Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 1023

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, **дугаар хороо, ** дүгээр байр ** тоотод оршин суух хаягтай,Д-ийн З********Д:НХ*******1/

Хариуцагч: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд. 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг мөнгийг нөхөн төлүүлэх”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х*******, нэхэмжлэгч Д.З*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р************ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Д.З********* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.З********* миний бие 1996 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Нийгмийн хамгааллын салбарт ажиллаж 2004 оноос Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хамтын ажиллагааны газрын дэд дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын Яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга зэрэг удирдах албыг хашиж байгаад Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайдын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд ийнхүү ажиллаж байх хугацаандаа төрийн албыг өөрийн бүхий л хүч чадлаар ёс зүйтэй гүйцэтгэж, ажлын үнэлгээний хувьд “маш сайн” буюу “А” үнэлгээ авч байсан болно. 

Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалаар ээлжийн амралттай байх хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газар өөрчлөн зохион байгуулагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гардан авлаа. Монгол Улсын Их хурлын 2016 оны Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж 128 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулахаар шийдвэрлэсэн. 

Өөрчлөн зохион байгуулагдсан Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газарт миний хашиж байсан албан тушаал, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж Тэргүүн дэд дарга, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын албан тушаал байсаар байтал үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцож, ажилгүй байсан хугацааны буюу шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулан өгч хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р************ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Нэг. Д.З*********ыг ажилд томилсон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар тушаалын талаар:

Иргэн Д.З********* нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын албан тушаалд ажиллаж байжээ. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Нийгмийн даатгалын төв байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуулийн 351-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөж нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн аймаг, нийслэл дүүрэг дэх салбар нэгжтэй зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө.” гэж заасан. Гэтэл Д.З*********ыг нийслэлийн Нийгмийн даатгалын газрын албан тушаалд нийгмийн даатгалын төв байгууллагын дарга томилох ёстой байтал Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд томилсон нь томилох эрх хэмжээгүй этгээд, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, 40.4, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/801 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.М********ийг өмнө эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 8 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай. ”тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол илт хууль бус болохоор заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж заасан тул Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар тушаалын Б.З***********ыг нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргаар томилсон хэсэг нь илт хууль бус болно.

Мөн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно”, 18.5-т “Энэ хуулийн 18.2-18.4-т зааснаас бусад албан тушаалтан дараах ажлыг давхар эрхэлж болно.” гээд 18.5.1-д “Хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар ажил”, 18.5.2-т “Багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил”, 18.5.3-т “ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг” гэж тус тус заасан. 

Гэтэл Д.З*********ыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд нийслэлийн даатгалын газрын даргаар томилохдоо давхар ажил эрхлэхийг хориглосон дээрх хуулийн заалтыг тус тус зөрчсөн байна. 

Мөн Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоолын хавсралтад зааснаар нийгмийн даатгалын ерөнхий газар нь 72 хүний орон тоотой байжээ. Гэтэл Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын 6.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтай бол дэд дарга эсхүл орлогч дарга 1-тэй байх ...” гэснийг мөн зөрчжээ. 

Хоёр. Нэхэмжлэгчийн өөрийнх тодорхойлсон “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай:

Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “Захиргааны актыг илт хууль бусад тооцох” ойлголт, зохицуулалт байхгүй болно.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Захиргааны акт илт хууль бус болох” нөхцөлийг заасан бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2106 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаал нь дээрх нөхцөлийн алинд ч хамаарахгүй юм. 

Гурав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” А/10 дугаар тушаалын тухай:

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах арга зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан. Ингэснээр даатгалын ерөнхий газар гэдэг байгууллага байхгүй болсон тул Д.З*********ыг тухайн байгууллагын тэргүүн дэд дарга бөгөөд нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.З********* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулахдаа: Нэхэмжлэгч Д.З********* миний бие тус шүүхэд хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах, дээрх илт хүчин төгөлдөр бус тушаалын улмаас өөрт учирсан хохирлоо барагдуулах” гэж тодорхойлсон бөгөөд үүнтэй холбогдуулан дараах тодруулгыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг эс зөвшөөрч, захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулах

Хоёр. Дээрх илт хүчин төгөлдөр бус тушаалын улмаас өөрт учирсан хохирлоо барагдуулах шаардлагын тухайд:

Учирсан хохирол гэдэг нь урьд нь эрхэлж байсан албан тушаал буюу нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж тодруулах. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг эс зөвшөөрч, захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаал буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах болно” гэжээ.           

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.З********* нь тус шүүхэд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын  2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг эс зөвшөөрч, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаал буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг даалгах”-аар нэмэгдүүлэн өөрчилсөн болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар  Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга Дондогдоржийн Золжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандахад Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаас бусад маргаан хамаардаггүй тул харьяалан шийдвэрлэх боломжгүй хариуг өгсөн  тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий тушаалыг “...миний хашиж байсан албан тушаал, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байсаар байтал үүрэг ажлаас чөлөөлсөн  нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг ноцтой  зөрчсөн ...”гэж маргажээ.

Харин хариуцагчаас “...Д.З*********ыг Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын албан тушаалд Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга томилох ёстой байхад Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайд томилсон нь илт хууль бус акт болсон, түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргаар томилохдоо давхар ажил эрхлэхийг хориглосон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18.1, 18.5, 18.5.1-18.5.3 дахь заалтуудыг зөрчсөн ...” гэж 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 тушаалын Б.З***********ыг Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргаар томилсон хэсэг нь анхнаасаа илт хууль бус болно гэж үндэслэлээ тайлбарлан үгүйсгэжээ.

Нэг. 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаал буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

1.Нэхэмжлэгч Д.З********* нь /хуучнаар/ Хүн ам, хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргаар томилогджээ .

Уг албан тушаалд томилогдоход нь Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасныг баримтлан дээрх албан тушаалд нэр дэвшүүлэх тухай дүгнэлт гаргаж , санал  хүргүүлсэн байна.

Улмаар 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гартал тэрээр тогтвор суурьшилтай Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байжээ.

Хариуцагч дээрх 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 тушаалыг илт хууль бус, Д.З*********ыг уг албан тушаалд анхнаасаа хууль бусаар томилогдсон гэх боловч энэ нь хариуцагч /хуучнаар/ Хүн ам, хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын өөрийн бүрэн эрхийн асуудал байх бөгөөд өөрт олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байх тул эрх залгамжлагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр хуульд нийцүүлэн, зөвтгөх эрх нь нээлттэй байсан гэж шүүх үзлээ. 

2.Хариуцагчаас уг маргаан бүхий А/10 дугаар тушаалыг гаргахдаа “...Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын  Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын агентлагийн талаарх авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183.3-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байна. Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж чөлөөлнө” зэргийг үндэслэжээ.

Үүнээс үзвэл хариуцагч маргаан бүхий захиргааны актад төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтууд  буюу төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглэлгүй, хуулийн ерөнхий заалтыг баримталсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р************ шүүхийн хэлэлцүүлэгт “...Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт...гэж ойлгож болно” гэж Д.З*********ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарласан тул шүүхээс үүнд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтаар төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед албан тушаалын орон тоо “хэвээр хадгалагдсан”, “цөөрсөн”, “хасагдсан” тохиолдолд төрийн  жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрхэн хангах асуудлыг зохицуулжээ.

Хэрэгт авагдсан Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/17 дугаар “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” тушаалын 1-д “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг –Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагын орон тоог  Дарга-1, Эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан Тэргүүн дэд дарга-1, Нийгмийн даатгалын асуудал хариуцсан дэд дарга-1 байхаар тус тус тогтоосугай”  гэж заасан байх бөгөөд Д.З*********ын эрхэлж байсан тэргүүн дэд даргын албан тушаалын орон тоо “цөөрсөн”, “хасагдсан” гэж үзэхээргүй байна.

Мөн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын  Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол , Засгийн газрын агентлагийн талаарх авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор  Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж, 128 хүний орон тоотойгоор  баталсан байгаагаас үзэхэд Д.З*********ын өмнө эрхэлж байсан албан тушаалууд хэвээр хадгалагдаж байгаа болох нь тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл Д.З*********ын өмнө эрхэлж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Тэргүүн дэд дарга”-ын албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага нь Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан ч өөрчлөгдөөгүй байх тул Нийгмийн хамгааллын  салбарт 20 жил ажиллаж буй түүнийг төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчийн хувьд нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг  нь хариуцагч зөрчсөн гэж үзэхээр байна.

3.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-т ”захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй  тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.4-д “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж хуульчилжээ.

Гэтэл маргаан бүхий А/10 дугаар тушаал нь захиргааны актад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үед баримтлахаар тусгайлан журамласан зохицуулалтыг дагаж мөрдөлгүй, нэхэмжлэгч Д.З*********ыг хуульд заасан  үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас нь чөлөөлж, хуулиар тогтоосон “төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа”-г зөрчсөн, түүнчлэн  Төрийн албаны хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй хууль бус үйлдэл гаргасан байх тул маргаан бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хууль бус гэж үзэн хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.З*********ыг урьд эрхэлж байсан албан тушаал буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр:“Ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг мөнгийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

“Нэхэмжлэгч Д.З*********ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын /хуучин нэрээр/ тэргүүн дэд даргын ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн, тэрээр 2016 оны 8 дугаар 29-ний өдрөөс эхлэн одоог хүртэл ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69  дүгээр зүйлийн  69.1-д заасны дагуу түүний  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 3 сар 10 хоногийн олговор 4.988.800 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Д.З*********ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.5, 40.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг эс зөвшөөрч, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, Д.З*********ыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.З*********д 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 3 сар 10 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.988.800 / дөрвөн сая есөн зуун наян найман мянга найман зуун / төгрөгийг  хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.З*********д олгон, Д.З*********ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР