Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 126/2019/0036/з |
Дугаар | 331 |
Огноо | 2020-09-16 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 331
Ч.Н-ын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах”
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 352 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д нарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 352 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, өмгөөлөгч Т.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Ч.Н-ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй хэргийг Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
4. Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 352 тоот магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргаж байна.
5. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 /Хэрэв нэр дэвшигчийн хэн ч олонхийн санал аваагүй бол сонгуульд оролцсон нийт сонгогчдийн хамгийн олон санал авсан 2 хүнийг дахин санал хураалтад оруулна.../ гэсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
6. Дээрх хуулийн заалтад ... хамгийн олон санал авсан 2 хүнийг... гэдэг нь 3 ба түүнээс дээш нэр дэвшигч сонгуульд өрсөлдсөн тохиолдолд хэрэглэх заалтыг анхнаасаа 2-хон нэр дэвшигч өрсөлдөж, үр дүн нь гарсаар байтал дээрх заалтыг адилтган хэрэглэж шийдвэрлэсэн нь буруу байна.
7. Хоёр нэр дэвшигчийн хооронд 2 дахь санал хураалт явуул гэж шүүх шийдвэрлэсэн нь Ч.Н, Б.Г 2-ын аль нэгийг заавал сонго гэж сонгогчдод тулгаж байгаатай утга нэг юм. Учир нь дээрх 2 нэр дэвшигчийн дунд санал хураалт явагдаад үр дүн нь гарчихсан байхад дахин энэ 2 нэр дэвшигчийн хооронд санал хураалт явуул гэх нь хууль бус байна.
8. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-т шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй ... гэжээ. Гэтэл иргэд сонгогчид шууд сонгоод 2 нэр дэвшигчийн хэнд нь ч итгэл хүлээлгэж олонхийн санал өгөөгүй байтал заавал сонго гэж тулгаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.
9. Хоёр нэр дэвшигчийн хооронд 2 дахь санал хураалгана гэдэг нь иргэд, сонгогчдын эрхэнд халдсан асуудал тул шүүхийн шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй юм.
10. Иймд дээрх тайлбаруудыг хянан хэлэлцэж Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны 352 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Нэхэмжлэгч Ч.Н-оос Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
12. Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж буй Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Захирагчийн сонгуулийн товыг хуулийн хугацаанд дахин товлон зарлах, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Пүрэв гарагт зохион байгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
13. Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч “...Ч.Н миний бие Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуульд нэр дэвшиж оролцсон. Уг сонгуулийн дүнгээр нэр дэвшигч нарын хэн аль нь ч сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн буюу 50 хувийн саналыг авч чадаагүй. Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 25-д “Хэрэв нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна” гэж заасан. ...гэтэл сонгуулийн товыг тогтоож, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна...” гэж, хариуцагчаас “...Ч.Н, Б.Г хоёрын хэн аль нь ч олонхийн санал аваагүй гэж үзээд шүүх сонгуулийг хүчинтэйд тооцсон тогтоолыг хүчингүй болгосон тул...дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж үзээд .... тоот тогтоолуудыг гаргасан нь Ч.Н-ын дахин нэр дэвших эрхийг хаагаагүй...” гэж тус тус маргажээ.
14. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгууль 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдаж, тус тосгоны сонгуулийн нэгдсэн хороо мөн өдрөөр 06 дугаар тогтоол үйлдэж, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 07 дугаар захирамж гарчээ. Эдгээр тогтоол, захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 169 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар тус тус хүчингүй болгосон, түүнийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дүгээр тогтоол хэрэгт авагдсан байна.
15. “Сонгуулийг хүчинтэйд тооцож, нэгдсэн санал хураалтын дүнг баталж, Б.Г олонхийн буюу 50,74 хувийн санал авсныг баталж Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад уламжлахаар” тус тус шийдвэрлэсэн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хорооны 06 дугаар тогтоолыг шүүхээс бүхэлд нь хүчингүй болгосон байхад хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэж Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журамд заасны дагуу сонгуулийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй, сонгуулийг хүчингүй болгох эрх нь зөвхөн сонгуулийн нэгдсэн хорооны шийдвэрлэх асуудал гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
16. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр сонгуулийг хүчингүйд тооцсон тул хоёр нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуулах хууль зүйн боломжгүй, шүүхээс 2 нэр дэвшигчийн хэн аль нь олонхийн санал аваагүйг тогтоосон, санал хураалтад оролцох нэг нэр дэвшигч болох Б.Г нэр дэвшихээс татгалзсан хүсэлт ирүүлсэн зэргээс сонгууль дахин явуулах нөхцөл бүрдсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн санал хураалтын дүнг хэлэлцэх тухай” 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай” 48 дугаар тогтоол нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 4-д заасантай нийцсэн, эдгээр захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ.
17. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасан “Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно” гэж заасан “хамгийн олон санал авсан хоёр хүн” гэдэг нь тухайн сонгуульд 2-оос дээш нэр дэвшигч оролцсон тохиолдолд хэрэглэгдэхээр байхад давж заалдах шатны шүүх “...хоёр нэр дэвшигчийн хэн аль нь олонхийн санал аваагүй байгаа энэ тохиолдолд дахин санал хураалт явуулахаар байна” гэж дүгнэсэн нь буруу юм.
18. Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 352 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ын “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН