| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2022/02801/И |
| Дугаар | 191/ШШ2025/07862 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/07862
2025 09 22 191/ШШ2025/07862
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, шүүгч Д.Батхуяг, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.З нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.М-д холбогдох,
3,682,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 3,682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн байрны засварын зардал 2 сая төгрөгийн хохирол төлүүлэх, түрээсийн барьцаа төлбөр болох 1 сая төгрөгийн хохирол төлүүлэх, байрны түрээсийн мкв-ын зөрүү төлбөр болох 832,000 төгрөг төлүүлэх.
Нэхэмжллэлийн утга: Миний төрсөн эгч тоот хаягт оршин суух овогтой ******* нь тоот хаягт оршин суух ******* -тай түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аар дамжуулан гэрээ хийж үйлчилгээний талбай түрээсэлсэн юм.
Ярилцаж тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрт 3 сая төгрөг, барьцаа төлбөрт 1 сая төгрөг төлөн түүний 25мкв гэх үйлчилгээний байрыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэн ажиллаж байсан.
Үйл ажиллагааг эхлүүлсэн өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түрээслүүлэгчийн зүгээс удаа дараа дарамт шахалт үзүүлэх, борооны дусаал дусах асуудлыг шийдэхгүй байх, тог усны тоолуур тавьж өгөхгүй байх асуудал гаргаж байсан тул цаашид уг байранд үргэлжүүлэн ажиллах боломжгүй болсон юм. Иймд дараах шалтгаануудын улмаас нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. Уг байранд 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах зорилгоор засвар тохижилт хийсэн ч хугацаанаасаа өмнө байрыг суллаж өгсөн тул байранд засварт 2 сая төгрөгийн зардал гаргасан. /Байр хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн зуучлагчийн утасны дугаар 88288209/
2. Байрыг 3 сар түрээслээд суллаж өгсөн ч барьцаа төлбөрт төлсөн 1 сая төгрөгийг буцааж өгөөгүй.
3. Гэрээнд заасан 25 мкв гэх байр бодит хэмжээгээр 18,06 мкв байсан. Түрээслүүлэгчийн тогтоосон ханшаар 1 мкв-ийн үнэ 40.000 төгрөг гэж үзэн квадратын төлбөрийн зөрүү болох 832,000 төгрөгийг төлүүлэх. (Квадратын зөрүү 6,94 мкв * 40,000 төгрөг 3 сар= 832,000 төгрөг). Ажиллах хугацаанд дээрх асуудлуудыг шийдвэрлүүлээд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдсэн ч арга хэмжээ авч өгөхгүй асуудлуудыг улам даамжруулан үйлчлүүлэгчийн дэргэд хэл амаар доромжлох, утсаар дарамтлах зэргээр цаашид ажиллах ямар ч боломжгүй болгож байсан билээ.
Бидэнд тусдаа цахилгааны тоолуур тавьж өгөөгүй, мөн хэрэглээний зардлыг тооцож өгөөгүй. Анх тогны мөнгөнд 50,000 төгрөг төлж байхаар тохирсон санагдаж байна. Мөн 1 давхарын үүдний хэсгээс ус гоожиж байхад засаж янзалж өгдөггүй байсан. Орж ирж ажлын хэрэгсэл булааж авах, зодох зэргээр таагүй харилцаа үүссэн учир тэнд ажиллах боломжгүй болсон бөгөөд манайхаас бичлэг хийж байрыг нь үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид нь хүлээлгэж өгсөн.
Иймд нийт 3,682,000 төгрөгийн хохирлыг яаралтай төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн тус шүүхэд ******* холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
******* нь өөрийн хүсэлтийн дагуу анх ирж уулзан түрээсийн байраа үзэж харж түрээслэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2022.04.18-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан 1 сарын 1,000,000 /нэг сая/ төгрөгийн түрээсийн төлбөртэй үл хөдлөх түрээсэлж суусан. Нэхэмжлэгч нь өнөөдрийн байдлаар Түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрт 2022.05.01-2022.08.01-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацааны 3,000,000 /гурван сая/ төгрөг, мөн 1,000,000 /нэг сая/ төгрөгийн барьцаа нийт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг л шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 2022.08.01-нээс эхлэн дараагийн сарын түрээсийн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан. Гэтэл ийнхүү илтэд үндэслэлгүй зүйл ярьж, хүчээр шахуу байр үзүүлж гэрээнд гарын үсэг зуруулсан мэтээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд түрээсийн төлбөр төлөх үүргээ цаашид биелүүлж чадахгүй болсон нөхцөл байдлаа түрээслүүлэгчээс болсон гэж үзэж байгаад гайхаж байна. Мөн түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ******* нь байранд нүүж орж ирсэнээс хойш гэрээг удаа дараа зөрчсөн ба эд хөрөнгийн ашиглалтын зардал огт төлөөгүй, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр байрны хийцлэлд өөрчлөлт оруулж, мөн гэрээг цуцлах талаар 1 сарын өмнө мэдэгдэх ёстой атал энэ тухайгаа мэдэгдээгүй, өнөөдрийг хүртэл албан ёсоор түлхүүр хүлээлгэж өгөөгүй, тооцоо нийлээгүй гээд олон зөрчил гаргасан.
Цахилгааны болон усны мөнгөө төлөхгүй гэж маргаан гаргаж эхэлсэн. Түрээсийн байранд ус алдсан гэж худлаа, мөн зодсон гэсэн нь худлаа.
Нэхэмжлэгч нар нь хариу тайлбар гаргах 2 сарын хугацаанд түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй тул гэрээний 3.6-д зааснаар түлхүүрийг буцааж өгөөгүй, мэдэгдээгүй гэх үндэслэлээр барьцаа хөрөнгийг нэхэмжлэх эрхгүй, мөн нэхэмжлэгч нь түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр засан сайжруулалт, засварын ажил хийх эрхгүйгээр тохирсон бөгөөд өөрсдийн ажил бизнесээ эрхлэхэд зориулсан жижиг засан сайжруулалт хийж болох ч тэр нь том засвар эсэх нь тодорхойгүй байна. Мөн түүнчлэн гэрээнд түрээслүүлэх талбайн мкв-ыг нарийн заагаагүй, засварын ажлын зардал гарсан гэж байгаа боловч баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлсэнгүй.
Иймд түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3х/, Ирэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4х/, 2022 оны 04-р сарын 18-ны өдөрийн Түрээсийн гэрээ /хх-ийн 5,6х/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7,8,9х/, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *******т олгосон итгэмжлэл /хх-ийн 41х/ зэрэг баримтууд,
Хариуцагч талаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр *******т олгосон итгэмжлэл /хх-ийн 27х/, хариу тайлбар /хх-ийн 33х/, фото зураг /хх-ийн 79-81/, 2025.01.30-ны өдрийн 24/15 дугаартай Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 193-195х/, 2025.08.28-ны өдөр *******т олгосон итгэмжлэл /хх-ийн 196х/ зэрэг баримтуудыг хавсаргасан байна.
Шүүхийн журмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.01-ний өдрийн 181/ШТ2024/00085 дугаартай Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолоор шинжээчээр ХХК-ийг томилсны дагуу 2024.03.26-ны өдрийн 15/24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-118х/, 2024.05.02-ны өдрийн 4/3680 дугаартай Мобиком корпорацийн албан бичиг /хх-ийн 119,120х/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 159-160х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Түрээслүүлэгч тухайн түрээсийн талбайд бидэнд тог цахилгаан болон усны тусдаа тоолуур тавьж өгдөггүй, ус алдахад засварлаж өгдөггүй байснаас үүдэн таагүй харилцаа үүссэн тул цаашид талбайг түрээслэх боломжгүй болж, талбайг хүлээлгэн өгсөн. Гэвч хариуцагч барьцаа төлбөрт 1 сая төгрөгийг эргүүлж өгөөгүй, бид урт хугацаанд ажиллахаар тооцож талбайд 2 сая төгрөгийн засвар хийсэн байсан мөн түрээсийн талбайн хэмжээ зөрүүтэй байсан тул зөрүү төлбөрт 832,000 төгрөг гээд нийт 3,682,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын байгуулсан гэрээнд нэхэмжлэгч засан сайжруулалт, засвар хийх бол зөвшөөрөл авахаар заасан гэтэл зөвшөөрөл аваагүй, талбайн түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй удаасан тул гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгийг шаардах эрхгүй мөн гэрээнд талбайн хэмжээг нарийн тусгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу барьцаа хөрөнгө, түрээсийн талбайн зөрүү төлбөр, түрээсийн талбайд хийсэн засварын зардлыг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч талаас нэхэмжлэгчийг эдгээрийг нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байна.
- Талууд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тоот, 25 мкв бүхий бүхий үйлчилгээний зориулалттай талбайг 1 жилийн хугацаагаар, улирлын 1,000,000 төгрөгийн төлбөртэйгээр, барьцаа төлбөрт 1,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, түрээсийн гэрээг байгуулжээ. Гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна.
- 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0024/004 дугаартай шинжээчийн дүгнэлтээр маргааны зүйл болсон түрээсийн талбайн хэмжээг олон нийтийн барилгын /Бнбд 31-03-03/ норм дүрмийн дагуу хэмжилтийг хийж, талбайг тооцоход өрөөнүүдийн нийлбэр 18,06 мкв талбайтай болохыг тодорхойлсон байна. Иймээс гэрээнд зааснаар талбайг 25 мкв гэж үзэж, төлбөрийг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн үнээр тооцож 1 мкв-ийн үнийг 1,000,000/25 гээд 40,000 төгрөг гэж тооцон, 25мкв-18,06 мкв зөрүү 6,94 мкв. Үүнийг 6,94*40,000*3 сар нийт 832,000 төгрөгийг талбайн зөрүү төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.
- Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт зохицуулснаар хуулийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар зөрүү төлбөр болох 832,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй байна.
- Шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэрэгт авагдсан флаш дискэнд үзлэг хийж, үзлэгээр түрээсийн талбайд нэхэмжлэгч талаас үйл ажиллагаагаа явуулахад зориулж, засан сайжруулалт хийж, ханан дахь пилтаг өөрчлөх, жижиг цагаан тойпуун хэлбэртэй наалт наах зэргээр нэхэмжлэгч талаас засвар хийсэн болох нь тогтоогддог боловч хэрэгт ингэж засвар хийх талаар түрээслүүлэгч буюу хариуцагч талд мэдэгдсэн, зөвшөөрөл авсан талаарх баримтгүй байна.
- Талууд гэрээгээр ус, дулаан, цахилгаан, СӨХ зэрэг төлбөрийг нэхэмжлэгчид хариуцуулж, төлж барагдуулахаар талууд тохирсон байх бөгөөд нэхэмжлэгчийн анх орохдоо тог цахилгааны төлбөрт 50,000 төгрөг төлөхөөр тохирсон гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх ба энэ асуудлаас үүдэж, талууд гэрээг цуцлахад хүрсэн болох нь тогтоогдож байна. Улмаар гэрээг цуцлаад, нэхэмжлэгч талаас хариуцагчид түрээсийн гэрээг цуцлах талаар 1 сарын өмнө мэдэгдсэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт энэ талаар авагдсан аливаа баримтгүй байх тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгө 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл үндэслэлгүй байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
7. Иргэний хуулийн 288 дугаар зүйлд хөлслүүлэгчийн эрх үүргийг зааж, хуулийн 288.2.4-т гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний 5-д түрээслэгчийн эрх үүргийг зохицуулж, 5.6-д Түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг засахгүй байх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн засварын зардалд гаргасан төлбөрийг төлөхгүй байх эрхтэй байх тул нэхэмжлэгчийн засварт 2 сая төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардал гаргуулах 2,000,000 төгрөгийн болон барьцаа хөрөнгөд гаргуулах 1,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түрээсийн талбайн хэмжээний зөрүү төлбөрт нэхэмжилсэн 832,000 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
9. Зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус зааснаар хариуцагч Л.гаас 832,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,850,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,292 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,518 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ