Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2026/ДШМ/545

 

Н.А-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/663 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.А-ад холбогдох 2502008720014 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овгийн Н-гийн А, 2004 онд Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурч мэргэжилтэй, “P” хоолны газарт зөөгч ажилтай, Баянгол дүүрэгт түр оршин суух, ял шийтгэлгүй (РД:...);

Шүүгдэгч Н.А- нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон каннабинол (cannabinol), каннабидиол (cannabidiol), дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol), мөн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон MDMB-4en-PINACA-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр олж авсан,

улмаар 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтдаг каннабинол (cannabinol), каннабидиол (cannabidiol), дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol)-ын агууламжтай цаасанд боодолтой хар хүрэн өнгийн зүйл нийт жин 0.3862 грамм, цэвэр жин 0.2653 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: Н.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.А-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч, харамсан гэмшиж байна. 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлд ахуйн гал түймэрт өртөн түлэгдэж, нүүр, гар, сарвууны 3 дугаар зэргийн хүнд түлэгдэлт гэсэн оноштойгоор эмнэлэг, гэрийн орчинд эмчилгээ хийлгэж байгаад хоригдсон.

Хоригдох хугацаандаа байнгын эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа боловч бүрэн эдгэж дуусаагүй, өвдөлт, зовуурьтай байсаар байна. Миний өвчтэй байх хугацаанд эхнэр Ц.С жирэмсэн байсан ба 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Эхнэрээ төрснөөс хойш 14 хоногийн дараа хоригдсон. Одоо эхнэр, хүү маань Орхон аймагт амьдарч байгаа бөгөөд манай гэр бүлийн хувьд гэрийн ахуй амьдрал, хөрөнгө санхүү, амин зуулга, хоол хүнс, нярай хүүхдийн хэрэглээ, сэтгэл зүй, оюун ухааны хүнд хэцүү нөхцөлд байгаа болно.

Амьдралд минь хар толбо болсон энэ муухай зүйлтэй дахиж холбогдохгүй, хэрэглэхгүй, том сургамж авч ухаарсан. Энэ тулгараад байгаа асуудалтай үед эхнэр, хүүхэд дээрээ очиж, сайн хань, аавынхаа үүргийг гүйцэтгэж, гэр бүлийнхээ төлөө бүхнийг хийж, зөв амьдрах хүсэлтэй байна.

Иймд дээрх байдлуудыг харгалзан надад оногдуулсан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгч Н.А-ыг хориглосон эм, бодисыг олж авсан, хадгалсан нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёр конвенцоор хориглосон бодисыг олж авч, хадгалсан нь түүнд хорих ял оногдуулах үндэслэл болсон гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцоор гагцхүү эмнэлэгт хэрэглэдэг эмийг л хориглосон бол 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцоор сэтгэцэд нөлөөт үйлчилгээ үзүүлдэг бодисуудыг хориглосон. “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад дельта-9 тетрагидроканнабинол, каннабиноль болон каннабидол гэх бодис байдаггүй. “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад MDMB-4en-PINACA болон дельта-9 тетрагидроканнабинол гэх сэтгэцэд нөлөөт бодисууд байдаг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хар тамхи, мансууруулах бодисын комисс нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу “Мансууруулах эмийн тухай” олон улсын конвенцын 4 дүгээр жагсаалтаас “каннабидиоль”-ийг хассан шийдвэрийг гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жилийн хорих ял оногдуулахаар заасан. Шүүгдэгч Н.А- нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, өөрт байгаа бодисоо сайн дураараа гарган өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухаарч ойлгосон, сэтгэцэд нөлөөт бодисыг дахин огт хэрэглэхгүй гэдгээ илэрхийлж байгаа байдал зэргийг нь харгалзан түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож болох байсан. Гэтэл заавал нийгмээс тусгаарлаж, ял оногдуулсанд гомдож байна.

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт түүний оролцсон оролцоо, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй. Н.А- нь мансууруулах төрлийн бодисоос хамааралтай, түүнийг байнга хэрэглээд явдаг хүн биш. Анх удаа ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүнд нэг удаа шүүхээс боломж олгож болох байсан.

Шүүгдэгч Н.А-ыг нийгмээс тусгаарлаж, хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлага байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг харгалзан үзнэ үү. Тэрчлэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болно гэж заажээ. Шүүгдэгчид ашигтай, хүмүүжлийн шинж чанартай, үр өгөөжтэй, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн эдгээр заалтуудын бүх шаардлагыг бүрэн хангасаар байхад хэрэглээгүй.

Шүүгдэгч Н.А- нь ам бүл 3, эхнэр, 1 нас хүрээгүй хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлээ санхүүгийн хувьд авч явдаг ганц хүн нь юм. Н.А- хорих ял авснаар нэг өрх гэрийн амьдрал хүнд байдалд орж байна. Хорих ял авах үедээ нүүр, гартаа хүнд зэрэглэлийн түлэгдэлтэй байсан бөгөөд агаар салхинд гарахгүй байснаас шалтгаалан улам идээлж эрүүл мэндийн хувьд нэн хүндрэлтэй байдалд байна.

Монгол Улсын эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн иргэнээ нийгэмшүүлэхэд оршдог. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 4 дэх хэсгийн С-д “Хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, ухааруулж ойлгуулах, эмчлэх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд нь эргэн оруулахыг чухалчлах нь зүйтэй” гэж заасан. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт хамруулжээ. Хөнгөн гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм.

Дээр дурдсан нөхцөл байдлууд, оршин суух тодорхой хаягтай болон хувийн байдал зэргийг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.А-ын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэрэг хамаарагдахаар хуульчлагдсан боловч бусдыг донтуулж, удмын санд нөлөөлдөг. Энэ агуулгаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг гэмт хэрэг тул нийгмийн хор аюулын шинж чанараар өндөрт тооцогддог. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт үйлдээд хэрэглэгч болсон этгээдийг нийгмээс тусгаарлаж донтсон гэмт зан үйлийг нь таслан зогсоохгүй бол дахин энэ гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл бий болдог. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн шүүх хуралдаанд оролцож байгаа улсын яллагчийн зүгээс хорих ялын санал гаргадаг. Энэ нь бодлогын түвшинд яригддаг зүйл. Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуульд заасан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон. Шүүгдэгчийг түлэгдсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай гэж үзээд хорих ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ харилцааг зохицуулсан Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал байдаг. Хэрвээ дараагийн шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай гэж үзвэл хорих байрны эмнэлгийн дүгнэлтийг харгалзан авах эрх нь нээлттэй гэдгийг тайлбарлах нь зүйтэй. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 1-5 жил хорих ял оногдуулахаар заасан. Анхан шатны шүүхээс хамгийн доод хэмжээ болох 1 жилийн хорих ял оногдуулсан нь тохирсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Н.А-ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-шүүгдэгч Н.А-ын: “...Би ахлах сургуульд байхдаа өвс гэх нэршилтэй мансууруулах ургамлыг мэддэг байсан ба манай сургуулийн хүүхдүүд хэрэглэдэг байсан. Эрдэнэтийн ойр хавиар их ургадаг байсан. Тухайн зүйлийг сонирхоод арван жилд байхдаа нэг удаа сорж хэрэглэсэн ба 2025 оны 08 дугаар сард Эрдэнэтэд гадуур явж байгаад зүс таних У гэх ахтай таарсан. Тэрээр “ахын дүү өвс хэрэглэж байгаа юу, ахтайгаа цуг хэрэглээч” гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр ойролцоо хүнгүй газар тухайн өвсийг хэрэглэсэн. Тэгтэл У ах надад хэрэглээрэй гэж Монос гэх бичиглэлтэй цаасан дээр байх шавар гэх нэртэй мансууруулах зүйл өгсөн ба тухайн шаврыг гэртээ хадгалж байсан. Түүнээс хойш дахиж уулзаагүй, бүтэн нэр, гэрийн хаяг, утасны дугаарыг нь мэдэхгүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх 74),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0325/8105 дугаар: “...“Монос” гэсэн бичиглэлтэй цаасанд боодолтой хар хүрэн өнгийн зүйлээс каннабинол (cannabinol), каннабидиол (cannabidiol), дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн ба тэдгээр нь каннабис ба каннабисын давирхай, ханд, хандмалын найрлагад ордог тул НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтана. “Чук Гек” гэсэн бичиглэлтэй цаас, зүүтэй тариур зэргээс MDMB-4en-PINACA илэрсэн ба НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг. “Монос” гэсэн бичиглэлтэй цаасанд боодолтой хар хүрэн өнгийн зүйлийн нийт жин 0.3862г, цэвэр жин 0.2653г байна...” (хх 43-48),

-Н.А-ын шээснээс тетрагидроканнабинол (tethrahydrocannabinol) илэрсэн. Энэ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болохыг нотолсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0325/8103 дугаар (хх 35-38),

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 89 дүгээр: “...Н.А- нь одоогоор ямар нэгэн өвчингүй, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Тэрээр хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай...” (хх 89-91) гэсэн дүгнэлтүүд,

-2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 5-7, 11-12),

-гар утсанд үзлэг хийсэн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зураг (хх 25-26),

-Н.А-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 17-19),

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх 3) зэргийг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Н.А- нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон каннабинол (cannabinol), каннабидиол (cannabidiol), дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol), мөн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон MDMB-4en-PINACA-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр олж авсан,

улмаар 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтдаг каннабинол (cannabinol), каннабидиол (cannabidiol), дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol)-ын агууламжтай цаасанд боодолтой хар хүрэн өнгийн зүйл нийт жин 0.3862 грамм, цэвэр жин 0.2653 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... тоотод хадгалсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.А-ад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, харин шүүгдэгчийн хувийн байдлыг дурдаж, оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулахаар давж заалдах гомдол гаргасан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь олон улсын шинж чанартай үндэстэн дамнасан гэмт хэрэг бөгөөд түүнийг таслан зогсоох нь тухайн улс гүрний нэн тэргүүний зорилт мөн гэдгийг Монгол Улс хүлээн зөвшөөрч, энэ зорилгод нэгдсэний дагуу Эрүүгийн хуулиар дээрх үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хориглосон бодис нь донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадварыг алдагдуулж, сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аюултай нөлөөлөл бүхий бодис юм.

Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэндэд асар их хор аюул учруулаад зогсохгүй удмын санд мөхөл үүсгэж, улс үндэстний хууль ёсны эдийн засгийн тогтвортой байдал, улмаар тусгаар тогтнолд аюул учруулж болох үр дагавартай байдгаараа онц аюултай хор уршиг бүхий гэмт хэрэгт тооцогддог.

Мансууруулах бодисын онцлог нь түүнийг бага хэмжээгээр хэрэглэсэн ч амархан дасал болж, түүнд эргэшгүйгээр донтож, хувь хүний хөдөлмөрийн чадвар болон бусад эерэг чанарыг алдагдуулдаг.

Энэ хор уршиг арилж, хүний бие организм өмнөх хэвийн, эрүүл байдалдаа эргэж ороход их цаг хугацаа, бие махбодын болон сэтгэл зүйн эмчилгээ шаарддаг буюу үүнээс үүсэх хорт үр дагавар ноцтой аюултай хэмжээнд байдаг.

Иймд иргэдийг оюун санааны хувьд ухааруулан ойлгуулах, үүнээс татгалзуулахыг хичээх, хүн амын эрүүл мэндийг дээрх аюулаас хол байлгахыг зорих үүднээс энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял дээрх хор уршиг нийгмийн бүх давхаргад нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцэхүйц байх ёстой.

Хэргийн тухайд, шүүгдэгч Н.А-ын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, өөрөө хэрэглэх зорилгоор хадгалсан нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулдаг хууль, журмын эсрэг чиглэгдсэн онц аюултай үйлдэл тул анхан шатны шүүхээс түүнийг нийгмээс тусгаарлах байдлаар цээрлэл хүлээлгэсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна.

Өмгөөлөгчийн дурдаж буйгаар “шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, өөрт байгаа бодисоо сайн дураараа гарган өгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, сэтгэцэд нөлөөт бодисыг дахин огт хэрэглэхгүй гэдгээ илэрхийлж байгаа” гэх зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хамгийн хөнгөн ял (зорчих эрхийг хязгаарлах ял)-ыг оногдуулах хангалттай үндэслэл болж чадахгүй.

Түүнчлэн, шүүгдэгч нь “урьд өвс гэх мансууруулах ургамлыг нэг удаа хэрэглэж байсан” гэж мэдүүлсэн төдийгүй энэхүү үйлдлээ бүр мөсөн таслан зогсоож, мансууруулах бодисын хор хөнөөлийг ойлгон татгалзаж чадалгүй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авчээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо “ахуйн гал түймэрт өртөн түлэгдэж, нүүр, гар, сарвууны 3 дугаар зэргийн хүнд түлэгдсэн” гэх үндэслэлийг дурдсан.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах” эрхтэй бөгөөд хорих байгууллагад ял эдэлж байгаа хоригдол ч энэхүү жам ёсны эрхээ эдэлнэ.

Өөрөөр хэлбэл, ял эдэлж байгаа хоригдол эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай бол тухайн хорих байгууллагын харьяа Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх боломжтой болно.

Мөн шүүгдэгчийн хувьд, эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэх шаардлагатай гэх боловч түүнийг өөрийн гэм бурууд тохирсон хорих ялыг эдлэх явцад түүний бага насны хүүхэд эхийнхээ асрамжид үлдэх тул энэ нь хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэл биш юм.

Хэдийгээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хууль бус аргуудаар ашигласан үйлдлүүд нь гэмт хэрэгт тооцогдож, улмаар ял шийтгэл хүлээлгэх үндэслэл болох хэдий ч энэ гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл буюу тухайн мансууруулах төрлийн хориотой бодисуудыг бусдад зарж борлуулан, түгээж буй этгээдийг олж тогтоон, гэмт хэргийн гаралтыг таслан зогсоох явдал нь эн тэргүүний зорилт болдог тул мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүн ялаас чөлөөлөгдөх боломжийг хуулиар олгосон.

Шүүгдэгч Н.А- нь анх мэдүүлэг өгсөн үеэс эхлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд хүртэл нэгэн ижил буюу “тухайн бодисыг У гэх зүс таних хүн өгсөн, бүтэн нэр, гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй, зааж өгч чадахгүй” гэх байдлаар эцсээ хүртэл мансууруулах төрлийн бодис бусдад түгээж, хүн амын эрүүл мэндэд ноцтойгоор заналхийлж буй этгээдийг илчлэхээс татгалзсан.

Ингэснээр тэрээр хуульд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж, ял эдлэхгүй байх боломжийг ашиглаагүй бөгөөд өөр арга хэрэгслээр ял хөнгөрүүлэхийг хүсэж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг сонгон, хамгийн доод хэмжээгээр оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэх хууль зүйн шаардлага бий болоогүй гэж үзэж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.А- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 51 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/663 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ын цагдан хоригдсон нийт 51 (тавин нэг) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ГАЛБАДАР

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН