| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00077/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.О
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Б-д холбогдох 1822000000084 тоот хэргийг 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1987 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дүрслэх урлагийн багш ажилтай, ам бүл 4, эцэг эх, дүүгийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р баг Гурван хороот гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, /РД:ЗД87021513/ Т овогт Ч-н Б .
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 7 сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 6-2 тоотод байх иргэн Ц.Нын байшингаас 32 инчийн Sharp маркын зурагт, тоон систем хүлээн авагч станц, хөөрөг, антень зэрэг эд зүйл хулгайлж бусдад 372000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ч.Б “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.
- Ч.Б-ын яллагдагчаар өгсөн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 7 сарын 9-ний өдөр Өмнөговь аймгаас Дундговь аймгийн төвд ирсэн. Нт ахтай таарч Б гэх хүнийг аваад Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 6-2 тоотод байх гэрт нь гурвуулаа 0.5 литрийн Онги архи уусан. Архи дуусахад Б дахин 0.75 литрийн Хараа архи авч ирж уугаад Б явсан. Нах бид хоёр унтсан. Маргааш нь Н ах бид хоёр 2 лааз пиво, 200 грамм Хараа архи, 2 шил 0.5 литрийн Онги архи хувааж уугаад унтсан. Нэг цаг гаран болсны дараа би босч тэдний зурагт, антень, хүлээн авагч станц, хөөрөг зэргийг нь авч яваад Мандалын 3-7 тоотод байх Дэлгэрхангай сумын харьяат Бүл гэх хүний хүүд 80000 төгрөгөөр зарсан. Хөөрөг нь надад байсан. Н ах цагдаад мэдэгдсэн байсан. Би Н-с өөр юм аваагүй, надад зөвшөөрөл өгөөгүй” ... гэх мэдүүлэг /хх-38-39/
- Хохирогч Н.Ү-ийн: “...Би 2018 оны 7 сарын 1-ний өдөр амралтаа аваад Завхан аймагт байх охиныхоо гэрт амрахаар явсан. Гэрт манай нөхөр үлдсэн. 2018 оны 7 сарын 13-ны өдөр нөхөртэйгээ утсаар ярихад зурагт, хөөрөг, хүлээн авах станц, антень хулгайд алдсан, хамт архи ууж байсан Дэлгэрхангай сумын гаралтай Ч.Б гэх залуу намайг унтаж байхад эд зүйл аваад явсан байна, чи хурдан ирэх хэрэгтэй байна гэсэн. Намайг 2018 оны 7 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 6-2 тоотод байх гэртээ ирэхэд манай нөхрийн хөөрөг, зурагт, хүлээн авах станц, антень байхгүй байсан. Би Сайнцагаан сумын үнэлгээний комиссын үнэлгээтэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Манай нөхөр гэрийнхээ зүйлийг зарж архи ууж байгаагүй, зүгээр архи уудаг хүн байгаа юм. Манай нөхрийн хэлж байгаагаар Ч.Б гэдэг хүнийг сэжиглэж байна. Би гомдолтой байна. Эд зүйлээ авбал гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-17/
- Гэрч Д.С-н “...2018 оны 7 сарын 12-ны 22 цагийн орчим манай аавын найз Чинбатын хүү Б гэх зүс таних залуу манайд орж ирсэн. Б манайд орж ирээд “танай гэрийн баруун талд байх Дэлгэрхангай сумын айлд буусан чинь хүнгүй байхаар нь танайд ороод ирлээ. Өмнөговь аймагт зугаалганд яваад ирлээ, тэнд зурагтаа ломбарданд тавьсан байснаа аваад явж байна гэсэн. Тэгээд манай гэрт хоносон. Маргааш нь Дэлгэрхангай явах гэсэн чинь зардал байхгүй, зурагтаа зарна гэж байсан. Манайхаас өглөө гарч яваад үдээс хойш ирээд “чи энэ зурагтыг авчих, унааны мөнгө байхгүй болоод байна” гэж гуйгаад байхаар нь би 80000 төгрөгөөр зурагтыг нь худалдаж авсан. Би хулгайн зурагт гэж бодоогүй, Бын зурагт гэж бодсон. Надад 32 инчийн Sharp маркийн зурагт, тоон системийн хүлээн авагч, антены хамт 80000 төгрөгөөр зарсан, өөр зүйл зараагүй. Надад зурагт зарсан хохирлоо бүрэн төлсөн. Надаас авсан 80000 төгрөгийнхөө оронд нэг хонь өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ”... гэх мэдүүлэг /хх-18-19/
- Гэрч Ц.Н-ын “...Миний дүү Н 2018 оны 7 сарын 12-ны өдрийн 05 цаг өнгөрч байхад манай гэрт ирээд гэрийнхээ зурагтыг хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Миний дүү Н-ын гэр Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 6-2 тоотод байдаг. Би зурагтаа алдсан гэхээр нь цагдаад дуудлага өгөөд гэрт нь очсон. Гэрт нь очиход гэрийнх нь хойд талд байдаг зурагт нь байхгүй байсан” ...гэх мэдүүлэг /хх-20/
- Гэрч Ц.Н-ын “...Би 2018 оны 7 сарын 10-ны орой 11 цаг өнгөрч байхад үл таних залуутай гэртээ буюу Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 6-2 тоотод архи уусан, түүнээс хойш 3 хоног архи уусан. Тэр хүн өөрийгөө Дэлгэрхангай сумын гаралтай Б гэж танилцуулсан, өөр зүйл мэдэхгүй. 2018 оны 7 сарын 12-ны шөнө 03 цагийн үед архи гараад сэртэл Б зурагт бариад гарах гэж байхаар нь болиулаад унтсан. 05 цагийн үед сэрэхэд Б гэж хүн байхгүй, манай зурагт байхгүй, гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд Н ахад хэлээд цагдаад дуудлага өгсөн”...гэх мэдүүлэг /хх-21/
- Сайнцагаан сумын үнэлгээний комиссын шинжээчийн дүгнэлт /хх-26, 30/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 6-2 тоотод байх иргэн Ц.Н-ын байшингаас хар өнгийн 32 инчийн Sharp маркын зурагт, тоон систем хүлээн авагч станц, хөөрөг, антень зэрэг эд зүйл хулгайлж бусдад 372000 төгрөгний хохирол учруулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн гол шинж нь нууц далд аргаар авах бөгөөд шүүгдэгч Ч.Б нь Ц.Н-ынд хонохдоо түүнийг унтсан хойгуур 32 инчийн Sharp маркын зурагт, тоон систем хүлээн авагч станц, хөөрөг, антень зэрэг эд зүйлсийг нь авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд шүүгдэгч Ч.Б-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Б нь хулгайлсан эд зүйлээ хохирогч Н.Ү-д хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 14-рт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хулгайлсан эд зүйлээ хохирогчид хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ...үүрэг хүлээлгэж болно” гэж заасан байх тул шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг шүүгдэгч Ч.Б-д хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Н.Ү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овгийн Ч-н Б-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Т овгийн Ч-н Б-ыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Б-д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хулгайлсан эд зүйлээ хохирогчид биетээр хүлээлгэн өгсөн, хохирогч Н.Ү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ