зовхинд 1х0.2 см цайвар хүрэн бүдэг сорви тогтоогдлоо. 7.Дээрхи сорвиноос хэр хэмжээний цус алдахыг нарийвчлан тогтоох боломжгүй, хувь хүний биеийн онцлогоос хамаарна. 8.9.Зүүн нүдний болорыг мэс заслаар авсан байна. 12.Зүүн нүдний хараагүйдлийн үндсэн шалтгаан болох торлогийн ховхрол нь доргилтын улмаас үүсдэг. 2014.05.27-ны өдрийн №322 тоот шүүх эмнэлгийн дүгнэлтэнд толгой өвдөнө, шүд өвдөнө, дээд доод уруул овойж хавдсан, гавал ясанд хамрын хянга ясны хуучин хугаралтай, тархи доргилтын улмаас хөнгөн гэмтэл тогтоогдсон нь нүдний гэмтэлд шууд нөлөөлөхгүй ба дээрхи гэмтлүүдийг авсан цаг хугацаанд зүүн нүдний торлогийн ховхрол гэмтэл авсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэжээ. /2-р хавтас 30-32 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 1552 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.Д.Т-ийн биед зүүн нүдний болорын мултрал, зүүн нүдний торлогын ховхрол, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. 2.Дээрхи гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.4.5.Д.Т-ийн биед үүссэн зүүн нүдний хараагүйдэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 7-31-01-д зааснаар тогтоогдсон зүүн нүдний хараа 0.0 байгаа гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 65% тогтонги алдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Шинжээч эмч Н.Уянгын 2015.06.08-ны өдөр гаргасан №371 тоот дугаартай дүгнэлт, шинжээч эмч С.Сайнзаяагийн 2016.03.01-ний өдөр гаргасан №7 тоот дугаартай нэмэлт дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна. 7.Шинжээч эмч Ш.Цэцэгмаа, Т.Чимэд-Очир, М.Энхтайван, нүдний салбар зөвлөлийн мэргэжилтэн Ч.Мөнхзаяа, П.Энхмаа нарын 2016.05.30-ны өдөр гаргасан №681 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. 8.2016.12.02-ны Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч нарын үзлэгт Т-ийн зүүн нүдний зовхинд бүдэг сорвитой. 9.Т-ийн зүүн нүдний сорвиноос тухайн үед хэр хэмжээний цус гарахыг тогтоох боломжгүй. 10.Д.Т-ийн зүүн нүдэнд болорын бүдэгшил байхгүй, мэс заслаар авагдсан. 11.Д.Т-ийн зүүн нүдэнд өмнө нь болорын бүдэгшилтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй. Болорын бүдэгшил нь зөвхөн мэс заслаар л арилгах, засах бломжтой. 12.13.Хохирогч Д.Т-ийн биед үүссэн гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 14.2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №322 тоот шүүх эмнэлгийн дүгнэлтэд толгой өвдөнө, шүд өвдөнө, дээд доод уруул овойж хавдсан, гавал ясанд хамрын хянга ясны хуучин хугаралтай, тархи доргилтын улмаас хөнгөн гэмтэл тогтоогдсон гэх ба энэ гэмтлүүд нь нүдний гэмтэлд нөлөөлөхгүй болно”  гэжээ. /2-р хавтас 186-189 тал/

             

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хавтас 1 тал/

-Д.Т-ийн цагдаагийн газарт гаргасан гомдол /1-р хавтас 4-5 тал/

-Д.Т-ийн эмчлүүлэгчийн карт /1-р хавтас 23 тал/

-Д.Т-ийг хохирогчоор байцаасан тэмдэглэл /1-р хавтас 38-39, 40-41 тал/

-Гэрч Т.Эрдэнэбатын мэдүүлэг /1-р хавтас 49 тал/

-Гэрч Н.Оюунцэцэгийн мэдүүлэг /1-р хавтас 51 тал/

-Ү.А-г гэрчээр анх байцаасан тэмдэглэл /1-р хавтас 53-54 тал/

-Гэрч Ц.Наранцэцэгийн мэдүүлэг /1-р хавтас 56-57 тал/

-Хохирол нэхэмжилсэн талаарх баримт /1-р хавтас 84-89, 161 тал/

-Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хавтас 121—125 тал/

-Өмгөөлөгч З.Нямсүрэнгийн хүсэлтээр 201411000289 дугаартай хэргээс авсан нотлох баримтууд /1-р хавтас 173-187 тал/

 -Гэрч Л.Төмөр-Очирын мэдүүлэг /2-р хавтас 9 тал/

-Гэрч Д.Батжаргалын мэдүүлэг /2-р хавтас 10 тал/

-Гэрч Ц.Мөнхбаатарын мэдүүлэг /2-р хавтас 11 тал/

-Гэрч Ц.Сувд-Эрдэнийг дахин байцаасан тэмдэглэл /2-р хавтас 12 тал/

-Гэрч Т.Баттөмөрийг дахин байцаасан тэмдэглэл /2-р хавтас 13 тал/

-Гэрч Д.Хүрэлчулууны мэдүүлэг /2-р хавтас 14 тал/

-Шүүх эмнэлгийн нэмэлт үзлэг хийсэн акт /2-р хавтас 22 тал/

-Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт /2-р хавтас 28-29 тал/

-Шинжээч М.Энхтайванг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 33-35 тал/

-Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 42-43 тал/

-Хот хоорондын зорчих тасалбар /2-р хавтас 106-109, 3-р хавтас 181-182 тал/

-Шүүгдэгч Ү.А-г 3 дахь удаагаа байцаасан тэмдэглэл /2-р хавтас 202 тал/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтас 226-227 тал/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2-р хавтас 230-231 тал/

-Гэрч Д.Оюундэлгэрийг дахин байцаасан тэмдэглэл /2-р хавтас 234-235 тал/

-Гэрч Д.Загдсүрэнгийн мэдүүлэг /2-р хавтас 236-237 тал/

-Гэрч Ц.Нандинтуяагийн мэдүүлэг /2-р хавтас 238 тал/

 -Шинжээч А.Амгаланболдыг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 243-244 тал/

 -Барьцааны гэрээ /3-р хавтас 185 тал/ зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн нутаг дэвсгэр Зүүн бүрд гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн иргэн Д.Т-г зодож түүний бие махбодид хүнд гэмтэл  санаатай учруулан догшин авирлаж танхайрсан,

 Шүүгдэгч Д.Т нь эрүүгийн 201511000319 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “...харин одоо бодоод байхад Баттөмөрийн гэрээс Б-ыг гараад явсны дараа араас нь бие засах гэж Баттөмөрийн гэрээс гарахад гэрийнх нь босго нилээн өндөр байсан тэгээд би босгонд нь хөл алдаж унаад нүүрээрээ ойчиж босгоных нь довжоонд цохисон... “ гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Ү.А нь 201511000319 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ “...Баттөмөр гэрээс гарахад араас нь Б гэх залуу гараад явсан. Тэр хоёрыг гараад явсны дараа Т ах нилээн халамцуу араас нь гарсан юм. Удалгүй Т ах орж ирээд уначихлаа гэж хэлсэн. Т ахын зүүн талынх нь нүдний хэсгээр шороо болон цус болчихсон байсан... “ гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч Д.Т-т учирсан хохирол нь шүүгдэгч Б-ын үйлдлээс болсон гэдэг нь  тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргаж байгаа болон,

 Гэрч Т.Баттөмөр шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай үүдний довжоо хоёр тоосго давхарласан цементэн шаттай, хэдэн метр урттайг нь сайн мэдэхгүй байна 4 тоосго давхарласан, 40 орчим см өндөртэй. Тухайн үед манай ах унтаж байхад нь Т-ийн нүд рүү нь өшиглөөгүй” гэж мэдүүлж байгаа нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1552 дугаартай “1.Д.Т-н биед зүүн нүдний болорын мултрал, зүүн нүдний торлогын ховхрол, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. 2.Дээрхи гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.4.5.Д.Т-н биед үүссэн зүүн нүдний хараагүйдэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 7-31-01-д зааснаар тогтоогдсон зүүн нүдний хараа 0.0 байгаа гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 65% тогтонги алдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Шинжээч эмч Н.Уянгын 2015.06.08-ны өдөр гаргасан №371 тоот дугаартай дүгнэлт, шинжээч эмч С.Сайнзаяагийн 2016.03.01-ний өдөр гаргасан №7 тоот дугаартай нэмэлт дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна. 7.Шинжээч эмч Ш.Цэцэгмаа, Т.Чимэд-Очир, М.Энхтайван, нүдний салбар зөвлөлийн мэргэжилтэн Ч.Мөнхзаяа, П.Энхмаа нарын 2016.05.30-ны өдөр гаргасан №681 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. 8.2016.12.02-ны Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч нарын үзлэгт Т-н зүүн нүдний зовхинд бүдэг сорвитой. 9.Т-н зүүн нүдний сорвиноос тухайн үед хэр хэмжээний цус гарахыг тогтоох боломжгүй. 10.Д.Т-н зүүн нүдэнд болорын бүдэгшил байхгүй, мэс заслаар авагдсан. 11.Д.Т-н зүүн нүдэнд өмнө нь болорын бүдэгшилтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй. Болорын бүдэгшил нь зөвхөн мэс заслаар л арилгах, засах боломжтой. 12.13.Хохирогч Д.Т-н биед үүссэн гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 14.2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №322 тоот шүүх эмнэлгийн дүгнэлтэд толгой өвдөнө, шүд өвдөнө, дээд доод уруул овойж хавдсан, гавал ясанд хамрын хянга ясны хуучин хугаралтай, тархи доргилтын улмаас хөнгөн гэмтэл тогтоогдсон гэх ба энэ гэмтлүүд нь нүдний гэмтэлд нөлөөлөхгүй болно” /2-р хавтас 186-189 тал/ гэсэн дүгнэлт,

 

-Шинжээч эмч Н.Энхцолмонгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Болорын мултрал нь ойчиход үүсэх магадлал бага нүдэнд цохих үед үүсэх боломж их, хараа нь бүрэн сэргэхээргүй болсон тул хүнд гэмтэл гэж гаргасан...” гэсэн мэдүүлэг,

- Шинжээч эмч Т.Чимэд-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...681 тоот дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл гэж гаргасан. Гэтэл 1552 тоот дүгнэлтээр 681 тоот дүгнэлтийг үндэслэлгүй гэж гаргасан байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Д.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн: ...Миний нүдийг өшиглөөгүй гээд байгаа хэрнээ хүн гүтгээд байгаа юм шиг хэлээд байгаа нь сонин байна. Гэм буруугүй унтаж байсан хүнийг өшиглөсөн. Нэг нүдний гэмтэл нь нөгөө нүдэнд нөлөөлөөд миний хараа эрс муудсан. Би уг нь энэ хүнийг сайн танихгүй. Өгөө аваа байхгүй л хүмүүс. Зүгээр дүүгийнд нь унтаж байхад нүдийг минь сохолсон” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Ринагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2014 оны 11 дүгээр сарын 20-нд болсон үйл явдлыг мэдэхгүй байна. Харин 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн орчимд гаднаас Д.Т ах А-тай цуг орж ирсэн. Д.Т ах манай гэрт орж ирэхдээ нүд нь нилээн хавдсан нүд харж чадахааргүй хавдсан байсан. Тэгээд Д.Т ах өчигдөр Т.Баттөмөрийн гэрт унтаж байхад Баагий /Б/ гэх залуу нүүр рүү нь өшиглөсөн гэж байсан. Удалгүй Д.Т ахыг өшиглөсөн гэх Баагийн /Б/ орж ирээд “дүүгээ уучлаарай муухай юм боллоо айхтар өшиглөчихлөө намайг уучлаарай” гэж байсан. Тэгэхээр нь би Баагий /Б/ гэх залууд “чи ямар аймаар өшиглөчихсөн юм хагалгаанд орвол яах юм бэ” гэж хэлэхэд Баагий /Б/ гэх залуу “харин тиймээ” гэж хэлээд гараад явчихсан. Манай гэрт Д.Т ах хүйтэн жин тавиад хоёр хоног хоноод явсан...” /1-р хавтас 58-59 тал/ гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Т.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би өдрийг нь сайн санахгүй байна. /2014 оны 11 сарын сүүлээр байх/ Намайг хөдөөнөөс гэртээ орой ирэхэд Т ах А гэх эмэгтэйтэй цуг манай гэрт ирчихсэн унтаж байсан. Т ах манай гэрт унтаж байхдаа зүүн талынхаа нүдэн дээрээ нойтон алчуур тавьчихсан байсан. Тэгээд өглөө босоод Т ахаас “нүдээ яачихсан юм бэ” гэж асуухад “Баагий /Б/ гэх танай сумын залууд өшиглүүлчихлээ” гэж хэлсэн. Харин би тэр өдөр хөдөө мал руугаа явсан. Т болон А хоёрыг манай гэрт хэд хоносон талаар мэдэх зүйл байхгүй...” /1-р хавтас 148-149 тал/ гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ү.А-н шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: …Өглөө Б гаднаас орж ирсэн. Т ах газар унтаж байсан. Орж ирээд “Т хаана байна” гээд шууд өшиглөсөн. Тухайн үед Т ах үсэрч босч ирээд бархирсан. Өрөөсөн нүдээ дараад дүүгийндээ очсон. Дүүгийндээ байж байхад маргааш нь Б ирээд уучлалт гуйсан. Намайг мөрдөн байцаалтад мэдүүлэг өгүүлэхээр эд нар вагоноос тосч аваад уурхайн байранд аваачсан. Тэгээд надад хэлэх үгийг зааж өгсөн. Би худал мэдүүлэг өгснөө зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “хохирогч Д.Т-т учирсан хохирол нь шүүгдэгч Б-ын үйлдлээс болсон гэдэг нь  тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Т нь хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Ү.А нь гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Д.Т, Ү.А нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг,  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Д.Т, Ү.А нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Т, Ү.А нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч Т.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн шүүгдэгч Т.Б-д холбогдох хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө нь үйлдэгдсэн гэмт хэрэг ба 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар өршөөлд хамрагдаж байх тул түүнд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

 

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн шүүгдэгч Д.Т, Ү.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч, хохирогч Д.Т нь шүүгдэгч Т.Б-с эмчилгээний зардал, замын зардалд 6724.900 төгрөг, гэмтэл авснаас хойшхи олох ёстой орлого 7000.000 төгрөг тус тус нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эмчилгээний болон бусад зардалд 3694.100 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б-с гаргуулж хохирогч Д.Т-т олгох, хохирогч нь олох ёстой байсан орлого болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Т.Б нь хохирогч Д.Т-т 1500.000 төгрөг төлсөн тул төлөх ёстой байсан 3694.100 төгрөгнөөс 1500.000 төгрөгийг хасаж, нийт 2194.100 төгрөг төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргах, шүүгдэгч Д.Т-н эзэмшлээс 3500.000 төгрөгийн үнэ бүхий ......... улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Ү.А-н эзэмшлээс 80.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг С1 маркийн гар утсыг, шүүгдэгч Т.Б-н эзэмшлээс 32500.000 төгрөгийн үнэ бүхий 5000 метр квадрат газрыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Т, Хатиган овогт Ү.А нарт холбогдох хэргийг, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Д.Т, Ү.А нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Т, Ү.А нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Д.Т, Ү.А нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Т-н эзэмшлээс 3500.000 төгрөгийн үнэ бүхий ............... улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Ү.А-н эзэмшлээс 80.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг С1” маркийн гар утсыг, шүүгдэгч Т.Б-н эзэмшлээс 32500.000 төгрөгийн үнэ бүхий 5000 метр квадрат газрыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч  нарын иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргасугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-с 2194.100 /хоёр сая нэг зуун ерэн дөрвөн мянга нэг зуу/ төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ............ тоотод оршин суух хохирогч Д.Т /................../-т олгох, хохирогч нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б, Д.Т, Ү.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.                                   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ                                      

              ШҮҮГЧИД                               Ү.ОДГЭРЭЛ                                       

                                                                                         Б.ЭНХБААТАР