| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2023/05536/И |
| Дугаар | 191/ШШ2025/08035 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/08035
2025 09 26 191/ШШ2025/08035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.М ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь ******* ******* ХХК-д Хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн албан тушаалд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно.
Нэг. Ажлаас үндэслэлгүй халсан тухай.
Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргалгүй ажиллаж байсан ба 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Дугаар тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалыг надад 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр надад гардуулсан болно. Тушаалын үндэслэх хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйл, компанийн дүрмийн 3.3.6 дахь заалтыг..." үндэслэн гэжээ.
Миний бие 2022 оны 06 дугаар сард хүүхэд асрах чөлөө авсан хүүхэд асрах чөлөөтэй байгаа бөгөөд одоогоор 21 долоо хоногтой жирэмсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно" гэж, мөн хуулийн 135.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно" гэж тус тус заасан. Иймд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Дугаар дугаар тушаал нь үндэслэлгүй байна.
******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гарч талууд харилцан тохиролцоогүй болно. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар №105 тоот Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр гарсан болно.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 22.7-д ажилтантай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан байгаа. Энэ журмын заалтаар Хөдөлмөрийн хуулийг дээрдүүлж мөрдүүлж байгаа бол талууд журмаа баримтлах үүрэгтэй юм. Гэтэл нэхэмжлэгч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болж байгааг мэдээгүй. Хуулийн дагуу байгууллага нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хадгалах үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан агуулгаар нэхэмжлэл гаргаагүй буюу жирэмсэн хүнийг ажлаас халах тухай биш харин хүүхэд асрах чөлөөтэй байсан хүнийг ажлаас халсан гэж маргаж байгаа. Тенхикийн алдаатай хөдөлмөрийн журам байна гэх боловч өмнөх журмууд дээр мөн энэ зохицуулалт нь байдаг, 1 сарын өмнө мэдэгдэхээр заасан зохицуулалтаа хэрэгжүүлсэн эсэх баримтыг өнөөдрийг хүртэл шүүхэд ирүүлээгүй, мөн хариуцагч байгууллага нь байгууллагын бүтэц, орон тоог баталсан бөгөөд түүний хавсралтын 34, 36 дугаар жагсаалтаас ******* ажил, албан тушаал байсаар байхад өөр ажил буюу эдийн засагчийн ажил, албанд нэхэмжлэгчийг томилж, харин ******* орон тоонд өөр хүн томилсон болох нь харагддаг. Иймээс нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сард анх ажилд орж, 8 дугаар сард хугацаатай гэрээг байгуулж, 12 дугаар сард өөр ажилд томилогдсон болох нь харагдаж байна.
Иймд ажилгүй байсан хугацаа болох 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 24 сар 1 хоногийн цалин нийт 38,806,845 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ингэж тооцож гаргахдаа 3 сарын дундаж цалинг гаргах гэхээр өвчтэй, чөлөөтэй байгаад байгаа тул хэрэгт авагдсан нийгмийн даатгалын лавлагааны 2022 оны 1,2 дугаар сарын буюу 2 сарын дундажыг тооцож, сарын дундаж цалинг 1,613,750 төгрөг гэж тооцсон болно гэжээ.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргалгүй ажиллаж байсан ба 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Дугаар тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалыг надад 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр надад гардуулсан болно. Тушаалын үндэслэх хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйл, компанийн дүрмийн 3.3.6 дахь заалтыг..." үндэслэн гэжээ.
Миний бие 2022 оны 06 дугаар сард хүүхэд асрах чөлөө авсан хүүхэд асрах чөлөөтэй байгаа бөгөөд одоогоор 21 долоо хоногтой жирэмсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт "Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно" гэж, мөн хуулийн 135.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно" гэж тус тус заасан. Иймд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Дугаар Б/253 дугаар тушаал нь үндэслэлгүй байна. Мөн миний бие ажлаас үндэслэлгүй халагдсантай холбооотой нийгмийн даатгал төлөгдөөгүй тасалдсаны улмаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй болно. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө" гэж заасан. Иймд ******* ******* ХХК-аас *******ын төрсөний өмнөх үеийн тэтгэмж 2,551,472 (хоёр сая таван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун далан хоёр) төгрөг, төрсөний дараах 2,377,508 (хоёр сая гурван зуун далан долоо мянга таван зуун найм) төгрөг нийт 4,928,980 (дөрвөн сая есөн зуун хорин найман мянга есен зуун ная) төгрөг, компанийн дотоод журамд заасны дагуу шинэ хүүхдийн тэтгэмж 540,000 төгрөг нийт 5,428,980 (таван сая дөрвөн зуун хорин найм мянга есен зуун ная) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь "******* *******" ХХК-д холбогдуулан тус шүүхэд гаргасан "******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/253 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.
******* нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/66 тоот дугаар бүхий ажилд түр томилох тухай тушаалаар Хөрөнгийн удирдлагын газарт Хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар томилж, туршилтын 3 сараар 2020/649 тоот дугаар бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл "******* *******" ХХК-ийн Хөрөнгө оруулалт санхүүгийн тооцоолол хариуцсан эдийн засагч хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний оронд ажиллахаар ажил олгогчтой харилцан тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан. Мөн талуудын хооронд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан ба тус гэрээний 1.1.6 дах хэсэгт Хугацаа: Хугацаатай байна. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан ажилдаа эргэн орох хүртэл хугацаатай гэж заасан ба 2022 оны 6 дугаар сард хүүхэд асрах чөлөө авсан байдаг. Ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах" гэж зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй. Иймд *******ын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Хөрөнгө оруулалт санхүүгийн тооцоолол хариуцсан эдийн засагч Б.******* хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 139-р зүйлийн 139.2 дахь хэсэгт зааснаар 2023.09.25-ны өдрөөс түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргасан тул Б.******* оронд ажиллаж байсан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хувьд хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135-р зүйлийн 135.1 дахь зохицуулалт хамаарахгүй.
Мөн хөдөлмөрийн хуульд хугацаатай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход ажилтанд мэдэгдэх гэх зохицуулалт байхгүй бөгөөд хөдөлмөрийн дотоод журамд хуулийг тэр чигт нь хуулж бичсэн техникийн алдаатай байна.
Нэхэмжлэгч нь өөртэй нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж байгааг мэдэж, зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг бөгөөд нэхэмжлэгчтэй дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж томилсон ажил нь өмнө нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил албан тушаалтай ижил чиг үүргийн ажил албан тушаал тул нэхэмжлэгчийг өөр ажил, албанд томилсон гэж үзэхгүй.
Иймд *******ыг ажлаас чөлөөлсөн Гүйцэтгэх захирлын 2023.09.25-ны өдрийн дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан, 2023 оны 10-р сарын 06-ны өдрийн олгосон итгэмжлэл /хх-ийн 3х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4х /, 2020 оны 5-р сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 5-6х/, 20220 оны 5-р сарын 29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 7х/, 2024 оны 8-р сарын 28-ны өдрийн 2020/666 дугаартай гэрээ /хх-ийн 8-9/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 10х/, 2023 оны 11-р сарын 22-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 11х/, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт /хх-ийн 12-13х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 14-15х/, 2023 оны 09-р сарын 25-ны өдрийн Б/253 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 16х/, 2023 оны 10-р сарын 20-ны өдрийн №21 дугаартай Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл /хх-ийн 17-20х/, 2023 оны 11-р сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх-ийн 21-23х/, нэмэгдүүлсэн шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримт /хх-ийн 37х/, 2023 оны 12-р сарын 26-ны өдрийн 01/1118 дугаартай итгэмжлэл /хх-ийн 25х/, 2024 оны 3-р сарын 27-ны өдрийн Давж заалдах журмаар гаргасан гомдол /хх-ийн 99-108/, 2024 оны 05-р сарын 07-ны өдрийн *******ын *******ад олгосон итгэмжлэл /хх-ийн 114х/ зэрэг баримтууд,
Хариуцагч талаас хариу тайлбар /хх-ийн 31,32х/, 9011014002 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 33х/, 2023 оны 09-р сарын 25-ны өдрийн Б/252 дугаартай Б.******* ажилд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 34х/, 2020.08.28-ны өдрийн Б/66 дугаартай *******ыг ажилд түр томилох тухай ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 50х/, 2021.03.09-ний өдрийн дугаартай ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Тушаал нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал /хх-ийн 51х/, 2020.12.18-ны өдрийн Б/160 дугаартай *******ыг ажилд томилох тухай ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 52х/, 2023.09.25-ны өдрийн Б/253 дугаартай *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 53х/, ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 54-69х/, ******* ******* ХХК-ийн дүрэм /хх-ийн 77-80х/, 2018.11.01-ний өдрийн А/177 дугаартай ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, түүний хавсралтууд /хх-ийн 162-168х/, ажлын байрны зэрэглэл, цалингийн шатлал /хх-ийн 169х/, 2020.11.27-ны өдрийн 37 дугаартай ******* ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хх-ийн 170-172х/, 2020.12.17-ны өдрийн А/110 дугаартай ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 173-178х/, ******* ******* ХХК-ийн ажлын байрны нэр /хх-ийн 179-181х/, 2022.12.20-ны өдрийн 56 дугаартай ******* ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хх-ийн 182,183х/, 2022.12.28-ны өдрийн А/144 дугаартай ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 184-188х/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 189-194х/, 2020.12.18-ны өдрийн 2020/Б193 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 195-198х/ зэрэг баримтууд бүрдүүлсэн.
Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие хариуцагч байгууллагатай эхлээд хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны оронд хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байгаад өөр ажил, албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл намайг жирэмсний амралттай байх үед ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар надад мэдэгдэх хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүй. Мөн миний бие 2 удаа хүүхэд төрүүлэхдээ ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой нийгмийн даатгал төлөгдөлгүй тасалдсаны улмаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй. Иймээс намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, төрсөний өмнөх үеийн тэтгэмж 2,551,472 төгрөг, төрсөний дараах 2,377,508 төгрөг, компанийн дотоод журамд заасны дагуу шинэ хүүхдийн тэтгэмж 540,000 төгрөг нийт 4,928,980 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт 38,806,845 төгрөг, нийт 44,236,825 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч өөртэй нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж байгааг мэдэж, зөвшөөрч гарын үсгээ зурсан. Байгууллага нь хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтантай гэрээг хугацаатай байгуулах эрхтэй бөгөөд хугацаатай гэрээг байгуулсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад ямар нэгэн хориглох зүйлгүй, цуцалсан нь хууль зөрчөөгүй. Мөн түүнчлэн, хугацаатай ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход мэдэгдэх зохицуулалт Хөдөлмөрийн хуульд байхгүй. Нэхэмжлэгчтэй дахин хөдөлмөрийн гэрээг байгуулж, авч ажиллуулсан ажил үүрэг нь өмнө ажиллаж байсан ажил, чиг үүрэгтэй нь ижил тул түүнийг өөр ажил, албан тушаалд томилж ажиллуулаагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Талууд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байруудын чиг үүрэг, гүйцэтгэж хэрэгжүүлэх ажлууд нь хоорондоо ялгаатай эсэхэд, нэхэмжлэгчтэй өөр ажилтны оронд хугацаатай гэрээ байгуулснаас өөрөөр гэрээ байгуулаагүй гэж хариуцагч талаас, харин нэхэмжлэгч талаас дахин өөр ажил албан тушаалд томилсон гэж маргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/66 дугаартай *******ыг ажилд түр томилох тухай тушаалаар нэхэмжлэгчийг Хөрөнгийн удирдлагын газарт Хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд хүүхэд асрах чөлөөтэй байгаа мэргэжилтэн ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар түр томилон ажиллуулж байсан байна.
- Үүний дараагаар ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/160 дугаартай *******ыг ажилд томилох тухай тушаалаар нэхэмжлэгчийг Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалт, санхүүгийн тооцоолол хариуцсан эдийн засагчаар тус өдрөөс эхлэн томилж, ажилуулсан байна. Харин 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/55 дугаартай тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/160 дугаартай тушаалд нэмэлт оруулж, *******тай хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан ажилдаа эргэн орох хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсугай гэсэн заалт нэмсүгэй гэж өөрчлөлт оруулжээ. Дээрх гэрээнүүдээс дүгнэвэл талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
- Улмаар ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/253 дугаартай *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан Баттөрийн Мишээл нь ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул түүний оронд түр томилогдон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болгосугай гэснээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.
- Нэхэмжлэгч *******ыг ажилтан ажилдаа эргэн орох хүсэлтээ өгсөн гэх үндэслэлээр Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалт, санхүүгийн тооцоолол хариуцсан эдийн засагчийн ажил үүргээс чөлөөлсөн боловч ажилтан ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/252 дугаартай ажилд томилох тухай тушаалаар тус өдрөөс эхлэн Хөрөнгийн удирдлагын мэргэжилтнээр томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулсан байна.
- ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/177 дугаартай Компанийн бүтцийн нэгжүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны нэршил, зэрэглэл, цалингийн шатлал шинэчлэн батлах тухай тушаалын хавсралт ******* ******* ХХК-ийн ажлын байрны нэр хэсгийн Хөрөнгийн удирдлагын газрын 42 дугаар хэсэгт Хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо байх бөгөөд энэ ажил албанд хүүхэд асрах чөлөөтэй мэргэжилтэн ажиллаж байсан болох нь, мөн энэ ажил албан тушаалд нэхэмжлэгчийг томилж ажиллуулж байсан болох нь баримтаар тогтоогдож байна.
- Хариуцагч байгууллагын захирлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/110 дугаартай Бүтцийн нэгжүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны нэршил, зэрэглэл, цалингийн шатлал шинэчлэн батлах тухай тушаалаар ажлын байр, бүтцэд өөрчлөлт орж, ажлын байрны зэрэглэлийн схемийг тушаалаар баталсан байна. Хавсралт ажлын байрны нэрд Хөрөнгө оруулалтын хэлтэст 34 дүгээр хүснэгтэд Хөрөнгө оруулалт, санхүүгийн тооцоолол хариуцсан эдийн засагчийн ажил алба байх ба энэ ажилд нэхэмжлэгч нь 2020 оны Б/160 дугаартай тушаалаар томилогдож ажилласан.
- Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн анх 2020 оны 08 дугаар сард томилогдон ажилласан Хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн гэх, 2020 оны 12 дугаар сард томилогдсон Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалт, санхүүгийн тооцоолол хариуцсан эдийн засагч гэх болон хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Б.******* 2023 онд томилогдсон Хөрөнгийн удирдлагын мэргэжилтний ажил үүрэг хоорондоо зөрүүтэй эсэхэд дүгнэлт өгөх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
- Хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажлын байр нь компанийн бизнесийн тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг хангахад хөрвөх чадвар бүхий хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, хөрөнгийн зохистой удирдлагын зөвлөмж боловсруулах, охин компаниудын хөрөнгийн зохистой удирдлага, уялдааг хангах зорилготой болох нь, Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалт, санхүүгийн тооцоолол хариуцсан эдийн засагчийн ажил албан тушаал нь компанийн болон нэгдлийн хөрөнгө оруулалтын богино хугацааны төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийг дүгнэх, шинжилгээ хийх, нэгтгэн тайлагнах, нэгдлийн компаниудын болон стратегийн ордуудын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, үнэлгээг дээшлүүлэх зорилготой болох нь, Хөрөнгийн удирдлагын мэргэжилтний ажил албан тушаал нь хөрөнгийг үр ашигтай удирдах санал боловсруулах, макро эдийн засгийн зах зээлийн ирээдүйн төлөв байдлын судалгаа хийх, танилцуулах, сайжруулах, түүнтэй холбоотой хүчин зүйлүүдийг төсөв төлөвлөгөөнд тусгах, гүйцэтгэлийг тайлагнах, нэгдлийн компаниудын төсөв, мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хянан нэгтгэж, санхүүгийн тайлан, мэдээнд дүн шинжилгээ хийх, санхүүгийн төсөв, төлөвлөгөөтэй холбогдох хууль, дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллээр хангаж ажиллах зорилготой болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд эдгээр гурван ажлын байр нь тус тусын зорилго, чиг үүрэг бүхий өөр өөр ажил албан тушаал болох нь эдгээр баримтаар тогтоогдож байна.
6. Эдгээр баримтаас дүгнэвэл, нэхэмжлэгч ******* нь ажилтан Б.******* урьд ажиллаж байсан ажилд томилогдон ажиллаж байгаад өөр ажил албан тушаалд 2020 оны 12 дугаар сард томилогдон ажилласан гэж дүгнэхээр байна. Учир нь эдгээр хоёр ажлын байрны зорилго, чиг үүрэг өөр бөгөөд үүнээс гадна ажилтан эргэн ажилдаа орох хүсэлт гаргаснаар нэхэмжлэгч *******ын чөлөөлөгдөж буй Хөрөнгө оруулалт, санхүүгийн тооцоолол хариуцсан эдийн засагчийн ажилд эгүүлэн томилолгүй, Хөрөнгийн удирдлагын мэргэжилтэн гэх мөн өөр чиг үүрэг бүхий гурав дахь ажил, албан тушаалд томилсон байгаа нь хариуцагчийн хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилдаа орох хүсэлт гаргасан үндэслэлээр, түүний оронд хугацаатай ажиллаж байсан нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нь хуульд нийцнэ гэх тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах талаар зохицуулж, хуулийн 60.1.3-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажлын байрыг хадгалах, хуулийн 60.2-т Энэ хуулийн 60.1.3, 60.1.7-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш ажлын 15 өдрийн дотор ажилтан ажилдаа ороогүй, эсхүл уг хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлт гаргаагүй бол ажлын байрыг нь хадгалах ажил олгогчийн үүрэг дуусгавар болно гэж тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч *******ын ажлын байрыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэ үүрэг нь дуусгавар болоогүй байх тул нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж шүүх дүгнэж, урьд эрхэлж байсан ажилд томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.
8. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болох нь тогтоогдсон буюу хариуцагч тал нь нэхэмжлэгчийн хүүхэд төрүүлсний өмнөх үеийн тэтгэмж, төрсний дараах тэтгэмж болон шинэ хүүхдийн тэтгэмж зэргийг авч чадаагүйд буруутай байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,428,980 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
9. Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1-т нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гаргах бөгөөд 3 сарын дундаж цалин хөлснөөс дундажийг тооцож гаргах нь зүйтэй байна.
10. Иймээс 2021 оны 12 сар болон 2022 оны 1, 2 дугаар саруудын дундаж цалинг бодож 373,409+1,617,000+1,610,500 нийт 3,600,909 цалин үүнийг дундажлахад сарын цалин 1,200,303 төгрөг гарч байгаа бөгөөд ажилгүй байсан нийт 24 сарын хугацаанд тооцоход 28,807,272 төгрөг, үүн дээр төрсөний өмнөх үеийн тэтгэмж 2,551,472 төгрөг, төрсөний дараах 2,377,508 төгрөг, компанийн дотоод журамд заасны дагуу шинэ хүүхдийн тэтгэмж 540,000 төгрөг нийт 5,428,980 төгрөгийн шаардлагыг хангаж, нийт нэхэмжлэлийн шаардлага болох 44,235,825 төгрөгөөс 34,236,252 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,999,573 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалтайгаа холбоотойгоор ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан ба Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гардан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүхэд нэхэмжлэлээ 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй: гээд 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж, хуулийн 154.8-т Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар хуульд заасан хугацаандаа шаардлага гаргасан байна гэж шүүх дүгнэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан ******* монгол ХХК-ийн Хөрөнгө оруулалт, санхүүгийн тооцоолол хариуцсан эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ******* монгол ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 34,236,252 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, үлдсэн шаардлага 9,999,573 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* монгол ХХК-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* монгол ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 329,131 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ