Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0568

 

2018 оны 10 сарын 31 өдөр             Дугаар 221/МА2018/0568                      Улаанбаатар хот

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагч Д.Р, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Р-ийн гомдлын дагуу “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.3, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай 14 дугаар тогтоолын 1 дэх заалтыг илт бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөлийн аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Р давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн маргаж буй шаардлагын хүрээнд хариуцагч Д.Р, өмгөөлөгч А.У нар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан бүх шинжийг хангаж чадаж байгаа эсэх, ялангуяа тус заалтын “эрх зүйн шууд үр дагавар бий болгосон” гэсэн шинжийг хэрхэн хангаж байгаа талаар нотлохыг шаардаж маргасан ч нэхэмжлэгчийн төлөөлөгч нар “эрх зүйн шууд үр дагавар бий болгосон” гэсэн шинжийг хэрхэн хангаж байгаа талаар маргаж, нотолж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар зөв тодорхойлж чадаагүй.

Дээрх байдлаар “санал уламжилсан” агуулга бүхий маргаан бүхий тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын бүх шинжийг хангахгүй байхад тогтоолыг “Захиргааны акт мөн” гэж үзэж улмаар илт хууль бусад тооцож шийдвэрлэсэн нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг хариуцагчийн хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 443 дугаар нээлттэй хорих анги нь MV-001356 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд уурхайн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор нэхэмжлэгч “П” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Хөрс хуулалт болон нүүрс олборлолтын ажлын гэрээ”-г байгуулжээ. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын --- дугаар нээлттэй хорих ангийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны тухай танилцуулжээ.

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “... байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад ... ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох” гэж заасны дагуу хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сумын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаж буй актыг гаргасан гэж үзэхээр байна.

Хариуцагчийн тайлбар, баримтуудаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын --- дугаар нээлттэй хорих анги нь “Хөрс хуулалт болон нүүрс олборлолтын гэрээ” байгуулснаар тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанд зөрчил гаргасан гэж үзэж, уг зөрчлийг таслан зогсоох зорилгоор маргаан бүхий актыг гаргажээ.

2. Нэхэмжлэгч “П” ХХК нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай” 14 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигч хорих анги болон түүнтэй гэрээ байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй гэсэн үндэслэлээр маргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг заасан бөгөөд нэхэмжлэгчээс маргаан бүхий акт уг хуулийн аль үндэслэлээр илт хууль бус гэж үзэж маргаж байгаа талаараа тодорхойлоогүй боловч нэхэмжлэлийн “гэрээг цуцлах эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй” гэсэн агуулгаас үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг үндэслэж маргасан гэж үзэхээр байна. Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзвэл хариуцагчийг маргаан бүхий актыг гаргах эрх хэмжээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн ашиглалттай холбоотой асуудлыг хэлэлцэн хуулиар зөвшөөрөгдсөн шийдвэр гаргах эрх олгогджээ. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх эсхүл байгаль орчныг хамгаалах гэх зэрэг асуудлаар зөрчил гаргасан гэж үзвэл таслан зогсоох шийдвэр гаргах боломжтой байна. Тиймээс энэ тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар “... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэж, маргаж буй 14 дүгээр тогтоолыг илт хууль бус гэж үзэх хууль үндэслэлгүй юм.

3. Нэхэмжлэгч тухайн захиргааны актыг илт хууль бус гэж үзэж байгаа тохиолдолд акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аль шаардлагыг, ямар үндэслэлээр хангаж байгаа талаар өөрөө тодорхойлж, маргах үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл хэрхэн тогтоогдсон, эсхүл тогтоогдоогүй талаар дүгнэж, шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зохицуулалтад нийцнэ. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудаас аль үндэслэлийг зааж маргаж байгаагаа тодорхойлоогүй байхад шүүхээс маргаан бүхий акт “утга агуулгын илэрхий алдаатай”, “тухай захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө тогтоож шийдвэрлэсэн нь буруу байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулсан “Хөрс хуулалт болон нүүрс олборлолтын ажлын гэрээ”-ний дагуу хийгдэж буй үйл ажиллагаанаас үүссэн зөрчлийг таслах зогсоох зорилгоор бичгээр, утга агуулгын илэрхий алдаагүй, гүйцэтгэх этгээд тодорхой акт гаргасан байна. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв. Харин хариуцагчийн гомдолд дурдсан маргаан бүхий 14 дүгээр тогтоол захиргааны акт биш гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 126/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай” 14 тоот тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ