Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 416

 

Ч.Б, Б.З, Д.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай      

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Ч.Б, Б.З, тэдний өмгөөлөгч Л.Доржпүрэв, шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Ш.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, Ч.Б, Б.З, Д.Н нарт холбогдох 1731001640021 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тангадын тав овогт Ч.Б нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Буурагчин овогт Б.З нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Өөлд овогт Д.Н нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Нт прокуророос Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Ч.Бд прокуророос Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

шүүгдэгч Ч.Б, Б.З нарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.З нарыг тус бүр төрийн албанд томилогдох эрхийг тус тус 3 жилийн хугацаагаар хасч, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Н.Нийн нэхэмжилсэн 2.700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүхэд очтол Ч.Б, Б.З, Д.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч Ж.Тэгшмандал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Ныг гэм буруугүй болохыг тогтоож цагаатгасныг үндэслэлтэй, хууль ёсны зөв шийдвэр болсон гэж үзэж байна. Д.Ныг цагаатгасан үндэслэлийг давж заалдах шатны шүүх үгүйсгээгүй, бусад хэргийн оролцогч нараас ч гэсэн ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Үүнээс үндэслэн миний бие Ч.Бийн өмгөөлөгч биш боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн зүйлчлэл, анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудлаар гомдол гаргахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Д.Нт холбогдох Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан атлаа Ч.Бд холбогдох Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудал юм. Учир нь хахууль өгсөн үйлдэл үгүйсгэгдэж гэм буруугүйг тогтоосон бол хахууль авсан гэх үйлдэл мөн адилхан үгүйсгэгдэж цагаатгагдах ёстой. Мөн Ч.Бат-Эрдэнийн үйлдлийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн асуудал гэж үзэж байна.

2.Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засаж ЭХХШТХуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой байтал хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй бусдын эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Д.Н нь Сэлэнгэ аймаг руу өөрийн хийгээгүй хэргийн төлөө удаа дараа өөрөөсөө зардал гаргаж, өмгөөлөгч хөлслөн цагдаа, прокурор, шүүх рүү явж ажлаа алдан хохирсон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөж шийдвэрлээгүйгээс болж дахин зардал чирэгдэл нэмэгдэхээр байна.

Бидний зүгээс энэ хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 24-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 сарын 25-ны өдрийн 21 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч Ш.Ганбат хэлсэн саналдаа: “Өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б, Б.З нарын өмгөөлөгч Доржпүрэв хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй. Яллагч тал Ч.Бд холбогдох зүйл ангийн талаар мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх өөрийн санаачилгаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Д.Ныг хахууль өгөөгүй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан зарчмын дагуу Ч.Бийг цагаатгаж шийдвэрлэх ёстой байсан. 2017 оны 9 дүгээр сард зөвшөөрөл аваагүй зөрчилтэй өвсийг хурааж авах үед Б.З ажилтай байсан бөгөөд уг хэргийн улмаас ажлаасаа халагдсаны дараа 2017 оны 12 дугаар сард өвсийг авч явсан байдаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Б, Б.З нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай магадлал нь хэргийн үйл баримт, бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хэргийн үйл баримт, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Б, Б.З, Д.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Бийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.Нын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.Наас 500.000 төгрөгийн хахууль авсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Ныг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт хадлан хадах зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бд гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр өгсөн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Зг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 9 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр хадлан хадсан гэх шалтгаанаар иргэн Д.Нын бэлтгэсэн 1 машин өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч, улмаар худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Нт прокуророос Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Ч.Бд прокуророос Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

шүүгдэгч Ч.Б, Б.З нарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.З нарыг тус бүр төрийн албанд томилогдох эрхийг тус тус 3 жилийн хугацаагаар хасч, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах талаар өмгөөлөгч Ж.Тэгшмандалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо шүүгдэгч Ч.Б, Б.З нарын үйлдэл нь прокуророос яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн, 4, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, эсхүл албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, эсхүл завших гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч Ж.Тэгшмандалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН