Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 22

 

 

   2022          08           08                                    206/МА2022/00022

 

 

 

Э.*******, Ц.******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 154/ШШ2022/00078 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ховд аймаг Жаргалант сум ******* баг ******* тоотод оршин суух Очир овогт *******гийн гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум ******* баг ******* айлын орон сууцны ******* тоотод байрлах ХХК захирал С.*******т холбогдох 

15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч С.*******, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Э.*******, Ц. бид хариуцагч ХХК-тай 2015 оны 01 сарын 30-ны өдөр 13 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу Э.*******, Ц. бид ХХК-ийн Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан ******* айлын орон сууцны 13 тоот 2 өрөө байрыг 6.120.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Э.*******, Ц. бид 10 сая төгрөгийг ХХК-ийн харилцах дансаар шилжүүлж 5 сая төгрөгт тооцож 04-64 ХОА улсын дугаартай Тоёота Rab маркийн тээврийн хэрэгслийг уг компанийн захирал С.*******т шилжүүлж нийт 15 сая төгрөгийн урьдчилгаа төлсөн.

Үлдэгдэл төлбөрийг төлөхөөр нэхэмжлэгч би ипотекийн зээлд хамрагдахаар хөөцөлдсөн боловч санхүүгийн хямралын улмаас ипотекийн зээл олголт зогссон.

1.2 Иймд Э.******* би 2018 оны 09 сард 1 жилийн хугацаагаар өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд явахдаа захирал С.*******тай тохирч энхийг сахиулах ажиллагаанаас буцаж ирээд үлдэгдлийг нь төлөхөөр тохирсон. Гэтэл Э.******* намайг энхийг сахиулах ажиллагаанд явсан хойгуур компанийн захирал С.******* нь хэлсэн тохирооноосоо буцаж манай эхнэр Ц., бага насны 2 хүүхдийг өвлийн хүйтнээр орон сууцнаас хөөн гаргаж, оронд нь өөр айл оруулсан байсан.

1.3 Одоо нэгэнт бидний хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болж ХХК байраа буцаан авсан тул Э.*******, Ц. бид урьдчилгаанд өгсөн 15 сая төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

 

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлал:

2.1 Энэ байрны асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш ээ.Урд нь эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан. Ц. нь надтай олон удаа уулзаж байрны мөнгө төлсөн гээд манай нөхөрт хэлээрэй. Манай нөхөр энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд мөнгийг өгнө. Та манай нөхөрт битгий хэлээрэй гэж байнга хэлж байсан. гийн хадам аав, ээж гээд 2 хөгшин надтай уулзаж байсан. Өөрийнх эгч гээд надтай яриад мөнгийг чинь төлнө. Байрнаас нь битгий гаргаач гээд гуйж байсан.Би хувь хүнийхээ хувьд Ц.г өрөвдөөд эмэгтэй хүн юм байна гэж ойлгоод олон сар байрандаа үнэгүй байлгаад мөнгөө төлчих байх гэж бодсон. Сүүлдээ байранд нөхөртэйгээ зодолддог, нөхөр нь архи ууж агсам согтуу тавих байдалтай байдаг талаар тэр байрны бүх хүн ярьж байгаа. Мөнгөө өгөхгүй болохоор нь өөр хүн байрандаа оруулсан.

2.2 Би энэ нэхээд байгаа мөнгийг төлөхгүй. Ц. нь 38 сар манай байранд суух хугацаандаа цахилгаан, дулаан, ус, хогны мөнгө гэж төлж байгаагүй. Дээр нь байранд засвар хийгдсэн учраас энэ мөнгийг төлөхгүй би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2022/00078 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******аас байрны урьдчилгаа төлбөр 10.000.000 /Арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******, Ц. нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 04-64 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3.Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга:

3.1 Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

3.2 Э.*******, Ц.******* нар нь манай ХХК-ны ашиглалтанд оруулсан ******* айлын орон сууцны 13 тоот 2 өрөө байрыг 61,200,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, урьдчилгаанд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөг Хаан банкны дансаар шилжүүлсэн. Байрны мөнгөнд тооцуулахаар машин өгөөгүй.

3.3 Ц.******* нь байр ашиглалтанд орсоноос хойш 38 сарын хугацаанд байранд амьдарсан. Амьдрах хугацаандаа дулаан, ус СӨХ, оршин суугчдын дундын хуримтлалын зардал, хогны мөнгө төлж байгаагүй.

3.4  Шинээр ашиглалтанд орсон түрээсийн байранд амьдарч байсан гэж үзвэл сард 500,000 төгрөг төлөх бөгөөд нийт 19,000,000 төгрөг төлнө.

3.5 Би Э.*******, Ц.******* нарт мөнгө төлөх хууль зүйн үндэслэлгүй. Урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөг нь байрны түрээсийн  төлбөрт хүрэхгүй болно.

3.6 Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж миний эрх ашгийг хохироож байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205-1-д заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.7 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ХХК-нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгч нарыг байрандаа оруулсан.

3.8 Нэхэмжлэгч нараас манай байранд амьдарсан 38 сарын түрээсийн төлбөр, дулаан, СӨХ, оршин суугчдын дундын хуримтлалын зардал, ус хогны мөнгө нэхэмжилсэн боловч шүүх энэ асуудлыг шийдвэрлэлгүй, миний эрх ашгийг хохироосон тул гомдолтой байна.

3.9 Миний бие шүүхэд машины өмчлөгчийг тогтоолгох хүсэлт гаргасан боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдээгүй, хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж хууль зөрчсөн. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2022/00078 дугаар шийдвэрийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            4. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Ц.*******, Э.******* нар нь “ ” ХХК-ийн захирал С.*******т холбогдуулан захиалгаар орон сууц бариулсны урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөг, суудлын авто машины үнэ 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

6. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”, нэхэмжлэгч нараас 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 4.000.000 төгрөг ХХК-нд шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, нэхэмжлэгч Э.*******ийн депозит дансны хуулга зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан баримтуудыг шүүхэд гаргасан өгчээ.

 

7. Хариуцагч “би 2015 онд ******* айлын орон сууц барьж иргэд гэрээ хийж худалдан авахад Ц.******* гэгч нь 2015 оны 11 дүгээр сард 4 давхрын 51м2 2 өрөө байрыг 2016 оны 6 дугаар сарын дотор ипотекийн зээл гаргаж өгнө гэж хэлээд урьдчилгаа 10.000.00 төгрөг 2 хувааж өгөөд орсон бөгөөд 2019 оны 1 сар хүртэл 38 сар миний байранд амьдарч тухайн байрны хаалга цөмлөж, хана нүхэлж, обой бусад хогшлыг гэмтээж гарсан юм. Мөн энэ хугацаанд Шим Ус, дулаан, Сөх гэх мэт албан газарт 1800.000 төгрөгийн өр үүсгэж, явсныг би одоо болтол төлж байгаа, машиныг би хүлээн авсан зүйл байхгүй, би Ц.*******гаас 5.100.000 төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна. Ийм учраас миний мөнгийг болон эд хогшлыг төлүүлж өгнө үү” гэжээ.

8. Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлохоор шүүхэд ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

9. Анхан шатны шүүх “...тухайн байрыг худалдан борлуулсан нь хариуцагч гэрээнээс татгалзсан гэж үзлээ. ...хариуцагч гэрээнээс татгалзсанаар захиалгаар бариулсан байрны урьдчилгаа 10.000.000 төгрөгийг буцаан өгөх үүрэг хүлээнэ” гэсэн дүгнэлт хийж хариуцагчаас 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, “нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд өмчлөх эрх шилжээгүй, тухайн тээврийн хэрэгсэл нь гуравдагч этгээдийн эзэмшилд байна гэж дүгнэн хариуцагчаас тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй болжээ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийн “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ.

 

12. Гэтэл нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-г шүүх үнэлж дүгнээгүй байна. Тухайлбал талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.4, 5.7 дахь хэсэгт “захиалагч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг 15 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, үр дагавар”, “гүйцэтгэгч тал орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх гэрээний 1.3-т заасан хугацааг 120 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, үр дагавар” зэргийг талууд гэрээгээр тохирсон байхад шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

13. Үүнтэй холбогдулан хариуцагчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар нь нэхэмжлэгч Ц.*******гаас 5.100.000 төгрөг болон эд зүйлийг төлүүлэх агуулгатай байхад шүүх энэ талаар тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

14. Мөн хэргийн материал танилцуулсан баримтаас харахад хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй гэх хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэстэй байна.

 

15. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            16. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2022/00078 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж С.*******т буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР