| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2402000000462 |
| Дугаар | 2026/ДШМ/543 |
| Огноо | 2026-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 13.3.2.1., 17.6.1., 10.1.2.4., 10.1.2.5., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2026/ДШМ/543
L.B- (Л.Б), X.H- (Ш.Х),
А.Д-, А.Т- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ариунтөр,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.M- (В.М-),
хохирогч Z.L- (Ж.Л-), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.M- (В.М-) нарын өмгөөлөгч Жао Цао Шин,
шүүгдэгч L.B- (Л.Б), түүний өмгөөлөгч С.Уламбаяр, Л.Баттогтох,
шүүгдэгч X.H- (Ш.Х), түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, А.Өлзийсайхан,
шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,
шүүгдэгч А.Т-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд,
орчуулагч П.Дэлгэртөгс, Г.Ундрал, Вү Жа Чи,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч нарын өмгөөлөгч Ш.Мөнхцацрал, шүүгдэгч L.B- (Л.Б), түүний өмгөөлөгч Л.Баттогтох, шүүгдэгч X.H- (Ш.Х), түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Э.Марал-Эрдэнэ, А.Өлзийсайхан (хамтран), шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч А.Т-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар L.B-, X.H-, А.Д-, А.Т- нарт холбогдох 2402000000462 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1.L.B-, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1994 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньси мужид төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад “З” ХХК-ийн захирал ажилтай, Монгол Улсад эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Монгол Улсад Хан-Уул дүүрэгт түр оршин суух, Монгол Улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (... гадаад паспорттой),
2.X.H-, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1998 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньси мужид төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньси мужид оршин суух, Монгол Улсад Хан-Уул дүүрэгт түр оршин суух, Монгол Улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (... гадаад паспорттой),
3.М овгийн А-ийн Д, 2001 онд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүрэгт оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэгт түр оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...),
4.Б овгийн А-гийн Т, 2002 онд Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэгт түр оршин суух, (РД:...), урьд:
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 549 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан;
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.B-, X.H-, Монгол Улсын иргэн А.Д-, А.Т- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цаг 52 минутад амь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W.Y-, хохирогч Z.L- нарыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс “Land Cruiser-200” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулгаж, Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан хоёрдугаар багийн нутаг “Дөлгөөн уулын ар” гэх газарт аваачиж, суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэх буюу 1,000,000 юань өгөхийг шаардан, өгөхгүй бол “алж, ухсан нүхэнд булна” хэмээн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн,
дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогч W.Y-, хохирогч Z.L- нарын биед модон цохиур, бороохой, цахилгаан бороохой зэргийг ашиглан халдан зодож, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хоёр, түүнээс олон хүнийг буюу амь хохирогч W.Y-, хохирогч Z.L- нарыг “Land Cruiser-200” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явахдаа “гэр бүлийнхэнтэйгээ яаралтай холбогдож 1,000,000 юань эсхүл, 500,000 юань, 450,000 юань, 350,000 юанийг шилжүүлэн авч өг, тэгвэл явуулна” гэх зэргээр суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэхээр эрхшээлдээ байлгаж, барьцаалсан,
хохирогч Z.L--ийг “хүнийг алах гэмт хэргээ нуун далдлуулахад туслуулах, мөн 100,000 юань шилжүүлэн өг, тэгвэл явуулна” гэсэн нөхцөлтэйгөөр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 43 минут хүртэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, ... дугаар хороо, ... хотхоны ... дугаар байрны ... тоотод аваачиж эрхшээлдээ байлгасан,
мөн бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Дөлгөөн Уулын ар” гэх газарт өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох, эд хөрөнгө авахаар заналхийлэх гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор Оросын Холбооны Улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62x39 мм-ийн калибртай Сайга загварын галт зэвсгийг ашиглан W.Y-ийн цээжин тус газарт нь 1 удаа буудаж, хүнд хохирол учруулан санаатайгаар алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: L.B-, X.H-, А.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т зааснаар,
А.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газрын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” хэрэгт зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч L.B-ийг “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах, өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах”, “бүлэглэж, өөртөө бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүнийг барьцаалсан гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн”,
шүүгдэгч X.H-, А.Д-, А.Т- нарыг “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах”, “бүлэглэж, өөртөө бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүнийг барьцаалсан” гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч L.B-, X.H- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т зааснаар 20 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хорих ял тус тус шийтгэн, ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 25 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгч А.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т зааснаар 12 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жилийн хорих ял тус тус шийтгэн, ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 18 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т зааснаар 12 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ял тус тус шийтгэн, ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 17 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгч L.B-, А.Т- нараас 1,980,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Z.L-д, мөн шүүгдэгч нараас тус бүр 16,602,750 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.M-д олгохоор,
амь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Z.L-, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.M- нарын өмгөөлөгч Ш.Мөнхцацрал давж заалдах гомдолдоо: “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу хүүгээ бусдын гарт, хүний нутагт алдсан эцэг хүний хувьд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хугацаа хэргийн бодит байдалтай нийцээгүй, бага байна гэж үзэж байгаа болно. Хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарт бүх насаар нь хорих ял оногдуулах саналтай байгаагаа дамжуулан уламжилсан.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалт нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн төрсөн аав W.M-нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 236 дугаар шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгосон. Хэрэгт хохирол, хор уршиг гаргуулахтай холбоотой баримт бүрэн дүүрэн авагдсан бөгөөд нотлох баримт нэмж бүрдүүлэх шаардлагагүй.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14.4 дэх заалтаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид “iPhone” загварын 1 ширхэг гар утсыг буцаан олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 15 дахь заалтаар шүүгдэгч L.B-ийн биед үзлэг хийж хураан авсан эд зүйл дунд байсан “iPhone” загварын утас амь хохирогчийнх байсныг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг залруулж, хууль ёсны төлөөлөгчид буцаан олгуулахаар байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Z.L-, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.M- нарын өмгөөлөгч Жао Цао Шин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...W.M-, Z.L- хоёр Монгол улсад байнга оршин суудаггүй. Мөрдөгч болон прокурор дуудсан үед нь байнга ирж мөрдөн шалгах ажиллагаанд оролцох боломжгүй байсан. Монгол хэл мэдэхгүй учраас орчуулагч, өмгөөлөгч авч хэрэгт оролцох шаардлагатай болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад W.M- амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж тогтоогдсон. Мөн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэргийн баримтаар авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой хэсгийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг тусгана” гэж заасан. Анхан шатны шатны шүүхийн тогтоолын 10, 11 дэх заалтад хохирогч болон хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаараа дурдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс амь хохирогчийн хохирлын зардлыг бодож үзсэн. Нотлох баримтаар оршуулгын зардалтай холбоотой 20,000,000 төгрөг, замын зардал 24,000,000 төгрөг, зочид буудал болон унааны зардал нийт 5,000,00 төгрөг, өмгөөллийн хөлс 15,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 126,000,000 төгрөгийн зардал тус тус гарсан. Амь хохирогчийн хүүхэд нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. Одоогоор 3 нас, 2 сартай. Харин түүний охин 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн буюу 4 нас, 6 сартай. Магадгүй амь хохирогчийн хүүхдийн тэтгэмжийн асуудлыг бид түүний урьд олж байсан орлого, амьжиргааны түвшин, тухайн үеийн амьдарч байгаа газрын амьжиргааны түвшнээр тогтоож иргэний журмаар нэхэмжлэл гаргаж болно. Харин сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан байхад анхан шатны шүүхээс хангахгүй орхиж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. ...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.M- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бодлоор хүү минь Монгол Улсад ирээгүй байхад L.B- X.H- нар урьдчилан төлөвлөн түүнийг хуурч, зодон сүрдүүлж мөнгө нэхэж, улмаар гадаад улсад түүнийг буудан хөнөөсөн гэж үзэж байна. Эдгээр хүмүүс бороохой, модон хэрэгсэл, галт зэвсгээрээ миний хүү болон Z.L-ийн биед хохирол учруулсан. Миний хүү анх буудуулсан байх үед шүүгдэгч нар яаралтай тусламж үзүүлээгүй. Миний 32 настай хүү гадаад улсад амиа алдсан нь манай 4 үеийн хүмүүст уй гашуу авчирсан. Тиймээс Монгол Улсын хамгийн дээд ялыг авах ёстой гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч L.B- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн ажилд дутуу зүйл байдаг. 2025 оны 01 дүгээр сард мөрдөгчтэй уулзаад байцаалт өгөхөд, “чи гэмт хэрэгт өөр хамжигч байхгүй гэж ярь, өөр хамтай гэвэл миний ажилд төвөг удна, бас хэргийн толгойлогч бол би гэж хэл, хэрэв тэгвэл миний ажил бага, би чамд утсаа өгөөд чи гэр бүлтэйгээ ярьж болно” гэсэн. Би “2 хохирогчийг би Улаанбаатар хотод дуудаагүй, Ж.Ш-гэгч дуудсан” гэж мэдүүлдэг. Мөрдөгч хэлэхдээ “чи ингэж яривал олон жилийн ял авна, харин энэ хэргийн толгойлогч гэвэл ял бага авна” гэж хэлсэн. Би мөрдөгчид “монгол хэл мэдэхгүй” гэж хэлсэн бөгөөд мөрдөгчийн үгийг орчуулагч орчуулсан ба мөрдөгч буруу тэмдэглэл хөтөлсөн үү эсхүл, орчуулагч буруу орчуулсан уу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ би утсаар яриагүй.
Би мөрдөгчид олон удаа Ж.Ш-г ярьж мэдүүлсэн. Ж.Ш-д өмнө нь бизнесийн зорилгоор олон удаа мөнгө өгч байсан. би зээлдүүлсэн мөнгөө буцааж авах гэхэд Ж.Ш-“чиний мөнгийг наад 2 хүн чинь авсан, чи уулзаад зөвлөлдөөд авчих” гэсэн. Миний төлөвлөгөө хүн барьцаалах, алах биш, харин зөвлөлдөж ярих байсан гэж хэлсэн. Ж.Ш-яагаад энэ хэрэгт байхгүй байгааг ойлгохгүй байна.
Миний холбогдох хэрэгт олон сэжиглэх хүн, холбогдогч байгаа. Надад олон асуулт байсан. Би бол гадаад улсын иргэн. Мөрдөн байцаалтын 1 жил гарангийн хугацаанд яаж гомдол илэрхийлэхээ мэдэхгүй хэцүү байсан. Би монгол хэлийг хараад, сонсоод ойлгохгүй. Яллах дүгнэлт гардан авсны дараа олон алдаа байгааг харсан. Яллах дүгнэлт буруу, дутуу байснаас орчуулгын алдаа байгаагүй. Жишээ нь: Анх мөрдөгчтэй уулзахад би буун дуу сонсоод очиход хохирогч буудуулан унасан байсан гэдэг учрыг хэлсэн. Орчуулагч мөрдөгчид “Ш.Х хүн буудаж байхыг харсан” гэж орчуулсан байсан. Энэ өгүүлбэрийг би хэлээгүй бөгөөд буруу утгаар орчуулагдсан.
Анх байцаалт өгөхөөс өмнө би нэг өдрийн турш мөрдөн байцаалтын газар огт унтаагүй, ядарсан тухайгаа хэлсэн. Энэ байдлыг хуулиар зөвшөөрсөн үү. Энэ үед прокурор намайг нойрмоглон толгой дохиж байхыг харсан. Энэ нь хүний эрх зөрчигдөөд байгаа биш үү. Би гэм буруугийн хариуцлагаа хүлээнэ, зөвшөөрнө. Гэвч энэ хэрэг хүнд гэмт хэрэг учраас үнэн бодитой шийдвэрлэгдэх ёстой, шударгаар тогтоолгон шүүлгэх ёстой болохоос алдаа дутуутай, зөрүүтэй тэгш бус, шударга бус байж болохгүй. Надад огт хүн алах санаа зорилго, үйлдэл төлөвлөгөө байгаагүй. Хохирогч яаж үхсэнийг би хараагүй. Харин хохирогч Ж.Л- мөрдөгчид “Л.Б намайг яв гэсэн” гэдгийг хэлсэн. Яагаад надад хүн алсан гэх ял байгаа вэ.
Бас дахиад олон алдаа байгаа. Хэрэв би бүгдийг бичвэл цаас хүрэхээргүй их байна. Давж заалдах шатны шүүх эдгээр алдааг засаж, шударгаар шүүж өгнө үү.
Би хүн алахаар анхнаасаа төлөвлөөгүй. Хүн алсан нь зөвхөн X.H- (Ш.Х)-ийн өөрийнх нь үйлдэл байсан. Өөрийнхөө гар утсыг буцааж авмаар байна. Учир нь гар утсанд хэргийн нотлох баримт байгаа. Би иргэний маргаан үүсгээд мөнгөө нэхэмжлээд авч чадах юм бол хохирогчид илүү их хохирлын төлбөрийг гаргаж өгнө гэж бодож байгаа...” гэв.
Шүүгдэгч L.B- (Л.Б)-ийн өмгөөлөгч Л.Баттогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Ш.Х, А.Д-, А.Т- нартай БНХАУ-аас хоёр хятад иргэн Америк Улс руу явахаар ирж байгаа талаар ярилцаад айлган сүрдүүлж, мөнгө авахаар /хүнийг санаатай алах зорилгогүйгээр/ тохирсон боловч хэргийн газар шүүгдэгч Ш.Х нь айлган сүрдүүлэх зорилгоор буу тулгаж байх явцдаа буу алдан хүний амь нас хохироосон гэмт хэрэг гарсан байхад шүүгдэгч нарыг зохион байгуулалттайгаар хүнийг санаатай алсан гэж ялласан нь учир дутагдалтай болсон.
Мөн тухайн 2 хохирогчийг амь хохирохоос өмнө хоол унд идүүлэх, гэр бүлтэй нь харьцуулах, мөнгө гаргаж өгөх нь найдваргүй болсон тул онгоцны билет захиалан буцаахаар тохирч Улаанбаатар хот орчим орж гарч байсан зэрэг нь хавтас хэрэгт цугларсан гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгээр тогтоогдож, барьцаалагдсан иргэдийг сайн дураараа чөлөөлж байсан зэрэг ач холбогдол бүхий нотлох баримт, мэдүүлгүүд байгаа болно.
Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь хууль ёсны зарчимд нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 1.7 дугаар зүйл “Хэргийн бодит байдлыг тогтоох”, 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй”, 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 дахь заалт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” зэрэг ноцтой зөрчлүүд, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.2 дахь заалт “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалт “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 1.3 дахь заалт “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
Хэргийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа, шүүгдэгч X.H- гэм буруугаа хүлээсэн гэх гурван үндэслэлээр энэ хэргийг базаад шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаар тогтоол, мөн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаар тогтоол, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 104 дүгээр тогтоолыг тус тус тайлбарласан. Энэ тайлбарын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан X.H--ийн мэдүүлгийг гэм буруугаа хүлээсэн мэтээр нотлох баримтаар тооцож байгаа нь буруу байсан. Мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй. Зөрж гүйцэтгэсэн асуудлыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг анхан шатны шүүх заагаагүй. ...” гэв.
Шүүгдэгч L.B--ийн өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд өмгөөлөгч Л.Баттогтохтой ижил байр суурьтай байна. Өөр нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.
Шүүгдэгч X.H- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэрэгт холбогдсон үеэсээ гэм буруугаа хүлээн үнэн шударгаар хүлээж, надад сонсгосон зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч ирсэн. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Өмнө нь гэмт хэрэг, зөрчилд огт холбогдож байгаагүй. Нутаг нэгт L.B-д өөрийн болон бусдын мөнгө болох 10 тэрбум төгрөгөө авах зорилгоор Монгол Улсад ирсэн болохоос хүн алах гэсэн санаа сэдэлж агуулаагүй. “Чиний мөнгө энэ хүнд байгаа, авч чадахгүй бол мөнгөө дахин олж чадахгүй шүү” гэсэн L.B-ийн үгэнд итгэснээс үүдэн хүний амь хохироосондоо маш их харамсан гэмшиж байна. Иймд эдгээр байдлыг харгалзан надад оногдуулсан хорих ялын хэмжээг багасган, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Би анхнаасаа хүн алах зорилготойгоор Монгол улсад ирээгүй, өөрийн мөнгөө авах гэж ирсэн. ...” гэв.
Шүүгдэгч X.H- (Ш.Х)-ийн өмгөөлөгч С.Оюунцэцэг хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гээд мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан.
Энэ хүрээнд бидний үйлчлүүлэгч Ш.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээж, хохирогч талаас уучлалт гуйсан. Мөн шүүхийн шатанд баримтаар тогтоогдсон 18,582,750 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл анхан шатны шүүх Ш.Х-д ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг бүрэн бодитой шалгаж тогтоогоогүй, хувийн байдлыг нь харгалзан үзээгүйд гомдолтой байна.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн “зохион байгуулагч” гэж хэнийг ойлгох, мөн тус хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн “гүйцэтгэгч” гэж хэнийг үзэх талаар тус тус хуульчлан заасан ба тус хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хамтран оролцогчдод оногдуулах ялыг ялгамжтай, зөв тогтоож чадаагүй. Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Х-д зохион байгуулагчтай ижил хэмжээний ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.
3.Анхан шатны шүүх Ш.Х-ний холбогдсон “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдлыг нь харгалзаж үзэлгүйгээр ялын төрлүүдээс хамгийн хүнд ялын хамгийн дээд хэмжээгээр оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт '”Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гээд тус хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөн “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан.
Тиймээс анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Х-ний холбогдсон “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт торгох ялыг сонгон хэрэглэж, бусад ялтай нэмж нэгтгэлгүйгээр тусад нь эдлүүлэх боломжтой байсан.
4.Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Х-д ял оногдуулахдаа түүний БНХАУ-ын иргэн, мөн төрсөн газар, гэр бүлээсээ орон зайн хувьд хязгаарлагдмал, алс хол газар байгаа гэдгийг харгалзан үзэлгүйгээр ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосон. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй эсвэл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ш.Х-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Шүүгдэгч X.H--ийн өмгөөлөгч А.Өлзийсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч X.H- мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн гэм буруу дээр маргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ хэрэг бол хүнд гэмт хэрэг. Хохирогчийн ар гэрт учирсан хохирлыг бүрэн барагдуулах боломжгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд үйлдсэн гэмт хэргийнхээ алдаа дутагдлыг ухамсарлаж маш ихээр гэмшиж байгаа. Шүүхийн шатанд баримтаар тогтоогдсон хохирлыг өөрийн боломжийн хүрээнд мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн. Анхан шатны шүүх зохион байгуулагч болох L.B--тэй ижил ял оногдуулсан нь зохисгүй. Хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэгт оролцсон этгээдүүдийн оролцооны хэлбэрийг харгалзаж ялгамжтай байдлаар ялыг оногдуулах ёстой. Шүүгдэгч X.H- Бүгд найрамдах Хятад Ард улсын иргэн. Шүүх бүрэлдэхүүн энэ хүний нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Уг этгээд ар гэр, гэр бүлээсээ олон мянган километрийн зайтай, харь улсад урт хугацаатай хорих ял шийтгүүлсэн буюу орон зайн хувьд хязгаарлагдмал байдалд орсон. Хэдийгээр үйлдсэн хэрэгт гэм буруутай, ял шийтгэл эдлэх ёстой хэдий ч миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хорих ялыг нь нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн ажиллагаатай холбоотой нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй” гэх зохицуулалт бий. Аливаа шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдаас хууль зүйн туслалцаа авах нь тухайн хүний сонголтын асуудал байдаг. Эрүүгийн хэргийн хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 228-230, 508, 511 дүгээр зүйлийг баримталдаг. Энэ тохиолдолд хохирол нөхөн төлөх асуудал нь тухайн хохирол учрахаас өмнөх нөхцөл байдалд сэргээх тухай ойлголт байдаг. Гэвч хууль зүйн туслалцаа авах асуудал нь зайлшгүй гарах зардалд хамаарах эсэхийг анхаарах шаардлагатай. Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид холбогдох шинжээчийн дүгнэлт гарсан. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор баталсан аргачлал, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-т зааснаар эрүүгийн шүүх энэ нөхцөл байдлыг шууд авч хэлэлцээд ял шийтгэл оногдуулахтай хамт хохирлын асуудлыг шийдвэрлэх нь зөв биш. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхдөө тухайн амь хохирогчийн гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгчид хохирол нөхөн төлөх, сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо хоёр үндсэн аргачлал баримталж байгаа. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, эсхүл амь хохирогчийн нас болон хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр тооцох аргачлалын аль ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ юм. Нөгөө хувилбар болох хүн амын дундаж наслалтын зөрүүг баримтална гэдгийн тухайд хууль тогтоогч анхнаасаа Монгол хүний дундаж наслалтын зөрүүний асуудлыг ярьсан байж таарна. Амь хохирогч буюу түүний хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн асуудлыг ярих гэхэд хохирогч тал гадаад улсын иргэн байдаг. Энэ гэмт хэрэг гарсантай холбоотой хохирлын асуудлыг нэхэмжлэх нь ойлгомжтой. Гэхдээ Иргэний хууль болон Улсын дээд шүүхийн аргачлалыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээгээд явах нь илүү зөв байх. Мөн миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн. Түүний хорих ангийн дэглэмийг нь нээлттэй хорих анги болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн бодит байдлыг харж үзэхэд, идэвхтэй үйлдлээрээ нэгдэн оролцож байсан үйлдэл байхгүй, давхар эрхшээлд нь байсан. Л.Б намайг сүрдүүлж, буу тулгаж айлгасан. Ш.Х бас над руу буу тулгаж, үхэх ямар байдаг бол гэж айлган сүрдүүлж байсан. Нүдэн дээр 2 хятад иргэнийг аймар зодож байхад хамгийн түрүүнд аясаар нь байж байгаад хурдан салъя гэж бодсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр анхан шатны тусламж үзүүлж, зодуулж байхад нь болиулан, зугтах боломжийг олгож, суллах нөхцөлүүд дурдагдаагүй. Хохирогчдыг аль болох аргадаж тайвшруулж байсан. Иргэдийн төлөөлөгч Б.Гүнчинсүрэнгийн хэлсэн үгс дутуу, зөрүүтэй байна. Уг хэрэгт миний оролцоо жолооч хийж байсан. Л.Б намайг жолооч хийж өгөхийг гуйсан ба “онгоцны буудлаас 2 хятад хүн тосож авна” гэж хэлсэн. Тэгсэн сүрдүүлж, айлгаж эхэлсэн. ...” гэв.
Шүүгдэгч А.Д-ийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Д- хүнийг алах гэмт хэрэгт урьдчилан санаатайгаар нэгдсэн зүйл байхгүй. Хүнийг алах зорилготой байгаагүй нь дараах баримтаар нотлогддог.
-7 дугаар хавтаст хэргийн 112 дахь талд шүүгдэгч А.Т- анх сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “Надад 500,000 төгрөг өгнө гэж хэлэхээр нь зөвшөөрөөд явсан. Би хүн гавлана, нүх ухна, хүн зодно гэх бодолтой явсан. Өөр ямар нэг санаа зорилго байгаагүй” гэж ярьсан,
-128 дахь талд шүүгдэгч Л.Б сэжигтнээр өгсөн “Би Ш.Х-д очоод чи жинхэнээсээ буудчихаж байгаа юм уу гэж асуухад наадах чинь уначихсан байгаа биз дээ гэж хэлсэн. Би Ш.Х-ийг тэр залуухан, намхан Хятад хүнийг зүгээр айлгах гэж байна гэж бодсон, жинхэнээсээ буудна гэж бодоогүй” гэх мэдүүлэг,
-10 дугаар хавтаст хэргийн 84 дэх талд шүүгдэгч Л.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “хүн алах санаа зорилго байгаагүй” хэмээн давтан хэлсэн байдаг.
Дээрх мэдүүлгүүдээс харвал, шүүгдэгч нар хүнийг алахаар анхнаасаа төлөвлөсөн зүйл байгаагүй болох нь илэрхий байна. Тухайн мөчид амь хохирогчийг буудсан үйлдэл нь цэвэр шүүгдэгч Ш.Хий өөрийнх нь дангаараа гаргасан шийдвэр байсан болох нь тодорхой байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д-ийг хүнийг алах гэмт хэргийг хамтран үйлдсэн хэмээн ял оногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Хэрэгт шүүгдэгч нар хохирогчдыг айлган сүрдүүлж мөнгө авахаар төлөвлөж байсан болохоос алахаар урьдчилан төлөвлөж байсан гэх нотлох баримт байдаггүй. Шүүгдэгч Ш.Х бусад шүүгдэгч нартай анх тохиролцсоноос өөр гэмт хэрэг буюу хохирогч В.Я-ийг дур мэдэн буудаж алсан.
Анхан шатны шүүхээс амь хохирогч В.Я-ийг алсан хэрэгт шүүгдэгч А.Д-ийг үйлдлээрээ идэвхтэй нэгдэн оролцсон хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, амь хохирогч буудагдах үед тэрээр автомашин дотор сууж байсан болох нь баримтаар хангалттай нотлогддог. Эсрэгээрээ шүүгдэгч А.Д- нь амь хохирогчийг буудуулахыг хараад шоконд орж гайхширан балмагдсан талаараа мэдүүлдэг.
2.Хохирогч Ж.Л- 2 дугаар хавтаст хэргийн 148-151 дэх талд “надад зугтаах боломж ганц нэг гарч байсан” хэмээн мэдүүлсэн. Гэтэл энэхүү зугтаах боломжийг шүүгдэгч А.Д- зориуд түүнд гарган өгч байсан бөгөөд хятад хоолны газар хоол идчихээд гарах үед хохирогчдыг зугтаах боломжийг олгон, хараа хяналтгүй сул чөлөөтэй орхин үлдээж, зугтаасай хэмээн бодож байснаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Д- нь хохирогч нарыг сайн дураараа суллах үйлдлийг тодорхой хэмжээнд хийж байсан.
Иймд шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг болсон өдөр би их айж, сандарсан. Хохирогч нарын адил яахаа мэдэхгүй, сүрдүүлэгт орсон байсан. Гэхдээ би хохирогч нарт тусалж, гавласан гавыг хаяж тусалсан. Мөн би ус, ундаа, тамхи зэрэг хэрэгцээг нь хангаж байснаас гадна аль болох зугтаасай гэж бодож, зугтах боломж ч олгосон. Би тэр хүмүүсийг цохиж зодоогүйг хохирогч мэдүүлсэн. Анхан шатны тусламж хэрэгтэй болсон үед нь хүртэл үзүүлж байсан. Би хятад хэл мэдэхгүй учир тухайн үед юу ярьж, хэлж байсныг ойлгоогүйгээс гадна хүн ална гэж тохиролцож, урьдаас төлөвлөж ярьсан зүйл надад байхгүй. Би тэр 2 хятад хүнийг танихгүй, хүн алчихна гэж бодоогүй. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч намайг хүн алахад үйлдэл оролцоогүй, гэм буруугүй гэсэн дүгнэлт хийснийг шүүх харгалзан үзээгүй. ...” гэв.
Шүүгдэгч А.Т-ийн өмгөөлөгч О.Мөнхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Миний үйлчлүүлэгчийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн анхны мэдүүлэгтээ “А.Д- надад хандаж дээл авна, нүх ухна, хүн гавлана, надаар хүн зодуулна, тэгээд чамд 5,000,000 төгрөг өгнө” гэх утгатай зүйл хэлсэн. Би А.Д-өөс ямар учиртай ажил болох талаар нь лавлаж асуугаагүй, ажилгүй байсан учраас хамт явъя гэж хэлсэн” гэж дагаж явсан сэдэл, зорилгоо болон үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлсэн ба анхан шатны шүүх хуралдаанд “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Шүүхээс “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжгүй, харин “Хүн барьцаалах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэсэнд маргахгүй.
Анхан шатны шүүх 4 шүүгдэгч нарыг анхнаасаа амь хохирогч В.Я- болон хохирогч Ж.Л-ийг алах зорилготой байсан гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын удаа дараа өгсөн мэдүүлгүүдэд амь хохирогч В.Я-ы амь насыг хөнөөх сэдэл зорилго байгаагүй нь тогтоогддог бөгөөд миний үйлчлүүлэгч А.Т- нь анхны мэдүүлэгтээ амь хохирогч В.Я- болон хохирогч Ж.Л- нарыг айлгаж мөнгө авах зорилготой явсан, хүнийг алах зорилго байгаагүй гэдгээ мэдүүлдэг ба шүүгдэгч Л.Б, Ш.Х нарыг танихгүй, хятад хэл мэдэхгүй зэрэг нь анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байна. Хэрэв анхнаасаа алах зорилготой байсан бол хохирогч Ж.Л-ийг амьд үлдээхгүй, амь хохирогч В.Я-ы цогцсыг нуух зэрэг үйлдэл хийх байсан ба ийм үйлдлүүд хийгээгүй нь хүнийг алах сэдэл зорилго байгаагүй гэдэг нь нотлогдож байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг хүнийг алах гэмт хэрэгт оролцоогүй, гэм буруугүй гэсэн дүгнэлт хийснийг шүүх харгалзан үзээгүй.
Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч хүнийг алах гэмт хэрэгт гэм буруугүй, шүүгдэгч Ш.Х нь Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлд заасан зөрж гүйцэтгэсэн гэж мэтгэлцэж оролцсон. А.Т- амь хохирогч болон хохирогч нарыг айлгаж мөнгө авах зорилготой л явсан гэдгээ мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба ийнхүү мөнгө авахаар айлгахад оролцсон үйлдлийг нь хүнийг алах гэмт хэрэгт шууд хамаатуулж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэснийг зөрчсөн.
Амьд үлдсэн хохирогч Ж.Л- нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “4 дэх хүн нь машин жолоодож явж байсан хүний найз нь, хятад хэл огт мэдэхгүй, бас дээл өмссөн, бүдүүвтэр бор царайтай, 20 гаруй настай хүн байсан. Харвал танина. Энэ хүн хажууд суугаад байдаг, хятад хэл мэдэхгүй болохоор харьцаад байхгүй, гавын түлхүүр энэ хүнд байсан бөгөөд шаардлагатай үед гавыг түлхүүрээр онгойлгож өгч байсан. Энэ хүн бид хоёрыг зодсон эсэхийг сайн санахгүй байна, зодоогүй байх” гэж мэдүүлсэн. Хэрэг учралаас амьд үлдсэн хохирогч миний үйлчлүүлэгчийг цохиж зодоогүй, гэмт учруулаагүй гэдгийг ийнхүү мэдүүлсэн байхад анхан шатны шүүх энэхүү мэдүүлэг буюу нотлох баримтыг харгалзан үзэлгүй гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.
Хохирогч Ж.Л- мэдүүлгүүдээ өөр өөрөөр өгсөн байдаг ч миний үйлчлүүлэгчийг шууд цохиж зодсон талаар мэдүүлэг байдаггүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч А.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн 10.1, 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Ариунтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.2.5-д “хүн нас барсан бол зэрэглэл тогтоохгүйгээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу хохирол, хор уршгаа арилгуулна” гэж заасан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д “гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж, Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийн гишүүн хэмээн тус тус зохицуулсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Америкийн нэгдсэн улсад амьдардаг. Өөрөөр хэлбэл, амь хохирогчтой хамт амьдардаггүй байсан нөхцөл байдал тогтоогддог. Тийм учраас анхан шатны шүүхээс хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үлдээсэн нь зөв гэж үзсэн. Анхан шатны шүүхээс 4 шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн суурь зарчим, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдэл зэргийг харгалзаж X.H--ийг амь хохирогчийг буудсан үйлдэлд нь, L.B--ийг энэ гэмт хэргийг санаачилсан, үйлдэл оролцоог нь хуваарилсан нөхцөл байдал зэргийг харгалзаж хэн алинд 25 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид, А.Д-т 18 жил 3 сар, А.Т-т 17 жил 3 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхийн тулд үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийг харгалзан үзэх нь зүйтэй. Энэ гэмт хэргээс шалтгаалж нэг хүний амь нас хохирсон. Хүн бүр амь явах эрхтэй бөгөөд энэ нь туйлын буюу абсолют эрх юм. Энэ эрхэд хэн ч ямар ч тохиолдолд халдах эрхгүй. Гэтэл 4 шүүгдэгч Хятад улсын иргэний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй. Уг хуулийн заалтыг зайлшгүй хэрэглэх буюу үүрэг болгосон хуулийн заалт биш. Харин эрх олгосон заалт байгаа тул анхан шатны шүүх өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч L.B--ийн талаас мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хяналтын явцад мөрдөгчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдол огт гаргаагүй. Хэрвээ эрүү шүүлт тулгасан гэж байгаа бол энэ талаар зохих байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Анхнаасаа тухайн шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж ирсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэггүй гэх хуулийн заалт бий. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний бие L.B--ийн өгсөн мэдүүлэгт биечлэн оролцсон. Мэдүүлэг хуульд заасан хугацаанд явагдсан бөгөөд ямар нэгэн байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй. Гэмт хэрэгт хамтран оролцох нь тухайн хэргийг үйлдэх үйл явцыг өдөөх, дэмжих, туслах, татагдан оролцож буй гэмт этгээдийн зохион байгуулалт бүхий идэвхтэй ба идэвхгүй үйл, эс үйлдэхүйн уялдаа хамаарлын цогц бүрдлийг багтаасан ойлголт байдаг. Шүүгдэгч нар хохирогчдоос айлгаж мөнгө авах гэсэн санаа зорилгоор нэгдэж галт зэвсэг, түүний дагалдах хэрэгсэл болох төмөр болон цахилгаан бороохой, гав, олс, хутга зэрэг олон тооны зүйлсийг урьдаас буюу 2024 оны 10 дугаар сараас эхлэн бэлтгэсэн болох нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Ингэхдээ А.Д-, L.B- нар А.Д-ийн дансыг ашиглаж бэлтгэсэн. Хэрвээ X.H- тухайн галт зэвсгийг гурван шүүгдэгчээс нууж байгаад гаргаж ирээд буудсан бол өөр асуудал. Гэтэл галт зэвсэг болон бусад зэвсгүүд тухайн тээврийн хэрэгсэл дотор анхнаасаа байсан. Энэ талаар шүүгдэгч А.Д-, А.Т- хоёр шүүхийн шатанд хангалттай мэдүүлсэн. Тухайн амь хохирогчийн салтаа, малын сэг зэрэг рүү буудсан гэж мэдүүлсэн. Мөн А.Д- “буудахаа боль, ойр хавийн айл сонсвол яах вэ” гэж хэлсэн байдаг. Үүнээс харахад, тухайн галт зэвсэг сумтай, буудах боломжтой, хүний амь насыг эрсдүүлэх боломжтой гэдгийг шүүгдэгч нар бүгд мэдэж байсан. Гэвч энэ үйлдлийг таслан зогсоохгүйгээр гэмт хэргийг туйлд нь хүргэж хүний амь насыг хохироосон үйлдэл нь хүнийг алах гэмт хэрэгт санаатайгаар нэгдсэн гэх нөхцөл байдалд хамаарна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх L.B-, X.H-, А.Д-, А.Т- нарт нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч Z.L--ийн: “...Монголд ирж Америкийн виз мэдүүлэхэд амархан гардаг гэж яриа байдаг учраас Америкийн элчин сайдын яаманд визний материал өгөх зорилгоор ирсэн. Лиү дарга гэж дуудаад байгаа хүнийг В.Я- таньдаг, би танихгүй. Бид хоёр Бээжин хотоос 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой онгоцонд сууж, 12 дугаар сарын 04-ний шөнө Улаанбаатар хотын нисэх буудалд буусан. Лиү дарга бид хоёрыг тосож авах ёстой байсан бөгөөд цагаан өнгийн такси явуулсан гээд дугаарыг нь хэлсэн. Тэр машинд суугаад нэг зүг рүү 10 гаруй минут явсан, жолооч нь утсаар ярьж байгаад удалгүй зогссон. Бид нарыг зогсож байхад хар өнгийн “Toyota Land Cruiser 200” загварын автомашин ирж зогсоод машинаас Лиү дарга гээд байгаа хятад хүн, жолооч нь монгол хүн гарч ирсэн. Тэр машинд суугаад засмал замаар жаахан явж байгаад замаас гарч шороон замаар яваад хөдөө хээр зогссон. Лиү дарга В.Я-ийг ви чатад удаан хариу өглөө гэж уурлаад машинаас буулгасан, тэр зогссон газарт нь хоёр монгол хүн байж байсан. Ингээд В.Я-ийг тэр хүмүүс цохиж, өшиглөж, труба шиг төмөр зүйл бариад биеийнх нь бүхий л газарт цохиж зодоод байсан. Тухайн үед би машинд сууж байсан болохоор В.Я-ийг хэн, хаана нь хэдэн удаа юугаар цохиж зодсоныг хараагүй. Намайг машинд сууж байхад нөгөө 4 хүний нэг нь буу тулгаад, төмөр гав өгөөд зүү гэж хэлсэн. Удалгүй В.Я-д гав зүүчихсэн машинд суулгаад гадаа хүлээж байсан хоёр хүн нь нэг нэгээрээ бид хоёрын хажуугаар орж ирж суугаад цааш хөдөлсөн. Лиү дарга “гэрээсээ мөнгө явуул, хоёулаа нийлээд 1 сая юань явуул” гэсэн. Бид хоёрт тийм их мөнгө байхгүй гэж хэлсэн чинь дахиад нэг хөдөө хээр газарт зогсоод бид хоёрыг зэрэг зодож эхэлсэн. Тэд нар намайг төмөр труба шиг зүйлээр цохисон, цахилгаан бороохойгоор тогонд цохиулсан. Намайг десант хувцастай, БНХАУ-д цэрэгт явсан гээд байсан хүн аймар зодсон, хаана, юугаар гэдэг нь мэдэгдэхгүй энд тэндгуй л цохиод байсан. Тэгээд 500,000 юань, 450,000 юань, 350,000 юань болоод нэхээд байсан. Би болохоор 200,000 юань л өгч чадна гэж хэлсэн. Тэгээд өгөх мөнгөн дээрээ тохирохгүй байж байгаад “та нар цагдаад мэдэгдэх хэрэггүй шүү, монголд цагдаа нар ажлаа хийхгүй, цагдааг бид нар атгачихсан байгаа, Засгийн газрын хүмүүс ч гэсэн манай хүн байгаа, та нар дийлэхгүй” гэж хэлсэн. Би эхнэр рүүгээ ви чатаар холбогдож “хүмүүст барьцаалагдсан, тэд нар надаас 450,000 юань нэхэж байна, олж байгаач” гэж хэлсэн. Эхнэр мөнгө олоогүй учраас явуулж чадаагүй. 12 дугаар сарын 04-ний өглөө цайны газарт очиж зургуулаа хоол идэж байхад В.Я-ийг десант хувцастай, Хятад цэрэгт явсан хүн дахиад зодсон, зодож байхад нүдний шилийг нь хагалж баруун талын нүдний доор шарх үүссэн. Тэд нар хоорондоо В.Я-ийг барьцаанд авч үлдээд, намайг 350,000 юанийн зээлийг төлнө гэж бичиг хийлгээд явуулна гэж ярьж байгаад сүүлд нь явуулахгүй болсон. Хоол идсэний дараа дахиад анх зодуулсан газар руугаа очсон, тэр хавьд нүх ухчихсан байгаа та хоёрыг энд булна гэж хэлж байсан. Тэндээ мөнгө орохыг өдөржин хүлээсэн. Манай эхнэр цааш нь дамжуулаад В.Я-ы гэр бүлд бид хоёрыг барьцаалагдсан байгааг хэлсэн байсан тул ээж нь мэдсэн. Түүний ээж хорт хавдар өвчтэй, бие муутай хүн байдаг бөгөөд В.Я- энэ асуудлыг ээж нь мэдчихсэн гэдгийг сонсоод уурлаад “би эндээ үхнэ, ээж дээрээ очихгүй, намайг албал ал” гээд байсан. Тэгсэн чинь Лиү дарга “та хоёр одоо яв” гэж хэлсэн чинь, нөгөө десант хувцастай хүн бид хоёрыг явуулахыг зөвшөөрөхгүй байсан. Тэгээд би машинаас буугаад эхнэр рүүгээ утсаар ярьж байсан чинь буун дуу гарахаар нь эргээд харсан чинь В.Я- газарт хэвтэж байсан. Түүнийг тэр десант хувцастай хүн АК-47 маркийн урт буугаар буудсан. Тэр хүн надад 2 цагийн хугацаа өгье, энэ хугацаанд мөнгөө шилжүүлж чадахгүй бол чи адилхан болно шүү гэж хэлсэн. Эхнэр маргааш мөнгө хийе гэж хэлсэн болохоор В.Я-ыг тэнд нь орхиод хот руу явж, десант хувцастай хүн намайг дагуулаад гэр рүүгээ орсон, Тэгж байтал миний Ви чатад элчин сайдын яамны хүн гэж нэг хүн орж ирсэн, тэр үед ингэж хэл, тэгж хэл гэдгийг миний хажууд байсан Лиү дарга, десант хувцастай хүн хоёр зааж өгч байсан. Тэгээд “үүрээр хэдүүлээ В.Я-ы цогцсыг янзалъя чи оролцоорой” гэж хэлсэн. Цогцос янзлах үед би бичлэг хийнэ, чи В.Я-ы цогцсын толгойг нь юм уу, эсхүл гарыг нь цавчиж байх үедээ “В.Я- худлаа хэлж намайг энд авчирсан, тэр мөрийтэй тоглоом ихээр тоглоод өөрийнхөө болон миний мөнгийг ч үрсэн байсан, бид хоёр хоорондоо зодолдсон, ээжийнх нь бие муу байна гээд салаад явсан, хаашаа явсныг нь мэдэхгүй” гэж хэлнэ шүү гэсэн. ... 1 дүгээр хүн нь буюу Лиү дарга гээд байгаа хүн зуучлах, зохион байгуулах маягтай байсан, хамгийн эхлээд В.Я-ийг зодож эхэлсэн. Тэд нар бүгдээрээ нэг нэг төмөр трубагаар зодсон. Намайг зодсон байхаа, яг сайн санахгүй байна. 2 дугаар хүн нь десант өмдтэй, удирдан зохион байгуулах маягтай, бид хоёрыг төрөл бүрээр цохиж, өшиглөж, төмрөөр цохиж зодсон. Намайг нэлээд хүндээр зодсон. 3 дугаар хүн нь буюу жолооч, цагаан цайвар үстэй дээл өмссөн, хятад хэл мэдэж байсан. Бид хоёрыг зодох нь зодсон, гэхдээ тийм ч их зодоогүй. 4 дүгээр хүн буюу жолоочийн найз нь ба хятад хэл огт мэдэхгүй, бас дээл өмссөн, бүдүүвтэр, бор царайтай байсан. Гавын түлхүүр энэ хүнд байсан бөгөөд шаардлагатай үед түлхүүрээр онгойлгож өгч байсан. Энэ хүн бид хоёрыг цохиж зодсон эсэхийг санахгүй байна, зодоогүй байх. Түүнийг цэрэгт явсан гээд байгаа десант өмдтэй хүн буудсан, хаашаа буудсаныг нь мэдэхгүй. ... Лиү дарга “Би иймэрхүү төрлийн гэмт хэргийг олон удаа үйлдэж байсан. Урьд нь нэг хүнийг алсан, тэр хүн бид нарт худлаа ярьсан, мөнгөгүй гэж байгаад бид нар түүний гар утсаар 110,000 юань байгааг мэдээд мөнгийг нь аваад түүнийг алсан. Цогцсыг нь В.Я-ий амь насыг хохироосон газрын дээд хэсэгт булчихсан байгаа” гэж хэлж байсан. Бас та хоёрын дараа дахиад 4 хүн ирнэ гэсэн. Тэгэхэд нь В.Я- “хэрвээ хүн их ирчихвэл дараа нь яах вэ” гэж асуухад “бид нар буутай юм чинь тэгээд л ална шүү дээ” гэж хэлсэн. Бид нарыг барьцаалсныхаа дараа 7,62 мм калибртай сум ордог урт буугаар хий буудаж айлгаж сүрдүүлсэн. В.Я-ийг газарт сууж байхад зогсож байгаа газрынх нь урд газарт 1 удаа хий буудсан, мөн нөгөө урт буугаараа 5-аас доошгүй удаа амьтны хувхайрсан толгойны яс руу бай буудаж байсан. Лиү дарга амьтны хувхайрсан толгойны яс руу 2 удаа буудаад оноогүй, тэгсэн чинь Шүй нь болохоор 2 удаа буудаад хоёуланд нь оносон. Энэ хүн их мэргэн буудаж байсан, өөрийгөө цэргийн алба хааж байсан хүн гэж ярьж байсан. ...” (2хх 136-138, 141-143, 148-151),
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.M--ийн: “...Гомдолтой байна. Нас барагчийн охин нь 4 настай, хүү нь 2 настай, эхнэр нь хорт хавдартай байсан. Хүүхдийн тэтгэмж, өмгөөлөгчийн зардал, сэтгэл санааны хохирол, оршуулгын зардал болон цаашид гарах бүхий л зардлуудаа нэхэмжилнэ...” (2хх 158-159, 171-172, 174),
-гэрч C.H- (Ц.Х-)-ийн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед гэртээ байж байхад Монгол Улсад суух БНХАУ-ын элчин сайдын яамаар дамжуулан ... дугаартай утаснаас миний дугаар руу үл таних эмэгтэй хүн залгаад “миний нөхөр Z.L- “хүн барьцаалсан 350,000 юань явуул” гэж хэлсэн” гэсэн. Орой 19 цаг 08 минутын үед эхнэр нь ви чатаар холбогдоод “буу тулгаад байна, 4 хүн байна” гэсэн” гэдгийг хэлсэн. Тэгээд 19 цаг 26 минутын үед хамт явсан нэг хүнийг нь алсан гэж бичсэн байсан...” (2хх 180-181),
-гэрч (таксины жолооч) Я.Ю-ийн: “нисэх онгоцны буудлаас 2 хохирогчийг тосоод замдаа буулгаж, “Toyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэлтэй хүнд өгсөн” талаарх (2хх 186-187),
-гэрч М.Б-ы “шүүгдэгч L.B--тай хамт явж дээл, гав, сэлэм, буу хутга, станц, хантааз, буу цэвэрлэдэг хөвөн зэрэг зүйлсийг худалдаж авсан” талаарх (2хх 190-193, 195-197),
-гэрч Z.Z (З.З), (хохирогч Z.L--ийн эхнэр)-ийн: “хохирогч Z.L- ви чатаар эхнэртэйгээ харилцан, барьцаалагдсан, мөнгө нэхэж байгаа тухайгаа 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 07 минутаас эхлэн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00 цаг 04 минут хүртэл хугацаанд нийт 21 удаа холбогдсон болон цагдаа нарт мэдэгдэх арга хэмжээ авсан” талаарх (2хх 204-206),
-гэрч Э.Э-ын: “... улсын дугаартай “Toyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг L.B--д ашиглуулсан” талаарх (2хх 208-209),
-гэрч Н.О-ийн: “Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... блок, ... тоот байрыг А.Д-ийн найз охин Б.С-д 1 жилийн хугацаагаар түрээслүүлсэн” талаарх (2хх 210-212),
-шүүгдэгч L.B--д гар станц, гол төмрийн дугаар 1055045, замгийн дугаар 045, “Сайга” загварын галт зэвсэг, хутга, гар чийдэн, хоолойвч, наалт, бууны шос, универсал шос, бууны эсгий цэвэрлэгч, 500 ширхэгтэй паккет, бууны нүх цэвэрлэгч салфетка, гол цэвэрлэгч сойзны ком, хамгаалалтын хантааз, сэлэм зэргийг худалдсан талаарх гэрч П.Х (2хх 223), Д.Ц (2хх 225), П.А (2хх 228), Т.Б (2хх 235-236), З.Т (2хх 238-239), П.Б (2хх 241-242) нарын,
-шүүгдэгч А.Т-ийн: “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А.Д- “хувцас авъя, гараад ир” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад түүнтэй уулзсан. Таксинд явж байхдаа “ямар хувцас авах юм бэ” гэж асуухад “дээл авна, нүх ухна, хүн гавлана, надаар хүн зодуулна, чамд 5,000,000 төгрөг өгнө” гэх утгатай зүйл хэлсэн. Би ямар учиртай ажил болохыг лавлаж асуугаагүй, ажилгүй байсан учраас “хамт явъя” гэж хэлсэн. Дүнжингарав худалдааны төвийн гадаа очиход А.Д-ийн танил Т гэх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ирсэн. А.Д-, Т, түүний жолооч бид нар Нарантуул орж 3 ширхэг монгол дээл аваад хоол идсэн. Дараа нь жолооч ах машиндаа үлдэж, А.Д-, Т бид гурав нэг хотхоны 406 тоотод ирсэн. Тэр байранд 30-35 орчим насны Хятад улсын иргэн байсан. 4-5 ширхэг модон бороохой, 2 ширхэг резинэн бороохой, хар өнгөтэй гар буу, 3 ширхэг хутга, гав зэрэг эд зүйл байсан. Тус эд зүйлүүдийг аваад “Land Cruiser” загварын тээврийн хэрэгсэлд сууж хөдөлсөн. А.Д- жолоодоод хад асгатай уулын энгэр хэсэгт байсан балгасны хажууд очиж зогсоход А.Д- “чи эндээ наад хүнтэйгээ хамт байж бай, удахгүй ирнэ” гэж хэлээд Т-тэй хамт тээврийн хэрэгслээс буулгасан. Тэгэхэд цүнхтэй бороохой, гав, гар чийдэн, мөн Т-ийн барьж гарч ирсэн шаргал өнгөтэй, АКМ буу шиг хэлбэртэй, урт бууг үлдээсэн. 20-30 минутын дараа тэр хоёр буцаж ирэхэд машины хойд талын суудал дээр хацар нь махлаг, 30 орчим насны, цагаан өнгийн куртик, хар өнгийн өмд өмссөн, нүдний шил зүүсэн эрэгтэй хүн, мөн цагаан өнгийн куртиктэй, нүдний шил зүүсэн, сэгсгэр үстэй, 50 орчим насны хоёр Хятад Улсын иргэн сууж байсан. Би 30 орчим насны хүнийг буулган, хавирч унагаагаад түүнтэй ноцолдож байгаад тэр хүнийг дээрээс нь дараад босоход А.Д- тэр хүнийг босгож ирээд гараараа цохиж унагаагаад цүнхнээс гав аваад ир гэхээр нь авч өгсөн. Д- тэр хүний гарыг гавласан. Т надад гар буу өгөөд сумгүй гэж хэлсэн. Би тээврийн хэрэгсэл рүү очиж ард талын суудал дээр сууж байсан 50 орчим насны эрэгтэй хүнийг буулгахад А.Д- гарыг нь гавласан. 30 орчим насны хүн рүү Т очиж бороохойгоор болон гар хөлөөрөө цохиж зодсон. 2 ширхэг модон бороохой хугарсан. Бид нартай хамт явсан нөгөө хятад хүн 50 орчим насны эрэгтэй хүнийг зодоод байсан. Өөр газар очиж зогсоод Т болон хамт явсан Хятад хүн хоёр нөгөө хоёр хятад хүнийг тээврийн хэрэгслээс буулгаж цахилгаан бороохойгоор цохиулж, гар хөлөөрөө цохиж зодсон. Өглөө гэгээ орсны дараа утасны сүлжээ орсон газарт зогсоод Т болон хамт явсан хятад хүн сүүлд авч ирсэн 2 хүнийг утсаар яриулаад байсан ба А.Д-өөс юу гэж байгааг нь асуухад энэ хүмүүсийн ар гэрийнхэн рүү яриулж мөнгө авах гэж байна гэж хэлсэн. Хотод ирээд хоол идэж байхдаа 30 орчим насны хятад хүнийг бид нартай хамт явсан хятад хүн цохиж, нүднээс нь цус гаргасан. Буцаад уулын энгэр хэсэгт очиж зогссон. Би А.Д-өөс “одоо яах юм бэ, байгаад л байх юм уу” гэж асуухад “энэ хоёр мөнгөтэй хүмүүс рүү ярьж байна” гэж хэлсэн. Би унтаж байхад 30 орчим насны хүн уурлаж, уйлаад байхаар нь би А.Д-өөс асуухад “энэ хүний ээж нь нас барсан гэнээ” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа тээврийн хэрэгсэлтэйгээ хөдлөөд нэг уулын орой хэсэг дээр гараад зогсоход Т хамт явж байсан хятадтайгаа тээврийн хэрэгслээс буугаад хоорондоо юм ярьж байхад А.Д- “наадахаа буулгачих гэнээ” гэж надад хэлэхээр нь би хойд талын суудалд сууж байсан 30 орчим насны эрэгтэй хүнийг буулгаад өөрөө суудалдаа зүүрмэглэхэд 5 минут орчмын дараа гэнэт буун дуу гарахаар нь цочоод харахад 30 орчим насны хүн хойшоо унаж байсан, харин бид нартай хамт явсан хятад хүн гартаа барьсан буугаа шагайгаад доошоо буулгаж байсан. Хажуу талд нь Т хараад зогсож байсан. Цогцсыг тэнд нь үлдээгээд хот руу хөдөлсөн. Хараагүйчүүдийн төвийн ойролцоо А.Д- бид хоёр тээврийн хэрэгслээс нь буугаад үлдсэн. Нөгөө 3 хятад хүн хаашаа явсан гэдгийг нь хараагүй...” (7хх 110-113),
-шүүгдэгч А.Д-ийн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр найз А.Т-тэй уулзаж байхад L.B- залгаж “ажил байна, жолооч, орчуулагч хийгээд өгөөч” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд А.Т-, L.B- бид гурав ... хотхоны 406 тоотод очиход Т-ийн найз гэх хятад улсын иргэн (Сү Шү гэж хочилж дууддаг) иргэн ганцаараа байсан. Тэр 2 хятад хүн цүнхтэй (дотор нь модон цохиур харагдаж байсан) эд зүйл гаргасан, сүүлд гар буу угсарч, шалгачхаад дараа нь 2 ширхэг урт буу гаргаж ирсэн. Би “энэ зүйлүүдээр яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “анд хэрэглэдэг зүйл, анд явна, манай хоёр найз хятадаас ирж байгаа, шөнө тосно” гэж хэлсэн. 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед Нисэх онгоцны буудал орохоор 406 тоотоос гарсан. Онгоцны буудал орж А.Т-ээр бэлэн мөнгө авхуулаад тэндээс хөдөлж, L.B--ийн найз хятад залуу энэ замаар яв гэж хэлээд Дундговь аймаг руу явдаг төв зам руу оруулсан, тэгээд хэсэг явж байхад замаасаа гараад явчих гэж хэлэхээр нь би заасан чигт нь явж байгаад хэлсэн газарт нь зогссон. Тус газрын ойр орчимд айл байгаагүй, гурван талаараа уултай, уулын энгэрт жижиг тоосгон байшин шиг зүйл байсан. L.B- “би энд танай найзтай хамт үлдэнэ, чи манай хоёр найзыг замын салдаг уулзвар дээрээс тосож аваад ирээрэй” гэсэн. Би буцаж яваад L.B--ийн 2 найз нь гэх иргэдийг машиндаа суулгаад нөгөө газраа ирсэн. Тэгээд А.Т- нэг хятадыг нь машинаас буулгаж газарт унагаагаад дээр нь суухаар нь би гарыг нь барьж байгаад А.Т-ээр гавлуулсан, тэгэхэд L.B--ийн найз нь тус хүнийг ирээд цохисон, L.B- өөрөө нөгөө хятадыг нь буулгаж буу тулгаж айлгасан. Хэсэг хугацааны дараа хөдлөөд өөр газар очиж зогссон. L.B- найзтайгаа нийлээд сүүлд тосож авсан 2 хүнийг бороохой, цахилгаан бороохой, модон цохиур гаргаж ирээд зодож цохиход 30 гаран насны хүн нь ухаан алдаж, таталт өгөхөөр нь би А.Т-тэй хамт тус хүнийг чирээд машинд суулгасан. L.B- найзтайгаа 50 орчим насны хүнийг цохиж зодож байгаад машинд суулгаад “1,000,000 юань өгөөд амиа ав” гэж хэлэхэд өөдөөс нь “мөнгө байхгүй” гээд байсан. Өглөө 08 цаг өнгөртөл замгүй явж байгаад засмал зам дээр гарч ирсэн. Тус хугацаанд L.B- найзтайгаа хамт нөгөө 2 хүнээс мөнгө нэхээд байсан. L.B- намайг замаас гараад зогсчих гэхээр нь би зогссон. 30 гаран насны хүний хажуугаар L.B- урт буугаар 1 удаа, 2 амтай урт буугаар 1 удаа, харин найз нь урт буугаар 2-3 удаа хий буудаж айлгасан. Хэсэг хугацааны дараа машиндаа буцаж суухад 50 орчим насны хүн нь мөнгөө үдээс хойш шилжүүлье гэх зүйл хэлсэн, тэгээд бид нар хот орж хоол идсэн. L.B--ийн найз нь нөгөө хоёр хүнд “350,000 юань өгөөд та хоёр зүгээр яв” гэж хэлэхэд 30 гаран насны хүн нь “би явахгүй, би урд ялтай, би буцахгүй” гэх зүйлийг хэлээд байхаар нь L.B--ийн найз уурлаж, түүний нүүр рүү 4-5 удаа цохиход шил нь эвдэрсэн. 15 цагийн үед өглөө зогссон уулын бэл хэсэгт очиж зогсоод би машиндаа суудал дээрээ суугаад унтаад сэрэхэд 18 цаг өнгөрч байсан. Намайг сэрэхэд 30 гаран насны хүний ээж нь нас барсан гээд уйлаад, уурлаад намайг алчих гэж хэлээд дайраад байсан. L.B--ийн найз нь нөгөө хоёр хятад хүнийг машинаасаа буу гэж хэлэхэд тэр хоёр буусан. Тэр хөлийнхөө хажуу талд байсан буугаа бариад хамт буусан. Би А.Т-тэй юм ярьж байгаад харахад L.B--ийн найз нь 30 гаран настай хүнийг цаашаа гэж хэлээд гартаа буугаа бариад зааж байсан. Би А.Т-тэй юм ярих гээд хойшоо эргээд харахад гэнэт буун дуу гарахаар нь харахад 30 гаран насны хүн гартаа гар утсаа барьчихсан хойшоо унаж байсан, наад талд Хятад Улсын иргэн Т-ийн L.B--ийн найз барьж байсан бууны хошуугаа доош буулгаж байсан. L.B- өөрийнхөө утсаар буудсан хүний зургийг дараад 50 орчим насны хүнийг машиндаа суулгаад “чи 300,000 воныг өгчхөөд амиа худалдаж авсан гэж бодоод яв, нэг бол чи очоод хоёр гарыг нь огтолчих тэгвэл чамайг явуулъя, мөн цогцос нуухад тусал” гэх утгатай зүйл хэлсэн. 50 орчим насны хүн эхнэртэйгээ утсаар яриад хэлсэн мөнгийг нь маргааш өдөр нь шилжүүлэхээр болсон учир бид нар хот руу буцсан. Дунд голын зам дагуу А.Т- бид хоёр буусан...” (7хх 115-120, 145-147),
-шүүгдэгч L.B--ийн: “...Миний танил Тайланд улсын иргэн Ж.С гэдэг хүн телеграммаар холбогдоод “нэг хятад хүн гэмт хэрэгт холбогдсон, Монгол Улсад очихоор нь айлгаад өг, мөнгө өгье” гэж хэлсэн. Энэ талаар би А.Д-, X.H-, А.Д-ийн найз нарт 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уулзаж хэлэхэд зөвшөөрсөн. А.Д-, X.H- нар өөрсдийн 22-76 дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж юбикабын жолоочоос Хятадаас ирсэн 2 хүнийг тосож авсан. Би тэр үед Дундговь аймаг руу явдаг замын 4 замын уулзвар дээр А.Д-ийн найзтай хамт хүлээж байсан. Тэр хоёрыг суулгаад ирэхэд нь бид нар залуухан хүнийг нь гарыг нь ард гавлаад, юм ярьж болохгүй гэж хэлээд тэр хоёр Хятад хүнийг хяналтдаа авсан. Би ирсэн 2 хүний нэрийг мэдэхгүй. Нэг зэлүүд, тал газар зогсож бүгд машинаас буугаад, X.H- бид хоёр нөгөө хоёр хятад хүнийг дарамталж айлгасан. Би гарыг нь ард нь гавласан байсан хятад хүнийг 4 удаа нуруу хэсэгт нь цохисон. X.H- бид хоёр тэр хоёр хятад хүмүүст “500,000 юань өгчих тэгээд та хоёрыг явуулъя” гэж хэлэхэд эхэндээ мөнгө байхгүй гэж байснаа сүүлдээ мөнгө олж өгье гэж зөвшөөрөөд бүгд машиндаа буцаж суугаад явж байгаад төөрч, дараа нь хотод ирж хоол идсэн. Шөнө нь гартаа гавтай байсан хятад хүн X.H--ийн нүүр рүү цохиж маргалдан, зодолдсон. 15 цаг болох гэж байхад буцаад Төв аймгийн Зуунмод руу явсан. Тэнд очоод залуухан хүн нь “би энэ насандаа Хятад улс руу явахгүй, энд байна” гэж хэлээд машин дотор байхдаа суудал дээр байсан тоглоомон бууг аваад өөрийнхөө цээж хэсэг рүү чиглүүлж байгаад гохыг нь дараад байсан. Над руу бас чиглүүлэн гохыг нь дарсан. Бүрэнхий болж байхад уулан дээр машинаа зогсоогоод бүгд машинаас буусан. Залуухан хятад залуу X.H--д “чи одоо намайг алаад өг, хэрвээ намайг алахгүй бол хэзээ нэгэн цагт би чамаас өшөөгөө авч чамайг алах болно” гэж хэлэхэд X.H- машины урд суудлаас урт буу аваад босоогоор нь барьж байгаад тэр залуу руу буугаа чиглүүлэн 1 удаа буудахад тэр хүн шууд газар унасан. Би очоод “чи жинхэнээсээ буудчихаж байгаа юм уу” гэж асуухад “наадах чинь уначихсан байгаа биз дээ” гэж хэлсэн. Би зүгээр айлгах гэж байна гэж бодсон, жинхэнээсээ буудна гэж бодоогүй. Бид хэд шууд хөдлөөд хотод ирэхэд А.Д-, А.Т- нар зам дагуу буугаад үлдсэн. X.H- бид хоёр сүүлд ирсэн хятад хүнийг дагуулан X.H--ийн амьдарч байсан гэрт ирсэн. Удалгүй тэр хүний we chat-д элчин сайдын яамнаас дуудлага ирэхэд аваад ярьж байгаад үүдэнд гарч хаана байгаагаа харуулж ярьж байхаар нь тэр хүнийг тэнд нь орхиод бид хоёр гарч явж байгаад цагдаад баригдсан...” (7хх 126-130, 162-166, 10хх 83-84, 11хх 52),
-шүүгдэгч X.H--ийн: “...Би L.B--ээс зээлсэн мөнгөө авах зорилгоор Монгол Улсад ирсэн. 2024 оны 12 дугаар сарын эхээр L.B- “хоёулаа анд явна, бэлэн байж байгаарай, би чамайг очиж авна шүү” гэж хэд хэдэн удаа хэлсэн. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед L.B- 2 монгол хүнтэй хамт манай гэрт ирсэн. 12 дугаар сарын 04-ний өдрийн 00-01 цагийн үед хөдлөн явж байгаад замын хажуу талд зогсоод L.B- нэг монгол залуутай хамт машинаас бууж надад “чи энэ залуутай хамт яваад онгоцны буудлаас 2 хүн тосоод ир” гэж хэлсэн. Бид 2 хятад 2 хүнийг аваад нөгөө газарт ирэхэд L.B- машинаас буу аваад надад “энэ хоёр хүн чиний мөнгийг авсан хүмүүс” гэж хэлээд өөрөө тэр 2 хүнийг зодож байгаад нэг харахад гавласан байсан. Тэгээд машиндаа сууцгаан хөдлөөд явж байгаад нэг газарт очиж зогсоход L.B- “энэ өдөр хоёулаа чиний мөнгийг олж авна, энэ хүмүүсийг айлгаж, сүрдүүлж байгаад гэж оролцох ёстой, энэ хүмүүсийг чи зод, би бичлэг хийж нотлох баримт болгож авна” гэсэн. Би машинаас бууж одоо амьд байгаа хүний хөл, гар руу өшиглөж, цохиж зодсон. Хоол идэж ирээд би машинд суугаад унтаад сэрсэн. Би L.B--ээс яах гэж байгаа талаар асуухад “бүтээгээгүй ажил байна” гэж хэлсэн. Нас барсан хятад хүн намайг харааж уурлаад байхаар нь би түүнд хандаж чи надад өрийн хуудас хийгээд өг гэж хэлэхэд өөдөөс уурлаад байсан. L.B- намайг машинаас бууя гэж хэлэхээр нь би хамт буухад барьж байсан буугаа надад өгөөд чи энэ хоёр хүнийг сүрдүүлж байгаад өрийн бичиг хийлгээд ав гэж хэлсэн. Амьд байгаа хятад хүнийг L.B- цаашаа дагуулаад алхаж байгаад зогссон. Би нөгөө хятад хүнийг нь хажуу талдаа зогсоогоод түүн рүү буу чиглүүлж зогсоход өөдөөс буу булааж авах гээд ноцолдох үед санамсаргүй байдлаар гох дарагдаж тэр хүн оногдсон. Би L.B--ийн надад өгсөн бууг сумтай, цэнэгтэй байсан эсэхийг нь ч мэдээгүй. Сумгүй буугаар хүн айлгаж байна гэж бодсон. L.B-, амьд байгаа хятад хүн бид гурав машинаа тавьчхаад миний амьдарч байсан гэрт ороход L.B- “хоёулаа энэ хүнийг бас алчихъя, амьд гэрч үлдээгээд хэрэггүй” гэж хэлэхээр нь би “үгүй, энэ хүнийг нутаг руу нь буцаана” гэж хэлсэн. Тухайн үед элчин сайдын яамнаас амьд үлдсэн хятад хүний утас руу залгахаар нь би тус хүнийг гэрээс гаргаад явуулсан...” (7хх 182-187, 11хх 33-34) гэсэн мэдүүлгүүд,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184 дүгээр “...Амь хохирогч W.Y--ийн цогцост тогтоогдсон гэмтлүүдээс аюулхайн дээд зүүн хэсэг дэх хошуут сумны орсон шарх, элэгний зүүн дэлбэн, 12 хуруу гэдэсний толгой хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, гол судасны тасрал, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн гялтангийн арын өөхөн эслэгийн цус хуралт, бүсэлхийн 2 болон 1, 3 дугаар нугалмын хугарал, нугасны тасрал, нуруу бүсэлхийн хэсэг дэх бүсэлхийн 2 дугаар нугалмын баруун талын хошуут сумны гарсан шарх нь дунд калибрын бууны ойрын зайн буудалт, хошуут сумны үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Галт зэвсгийн гэмтэл нь хохирлын хүнд зэрэг, духны зүүн хэсэг, баруун, зүүн нүдний доод тал, зүүн нүдний гадна булан, хацрын төвгөр, зүүн хацрын цус хуралт, баруун нүдний доод хэсэг, зүүн хацрын зулгаралт болон хүзүү, баруун шилбэний урд дээд хэсгийн цус хуралт, баруун бугуйн зүсэгдсэн шарх нь хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн бугалгын урд дээд хэсэг, баруун шилбэний урд дээд хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсэг, баруун өвдөгний доод хэсгийн зулгаралт нь 2-5 хоногийн өмнө үүссэн гэмтэл, бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Амь хохирогч нь галт зэвсгийн гэмтлийн улмаас гадуур болон дотуур цочмог цус алдаж нас баржээ...” (3хх 55-56, 63-68),
-мөн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 522 дугаар “...Z.L--ийн биед тогтоогдсон баруун 10 дугаар хавирганы далд хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалаг, нуруу, ууц, хэвлий, цээж, зүүн сарвуунд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун, зүүн бугуй, баруун сарвуунд зулгаралт, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” (3хх 88-89),
-“шинжилгээнд ирүүлсэн 4 хэсэг модонд цууралт, хугаралт хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр үүссэн байна” гэсэн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 180 дугаар (3хх 111-112, 113-118),
-шинжилгээнд ирүүлсэн чулуунаас илэрсэн цус нь амь хохирогч W.Y--ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа талаарх шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 278 дугаар (3хх 138-140),
-хэргийн газраас хураан авсан тамхины иш, салфетка зэрэг дээрх ДНХ-ийн тогтоц нь хохирогч, шүүгдэгч нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байгааг тогтоосон шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 279 дүгээр (3хх 149-150, 153-154), 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 344 дүгээр (3хх 163-165),
-гол төмрийн ю1950 дугаартай галт зэвсэг, гол төмрийн 1055045 дугаартай галт зэвсгүүд болон сумны хонгио, L.B--ээс хураан авсан 1, 2, 7, 9 дугаартай сумны хонгио тус бүрээс дарь тортгийн үлдэц элементүүд илэрч байгаа талаарх шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 290 дугаар (3хх 178-181),
-шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 136 дугаар “шинжилгээнд ирүүлсэн буунууд нь хайрцаг анги 1055045 гэсэн дугаартай, замаг 045 гэсэн дугаартай буу нь 1993 онд Оросын холбооны улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39мм-ийн калибртай Сайга загварын карабин галт зэвсэг, гол төмөр Ю195 дугаартай, замаг Ю1950 дугаартай буу нь Оросын Холбооны улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ИЖ-58 загварын бянтгүй гөлгөр гол төмөртэй бууны гол төмрийн амсар хэсгээс тайрсан гар хийцийн галт зэвсэг байна. Дээрх галт зэвсэг болон гар хийцийн галт зэвсгүүд, сумнуудаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 3, 4, 5, 6, 8, 10 дугаартай гялгар уутанд байх 6 ширхэг сумнууд нь 16х70-ийн калибртай бянтгүй гөлгөр гол төмөртэй галт зэвсгээр, 11 гэж дугаарласан гялгар уутанд байх 1 ширхэг сум нь 9mm Р.А калибрын тусгай хэрэгслээр, 11, 12, 18 дугаартай гялгар уутанд байх 3 ширхэг сум болон хүхээгт хийж ирүүлсэн 5 ширхэг сум нь 7.62х39мм-ийн калибртай галт зэвсгээр буудлага үйлдэх зориулалттай. 1, 2, 7, 9 гэж дугаарласан 4 ширхэг хонгио нь Бүгд Найрамдах Чех улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 16х70мм-ийн калибртай бянтгүй гөлгөр гол төмөртэй галт зэвсэгт зориулагдсан сумны хонгионууд, 10 гэж дугаарласан гялгар 1 ширхэг хонгио нь Оросын Холбооны улсын Тулагийн зэвсгийн үйлдвэрт иргэний зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39мм-ийн калибртай галт зэвсгийн сумны хонгио байна. 10 гэж дугаарласан 1 ширхэг хонгио нь хайрцаг анги 1055045 гэсэн дугаартай, замаг 045 гэсэн дугаартай Сайга загварын галт зэвгээр буудагдсан байна...” (3хх 192-198, 199-208),
-шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн буу нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад иргэний (биеэ хамгаалах) зориулалттай үйлдвэрлэгдсэн 9mm Р.А калибртай дуу чимээ, нулимс асгаруулж, амьсгал боогдуулах үйлчилгээ бүхий химийн бодисоор цэнэглэгдсэн сумаар буудлага үйлдэх зориулалттай, гадаад хэлбэр, хийцийн хувьд галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн МЕ 9 mod. Para загварын гар буу байна. Уг буу нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд хамаарна. Тус гар буугаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь Итали улсын Fiocchi үйлдвэрт иргэний (биеэ хамгаалах) зориулалттай үйлдвэрлэгдсэн 9 mm P.A.K-ийн калибртай сумны буудлагад хэрэглэгдсэн хонгио байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь их биеийн 9060697 дугаартай МЕ 9 mod. Para загварын гар буугаар буудагдсан байна...” (3хх 218-221, 222-227),
-шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1044 дүгээр “Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн ю1950 дугаартай галт зэвсэг, гол төмрийн 1055045 дугаартай галт зэвсгүүд болон сумны хонгио L.B--ээс хураан авсан 1, 2, 7, 9 дугаартай сумны хонгио тус бүрээс дарь тортгийн үлдэц элементүүд илэрч байна. Дээрх галт зэвсгүүдээр буудлага үйлдсэн байна...” (3хх 238-239, 240-241),
-9060697 дугаартай ME 9 MOD Para тусгай хэрэгслийн буугаар буудлага үйлдсэнийг тогтоосон шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 341 дүгээр (4хх 1-2),
-шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардаснуудад шинжилгээ хийсэн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 139 дүгээр (4хх 11-14, 15-37), 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар (4хх 71-72, 73-82), 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 178 дугаар (4хх 91-94, 95-117),
-шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад шинжилгээ хийсэн талаарх шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр (4хх 126-128, 129-131), 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 340 дүгээр (4хх 140-141, 142-146), 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 347 дугаар (4хх 155-157, 158-160), 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 131 дүгээр (4хх 170-172, 173-175), 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 286 дугаар (4хх 184-185, 186-189), 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 284 дүгээр (4хх 198-199, 200-202), 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар (4хх 225-227, 228-230), 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаар (4хх 238-240, 241-243), 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 283 дугаар (5хх 14-15, 16-18),
-шүүгдэгч А.Т-, А.Д-, X.H-, L.B- нарын шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй талаарх шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 349 дүгээр (5хх 193-194), 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар (5хх 204-205), 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 352 дугаар (5хх 215-216), 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 351 дүгээр (5хх 226-227),
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.M--ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвал, уй гашуугийн шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байх ба энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарах талаарх шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 236 дугаар (3хх 76-79),
-хохирогч Z.L--ийн гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байх ба энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарахыг тогтоосон шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаар (3хх 101-102) дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд
-цогцост үзлэг хийсэн (3хх 40-48),
-хоолны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн (1хх 169-172),
-“...” хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн (1хх 174-177),
-шүүгдэгч А.Т-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...гэртээ орохдоо дээлээ хогийн саванд хийсэн...” гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан (1хх 197-200),
-хохирогч Z.L--аар түүнийг болон амь хохирогч W.Y--ийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцаалж, зодож, айлган сүрдүүлж мөнгө нэхсэн, улмаар W.Y--ийг будаж алсан этгээдүүдийг таньж олуулах ажиллагаа явуулсан (1хх 201-212),
-гэрч Z.Z, Э.Э, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.M-, шүүгдэгч А.Т-, X.H-, L.B, А.Д- нарын гар утсанд үзлэг хийсэн (1хх 213-215, 220-230, 1хх 231-238, 1хх 239-245, 1хх 246-2хх 16, 18-22, 2хх 23-85, 2хх 86-92),
-шүүгдэгч нарын нарын биед үзлэг хийсэн (1хх 77-83, 85-92, 93-97, 98-100),
-“Toyota Land Cruiser” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн болон үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн (1хх 131-135, 136-157, 158-166),
-хэргийн газрын үзлэг хийсэн (1хх 49-60, 75-76, 61-65) тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартайг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд (6хх 216, 225, 236, 248),
-шүүгдэгч L.B-, X.H- нарын ярианы бичлэгийн орчуулга (2хх 17-18)
-гар утсанд хийсэн үзлэгээр хэрэгт авагдсан хүн хоорондын зурвас, гар утасны скрийншот, ханзаар 3 мөр бичсэн баримт зэргийг хятад хэлнээс монгол хэл рүү хөрвүүлсэн бичгийн орчуулга (9хх 148-225, 226-250),
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх 48) зэргийг харьцуулан шинжлэн судалсны эцэст давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
1.Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэнийг ч бусдын эрхшээлд байлгаж болохгүй”,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталж, 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүчин төгөлдөр болсон “Хүн барьцаанд авахын эсрэг олон улсын конвенц”-ын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн:
(а).аливаа этгээд хүн барьцаалах үйлдэл хийхийг завдсан,
(b).хүн барьцаалах үйлдэл хийсэн буюу чингэхийг завдсан этгээдийн гэмт хэрэгт хамтран оролцсон бол энэхүү конвенцын зорилгод гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
2 дугаар зүйлд “Оролцогч улс тус бүр 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдэд тэдгээрийн ноцтой шинжийг харгалзан зохих шийтгэл ногдуулна” гэж тус тус заажээ.
Тус конвенцод 1992 онд нэгдэн орсон манай улсын хувьд, Үндсэн хуульдаа “Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” хэмээн тунхаглаж, энэ эрхийг баталгаатай эдлүүлэх, хамгаалах үүднээс Эрүүгийн хуульд “Хүн барьцаалах” гэмт хэргийг хуульчилсан.
Гэмт этгээд хүн барьцаалахдаа хулгайлах, хүч хэрэглэх зэрэг аргаар үйлддэг ба хүнийг барьцаанд авсныхаа дараа уг үйлдлийнхээ талаар хохирогчийн ах дүү, төрөл садан, засгийн төлөөлөгчид мэдэгдэн, барьцаалагдсан хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулахаар заналхийлж, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагаас мөнгө, бусад эд хөрөнгө гаргуулах, өөр бусад үйлдэл гүйцэтгүүлэх, эсхүл гүйцэтгэхээс татгалзуулах болзол тавьдаг хэлбэрээр илэрнэ.
“Хүн барьцаалах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн хүссэн зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран барьцааны хүнийг эрхшээлдээ оруулж, болзол тулгаснаар төгс үйлдэгдэж дуусдаг.
Анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж тогтоосон хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нар нь бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэх талаар төлөвлөн бэлтгэсний дагуу 2024 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цаг 52 минутад амь хохирогч W.Y-, хохирогч Z.L- нарыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс тээврийн хэрэгсэлд суулган авч явахдаа “гэр бүлийнхэнтэйгээ яаралтай холбогдож 1,000,000 юань эсхүл, 500,000 юань, 450,000 юань, 350,000 юанийг шилжүүлэн авч өг, тэгвэл явуулна” гэх зэргээр суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэхээр эрхшээлдээ байлгаж,
хохирогч Z.L--ийг “хүнийг алах гэмт хэргээ нуун далдлуулахад туслуулах, мөн 100,000 юань шилжүүлэн өг, тэгвэл явуулна” гэсэн нөхцөлтэйгөөр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 43 минут хүртэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, ... дугаар хороо, ... хотхоны ... дугаар байрны ... тоотод аваачиж эрхшээлдээ байлгасан буюу 2 хүнийг барьцаалсан үйлдэл нь “Хүн барьцаалах” гэмт хэргийн дээр дурдсан бүрэлдэхүүний бүх шинжийг хангаж байна.
2.Суллах нөхцөл болгон мөнгө өгөхийг албадан болзол тулгаж барьцааны хүнийг заналхийлэн эрхшээлдээ байлгахдаа зодож, биед нь гэмтэл учруулах нь Эрүүгийн хуулиар хамгаалж буй өөр эрх ашигт халддаг тул тухайн үйлдлийг тусгай ангийн аль тохирох зүйл заалтаар давхар зүйлчилж, хариуцлага хүлээлгэдэг.
Учир нь, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно”, 9 дүгээр зүйлд “Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй” байхаар заасан.
Тус пактаар хувь хүн бүр бусад хүн болон хамт олныхоо өмнө үүрэг хүлээхийн сацуу энэхүү пактад хүлээн зөвшөөрсөн эрхийг хөхиүлэн дэмжих, сахиулах талаар чармайх ёстойг анхааралдаа авахыг дурджээ.
Тиймээс Монгол Улс хүлээсэн үүргийнхээ хүрээнд хүн бие махбодын хувьд халдашгүй чөлөөтэй байж, амь нас, эрүүл мэндээ хууль бус үйлдлээс ямагт хамгаалуулах эрхийг Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд хуульчилсан.
Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл болон төгсгөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх” хууль ёсны зарчимд нийцнэ.
Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болно.
Хохирогч W.Y--ийн биед “духны зүүн хэсэг, баруун, зүүн нүдний доод тал, зүүн нүдний гадна булан, хацрын төвгөр, зүүн хацрын цус хуралт, баруун нүдний доод хэсэг, зүүн хацрын зулгаралт болон хүзүү, баруун шилбэний урд дээд хэсгийн цус хуралт, баруун бугуйн зүсэгдсэн шарх”,
хохирогч Z.L--ийн эрүүл мэндэд баруун 10 дугаар хавирганы далд хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, нуруу, ууц, хэвлий, цээж, зүүн сарвуунд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун, зүүн, бугуй, баруун сарвуунд зулгаралт, баруун зүүн өгзөг, баруун зүүн гуя, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус тогтоогдсон талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 522 дугаар, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184 дүгээр дүгнэлтүүд хэрэгт авагдсан.
Дээрх гэмтлүүд нь шүүгдэгч нарын модон цохиур, бороохой, цахилгаан бороохой зэргийг ашиглан зодсоны улмаас үүссэн болохыг хохирогч Z.L- удаа дараа тогтвортой мэдүүлсэн ба хэрэгт авагдсан бүхий л баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан, түүнийг хэн үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг байдал хангалттай нотлогдсон ба эдгээрт үндэслэн дүгнэхэд, хохирогч нарын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
3.Эрүүгийн эрх зүйд хоёр буюу түүнээс дээш этгээд санаатай гэмт хэрэг үйлдэхэд нэгдсэн нь гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт юм. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд дангаараа үйлдэх боломжгүй хэргийг хоёр ба түүнээс дээш этгээд үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн хамтран үйлдэж буй явдал юм.
Хамтран оролцогч этгээдүүдийн тоо, зарим этгээдийн эс үйлдэхүй нь хүртэл хохирогчдын эсэргүүцлийг хялбар няцааж, хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг мэдэгдэхүйц амархан хөндөж, ноцтой халддаг учраас эцсийн дүндээ учрах аюул их буюу бодитой байна.
Гэмт хэргийг хамтран үйлдэх нь гэмт санаагаа богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлж, ул мөрийг амар хялбар баллах, хариуцлагаас хамтын хүчээр зайлсхийх өргөн боломжтой байдгаараа хэд хэдэн этгээд санаа бодол, хүч хэрэгслээ нэгтгэж үйлдэх нь нийгэмд аюултай юм.
Энэ хэргийн хувьд, шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нарын хэн аль нь хууль бус үйлдэл хийгдэх гэж байгааг мэдсэн хэрнээ татгалзалгүйгээр сайн дураараа хоорондоо нэгдэж, хохирогчдыг нисэх онгоцны буудлаас авч яваад ар гэрээсээ их хэмжээний мөнгө авч өгөхийг шаардах гэмт санаагаа хэрэгжүүлэхийн тулд бэлтгэж авчирсан буу, гав, хутга, цохиур, олс зэргийг ашиглан айлган сүрдүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэн биед нь халдах зэргээр харилцан бие биеийнхээ гэмт үйл ажиллагааг дэмжсэн, нийгэмд аюултай үр дагаврыг бий болгоход идэвхтэй хамтран оролцсон байна.
Ийнхүү шүүгдэгч нар нэгэн зорилгын дор нэгдэж, хэн, хэзээ, хаана, юу хийхээ урьдаас төлөвлөж, хариуцах ажил, үүргээ нарийн тооцсоны үндсэн дээр гэмт үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн байх учраас нэг хүний үйлдсэн гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн аюултай шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ ихэд тооцогдоно.
Гэмт хэрэгт хамтран оролцсон оролцогчдын шинж чанар, гүйцэтгэж байгаа үүргийг харгалзан тэднийг “зохион байгуулагч, гүйцэтгэгч, хатгагч, хамжигч” гэсэн төрөлд хуваан авч үздэг.
Энэ нь оролцогч бүрийн үйл ажиллагааны хууль бус шинжийн түвшнийг тодорхойлох, ингэснээр хариуцлагыг ялгавартай хүлээлгэхэд онцгой ач холбогдолтой.
Зохион байгуулагч гэдэг нь гэмт хэрэг үйлдэхийг сэдэж санаачилсан, эхлүүлсэн үйлээ хэрэгжүүлэх бүх боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлэх ажлыг гардан зохион байгуулж, гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулах, хамтран оролцогчдын ажил үүргийг хуваарилах зэргээр гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэх талаар болон зохион байгуулалттай нэг удаагийн шинжтэй гэмт бүлэг байгуулсан хүнийг хэлнэ. Энэ нь гэмт хэрэгт хамтран оролцохын хамгийн аюултай төрөл юм.
Шүүгдэгч L.B--д Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ирсэн 2 иргэнээс хууль бус, хүч хэрэглэсэн аргаар мөнгө нэхэж авах гэмт санаа төрж, түүнийгээ хэрэгжүүлэх арга, дараалал, хаана, хэзээ, хэнтэй хамтран үйлдэх, ингэхдээ тээврийн хэрэгсэл, орон байрыг бэлтгэх, бусад шүүгдэгч нарыг хохирогчийг айлгах, зодох хэрэгслээр хангах зэрэг гэмт хэргийг төгс үйлдэх бүхий л нөхцөл, боломжийг бүрдүүлж, улмаар хамтран оролцогчдодоо ямар үүрэг гүйцэтгэхийг нь зааварчилснаар тэрээр “Хоёр хүнийг барьцаалсан” гэмт хэргийн зохион байгуулагч болно.
Харин гүйцэтгэгч гэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй, хэрэг хариуцах чадваргүй, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн этгээдийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдлийг өөрөө шууд бүрэн буюу хэсэгчлэн хэрэгжүүлсэн, түүнчлэн, бусад гүйцэтгэгч нартай хамт гүйцэтгэсэн буюу нийт хамтран оролцогчдын хүсэл зориг, оюун санаанд нийцсэн гэмт үйлдэл, эс үйлдэхүйг хэрэгжүүлдэг.
Гэмт хэрэгт хамтран оролцож байгаа зохион байгуулагч, хатгагч, хамжигчийн үйл ажиллагаа нь зөвхөн гүйцэтгэгчийн үйлдлээр дамжин хэрэгждэг болохоор гүйцэтгэгч бол хамгийн гол оролцогч юм.
Шүүгдэгч L.B- нь хүн барьцаалах гэмт хэргийг зохион байгуулсны дагуу X.H-, А.Д-, А.Т- нартай хамтран тухайн гэмт санаагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, шүүгдэгч нар барьцааны хүнээс мөнгө авах нэгдсэн нэг зорилгод хүрэхийн тулд өөрсдийн хүсэл зоригоор тус бүр барьцааны хүнийг зодох, айлгах, чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлан хорих байдлаар эрхшээлдээ байлгах зэрэг үйлдлийг идэвхтэйгээр гардан гүйцэтгэсэн байх тул шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нарыг “Хүн барьцаалах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн гүйцэтгэгч гэж үзнэ.
-Мөн мөнгө, эд хөрөнгө, үнэт эдлэл болон орон сууц эзэмших, өв хөрөнгө залгамжлах эрхийг олж авах, ямар нэгэн материаллаг болон материаллаг бус ашигтай байдал бий болгох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн бол “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” гэх хүндрүүлэх шинжийг хангана.
Энэ зорилго нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө, эсхүл үйлдэгдэж байх явцад үүсэх ба гэмт үйлдлийн эцэст эдийн, эдийн бус ашигтай байдал олж авсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
-“Бүлэглэж” үйлдсэн гэдэг нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн хоёр, түүнээс дээш хүн гэмт хэрэг хамтран үйлдэх бүх хэлбэрээр нэгдэн хүний биед халдан зодож, хөнгөн гэмтэл учруулсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нар хохирогч W.Y-, Z.L- нарыг барьцаалж, 1,000,000 юань хууль бусаар авах нэг санаа зорилгын дор бүлэглэн тэдгээрийг зодож, дээр дурдсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь “бүлэглэн”, “өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор” гэсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна.
4.Харин хохирогч, гэрч зэрэг хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн этгээдүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, энэ хэргийг Ж.Ш-гэх этгээд зохион байгуулсан, эсхүл гэмт хэрэгт хатгасан гэж үзэх, түүнийг яллагдагчаар татах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.
Тиймээс мөрдөгч, прокуророос мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн дүүрэн цуглуулсан нотлох баримтууд болон тэдгээрийн хүрээнд тогтоосон хэргийн үйл баримт, яллагдагчаар татсан этгээдүүдийн хэмжээнд буюу прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу явагджээ.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс прокурорын яллагдагчаар татаагүй этгээдүүдийг энэ хэрэгт татан оролцуулах талаар дүгнэлт хийх нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдоогүй тул шүүх хуулиар хязгаарлалт тогтоох замаар зохицуулсан хэмжээ хязгаараас хальсан шийдвэр гаргах нь шүүх хараат бус байж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр сууринаас оролцох зарчимд нийцэхгүй.
Иймд энэ хэрэгт өөр этгээдийг татан оролцуулж, яллах талаар гаргасан шүүгдэгч L.B--ийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
5.Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.
Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч нар хэрхэн, ямар үүрэгтэйгээр оролцсон талаар үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн этгээд болох хохирогч Z.L- дараах байдлаар:
“1 дүгээр хүн буюу Лиү дарга гэх хүн зуучлах, зохион байгуулах маягтай, W.Y--ийг зодож эхэлсэн, намайг зодсон байх аа,
2 дугаар хүн буюу цэрэгт явж байсан удирдан зохион байгуулах маягтай, бид хоёрыг төрөл бүрээр зодсон, биеийн хэсгүүдэд цохисон, өшиглөсөн, төмрөөр цохиж байсан, намайг нэлээд хүндээр зодсон,
3 дугаар хүн буюу машин жолоодож явсан цайвар үстэй залуу бид хоёрыг зодох нь зодсон, гэхдээ тийм ч их зодоогүй,
4 дүгээр хүн буюу машин жолоодож явсан хүний найз, хятад хэл огт мэдэхгүй залуу бид хоёрыг зодсон эсэхийг санахгүй байна” хэмээн өөрийн мэдэж байгаа хэмжээнд тодорхой мэдүүлжээ.
Ийнхүү шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нар үйлдлээрээ санаатай нэгдэж, айлган сүрдүүлэн хохирогч W.Y-, Z.L- нарыг урьдаас бэлтгэж авчирсан хэрэгслүүдээ ашиглан хамтран зодсон тул тэдгээрт бүгдэд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж үргэлжлүүлсээр байсан гэмт санаа, тухайн гэмт хэргийн хохирогч болоод нийгэмд үзүүлэх хор хохирол, шүүгдэгч нарын зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга, ашигласан хэрэгсэл зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс хамгийн хүндийг буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон, ялын хэмжээг дээр дурдсанаар тухайн гэмт үйлдэлд шүүгдэгч нар харилцан адилгүй үүрэгтэйгээр оролцож, хохирогч нарт учирсан хохиролд үзүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн нөлөөлөл зэрэгт тал бүрээс нь дүгнэлт хийсний эцэст шүүгдэгч L.B-, X.H- нарт 6 сарын, шүүгдэгч А.Д-, А.Т- нарт 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хэмжээг тогтоосон нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
6.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын түвшнийг нэн тэргүүнд харгалзах шаардлагатай.
Шүүгдэгч нарын үйлдсэн “Хүн барьцаалах” гэмт хэрэг нь хүний бие махбодын хувьд хууль бус ямар ч үйлдлээс ямагт хараат байх халдашгүй эрхэд нь халдан, хохирогчийг сэтгэхүйн хувьд асар их дарамтад оруулж, айдас үүсгээд зогсохгүй олон нийтийг түгшүүрт автуулах аргаар үйлдэгддэг, олон улсын шинж чанартай нэлээд өргөн хүрээг хамарсан нийгэмд аюултай гэмт хэрэг юм.
Ихэнх тохиолдолд хохирогч тухайн газраас өөрийн хүсэл зоригоор бие даан явах чадваргүй байдалд хүрсэн, тийм нөхцөлд орсон байдгаараа хохирогчийн эрхийг ноцтойгоор зөрчиж буй хүнд гэмт хэрэгт тооцогддог тул нийгэмд үүсэж болзошгүй эмх замбараагүй явдал, хор аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь гэмт этгээдийн хууль бус үйлдлийн хэр хэмжээнд нийцэхүйц байх ёстой.
Тиймээс Эрүүгийн хуульд хүн барьцаалсан гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулахаар хуульчилсан ба мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хоёр, түүнээс олон хүнийг барьцаалсан бол 5-12 жил хорих ял шийтгэнэ.
Анхан шатны шүүхээс: шүүгдэгч L.B- гэмт хэргийг санаачилж, зохион байгуулсан, үүнд нь шүүгдэгч X.H-, А.Д-, А.Т- нар гүйцэтгэгчээр хамтран оролцсон, үүнээс гадна шүүгдэгч нарын гүйцэтгэсэн үйлдэл, үүрэг оролцоо, тухайн гэмт хэргийг үйлдсэний эцэст хэн ямар ашиг хүртэх буюу хохирогчдын ар гэрээс шаардсан мөнгөө авах нь L.B-, X.H- нарт илүү ашигтай байсан, шүүгдэгч L.B-, А.Д- нар хохиролд тус тус 18,582,752 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдал бүрийг харьцуулан дүгнэсний эцэст ялыг ялгамжтайгаар тухайн зүйл хэсэгт заасан хэмжээний дотор сонгон оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
7.Эрүүгийн хуульд “суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэх, үйлдэл хийхээс түдгэлзүүлэхэд төр, байгууллага, хүнийг албадах зорилгоор болзол тулгаж барьцааны хүнийг алахаар, эрүүл мэндэд хохирол учруулахаар заналхийлж эрхшээлдээ байлгасан бол “Хүн барьцаалах”,
харин бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэгт тус тус тооцохоор заасан.
Хохирогчид бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх, мөн айлган сүрдүүлэх байдлаар өмчийн шинж чанартай хууль бус шаардлага тавьж, үүнтэй уялдуулан хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжээр “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг илэрнэ.
Тодруулбал, гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт нь, эсхүл түүний илгээсэн этгээдэд шилжүүлэн өгөх шаардлагыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид тавьдаг.
Шаардлагад гэмт хэрэгтэн эд хөрөнгийг шилжүүлэхдээ тэд цаашид өмчлөх, өмчөөс ашиг олох эрхийг олгосон байхыг тусгасан байдаг. Тухайлбал, эд зүйл, өмч хөрөнгийг итгэмжилсэн, гэрээсэлсэн, бэлэглэсэн, эсхүл өр зээлдээ эргүүлэн өгсөн баталгаа зэргийг хохирогчийн зүгээс үйлдсэн байхыг шаарддаг.
Дээрх 2 өрсөлдөх хэм хэмжээний хувьд, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр зөвхөн өмчийн чанартай шаардлага тавьж, хохирогчийг заналхийлэн сүрдүүлдэг бол ганц өмч, эд хөрөнгөөр хязгаарлагдахгүй тодорхой үйлдэл хийлгэх, эсхүл хийлгэхээс татгалзуулах зорилгоор хүнийг заналхийлж буй нь мөн хуулийн 13.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж юм.
Эдгээр гэмт хэргүүдийг ялган зүйлчлэх бас нэгэн гол шалгуур нь хохирогчийн чөлөөтэй зорчих эрхийг хууль бусаар хязгаарлаж, эрхшээлдээ байлгаж буй эсэх юм. Өөрөөр хэлбэл, хулгайлах, хүч хэрэглэх зэрэг аргаар хүнийг барьцаанд авч, улмаар тодорхой болзол тулган, түүнийг нь биелүүлсэн тохиолдолд хохирогчийг суллан явуулах нөхцөл тавьдаг, хохирогч өөрийн хүсэл зоригоор явах боломжгүй байдаг нь “Хүн барьцаалах” гэмт хэргийн шалгуур болдог.
Эдгээрээс дүгнэн үзвэл, эхлээд хүч хэрэглэсэн үйлдэл хийж, айлган сүрдүүлж хүнийг барьцаалан, өөрсдийн эрхшээлд бүрэн оруулсныхаа дараа тавьсан болзлыг нь биелүүлбэл хохирогчийг суллан явуулах нөхцөл тулгавал “Хүн барьцаалах” гэмт хэрэгт буруутган зүйлчилдэг бол гэмт этгээд хохирогчид тодорхой шаардлага тулгаж, түүнийг нь биелүүлэхгүй тохиолдолд өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлж буй нь “Эд хөрөнгө авахаар заналхийлэх” гэмт хэрэг болох юм.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 цаг 30 минутын үед амь хохирогч W.Y-, хохирогч Z.L- нарыг нисэх онгоцны буудлаас тээврийн хэрэгслээр тосож авч яваад бүрэн эрхшээлдээ оруулсны дараа гэр бүлийн гишүүдтэйгээ холбогдон 1,000,000 юань явуулбал суллан явуулах болзол тулган шаардсан, улмаар тус үйлдлээ нуухын тулд хохирогч Z.L--ийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 43 минут хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... тоотод аваачин эрхшээлдээ байлгах хугацаандаа мөн 70,000, 100,000 юанийн барьцааны мөнгө нэхэж байсан нөхцөл байдал нь эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, энэ шаардлагыг биелүүлэхгүй бол хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжээс ялгаатай буюу шүүгдэгч нарын хүч хэрэглэсэн, заналхийлсэн үйлдэл нэгэнт эхэлж, зорчих эрхийг нь бүрэн хязгаарласны дараа хохирогчдоос өмч хөрөнгө шаардсан байна.
Тиймээс шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Нийслэлийн прокурорын газраас “Хүн барьцаалах”, “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэсэн ойролцоо төрлийн гэмт хэргүүдийн шинжийг өрсөлдүүлэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр аль алинаар нь давхар зүйлчлэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх “эд хөрөнгө авахаар заналхийлсэн” гэх хэргийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
8.Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” хэмээн зааснаар энэ эрхийг хуулиар хамгаалах ба хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.
Энэхүү Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн бүх улс түмэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж, энэ зорилтын үүднээс хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн эл Тунхаглалыг байнга бодолцон гэгээрч боловсрох замаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихад дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстой.
Монгол Улсын хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт зохицуулсан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд үл хамаарах хүний амь насыг бусниулж, бүхэл амьдралыг нь зогсоох үйлдлийг ямар ч тохиолдолд хуулиар хориглож, хүнд гэмт хэрэгт тооцдог.
Биеийн үйл хөдөлгөөнөөр болон багаж, зэвсэг хэрэглэх, буудах, хутгалах зэрэг хүний амь насыг бусниулахад чиглэсэн идэвхтэй үйлдэл ба түүний улмаас хүний амь нас хохирсон хор уршиг хоорондоо заавал шалтгаант холбоотой байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг хангана.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдэл нь амьд бодгалийг зайлшгүй үхэлд хүргэсэн байхыг шаардах буюу энэ үйлдэл үгүй бол үхэл болохгүй тийм нөхцөл бий болсон байх ёстой.
Хүнийг алах гэмт хэрэг нь зөвхөн санаатай гэм буруугийн хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэмт этгээд бусад хүний амь насанд аюултай үйлдлээ ухамсарлаж, хохирогчийг үхэлд зайлшгүй хүргэх боломжийг урьдчилан харж, түүнийг хүсэж, эсхүл зориудаар хүргэсэн байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчийн амь насыг бусниулсан зорилго, сэдэлтийг тогтоох нь чухал ач холбогдолтой юм.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч А.Д-, А.Т- нар L.B- нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 иргэнийг айлган сүрдүүлж мөнгө авах ажиллагааг зохион байгуулсны дагуу зөвхөн энэ санаа зорилгоор гэмт үйлдэлд нэгдсэн.
Тухайлбал, А.Д- нь L.B--ийг урьд таньдаг байсан ба түүнийг “ажил байна, жолооч, орчуулагч хийгээд өг” гэсний дагуу,
харин А.Т- “нүх ухна, хүн гавлана, зодно, үүний хариуд 5,000,000 төгрөг өгнө” гэхээр нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.B-, X.H-, найз А.Д- нарыг дагаж явсан болох нь шүүгдэгч нарын харилцан зөрүүгүй мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Ийнхүү шүүгдэгч А.Д-, А.Т- нарт анхнаасаа хүнийг алах зорилго байгаагүй, хүн барьцаалах гэмт хэрэг үйлдэгдэж байх явцад ч ийм санаа үүсээгүй болох нь:
-хохирогч Z.L--ийн “Би машинаас буугаад эхнэр рүүгээ утсаар ярьж байсан чинь буун дуун гарахаар нь эргээд харахад W.Y- газарт хэвтэж байсан. Түүнийг десант хувцастай, цэрэгт явж байсан бололтой хүн (X.H-) АК-47 загварын урт буугаар буудсан”,
-шүүгдэгч L.B--ийн “Залуухан, намхан нуруутай хятад залуу X.H--д хандан “Чи одоо намайг алаад өг, хэрвээ намайг алахгүй бол хэзээ нэгэн цагт би чамаас өшөөгөө авч чамайг алах болно” гэж хэлэхэд X.H- машины урд суудлын хэсгээс урт буу аваад босоогоор нь барьж байгаад түүн рүү чиглүүлэн нэг удаа буудсан, тэр хүн шууд газар унасан”,
мөн түүний “Нэг уулын энгэрт очиж зогсоход X.H- машинаас буусан, би араас нь буугаад машины ард талд тамхи татаад зогсож байхад нас барсан хятад хүн машинаас буусан, удалгүй буун дуу гарахаар нь эргээд харахад машинаас буусан хятад хүн дээш харж хэвтсэн, X.H- наад талд нь баруун гартаа буу барьсан зогсож байсан. Нөгөө хятад хүн нь шээгээд зогсож байсан санагдаж байна. Харин А.Д-, А.Т- нар нар машин дотор сууж байсан”,
-шүүгдэгч X.H--ийн “Машинд байсан хоёр хятад хүнийг буулгахад амьд байгаа хүнийг L.B- цааш дагуулаад алхсан, би нөгөө хүнийг нь хажуудаа зогсоож, түүн рүү буу чиглүүлэхэд өөдөөс буу булааж авах гээд ноцолдсон. Тухайн үед санамсаргүй байдлаар гох дарагдсан”,
-шүүгдэгч А.Д-ийн “Хятад улсын иргэн Т гэж дууддаг (L.B-)-ийн найз (X.H-) нь нөгөө хоёр хятад хүнийг машинаас буулгасан, X.H- хөлийнхөө хажуу талд байсан буугаа бариад хамт буусан. Би найз А.Т-тэй юм ярьж байгаад харахад X.H- 30 гаран насны хятад хүнийг цаашаа гэж хэлээд гартаа буугаа бариад зааж байсан. Би А.Т-тэй юм ярих гээд эргээд харахад гэнэт буун дуу гарсан. Эргээд харахад X.H- гартаа АКМ шиг хэлбэртэй буугаа барьчихсан, нас барсан хятад хүн газарт дээшээ хараад унаж байсан”,
-шүүгдэгч А.Т-ийн “L.B- хамт явж байсан хятадтайгаа тээврийн хэрэгслээс буугаад хоорондоо юм ярьж байхад А.Д- наадахаа буулгачих гэнээ гэхээр нь хойд талын суудалд сууж байсан 30 орчим насны хүнийг буулгаад би суудал дээрээ түр зүүрмэглэсэн. 5 минут орчмын дараа гэнэт буун дуу гарахаар нь цочоод харахад буулгасан хятад залуу хойшоо унаж байсан. X.H- гартаа барьсан буугаа шагайгаад доошоо буулгаж, L.B- хараад зогсож байсан” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Хэргийн газарт шүүгдэгч, хохирогч нараас өөр хүн байгаагүй, гэмт хэргийн үйл баримтыг нотлох өөр гэрчийн мэдүүлэг, дүрс бичлэг зэрэг баримт байхгүй тул шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нарын хоорондоо ноцтой зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг болон түүнийг давхар нотолж буй хохирогч Z.L--ийн мэдүүлгээр амь хохирогчийг ямар зорилгоор, хэн буудаж хөнөөсөн үйл баримтыг сэргээн дүрслэх юм.
Иймд дээрх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж үзвэл, хохирогч W.Y- буудуулан амь насаа алдах үед шүүгдэгч А.Д-, А.Т- нар машин дотор сууж байсан нь тогтоогдох ба амь хохирогчийг буудах үйл явцад санаатайгаар нэгдээгүй, ийм явдал болохыг урьдчилан мэдэж байсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхийн тулд оролцож байгаа этгээдүүд хохирогчийг алахаар ойлголцон үйлдэх бөгөөд энэ тохиолдолд гэмт хэрэгтэн нэг бүр гэмт хэрэг үйлдэх үедээ бие биеэ дэмжиж, үйл ажиллагааг нь хөнгөвчилж байна гэдгээ ухамсарласан байдаг.
Гэтэл шүүгдэгч А.Д-, А.Т- нарын хувьд, амь хохирогчийг буудаж хөнөөсөн үйл явдалд шууд болон шууд бусаар нөлөөлөөгүй, дэмжээгүй, буудах үйл явцыг ямар нэгэн байдлаар хөнгөвчилж туслаагүй, зохих хүч хэрэглээгүй буюу ийнхүү буудна гэдгийг урьдчилан тааж мэдээгүй, ийм явдлыг хүсэх сэдэл байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрийг “Хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхгүй.
Харин шүүгдэгч L.B-, X.H- нар шүүгдэгч А.Д-, А.Т- нартай анх тохиролцсон “хүн барьцаалан зодож, мөнгө авах” гэсэн санаа зорилгоо өөрчилж хүн алах гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн байна.
Зөрж гүйцэтгэх гэдэг нь гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэн нэг нь урьдчилан тохиролцсоноос өөр гэмт хэргийг бусдадаа мэдэгдэхгүйгээр, дур мэдэн дангаар үйлдсэнийг хэлнэ. Энэ нь гүйцэтгэгч хийх ёстой үйл ажиллагааныхаа хүрээнээс халих, хэтрүүлэх гэсэн агуулгыг илэрхийлдэг.
Шударга ёсны зарчмын дагуу өөрсдийн санаачлаагүй буюу гүйцэтгэгчийн зөрж гүйцэтгэсэн гэмт хэрэгт бусад хамтран үйлдэгч хариуцлага хүлээхгүй, зөвхөн тухайн этгээд өөрийн дур мэдэн хийсэн хэрэгтээ ганцаар ял шийтгүүлэх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зөрж гүйцэтгэсэн эсэхийг тогтоохын тулд хамтран үйлдэхээр тохиролцсон бусад хүмүүс энэхүү “зөрсөн” үйлдлийг мэдээгүй, зөвшөөрөөгүй байдгийг анхаарч, үүнд нарийн оновчтой дүгнэлт хийх шаардлагатай.
Дээрх хэсэгт дүгнэсэнчлэн, шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нар нь анх Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ирэх 2 иргэнийг барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэж авах санаа зорилгын дор нэгдэж, харилцан тохиролцон гэмт үйлдлээ эхлүүлсэн боловч L.B-, X.H- нар нь А.Д-, А.Т- нарт хэлж мэдэгдэлгүйгээр тэднийг машин дотор үлдээн өөрсдөө бууж, зөвхөн хоорондоо ойлголцож, тохиролцсоны дагуу барьцааны хүний нэгийг буудсан үйл баримтыг хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтууд тогтоож байна.
Иймд шүүгдэгч А.Д-, А.Т- нар нь буу, бороохой, цохиур зэрэг зэвсэг хэрэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 иргэний эд зүйлийг нь хүчээр авах зорилгоор гэмт үйлдлээ эхлүүлсэн боловч шүүгдэгч L.B-, X.H- нарын хоорондын тохиролцоо, гэмт санааны эцэст учирсан хүний амь нас хохирсон хор уршгийг тухайн үед мэдээгүй учир тэр үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийх боломж байхгүй байжээ.
Тийм учир бусад 2 шүүгдэгчийн зөрж гүйцэтгэсэн хүнд гэмт хэрэгт А.Д-, А.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх нь “үнэн зөв байх, бурууг ялган салгаж зэмлэн цээрлүүлэх хуулийн шударга байдал”-ыг илэрхийлэх шударга ёсны зарчим болон “гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх”, “гэм буруугүй этгээдийг хэлмэгдүүлэхгүй байх”-д чиглэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах юм.
Дээрх дүгнэлтүүдийн хүрээнд шүүгдэгч L.B-, X.H- нарыг “Хүнийг алах” гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэнд тооцож, шүүгдэгч А.Д-, А.Т- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т заасан үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Шүүгдэгч L.B- “надад хүн алах санаа зорилго байгаагүй”, шүүгдэгч X.H- “би санамсаргүй байдлаар гал алдаж амь хохирогчийг буудсан” гэсэн агуулгыг давж заалдах гомдолдоо тус тус илэрхийлсэн.
Гэмт хэргийг зүйлчлэх нь хохирогчид ямар нэгэн гэмтэл учруулах агшин дахь зорилго, сэдэлт, өөрөөр хэлбэл, санааны чиглэмж, хандлагыг илрүүлэх явдал байдаг. Үүнд: юуны өмнө амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, шарх гэмтэл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, гэмт хэрэг үйлдэж байх цаг үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаарна.
L.B-, X.H- нар анхнаасаа хүн алах зорилгогүй байсан байж болох ч анх ямар санаатай байсан нь төдийлөн ач холбогдолгүй, харин хэрэг болсон тухайн цаг хугацаанд ямар сэдэл зорилго бий болсон, түүнийгээ бодит байдалд хэрхэн хэрэгжүүлсэн, тэр нь ямар нөхцөл байдалтай төгссөнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэдэг.
Хэдийгээр шууд үйлдлээрээ нэгдэж, хамт буудаж алаагүй боловч эрүүгийн эрх зүйн тогтолцоонд аливаа этгээдийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхийн тулд зөвхөн үйлдлээрээ нэгдсэн бус, харин гүйцэтгэгчийн санаа зорилгыг дэмжсэн, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байж, тийм нөхцөл байдлыг бий болгох зэргээр идэвхтэй үйлдэл хийхгүйгээр оюун санааны хувьд гэмт үйлдлийг өөгшүүлэн тусалж, санаа зорилгоороо нэгдсэн бол хамтран оролцсон гэж үздэг.
Хэргийн үйл баримтаас сэргээн дүрсэлбэл, шүүгдэгч L.B-, X.H- нар нь хохирогч Z.L-, амь хохирогч W.Y- нараас их хэмжээний мөнгө авах шунахайн сэдлээр уг гэмт хэргүүдийг эхлүүлсэн бөгөөд амь хохирогчийг буудуулах үед L.B-, X.H- нар хамт машины гадаа байсан, L.B- нь X.H--ийг хүн буудахыг огт мэдээгүй, тэр үйлдлийг нь дэмжээгүй, болиулах боломжгүй байсан гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй.
Харин хохирогч Z.L- “Барьцаалсныхаа дараа 7.62 мм калибртай сум ордог урт буугаар хий буудаж айлган сүрдүүлсэн, W.Y--ийг газарт сууж байхад урд нь 1 удаа хий буудсан, нөгөө урт буугаараа таваас доошгүй удаа амьтны хувхайрсан толгойны яс руу буудсан. Лиү дарга гэх хүн амьтны хувхайрсан толгойны яс руу 2 удаа буудаад оноогүй, харин Шүй нь 2 удаа буудаад хоёуланг нь оносон” гэж мэдүүлснээс үзвэл, шүүгдэгч L.B-, X.H- нар хүний амь насанд аюул учруулахуйц зэвсэг болох бууг бэлдэж авч явсан, түүгээрээ айлган заналхийлж, хэд хэдэн удаа сум тавьсан зэрэг тэдгээрийн гэмт санаа зорилгод дүгнэлт хийсний эцэст шүүгдэгч L.B-, X.H- нарт хүн алах сэдэл зорилго огт байгаагүй гэж дүгнэх үндэслэлгүй.
Шүүгдэгч L.B- нь амь хохирогч Wan Yaliang-ийг буудуулан газарт унасны дараа гар утсаараа зургийг нь авч, дараа нь машин дотор хохирогч Z.L--д хандан “амь хохирогчийн цогцсын 2 гарыг огтолбол чамайг явуулъя, цогцос нуухад тусал” гэж хэлж байсан, мөн “...” хотхоны 406 тоотод мөн хохирогчид “цогцсын толгойг юм уу, гарыг цавчиж байхад чинь бичлэг хийнэ” зэргээр айлган сүрдүүлж байсан нь шүүгдэгч L.B-, X.H- нарын санаа зорилго ижил байсан, хүнийг алах гэмт хэргийг хамтран үйлдсэн болохыг нотолж байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан.
Тиймээс шүүгдэгч L.B-, X.H- нар нь үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хуулиар хүлээгээгүй тул өөр нотлох баримтуудаар нотлогдоогүй, зөвхөн тэдгээрийн “хүн алъя гэж бодоогүй, санаандгүй буудсан” зэрэг мэдүүлгийг туйлын үнэн гэж үнэлэх боломжгүй. Харин хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэсний эцэст дээрх шүүгдэгч нар нь амь хохирогч W.Y--ийг санаатай буудаж алсан гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
10.Гэмт этгээдийн санаа зорилго, үйлдлийн арга, халдлагын зүйлийн тоо, түүнчлэн, хэдүүлээ нийлж хүнийг алсан зэргийг харгалзан тухайн зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан.
-Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор гэж гэмт этгээд өөрийн болон бусад хүмүүсийн үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж байгаа гэмт хэргийг илчлэх, гэрчлэх буюу мэдээлж болох хүнийг, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд учирч болох саадыг арилгах, гэмт хэргийг төгс үйлдэхэд шаардлагатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор хүний амь насыг бүрэлгэсэн үйлдлийг ойлгоно.
Хялбарчлах зорилгоор гэдэг нь гэм буруутай этгээд хохирогчийн амь насыг бүрэлгэхдээ үйлдэх гэж санаж төлөвлөж байгаа гэмт хэргээ хөнгөвчлөх нөхцөл бүрдүүлэх зорилго агуулж байгаагаар тодорхойлогдоно.
Гэмт этгээд нь хүнийг алах замаар өөрийн болон бусад этгээдийн хэргийг хялбарчлах, хөнгөвчлөхийг эрмэлзэнэ. Энэхүү үйлдэл нь төлөвлөгдөж байгаа гэмт хэргийн өмнө буюу түүнийг үйлдэх явцад хэрэгжиж болно.
-Өөртөө болон бусад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор гэдэг нь ерөнхий агуулгаараа гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд зөвхөн өөртөө ашиг хонжоо олохоос гадна өөрийн зүгээс анхаарал тавьж байгаа бусад этгээдэд орлого олоход туслах зорилго агуулсан байдаг.
-Хоёр ба түүнээс дээш этгээд гэмт санаа зорилгоороо нэгдсэний дагуу гэмт хэргийг хамтран үйлдэх тохиолдлыг бүлэглэж үйлдсэн гэж үздэг.
Тиймээс шүүгдэгч L.B-, X.H- нар нь хүн барьцаалсан гэмт хэргээ нуун далдлахын тулд, нөгөө талаас хохирогч нарын хэн аль нь ар гэрээсээ мөнгө авч өгөхгүй байсан тул хамт байсан хохирогчийг нэгнийх нь хажууд буудан хөнөөж, сэтгэл зүйд нь хүчтэй нөлөөлөх байдлаар нөгөө хохирогч Z.L--ээс хурдан мөнгө гаргуулан авахын тулд буюу гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогч W.Y--ийг буудаж, амь насыг нь хохироожээ.
Мөн тэдгээрийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь эд хөрөнгө, мөнгөнөөс үүдэлтэй байх ба энэ нь бүлэглэж, өөртөө болон бусад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч L.B-, X.H- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, 2.5-т “өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор”, 2.11-т “бүлэглэж” хүнийг алсан гэж зүйлчилж ирүүлсэн прокурорын зүйлчлэл, түүнд дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр тус тус үндэслэл бүхий болсон байна.
11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч L.B- нь галт зэвсэг болон бусад хэрэгслүүдийг бэлдэж, гэмт хэрэг үйлдэгдэж төгсөхөд зайлшгүй шаардагдах нөхцөл байдлуудыг бүрдүүлэн, бусад шүүгдэгч нарыг гэмт хэрэгт татан оролцуулах арга хэмжээг авах зэрэг бүхий л байдлаар гэмт үйл ажиллагааг удирдан чиглүүлснээр түүнийг хүнийг алах гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд,
харин шүүгдэгч X.H- нь L.B--ийн зохион байгуулж, төлөвлөсөн гэмт хэрэгт үйлдэл, санаагаараа идэвхтэй нэгдэж, төлөвлөгөөний дагуу бүгдийг гүйцэтгэх байдлаар хамтран оролцсон байх тул түүнийг хүнийг алах гэмт хэргийн гүйцэтгэгчээр гэм буруутайд тус тус тооцсон нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулиар хамгаалж буй эрх ашгаас хамгийн чухал үнэ цэнтэйд тооцогдох нь хүний амьд явах эрх байдаг ба энэ утгаараа энэ эрхийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хамгийн эхэнд хуульчилсан байдаг.
Тэгвэл энэхүү хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн дотроос хамгийн хүндэд тооцогддог нь хүнийг санаатайгаар алах гэмт хэрэг юм.
Хүний эрх, эрх чөлөө, амь нас бол нийгмийн үлэмж үнэ цэнтэй зүйл ба үүнийг төр хамгаалах нь Монгол Улсад хэрэгжиж буй хууль тогтоомжуудын зорилго юм. Тиймээс энэ чухал үнэ цэнтэй эрх чөлөөнд халдаж, хүний амь насыг хохироож, арилшгүй хор уршиг учруулсан үйлдэлд оногдуулах эрүүгийн хариуцлага гэмт хэрэгтний учруулсан хор уршиг, зан төлөв, нийгэмд заналхийлсэн аюултай байдал зэрэгт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч L.B-, X.H- нар нь “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхдээ тус гэмт хэргийг хүндрүүлэн үзэх 3 шинжийг хангасан буюу “бүлэглэж”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах”, “өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор” хүний амь насанд халдаж, дахин хэзээ ч сэргээгдэхгүй, юугаар ч нөхөж үл болох хор уршиг учруулсан.
Аливаа гэмт хэргийг бүлэглэж үйлдэх нь хамтран оролцогчдын хүчин чармайлтаар хүссэн үр дүндээ хүрч хохирогчийн эрхийг илүү ноцтойгоор зөрчдөг тул ганцаар үйлдэхээс илүү нийгмийн аюултай шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ их буюу бодитой байдаг.
Түүнчлэн, гэмт этгээд ямар нэгэн атгаг хорт, хууль бус, аюултай зорилгыг бодож төлөвлөж, түүнийхээ дагуу хохирогчийн амь насанд халдах нь бусад гэмт хэрэгтэй харьцуулахад аюултай, хохирогчид илүү дарамт, өвдөлт, сэтгэл зүйн хохирол ихээр амсуулсны эцэст үйлдэгдэж дуусдаг тул энэ нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзах учиртай юм.
Тиймээс шүүгдэгч L.B-, X.H- нарын нийгмийн аюулын шинж их хүнд гэмт хэрэгт тооцогддог үйлдлүүдийг санаж сэдэж буй гэмт зан үйл, түүнийгээ хэрэгжүүлсэн аюултай арга, хохирогч нарт учруулсан бие махбодын болоод сэтгэл санааны хохирлоор зогсохгүй энэ бүхний эцэст нэг хүний амь насыг хөнөөсөн ноцтой хор уршиг, түүнчлэн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “хүний нутагт нэгнээ дуудан аваачиж, хүүг минь барьцаалан амь насыг нь хохироосон явдалд ихээр гомдолтой байгаа” нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрт 20 жилийн хорих ял оногдуулж,
шүүгдэгч нарыг өөрийн хийсэн хууль бус үйлдлүүддээ дүгнэлт хийх, дахин сэргээж чадахгүйгээр учруулсан хор уршигтаа буюу хүүгээ алдсан эцэг, нөхрөө бусдын гарт амь үрэгдүүлсэн эхнэр, хагас өнчин хоцорсон 2 хүүхдийн цаашдын амьдрал өмнөх шигээ хэвийн явах боломжгүй болсон зэрэг уй гашууг бий болгосон байдалд нь гэмшүүлж ухааруулах, төрөөс шүүгдэгч L.B-, X.H- нарт цээрлэл хүлээлгэх үүднээс ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул эрүүгийн хариуцлагын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, хөнгөрүүлэх, эсхүл илүү хүндрүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.
Хэдийгээр шүүгдэгч L.B- нь бүгдийг санаачилж, бэлдсэн боловч X.H- нь L.B--ээс дутуугүй үүрэг оролцоотойгоор гэмт хэрэгт хамтран үүрэг гүйцэтгэсэн төдийгүй, амь хохирогчийг гардан буудаж хөнөөсөн зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэж, ялыг ижил хэмжээгээр оногдуулсныг өөрчлөх шаардлагагүй байна.
12.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаар дүгнэлтээр хохирогч Z.L--ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан ба тэр нь 2 дугаар зэрэглэлд хамаарахыг тогтоожээ.
Ийнхүү тухайн зэрэглэлийн хүрээнд анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн дүнгээр тооцон, шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нараас 7,920,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Z.L--д олгохоор шийдвэрлэсэн нь дээрх хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журамд нийцсэн байна.
13.Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар дараах дүгнэлтийг хийв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” хэмээн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар шүүхэд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрх зүйн үндсийг тогтоожээ.
Энэхүү эрх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрх ашиг нь хөндөгдөж, хохирсон гадаадын иргэнд ч нэгэн адил үйлчилдэг болно.
Үндсэн хуулийн энэхүү заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд хууль тогтоогчоос сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг тооцохдоо шударга болон үндэслэл бүхий байх, нөхөн төлбөрийн хэмжээ төлөгдөхүйц байх зарчим, хохирол нь гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс хамааран хохирогчид учирсан хохирлын шинж чанар, түр эсхүл байнгын шинжтэй сэтгэл санааны хохирол, хор уршгийг арилгах төлбөрийн дээд, доод хэмжээг тогтоосон бусад орны жишиг зэргийг харгалзан Улсын Их хурлаас Иргэний хууль, Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг өөрчлөн найруулах, нэмэлт оруулах байдлаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь аливаа зөрчлийн улмаас үүсэх бөгөөд иргэний эрх зүй дэх “Гэм хор” гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн “Хохирол, хор уршиг” гэсэн ухагдахуунаар илэрхийлэгдэнэ.
Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд нэхэмжлэгчийн шаардах эрх хангагдах урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учирсан байх, тухайн үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч нь гэм буруутай байх гэсэн нөхцөл бүрдсэн үед түүний үр дагавар болох шууд бус хохирол буюу хор уршгийг арилгах үүрэг үүсдэг.
Бусдын амь насыг хохироосон гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгч L.B-, X.H- нарын хувьд учруулсан гэм хорыг арилгах үүрэг болон энэхүү гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу амь хохирогчийн гэр бүлийн гишүүд өөрсдийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрх үүссэн байна.
Хэрэв сэтгэцэд хор уршиг учирсан бол мөнгөн хэлбэрээр арилгуулах нь хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь зөрчигдсөн аливаа этгээдийн хувьд субьектив шаардах эрх юм.
Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгахад сэтгэцийн хямрал, цочрол, өвчин шаналал, эсхүл байнга ба түр хугацааны хөгжлийн бэрхшээл үүссэн эсэх нь эн тэргүүний бөгөөд эргэлзээгүй тогтоосон байх урьдчилсан нөхцөл болох учиртай.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоохоор байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасан.
Амь хохирогч W.Y--ийн төрсөн эцэг W.M--ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг нэхэмжлэхээ илэрхийлсээр иржээ.
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 236 дугаар дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.M--ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрснийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байгааг тодорхойлон дүгнэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Энэхүү хэм хэмжээний зохицуулалтын зүйл нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүй, урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирогч, шүүгдэгчийн хувийн байдал, нас, хүйс, боловсрол, ажил мэргэжил, эрүүл мэндийн байдал, нэр төр, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр гаргуулах учиртай.
Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэн тогтоох хувилбар нь аливаа гэмт хэргийн хохирогч нарт дээр дурдсан хүчин зүйлсийг үл харгалзан эн тэнцүү олгохоор хөдөлшгүй тогтоосон, амь насны нөхөн төлбөрийн шинжтэй зохицуулалт болно.
Үндэсний статистикийн хорооноос тооцоолон гаргасан тухайн оны хүн амын дундаж наслалтыг суурь болгон амь хохирогчийн насыг тогтоох нь хийсвэр шинжтэй, таамаглалд тулгуурлан ялгамжтай байдлаар хохирлыг шийдвэрлэх нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, аливаа алагчлалгүй, шударгаар шүүлгэх эрхэд харшлахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй юм.
Иймд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон амь хохирогчийн төрсөн эцэг W.M--ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, нийт 99,000,000 төгрөгийг шүүгдэгч L.B-, X.H- нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар тогтов.
Ийнхүү бусдын санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд шүүх ямар нэгэн урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон дээрх хэм хэмжээг хэрэглэн амь хохирогчийн ар гэрт олгох нь “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх юм.
14.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.M- анхан шатны шүүх хуралдаанд “...гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оршуулгын, өмгөөллийн зардал болон бусад баримтаар нийт 66,411,947 төгрөгийг, түүнчлэн сэтгэцэд учирсан хохиролд 126,951,000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ, бусад баримтжуулаагүй болон гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн саналыг илэрхийлжээ.
Анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн 66,411,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, түүнд олгохоор шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгч Жао Цао Шин-ийн тайлбарын үндэслэл хангагдсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас бий болсон хор уршиг буюу хүүхдийн тэтгэмжийн асуудал зэрэг цаашид гарах зардал, хохиролтой холбоотой асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдсэн болно.
15.Эд мөрийн баримт гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг хэлнэ.
Гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохын тулд мөрдөгч прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлсийг хураан авдаг.
Энэ хэргийн хувьд, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14, 15 дахь заалтад заасан эд мөрийн баримтуудыг хураан авч, мөрдөгч үзлэг хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бэхжүүлж, тэр нь хэрэгт авагдсан буюу эд мөрийн баримтаар хураан авсан ажиллагааны зорилго биелэгдсэн байна.
Тиймээс шүүгдэгч, хохирогч нарын хувийн эд зүйл болох мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын биед болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан гар утаснууд, зөөврийн компьютерыг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй.
Тодруулбал, шүүгдэгч L.B--ийн биед үзлэг хийж хураан авсан ... кодтой “iPhone 16 Pro Max” загварын гар утас 1 ширхэг, “Razar blade 15 advanced rz09-0330” загварын хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг,
-шүүгдэгч X.H--ийн биед үзлэг хийж хураан авсан ... кодтой “iPhone 15 Pro” загварын гар утас 1 ширхэг, ... кодтой “Huawei” загварын гар утас 2 ширхэг,
-шүүгдэгч А.Д-ийн биед үзлэг хийж хураан авсан ... кодтой “iPhone 15 Pro Max” загварын гар утас 1 ширхэг,
-шүүгдэгч А.Т-ийн биед үзлэг хийж хураан авсан ... кодтой “iPhone 13” загварын гар утас 1 ширхэг,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан “Samsung” загварын гар утас 2 ширхэг, “iPhone” загварын гар утас 1 ширхгийг тус тус өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгов.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14.4 дэх заалтад амь хохирогч W.Y--ийн “iPhone” загварын гар утсыг түүний хууль ёсны төлөөлөгч W.M--д олгож шийдвэрлэсэн байгааг дурдаж байна.
Дээрх үндэслэлүүдээр хохирогч нарын өмгөөлөгч Ш.Мөнхцацрал, шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч А.Т-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, харин шүүгдэгч L.B-, түүний өмгөөлөгч Л.Баттогтох, шүүгдэгч X.H-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Э.Марал-Эрдэнэ, А.Өлзийсайхан (хамтран) нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нар нь шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс магадлал гарсан 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 99 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т зааснаар, шүүгдэгч, А.Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж,
-2.3 дахь заалтад “Шүүгдэгч М овогт А-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэсэн,
2.4 дэх заалтад “Шүүгдэгч Б овогт А-гийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэсэн,
5 дахь заалтад “Шүүгдэгч А.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял”,
5.2 дахь заалтад “шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялд”,
6 дахь заалтад “Шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял”,
6.2 дахь заалтад “шүүгдэгч А.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялд” гэсэн хэсгүүдийг хүчингүй болгож,
-тогтоох хэсгийн 5.2 дахь заалтад “шүүгдэгч А.Д-ийн биечлэн эдлэх хорих ялыг 18 (арван найм) жил 3 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай” гэснийг “6 (зургаан) жил 3 (гурван) сарын хугацаагаар тогтоосугай” гэж,
6.2 дахь заалтад “шүүгдэгч А.Т-ийн биечлэн эдлэх хорих ялыг 17 (арван долоо) жил 3 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай” гэснийг “5 (таван) жил 3 (гурван) сарын хугацаагаар тогтоосугай” гэж,
15 дахь заалтад шүүгдэгч L.B--ийн биед үзлэг хийж хураан авсан “iPhone 16 Pro Max” загварын гар утас /... кодтой/ 1 ширхэг, хар өнгөтэй нотебүүк (Razar blade 15 advanced rz09-0330) 1 ширхэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан “Samsung” загварын гар утас 2 ширхэг, “iPhone” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч А.Д-ийн биед үзлэг хийж хураан авсан “iPhone 15 Pro Max” загварын гар утас /... кодтой/ 1 ширхэг, шүүгдэгч X.H--ийн биед үзлэг хийж хураан авсан “iPhone 15 Pro” загварын гар утас /... кодтой/ 1 ширхэг, “Huawei” загварын гар утас /... кодтой/ 2 ширхэг, шүүгдэгч А.Т-ийн биед үзлэг хийж хураан авсан “iPhone 13” загварын гар утас /... кодтой/ 1 ширхэг зэргийг тус тус улсын орлогод шилжүүлэх ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэснийг “...зэргийг тус тус өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгосугай.” гэж тус тус өөрчилж,
-тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч L.B-, X.H- нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч W.M--д олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч Ш.Мөнхцацрал, шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч А.Т-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч L.B-, түүний өмгөөлөгч Л.Баттогтох, шүүгдэгч X.H-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Э.Марал-Эрдэнэ, А.Өлзийсайхан (хамтран) нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч L.B-, X.H-, А.Д-, А.Т- нарын цагдан хоригдсон 99 (ерэн ес) хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН